Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар Монголын залуучуудын холбоо удаа дараа шаардлага гаргаж байна. Яг ямар учиртай асуудал болоод байгаа юм бэ?
-Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа тэтгэе гээд 10 их наяд төгрөгийн хөтөлбөр байгаа шүү дээ. Тэр хөтөлбөрийн хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгоно гэж бий. Үүнийг авах хүсэлтэй иргэдэд яг үнэндээ Монголбанкны сөрөг мэдээлэл буюу манайхны хэлдгээр “хар жагсаалт” нь саад болоод байгаа юм. Энэ хар жагсаалтад орвол нь Монголбанкны мэдээллийн санд зургаан жил хадгалагдчихдаг юм байна. Монголын залуучуудын холбоо 21 аймаг, есөн дүүрэгт 1200-гаад салбар нэгжтэй. Тэр олон салбар нэгжүүдээс ирсэн хүсэлтийн дагуу бид энэ ажлыг эхлүүлсэн юм.
Ингээд зөвхөн мэдээллийн сангийн талаар санал солилцьё, цаг товлож өгөөч гээд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуайд гуравдугаар сарын 4-нд албан бичиг өгсөн боловч албан бичгийн хариуг өгөлгүй долоо хоносон учраас бид гуравдугаар сарын 11-нд хугацаатай албан бичиг өгсөн юм. Гуравдугаар сарын 12-ны дотор өмнөх албан бичгийн хариуг өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэгтэл бас хариу өгөөгүй. Тэгээд бид гуравдугаар сарын 15-нд Монголбанкны гадаа хэвлэлийн бага хурал зарлаад “Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн залуучуудаа үл тоогоод байна. Залуучуудын байгууллагын бичигт ерөөсөө хариу өгөхгүй байна” гэдгийг мэдээлсэн. Түүний дараа бусад иргэний нийгмийн байгууллага болон залуучууд “Үүн дээр чинь нэгдэе, маш олон хүн хохироод байна. Зөвхөн зээлээ нэг, хоёр хоногийн дотор хугацаанд нь төлөөгүйгээс болоод ирээдүйнхээ боломжийг зургаан жилээр хасуулаад байна” гээд олноороо хандсан. Тиймээс бид бусад дөрвөн ТББ-тай зөвхөн энэ ажил дээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулаад өнгөрсөн пүрэв гарагт хамтарсан албан шаардлага хүргүүлсэн. Энэ асуудлаар зөвлөлдье, ажлын гурван хоногийн дотор цаг товлоно уу гэсэн боловч бас хариу өгөөгүй. Тэр хугацаа нь дууссан. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) дахиад Монголбанкны гадаа хариугаа нэхэх тайван жагсаал хийж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч гээд байгаа тэр хүн залуусаа болон залуучуудын байгууллагыг үл тоогоод огт хариу өгөхгүй байгаа нь харамсалтай байна. Цаашдаа анхааралдаа авахгүй бол илүү олныг хамарсан жагсаал цуглаан, суулт зарлахаас аргагүй байдалд хүрээд байна л даа.
-Зээлээ бүрэн төлж барагдуулсан ч хар жагсаалтад орчихдог л доо?
-Ер нь бол зээл олгосон банк, санхүүгийн байгууллагууд ямар нэгэн байдлаар хохирдоггүй. Бүгд үндсэн зээлээ, хүү алдангитай нь буцаагаад авдаг шүү дээ. Тэгсэн атлаа өнөө зээл аваад төлсөн хүмүүсийг гэмт хэрэг хийсэн юм шигээр цаашдынх нь боломжийг зургаан жилээр хаагаад байдаг. Ер нь хөгжилтэй орнууд бол ард иргэдийнхээ сайн түүхийг хадгалдаг болохоос муу түүхийг хадгалдаггүй юм. Үнэхээр тэр мэдээллийн санд түүх нь хэрэгтэй байгаа юм бол сайн түүхийг нь хадгалж болно. Сайн зээлдэгч, онц зээлдэгч, дунд зээлдэгч гэдэг ч юм уу. Гэтэл яагаад дандаа муу зээлийн түүхийг хадгалаад ард иргэдийн боломжийг хаагаад байгаа юм бэ. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлд нийтдээ 7-9 сая ширхэг ийм мэдээлэл байна гээд байгаа. 2017 оны хоёрдугаар сард Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 25 мянган иргэнийг үүнээс чөлөөлж байсан юм билээ. 2018 оны хоёрдугаар сард дахиад 48 мянгыг чөлөөлж байсан байдаг. Үүнээс хойш 2019, 2020, 2021 онд байхгүй.
