Норвегийн Ослогийн их сургуулийн эмнэлгийн судлаачдын баг “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэлт оноштой эмнэлэгт хүргэгдсэн гурван эмчийн биеийн байдлыг судалсны үндсэн дээр тус вакцин юуны учир цусны бүлэгнэлт үүсгэж буйг тогтоожээ.
Вакцин дархлааны хүчтэй хариу үйлдэл үзүүлсний улмаас цусны цагаан эсийн хэмжээ багасаж, цусны бүлэгнэлт үүсэхэд хүргэдэг байх талтай гэсэн дүгнэлтэд тэд хүрсэн байна.
Норвегид 50-иас доош насны, хууч өвчингүй гурван эмнэлгийн ажилтан “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа нэг нь нас барж, хоёрт нь цусны бүлэгнэлт үүссэн юм. Вакцин хийснээр тэдэнд дархлааны хүчтэй хариу урвал гарч, улмаар цусны бүлэгнэлт үүсэж, цусан дахь тромбоцитын хэмжээ буурахад хүргэсэн гэж Ослогийн их сургуулийн профессор Пол Андре Холме онцолжээ. Эрдэмтэд тромбоцит эсэд онцгой эсрэг биет илрүүлсэн байна.
Норвеги улсад одоогийн байдлаар нийт 120 мянган хүн “AstraZeneca” вакцин хийлгээд байна. Хэд хэдэн хүнд гаж нөлөө илэрсэн тул тус улс “AstraZeneca” вакцин хэрэглэхээ түр зогсоогоод байгаа юм.
Сануулахад, тус вакциныг тойрсон маргааныг эцэслэхээр Европын эмийн агентлагаас (ЕМА) “AstraZeneca” өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийсэн.
Энэ удаа Европын эмийн агентлагийн (EMA) Гүйцэтгэх захирал Эмер Күүк тус вакцины талаар “Шинжлэх ухааны тодорхой дүгнэлт хийсэн. “AstraZeneca” аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр ажлын хэсгийнхэн “AstraZeneca” вакцин цус өтгөрөлт үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй аж. Харин "Ховор тохиолдох цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болохыг үгүйсгэх аргагүй" гэжээ. Хэдэн сая вакцин хэрэглэснээс долоод нь л ийм тохиолдол бүртгэгдсэн байна