Х.Баттулга: Бид түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар дээдэлж явах учиртай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,

Энхийг сахиулагчид аа,

Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье!

Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш өнөөдөр 100 жилтэй золгож байна.

Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон найман мянган жилийн туршид хөрш улсуудын түүхчид “… эр бүр нь аян дайнд оролцох ёстой. Нум татаж чадах насанд хүрсэн эр бүр хуягт морьт цэрэг болдог” гэж онцлон тэмдэглэж ирсэн байдаг.

Тийм ээ, бид бол энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг. Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ.

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, дэд бүтэц, барилгын талбарт гар бие оролцон ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, ард түмнийхээ бахархал болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар миний бие энэ баярт өдрийг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогшиж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриалж байна. Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд  өндөрт өргөж явна.

Түүнчлэн улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцсоноороо монголчууд бие даан том бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж чадахыг ард түмэндээ нотлон харууллаа.

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дахин хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Бүх Цэргийн Их Хар Сүлд амгалан цэнгэж, аюул занал түүн дор сөхрөн мөхөстөх болтугай.

Монгол Улс, монгол цэрэг мөнхөд оршиг!” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.167.219) 2021 оны 03 сарын 18

virus ee hymagdaj chadahgui bj ene erunhiilgch Mgl.d hereg bna uu ard tumen n ajil gui korono darluulj Mgl iin margaach haranhuu bna

0  |  0
Amaraa(202.21.107.74) 2021 оны 03 сарын 18

Mongoliin erchuuddee Zewsegt huchnii 100 jiliin oin bayriin mend hurgie.

0  |  0
оо(185.209.177.135) 2021 оны 03 сарын 18

Худлаа шаааах юмаа. Цахар үгүй бол цэрэг босохгүй. Цааз үгүй бол төр босохгүй гэсэн үг бий. Жирийн малчин нүүдэлчин хүмүүс яаж дайн байлдаан хийх вэ. Монголын олон нүүдэлчид дундаас Хиад Боржигон овогтой Алтан ургынхан буюу Цахар, Түмэд, Хорчин аймагт Хишигтэн цэрэг гээд хэдэн үеээрээ дайн байлдаанд бэлтгэгдсэн тусгай овог аймаг байсан. Хамгийн сүүлд Лигдэн хааны мэдэлд Манжын цэрэгтэй байлдаж яваад хүч нөөж Төвд рүү нүүж байгаад салхин цэцэг тахлын улмаас мөхсөн билээ. Түүнээс хойш Манжын эсрэг тэмцэх цэргийн хүчгүй 200 жилийн дарлал эхэлсэн байдаг. Халх эзлэгдэж, Буриад Оросын мэдэлдж орд Ой

1  |  0
Top