Бизнес эрхлэгчдээр биеэ халаасан О.Амартүвшин АН-ын дарга болно

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

-Түүнд улс төрийн тавцанд ерөнхийлөгч бус бизнесийн ертөнцөд “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргалын адил шүтээн болох боломж байлаа-

Монголын шинэ үеийн бизнес­мэнүүдийн үлгэр дууриалал болсон “Эм Си Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “2003 онд Ж.Оджаргал захирал надаас компаниа сонгох уу, улс төрөө сонгох уу гэж асууж байсан нь миний авч байсан хамгийн сайн зөвлөгөө байжээ. Чиний улс төрийн сонголтыг хүмүүс компанийн бодлого гэж хараад байна. Аль нэгийг нь сонго гэсэн. Улсаа хөгжүүлж гоё болгоход улс төр чухал юм байна гэж бодоод 1990 оны сүүл, 2000 оны эхээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй цаг, хүчээ зардаг байлаа. Гэхдээ энэ асуултаас хойш улс төрийн карьертаа шууд цэг тавьсан. Зөв сонголт хийсэндээ одоо сэтгэл хангалуун байдаг. 1997 онд анх намайг ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан MCS Group өнөөдөр шууд болон шууд бусаар 20 мянган хүнийг ажилтай, төлж байгаа татвар, хураамжаараа 30 мянган хүнийг, нийт 50 мянган хүнийг ажилтай, орлоготой байлгаж байна. Олон залуучуудыг сургаж, чадваржуулж дэлхийд өрсөлдөхүйц болгож байна. Эргээд бодоход өөртөө болоод улсдаа улс төрд байснаас илүү бодитой үнэ цэн авчирчээ” гэсэн нь олон залууст нэгийг бодогдуулсан биз ээ. Мөн үүний араас яг энэ мэт бизнесээ улс төрөөс салгаж ойлгодог лидер Монголд хэд байгаа бол гэж бодогдоно. Үнэндээ улс төр, бизнес хоёр нэг хөнжилд багтах ёсгүй. Түүнийг ухамсарладаг нь ч гарын хуруунд багтахаар цөөн гэдгийг бодлогын өрсөлдөөн байх ёстой улс төрийн сонгууль аль нэг компани, корпорацын данснаас санхүүждэг болсноос харж болно. Энэ тогтолцоогоор гарч ирдэг улстөрчид улс орны бизнесийн элит хэсгийнхнийг толгойлж буй нь нийгмийн хөгжлийг бүр л хойш татаж ирсэн. Баян хоосны ялгаа, нам дагасан авлига хээл хахуулийн сүлжээ гэх мэт Монголын өнөөдрийн нөхцөл байдлын ужиг шалтгаан улс төр, бизнес хоёр нэг хөнжилд орсонтой холбоотой гэж үздэг. Бизнесмэнүүд олон зуугаараа улс төрийн намаар дамжин, хуулийн хамгаалалтад орж бизнесийн өрсөлдөөнд байр сууриа ахиулахаар зүтгэж байхад ингэж үзэхээс өөр аргагүй. Нөгөө талаар Мон­голд улстөрчидтэй найзлаж, тэдэнтэй халаасаа нэгтгэхгүйгээр бизнесээ өргөжүүлж, хамгаалах боломж ч тааруу юм шиг.