-Сүүлд цар тахлын үед нэг чөлөөлж байна гээгүй бил үү?
-Чөлөөлөх биш зээлийн мэдээллийн санд оруулахгүй гэсэн. Гэхдээ тэр нь бас хэрэгжихгүй байгаа. 2020, 2021 онд ч хар жагсаалтад залуус орсон. Тийм учраас бидний уулзаж асуух гээд байгаа юм бол нэгдүгээрт, яагаад оруулахгүй гэчихээд оруулаад байгааг тодруулна. Дээрээс нь яагаад заавал зургаан жил гэж хугацаа тогтоосныг асууна. Эхний ээлжинд санал солилцъё гээд хүсэлт гурван удаа тавиад бүтэлгүйтсэн. Тийм учраас бид дараагийн алхмуудыг хийх гээд байгаа юм. Бусад байгууллагуудтайгаа хамтраад ямар ч байсан эерэг үр дүн гаргахын төлөө ажиллана. Үнэхээр ард түмнээ боддоггүй бүхэл бүтэн улсын Төв банкны ерөнхийлөгч байх шаардлагатай юу гэдэг асуудал хүртэл яригдах хэмжээнд очиж байгаа байхгүй юу. Бид энэ асуудлаар бас Хүний эрхийн үндэсний комисст хандана. Дээрээс нь Үндсэн хуулийн цэцэд хандана. Зээлийн мэдээллийн сангийн тухай гээд хууль байгаа. Энэ нь Үндсэн хуулиа, хүний эрхийг зөрчөөд байна шүү дээ.
-Энэ асуудлаар хүмүүс ер нь байнга ханддаг байсан уу. Эсвэл гурван хувийн зээлийн сургаар яригдаад эхлэв үү?
-Жилийн гурван хувийн хүүтэй зээлээс болоод манайх руу хандах нь ихэссэн. Манай салбар нэгжүүдээр дамжиж ирж байгаа юм л даа. Говь-Алтай аймгаас, Чингэлтэй дүүргээс ч гэдэг юм уу бидэнтэй холбогдоод асуудлаа тавьдаг. “Зээлээ төлчихсөн атлаа хар жагсаалтад зургаан жилээр орчихсон учраас ирээдүйн боломж хаагдчихлаа. Бидэнд боломж олгоход дэмжлэг үзүүлээч ээ” гэдэг хүсэлтүүдийг ирүүлж байна. Үүнийг үндэслээд бид Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзахаар хандаж байгаа юм.
-Чанаргүй зээлдэгчийн хар жагсаалтад орох хүн сүүлийн үед улам нэмэгдсэн гэдэг. Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчдийг төлбөрөө хугацаанд нь өгөөгүй бол оруулаад байгаа юм билээ. Энэ Монголбанкны эрхлэх асуудалд ямар хамаатай юм гэдэг шүүмжлэл ч байдаг?
