Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн “ЭЭЖ БОЛОХ ЭРХ”-ийг хамгаалъя

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Монгол Улсын хүн амын 3.4 хувь буюу 108 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй, үүнээс 44 хувь нь эмэгтэйчүүд байна. Үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэйгээр хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд амьдрах үүрэгтэй. Тэгвэл хуулийн дагуух эрх, үүргээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд эдэлж чадаж байна уу. Уг асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлын хүрээнд авч үзье.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ авахын тулд тусгай орчин хэрэгтэй болдог. Эмнэлэг рүү орох хаалганы гадна налуу замтай байх, тусгай зориулалтын ариун цэврийн өрөө, харааны бэрхшээлтэй хүнд зориулсан тэмдэглэгээ, чиглүүлэг, дээш, доош өгсөж, уруудах цахилгаан шаттай байх нь наад захын байх ёстой орчин. Гэтэл эдгээр орчин Монголын нөхцөлд хангалтгүй учраас асран хамгаалагчгүй эмнэлэгт очиход хэцүү. Жишээлбэл, тэргэнцэртэй эмэгтэй жирэмсэн болоод үзлэгт хамрагдахад өндрийн тохируулгатай ор, суугаа жин хэмжигч гээд л зориулалтын тоног төхөөрөмж хэрэгтэй болдог. Дээрээс нь эмч, эмнэлгийн ажилтнууд үл тоосон, ялгасан, сөрөг хандлагаар харилцах нь эмнэлгээр үйлчлүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл байдаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдээс “Яаж яваад жирэмсэн болчихдог байна аа” гэх дургүйцсэн хандлагатай асуултыг эмч нар ихэнхдээ асуудаг гэдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй хэд хэдэн ээж хэлсэн юм. Иймдээ ч нэг их өвдөөгүй л бол эмнэлгээс аль болох холхон байхыг хичээдэг гэдгээ ч нуусангүй. Харах, сонсох, ярих, тулгуур эрхтний бэрхшээлийн хувьд бусдаас өөр байж болох ч эмэгтэй хүн бүр ээж болдог. Эмэгтэй хүн бүрт бие физиологийн үйлдлүүд, өөрчлөлт явагдана. Тиймээс нөхөн үржихүйн асуудлаар эмнэлэгт үзүүлэх нь зайлшгүй. Энэ талаар Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос ХЭҮК-той хамтран судалгаа явуулахад оролцогчдын зөвхөн 16 хувь нь л нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг эмч, эмнэлгийн ажилтнаас буюу авах ёстой хамгийн бодит, зөв эх сурвалжаасаа авдаг болох нь тогтоогдсон байгаа юм. Үлдсэн 84 хувь нь “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг телевиз, радио, интернэт, гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт олны сургалтаас олж авдаг” хэмээн хариулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг талаас баталгаат эх сурвалжаас мэдээлэл авах боломж хомс, нөгөө талаас эрүүл мэндийн үйлчилгээ тэдэнд хүртээмжгүй байгаагийн илрэл.

ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ АВАХ ЭРХТЭЙ Ч
БОДИТООРОО ТИЙМ БИШ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ авахад тэдний харилцааг дэмжих үйлчилгээ манай улсад байхгүй. Дохионы хэлний орчуулгын үйлчилгээ байхгүй учир сонсголын бэрхшээлтэй жирэмсэн ээжүүд эмчтэйгээ харилцаж чаддаггүй. Харааны бэрхшээлтэй ээжүүд товгор үсгээр бичээгүй мэдээллийг унших боломжгүй. Тэдэнтэй харилцахдаа эмч нар “Наашаа суу, ингээд суу” гэх мэтчилэн аман чиглүүлэг, баримжаа өгч харилцдаггүй нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй болгодог байна. Тиймдээ ч жирэмсний хяналтын хуудас болон вакцин хийлгэх гэх мэт үйлчилгээнд авдаг асуумжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн баримжаалан бөглөхөөс аргагүйд хүрдэг. “Та өмнө нь шарлаж байсан уу, БЗХӨ-нд өртөж байсан уу” зэрэг эмнэлгийн хэллэг орсон асуултуудад хариулах илүү хүндрэлтэй учраас бүх хариултыг “тийм эсвэл үгүй” гэдгийн аль нэгээр бөглөх сонголттой нүүр тулдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд дараалалгүй эмнэлэгт үзүүлэх ёстой гэдэг боловч энэ нь төдийлөн хэрэгжих боломжгүй. Эмэгтэй­чүүдийн эмчид үзүүлээд шүд­ний эмчид үзүүлье гэхэд л үзлэгт хамрагдах өрөө бүр өөр өөр давхарт, хол зайтай байршдаг учраас тэр хооронд явахад орчны саадтай тулгардаг байна. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд орчны саад, тохиргуулатай тоног төхөөрөмжийн асуудал, харилцааг нь дэмжих үйлчилгээ, зарим эмч эмнэлгийн ажилтны сөрөг хандлага, мэдээллийн хүртээмж гэсэн хэд хэдэн асуудалтай нүүр тулж, тэдгээрийг даван туулж үйлчлүүлэх болдог нь жинхэнэ асуудал аж.
 