Өнөөдөр л гэхэд архины үйлдвэрлэлээрээ амжилт олсон UFC группийн эзэн, Монголын бизнесийн салбарын ерөнхийлөгч зэрэг олон гуншинтай О.Амартүвшин аль нэг Ардчилсан намын даргад өрсөлдөж байна. О.Амартүвшин нас залуухан ч бизнесийн талаар ярих намтар ихтэй. Харин улстөрчийн хувьд бол шалихгүй. АН-ыг нэг толгойтой байхад 2016 оны УИХ-ын сонгуулиар Булганы тойргийг худалдаж аван өрсөлдөөд ялагдсан ганц удаагийн тохиолдол бий. Ингэхдээ дан ганц өөрийнхөө бэл бэнчингээр биш хоёр намын томчуул МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдох нь тодорхой байсан Ж.Бат-Эрдэнэд зөөлөн боорцог хаяж өгөх маягаар О.Амартүвшин гэх бизнесмэн залууг АН-аас нэр дэвшүүлсэн талаар улс төрийн хүрээнийхэн ил ярьдаг. Улс төрийн хөшигний ард бол АН-ын лидер Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд хамт ажиллан, төмөр замын бодлогын баримт бичгүүдийг батлуулсан Ж.Бат-Эрдэнийг сонгуульд ялуулахын тулд О.Амартүвшинг сонгуульд хөтөлсөн гэлцдэг. Үүнийг олимпын аварга Н.Түвшинбаяр УИХ-ын 2016 оны сонгуулиар төрөлх нутаг Булган аймаг бус хаа холын Баянхонгорт нэр дэвшсэн явдал бататгасан тал бий. Ямартай ч бизнесмэн О.Амартүвшин улс төрд Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр орсон болохыг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явцаас харж болно. Олон нийт ч түүнийг улстөрч О.Амартүвшин гэж харах болсон. Түүнд бэл бэнчин ч байж. Гэвч тэрбээр өнгөрсөн 2019 онд улс төрөөс ангид бизнесийн салбарын цэвэр дуу хоолой болж ажиллана хэмээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тухайн үеийн сонгуулийн сурталчилгаанаас харахад, багагүй мөнгө төгрөг хаяж, компанийн эздэд тоймгүй олон амлалт өгсөн байдаг. Бизнесийн орчныг сайжруулна, өөрчлөлт авчирна, төр, хувийн хэвшлийг эрүүлээр ойртуулна гэх мэт. Тэрбээр “МҮХАҮТ-ын даргын сонгууль гэдэг ямар нэгэн улстөрийн эсвэл хөдөлгөөний сонгууль биш. Хамгийн хариуцлагатай, шударгаар хөдөлмөрлөж баялгийг бий болгодог хүмүүс өөрсдийнхөө бизнесийн орчныг сайжруулахын төлөөх сонголт. Бизнес эрхлэгчид гэдэг хамгийн прагматик, харьцангуй шударга хүмүүс. Нэг улстөрийн нөхрийг дэмжиж, сонгох гээд байгаагаас өөр зүйл. Бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн эрх ашгийг хамгаалах хүнээ сонгохдоо хамгийн эрүүл ханддаг. Уг нь эдийн засгийн хувьд, төрөөс хараат бусаар бизнес, эдийн засгийн стратегийг тодорхойлох боломжтой цорын ганц байгууллага. Танхимын орлогыг дийлэнхийг бодлогын шинж чанартай үйл ажиллагаанд зарцуулж чадвал бид шинэчлэл хийх боломжтой” зэргээр ярьж өгч байлаа. Гэвч танхимын ерөнхийлөгч болсон цагаасаа эхлэн мянга гаруй компанийн нэрийг ашиглан улс төр хийж эхэлсэн. Улс төрд, тэр дотроо АН-д Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлийг хүртэхийн тулд иргэн бүрд нэг сая төгрөг олгох санаачилгыг нь танхимын нэрээр давал­гаалуулсан. Сүүлд О.Амартүвшин “Ерөнхийлөгч хувийн хэвшилд ажиллаж байсан утгаараа мөн хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга хот байгуулалтын салбартай ойр байсан учраас энэ чиглэлийн хөгжлийн асуудалд бид илүүтэй санал нийлдэг, ойлголцдог” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Угтаа бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнесийн орчныг хамгаалах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгосон эрхтэй цорын ганц байгууллага. О.Амартүвшин өнгөрсөн хугацаанд энэ байгууллагын ерөнхийлөгчийн хувиар УИХ-аар хэлэлцэж баталсан бизнесийн салбарын ашиг сонирхлыг хөндсөн бүхий л хууль тогтоомжид нөлөөлөх боломж байсан. Ажил олгогчдын ачааг нэмсэн Нийгмийн даатгалын шимтгэл тэргүүтэй татвар татаасын нэмэгдэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн гацаа, бизнесийн орчныг муутгадаг төрийн хүнд суртлын эсрэг дуугарах индрийг тэр эзэмшсэн ч үр дүнтэй ашигласангүй. Монголын эдийн засгийн салбарын ерөнхийлөгчийн хувиар хүчтэй ажиллаж чадалгүй, улс төр лүү хальтирчихлаа. Харин хувь хүнийх нь улс төрийн карьер бол овоо өссөн бололтой. Уг нь түүнд улс төрийн тавцанд ерөнхийлөгч бус бизнесийн ертөнцөд “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргалыг залгамжлан шүтээн болох боломж байлаа. Улмаар бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг нь төрд хүргэх ёстой Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим АН-ын дэргэхэд төрийн бус байгууллага болж харагдах боллоо. Хэнээс ч, юу ч гуйхгүй аж ахуйгаа авч яваа бизнесмэнүүд хүртэл өөрсдийн төлөөллөөр UFC-гийн О.Амартүвшинг сонгосондоо эргэлзэх болсны шалтгаан энэ. Тиймээс О.Амартүвшин улс төрөө хийхээсээ өмнө танхимын ерөнхийлөгчөөсөө чөлөөлөгдөж, төрийн бус олон нийтийн байгууллага болон бизнесийн ёс зүйг баримтлах ёстой гэдэг байр суурийг зарим компанийн эзэд илэрхийлж байгаа. Энэ нь алсдаа улс орны хөгжил, чөлөөт зах зээлийн хэтийн өрсөлдөөндөө тустай гэдгийг ардчиллын буянаар гэрээ засаад, төрд санаархаж буй хэнд ч ойлгогдоно.