-Тийм. Дараа төлбөрт дугаартай хүмүүсийн төлбөр, IPTV-тэй холбоотой гомдол их. Хүмүүст гадаад яваад төлбөрөө төлөөгүй, эсвэл мартсан, төлөх боломжгүй байгаад орчихсон асуудал зөндөө байдаг. Дээр нь банк санхүүгийн байгууллагууд бүгд ялгаатай. Жишээ нь, “Хас” банк бол өнөөдөр өгөх ёстой зээлээ өгөөгүй нэг өдөр өнгөрөхөд л маргааш нь шууд хар жагсаалтад орчихдог юм билээ. Зарим банкууд нь сарын эцэстээ нэг ордог гээд янз бүр юм бий. Үүнийгээ бас Монголбанк цэгцлэх ёстой. Тэгэхгүй цаад байгууллагууд нь өөрсдийнхөө үзэмжээр оруулдаг байж болохгүй. Дээрээс нь банк санхүүгийн байгууллагуудын өөрсдийнх нь алдаатай асуудлууд байна. Кредит карт юм уу төлбөрөө төлөхдөө сая төгрөгийн карт аваад хүүтэйгээ сая нэг зуун мянга арван төгрөг ч юм уу болчихдог юм байна. Гэтэл хүмүүс сая нэг зуун мянган төгрөгөө хийчихсэн чинь арван төгрөг нь үлдээд хар жагсаалт руу оруулаад яваад байдаг. Бидний хувьд энэ олон хар жагсаалтад орж байгаа явдлын шалтгаан, нөхцөл, үр дагаварын шийдэл гаргалгааг хамт ярилцья гэж хүсэлт тавиад байгаа хэрэг.
-Тэгвэл та бүхэн тухайлбал, хар жагсаалтад байх хугацааг хэдэн жил байлгахыг хүсээд байгаа хэрэг вэ?
-Бид харин Монголбанкнаас ямар үндэслэл, тооцоо судалгаагаар иргэдийг хар жагсаалтад зургаан жилээр оруулдагыг асуумаар байгаа юм. Бидний хувьд хэрэв тухайн хүн зээлээ төлчихсөн л бол ийм хугацаатай жагсаалтад оруулдаггүй баймаар байгаа юм. Бүр байг гэхэд нэг, хоёр жил байж болно шүү дээ. Муу биш сайн түүхийг хадгалдаг байж болно. Хуульдаа ч өөрчлөлт оруулж болно шүү дээ. Тэгээд яахав арилжааны банкнуудын лобби ч байдаг бололтой юм билээ.
-Нэгэнт тантай уулзсаных танай холбооны талаар хэдэн зүйл асуумаар байна. Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Төлөвлөсөн ажил юу байна?
-Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний зуун жилийн ой энэ наймдугаар сарын 25-нд тохионо. Монголын залуучуудын холбоо гэж нэр өөрчлөгдсөнөөс хойш 30 жилийн ой бас энэ жил тохиож байгаа юм. Хамгийн анх Бошгыг халах залуучуудын эвлэл гэж 1921 оны наймдугаар сарын 25-нд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үүсгэн байгуулагдаад анхны даргаар нь маршал Х.Чойбалсан ажиллаж байсан. Дараа нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэж өөрчлөгдөж явж байгаад сүүлд 1991 онд Монголын залуучуудын холбоо болсон. Бид 100 жилийнхээ ойгоор элдэв баяр наадам гэхээсээ илүү залуусынхаа оюун санаа руу чиглэсэн соён гэгээрлийн ажлуудыг түлхүү хийх зорилготой байгаа.
-Тухайлбал?