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ТАРИАГ ХҮЧЭЭР ХЭРЭГЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгардаг бас нэг асуудал нь жирэмслэлтээс хамгаалах тарианд нийтээр нь хамруулдаг байжээ. Энэ талаарх судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэйн 35 хувь нь жирэмслэлтээс хамгаалах аргийг эмчийн шахалтаар хэрэглэдэг гэжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” судалгааны тайланд бичсэнээр судалгаанд оролцсон оюуны бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх тариаг заавал хийдэг. Хийлгэхгүй бол халамжийн ажилтан, өрхийн эмч нар “Халамжийн тэтгэмжийг олгохгүй, асаргааг сунгахгүй” хэмээн айлгаж дарамт үзүүлэн хүчээр тариа хийдэг бөгөөд зарим аймагт энэ ажлыг гурван сар тутмын компанит ажил болгон зохион байгуулж байгаа нь илэрчээ. Ингэх болсон шалтгаан нь жирэмслэх, ураг тээх явцад үүсэж болох эрсдэлийг хөгжлийн бэрхшээлийн төрөл, хүнд, хөнгөнийг сайтар харгалзахгүй нийтээр нь өндөр эрсдэлтэй жирэмсний ангилалд хамааруулж ойлгосон байдагтай холбоотой аж. Тиймээс жирэмслүүлэхгүй байх, жирэмсэлсэн тохиолдолд тэднийг буруутгаж, зүй бус харилцах, жирэмслэлтийг таслах, өөрт нь мэдэгдэлгүй үрийн сувгийг боох, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл тогтмол хэрэглэхийг шаардах, нийгмийн халамж олгохгүй гэх зэргээр шахалт үзүүлэх явдал гардаг талаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд цөөнгүй дурджээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Гүйцэтгэх захирал Б.Чулуундолгор “Жирэмслэлтээс хамгаалах тариаг хийлгэх заалттай ч хүн байна. Заалтгүй ч хүн байна. Гэтэл энэ тариаг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй болгонд хийх гэж оролддог байсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Судалгаагаар асуудал илэрснээс хойш хавтгайруулж тариа хийдэг, өөрөөс нь нууж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр үрийн сувгийг боох асуудал харьцангуй багассан. Хөгжлийн бэрх­шээлтэй иргэнийг өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадваргүй гэх байдлаар үнэлээд өмнөөс нь дур мэдэн чухал шийдвэр гаргадаг. Энэ бол том асуудал” гэж хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэг харилцаанд орохдоо бусдаас илүү хүнд нөхцөл, сорилтыг даван туулдаг. Энэ нь тэдний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн болон төрөл бүрийн үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд ороход сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тус таагүй мэдрэмжийг тэдэнд төрүүлэхгүйгээр, тэднийг ойлгож, эерэг хандлага төлөвшүүлэх нь бидний зүгээс хийж чадах энгийн бөгөөд хамгийн чухал эхний алхам юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх хангагдвал бусад хүний эрх ч хангагддаг гэсэн жишиг дэлхий нийтэд байдаг аж. Жишээлбэл, нийтийн тээврийн хэрэгслээр тэргэнцэртэй хүн үйлчлүүлэх боломжтой болбол бүх ээж хүүхдээ тэргэн дээр түрээд үйчлүүлж болно. Монголд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэн байгаа. Тэдний ард аав, ээж, асран хамгаалагч, үр хүүхэд гээд олон мянган иргэн орчны болон сэтгэл зүйн саад, бэрхшээлийг даван туулахын төлөө хичээж амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тулгамдаж буй асуудал ганц тэдний эсвэл зөвхөн холбогдох яамных нь, асуудлыг шийдвэрлэдэг холбоод, агентлагийн асуудал биш, бүхэлдээ нийгмийн асуудал гэдгийг сануулъя.

МОНГОЛ УЛСАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН
ЭРХ ЗҮЙН ОРЧИН ХАНГАЛТТАЙ, ГЭВЧ..

Сүүлийн үед Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд анхаарч, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж, удаагүй 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хэмээх төрийн захиргааны байгууллагыг байгуулж, тэдний эрхийг хангах, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарах болжээ. Үүнээс ч өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколд 2009 онд Монгол Улс нэгдсэн орсон байдаг. 2017 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг нь дэмжих Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Бусад хөгжиж байгаа улс оронтой харьцуулахад эн тэнцүү, зарим талаар илүү хууль, эрх зүйн орчин Монгол Улсад бүрдсэн. Бидний онцолж байгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг тусгасан хууль, тогтоомж, журам гэхэд нийт 22 баримт бичиг байдаг аж.

Хамгийн чухал нь эдгээр хууль, тогтоомж, журмууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцдог бүх салбарт уялдаа, холбоотой хэрэгждэг байх нь чухал байгаа билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнцвэртэй мөр(202.126.90.33) 2021 оны 04 сарын 06

Бид эерэг өөрчлөлтийг олж харж болно шүү дээ. Манай орны хүний хөгжлийн асуудлаар зөв тэнцэвэршил хэрэгжүүлэх асуудал хөндөх хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүн өсөх тусам эрүүл хүмүүсээс үүдэлтэй буруу асуудал үүсгэсэн байдлаас болж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чимээгүй бий болж байна. Тийм нийгмийн эрүүл орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал хэцүүхэн байх болно. Үүнийг өөрчлөх эерэг хандлагыг хэрэгжүүлэн туслах арга зам зөндөө бий. Харин харж хийвэл шүү дээ. Бид тэгээд бодит соёл ертөнц дээр амьдарч байна шүү дээ.

0  |  0
Top