Ер нь бизнес, улс төр хоёр нэг хөнжилд орсноор улс төр-бизнесийн бүлэглэл төрийн толгойд залардагийг хөгжингүй орнуудын алдаа онооноос харж болно. Энэ нь ардчиллын олон суурь зарчмыг гажуудуулдагийг мэдэх боломжтой. Манай улс ч ийм замналаар явж ирлээ. Гэтэл үйлдлээрээ ах нарынхаа алдааг давтаж буй хүн хэчнээн шинэчлэл ярин, ялалт амлаад улс төр-бизнесийн бүлэглэлийн хуулиас гажина гэж байхгүй. Ардчилагчид үнэт зүйлээ хамгаалж чаддаг юм бол үүнийг ухамсарлах ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баавар(124.158.82.128) 2021 оны 03 сарын 24

Би Эрдэнээг анх даргаар ”сонгогдоход” хэлж байсан. Эрдэнэ АН-г худалдаж аваад хишиг буянг нь чамгүй хэдэн жил хүртлээ. Одоо энэ нам хэрэггүй, Хямдхан худалдчихлаа.Мөлжүүр үлдсэн гэж горьдоод баахан банхар,гичий,хав үлдэгдэл дээр ноцолдоод үлдлээ.Булуугаа зуугаад зугтчих чадвар чадал магадлал чухам хэнд нь байгааг таашгүй Одоо баахан түйрэн бужигнахаас өөр үр дүн гарахгүй л боловуу Бурхан л мэдэж

0  |  0
шударга иргэн(202.126.89.127) 2021 оны 03 сарын 24

Хүүк ах таалвал дарга болж магадгүй л юм хахаха.

0  |  0
Ганаа(192.82.75.97) 2021 оны 03 сарын 24

АН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСООН

2  |  0
Зочин(202.179.2.6) 2021 оны 03 сарын 24

АН нам даргаар яадгийн

2  |  0
Top