-Өнгөрсөн зуун жил Монголын залуучуудын байгууллага, Монголын залуучуудын холбоо гэлтгүйгээр Монгол Улсад энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой боллоо шүү дээ. Ер нь бүх салбарт өмнөх системүүд тухайн цаг үедээ түүхэн үүргээ гүйцэтгээд ирсэн. Харин дараагийн 100 жилд систем, хөтөлбөрийн хувьд арай өөрөөр ажиллах ёстой. Тиймээс залуучуудын байгууллагын дараагийн 100 жилийн үйл ажиллагааны үндэс суурийг нь зөв тавьчихья гээд манай шинэ баг хичээж ажиллаж байна. Жишээлбэл, цэргийн хөтөлбөр байна. Өнгөрсөн зуун жилд цэргийн хөтөлбөр үүргээ гүйцэтгээд эх орноо хамгаалаад, ард иргэдээ амгалан тайван байлгаад, хилээ манаад ирсэн. Гэхдээ ирэх 100 жилд цэрэг ийм хөтөлбөртэйгөө баймааргүй байгаа юм. Энэ хэвээрээ байх юм бол залуус, тэдний эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэрэгт явуулахыг хүсэхгүй байна. Тийм учраас Монголын залуучуудын холбооноос “Миний мөрөөдлийн цэргийн анги” гэдэг бүтээлийн уралдаан зарлаж байгаа. Залуус цэрэгт татагдсан өдрөөс халагдах хүртэл 365 хоногтоо тухайлбал, орос, англи, хятад хэлнээс сонгоод сурчихдаг. Компьютерийн хэрэглээний бүх программыг эзэмшээд, арван хуруугаараа шивчихдэг болбол сайхан биз дээ. Бүр нарийвчилсан хэсэгт нь код, программ бичих сургалтад суулгадаг байж болно. Одоо кибер орон зайд бид илүү ажиллах шаардлагатай цаг үед амьдарч байна шүү дээ. Өмнөх шиг сэлэм, буу, танк бариад эх орноо хамгаалахаас илүүтэй кибер ур чадвар хэрэгтэй болсон цаг. Мөн хуулийн наад захын мэдлэг, бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол олгох асуудал ч байна. Энэ мэтээр залуус цэрэгт нэг жил яваад ирэхэд бие бялдар, оюун санааны хувьд бүрэн хөгжөөд ирдэг, улмаар залуус цэрэгт явахыг мөрөөддөг байх ёстой. Жилд авах цэргийн хүчин чадал хязгаартай шүү дээ. Тэгэхээр бүр цэрэгт явахын тулд төрийн албанд орохдоо хахууль өгдөг шиг цэрэгт явахын тулд хахууль өгдөг тийм гоё системийг бий болгоосой гэж бид хүсээд санаачилга гаргаад уралдаан зарлаж байгаа. Энэ уралдаанд залуус болоод эцэг, эхчүүд идэвхтэй оролцоосой. Уралдаанд ямар ч хэлбэрээр оролцож болно. Захиа, видео контент, шүлэг гээд бүх л хэлбэрээр манайх руу бүтээлээ явуулаад баймаар байна.
-Уралдааны шагналын сан нь ямар байх билээ?
-Бидний хувьд уралдаанаа хоёр янзаар хийж байгаа. Эхнийх нь олон нийтэд хандсан хэлбэртэй. Үүнд, ямар ч хэлбэрээр оролцож болно. Цэргийн хөтөлбөр ямар болох ёстой вэ гэдэг санааг тусгана. Шагналын сангийн хувьд зургаан сая төгрөг. Гэхдээ бэлэн мөнгө өгөхгүй. Эрхийн бичиг хэлбэрээр өгнө. Хувь хүний хөгжлийн сургалтын эрх, амралтын газрын эрх гэх мэт. Хоёрдахь нь болохоор уран бүтээлчид хийгээд тэр чиглэлээр буюу жүжигчин, найруулагч, зохиолчийн ангид суралцаж байгаа залуучуудын дунд байх юм. Нийлээд олон ангит эсвэл уран сайхны кино хийж болно. Богино хэмжээний кино, клипжүүлсэн аливаа контент гээд юу эс байх билээ дээ. Гол нь бид тухайн санаагаа хэрэгжүүлж контент болгоход нь тоног төхөөрөмж, хүн хүч, зардал мөнгө аль болох бүх талаас нь дэмжлэг үзүүлнэ.
-Хорих ангиудын нөхцөлийг ч бас өөрчлөхөөр санал боловсруулж байгаа гэсэн?
-Тийм. Бид энэ жил бас засан хүмүүжүүлэх ангиудад чиглэсэн ажилд анхаарна гэж төлөвлөсөн. Уг нь засан хүмүүжүүлэх анги гэж нэртэй байсан одоо хорих анги, шорон гээд явчихсан шүү дээ. Санаатай болон санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүс тэнд очоод хүмүүжихээсээ илүү харин ч буруу үлгэр дуурайлд автаад гарч ирдэг. Улам мэргэшдэг гэж ч ярьдаг. Судалгаа хийгээд үзэхэд гэмт хэрэгт холбогдоод хоригдоод гарч ирсэн залуусын олонх нь дахин гэмт хэрэг хийж байна шүү дээ. Энэ нь олон шалтгаантай. Тэнд нийгмээс тусгаарлагдаад буцаж суллагдахдаа нийгэмд амьдарч чадахааргүй болчихсон нь ч байна. Мөн хоригдоод гарч ирсэн хүмүүсээс ах дүү, найз нөхөд, албан газрынхан нь бүгд жийрхэж дөлдөг болчихдог. Нэг төрлийн ялгаварлан гадуурхалтад өртөөд байгаа юм. Үүнийг өнөөгийн орчин цагт өөрчлөх ёстой. Тиймээс мөн л ялгаагүй. Дээр хэлсэнтэй адилхан хоригдож байгаа хүмүүс компьютер, хэл сурч, мэргэжилтэй болж, Монголын эсвэл гадаадын их, дээд сургуульд баклавр, магистрын онлайн сургалтад хамрагддаг болох хэрэгтэй. Нийгэмд байгаа залуусаас дутахааргүй хөгжих боломжийг олгомоор байгаа. Бүх төрлийн сургалт нээлттэй, интернэттэй байх хэрэгтэй. Ер нь тэгээд наад захын жишээ гэхэд одоо цэргийн анги, хорих ангиудын хоолыг дандаа шар будаа, цувдай зэргээр хийдгийг болимоор байгаа байхгүй юу. Хүний эрх гэж байна шүү дээ. Монголын залуучуудын холбоо 100 жилийнхээ ойн хүрээнд энэ ажилд түлхүү анхаарч холбогдох яамд, Засгийн газар руу санал санаачилгыг гаргана. Ерөнхий сайд ч гэсэн залуу хүний хувьд өөрт нь олдсон түүхэн боломжоо ашиглаад үүн дээр нэлээд идэвх зүтгэл гаргаасай гэж хүсэж байгаа. Үүнийгээ ч бид уламжлана. Ардын хувьсгалын 100 жилийн ой дээр Ерөнхий сайд болсон түүхэн боломж олон хүнд олдохгүй шүү дээ. Би ч гэсэн Монголын залуучуудын байгууллагын 100 жилийн ой дээр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Энэ боломж ч надад дахиад олдохгүй. Бид хоёр зууны зааг дээр байна гэж харж байгаа. Дараагийн зуун жилд дэвшил, ахиц авчрахын тулд хичээж ажиллана гэж бодож байна.
Эдгээрээс гадна бид нийгэмд залуучуудад тулгамдаад байгаа асуудал юу байна гээд “Залуучуудаа сонсоё” аяныг дөрөвдүгээр сарын 1-н хүртэл зарлачихсан байгаа. Энэ аян хоёр үндсэн зорилготой. Нэгдүгээрт, “МЗХ-г цаашдаа хэрхэн ажиллаасай гэж хүсэж байна” гэдгийг асууж байгаа. Бид нэг юм боловсруулаад ажиллаад байдаг залуучуудад хэрэгцээгүй, хүсээд байгаа юм нь биш бол үр дүнгүй болчих учраас ингэжж сонсож байгаа юм. Хоёрдугаарт, нийгэмд залуучуудын өмнө тулгамдаж асуудал дээр нь хамтарч зүтгээд эерэг үр дүн гаргая гээд энэ аяныг явуулж байна даа.
-Залуучуудын байгууллагынхны ажилд цар тахал хэр нөлөөлж байна. Өнөөдөр бол эрүүл мэнд, эдийн засаг гэсэн маргаан л өрнөж байна шүү дээ?
-Хүн төрөлхтний хувьд бэрх асуудал, Монгол Улсын хувьд ч шинэ явдал л болж байна. Эхэндээ хэцүү байсан. Одоо бол харьцангуй дасан зохицож эхэлж байна. Иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад энэ вирусний халдвартай дасан зохицож амьдрахгүй л бол болохоо байж байна. Төр засаг Улсын онцгой комисс ард иргэдээ яаралтай вакцинжуулах ажлаа хурдан хийж дуусгах шаардлага бий. Харин дахиад хөл хорио тогтооно гэж байгааг залуучууд бид маш их эсэргүүцэж байгаа. Хэрвээ хөл хорио тогтоох юм бол эсэргүүцлийн хэлбэрт орно. Одоо эдийн засаг хумигдаж байна. Бүх зүйл утгаа алдаж эхэлж байна шүү дээ. Тиймээс хэдийгээр илэрч байгаа тохиолдлууд ихэсч байгаа ч үүнтэй дасан зохицож, багасгах арга хэмжээг авах хэрэгтэй.
-Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллага нам жим байснаа улс төрийн сонгууль дөхөхөөр л эрчимждэг маягтай байлаа. Танай холбооны өмнөх тэргүүн А.Мөнхбат гэхэд л “Хар, цагаан жагсаалт” гээд гаргаж байсан. Тэгэхээр олон нийтийн дунд нэлээд улстөржсөн газар гэж ойлгодог хандлага үүсчихсэн л дээ. Та энэ имижээс нь салгах уу?
-Монголын залуучуудын холбооны дүрмэнд “Монголын залуучуудын холбоо нь улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй” гээд хамгийн эхэнд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Яахав өмнөх зарим удирдлагууд улстөржүүлсэн, шашинжуулсан асуудлууд бол байсаар ирсэн. Одоо энэ шинэ бүтэц бүрэлдэхүүн, манай баг бол ийм ажлыг ерөөсөө явуулахгүй. Улс төрийн ч, шашны ч үйл ажиллагаа явуулахгүй. Гэхдээ бид залуучуудаа улс төрийн намын харьяалал болон үзэл баримтлал, шашин шүтлэгээр ялгахгүй Монгол Улсын 16-40 насны бүх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх, тэдний дуу хоолой болж ажиллана. Тийм учраас ямар нэгэн улстөржилтийг бол хийхгүй.
Мөн бид дүрмийн өөрчлөлтийг бас ярьж байгаа. Өмнөх дүрмээрээ бол ерөнхийлөгч нь нэг удаа улирч сонгогдох эрхтэй байсан. Тэгэхээрээ найман жил болчихоод байгаа юм. Бид бол одоо “Нэг л удаа сонгогддог байя” гэж яриад байгаа. Түүнчлэн хугацааны хувьд ч бас залуучуудаасаа санал авна. Заавал дөрвөн жил байх албагүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд миний өмнө дөрвөн ерөнхийлөгч байсан би тав дахь нь болж байгаа байхгүй юу. Залуучуудын байгууллагаар дамжуулаад залуучуудаа өөрчилье, тэднийгээ хөгжүүлье гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй олон залуус байгаа. Тэр олон залууст боломж олгох ёстой. Дөрвөн жилийг ч багасгах тал дээр би санаачилга гаргая гэж бодоод байгаа. Нэг жил, хоёр жил байхыг мэдээж, залуучуудын их хурлаараа шийднэ. Би санаачлагаа гаргана. Ер нь бол дөрвөн жил ч их хугацаа шүү дээ. Олон амбицтай залуус байгаа. Жишээ нь, олон улсын JCI гээд байгууллага жил бүр тэргүүнээ сонгодог. Тэр байгууллага үр дүнтэй ажиллаж чадаж байна. Сонгосон хүн нь нэг жилийнхээ хугацаанд маш үр дүнтэй ажиллаад гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид эхний ээлжинд нэгээ байг гэхэд хоёр жил ч байдаг юм уу иймэрхүү шинэ санаачлагыг гаргана, залуучуудаараа хэлэлцүүлнэ. Дэмжигдэх юм бол ямар ч байсан дүрмийн өөрчлөлтийг хийнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
угаасаа зээлээ төлөөгүй бол хар жагсаалтанд оролгүй яахав дээ.Жагсаж цуглахаараа хүнийг айлгана гэж бодсон юм байх даа хөөрхий хөлдүү амьтан
tenegt malaa