Баруун Беларусь дахь Слоним хотын оршин суугч Станислав Хржановский 1944 онд фашистуудтай хамт оргон зайлж, 1946 онд Англид очсон аж. Тэрбээр нөхрөөсөө салсан англи бүсгүйтэй гэрлэн, түүний хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх үедээ дагавар хүү Жон Кингстонд хар дүрэмт хувцастай зургуудаа үзүүлэн, аймшигт түүхүүдийг ярьдаг байсан нь мөрдлөгийн эхлэлийг тавьсан аж.
Кингстон хойд эцгээ хэн болохыг мэдэхийн тулд бүхий л амьдралаа зориулсан байна. Түүнд олон хүн, ялангуяа ВВС-ийн сэтгүүлчид тусалж байсан хэдий ч харин Их Британийн эрх баригчид төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Тэдэнд ямар нэгэн шалтгаан байсан юм болов уу?
Харгалзагч асан, нямбай цэцэрлэгч эр
Беларусийн Слоним хотын оршин суугч Станислав Хржановский 1944 онд ухарч буй нацистын цэргүүдтэй хамт барууныг зорьжээ. Түүний өөрийнх нь өгүүлснээр, Слоним дахь хорих ангид харуулаар ажиллаж байсан нь зугтах үндэслэл болсон аж. 1941-1942 онд тус хорих ангид ойр хавийн газар нутгийн еврейчүүдийг хомроголон цуглуулж, дайны жилүүдэд 25 мянга гаруй хүнийг буудан хороожээ. 1946 онд Хржановский Германаас Английн Бирмингемд ирж суурьшсан нь төдийлөн өвөрмөц түүх биш юм. Учир нь, тухайн үед дайны дараа ЗХУ-ын уугуул 500 мянгаас 1,8 сая иргэд хилийн чанадад гарсан тухай янз бүрийн эх сурвалжид нийтлэгдсэн байдаг. Нацистуудын талд тулалдаж явсан, эсвэл тэдэнд алба хашиж байсан хүмүүс буудуулах ялаас эмээж байсан бол фашистуудад олзлогдож байсан зарим хүмүүс эх орондоо очоод шоронд орох вий хэмээн болгоомжлон баруун руу дүрвэн гарчээ. Баруун Европын орнууд дайны дараа тэдний хариуцлагын бүсэд нэвтэрсэн зөвлөлтийн иргэдийг дүрэм журмын дагуу нутаг буцааж байсан хэдий ч дайнаас өмнө ЗХУ-тай харилцаа холбоо тогтоогоогүй байсан Прибалтик, Баруун Украин, Беларусийн уугуул иргэдэд энэ нь хамаарсангүй. Тэгээд ч дайны дараах сэргээн босголтод газар сайгүй ажиллах хүч шаардагдаж байв. Бирмингемд Хржановский ирээдүйн эхнэр, англи бүсгүй Барбара Кингстон-той танилцахад тэрбээр анхны гэрлэлтээсээ хүү, охин хоёртой байлаа. Тэд дараа нь Шропшир гүнлэг дэх Хэдли тосгонд нүүн ирж, Хржановский өөрийн “Станислав” хэмээх нэрээ дуудахад хялбарчлан “Стэн” болгон өөрчилсөн байна. Синти Игл бол 18 жилийн турш Стэний хөрш байсан эмэгтэй. Стэний англи хэл тааруухан байсан учраас тооцоо хийхэд нь түүнд байнга тусалдаг байсан тухайгаа тэрбээр дурсан ярьжээ. Түүний өгүүлснээр, Стэн маш нямбай цэцэрлэгч бөгөөд алим, лийр, чавга тариалж, мөн шүтлэгтэй нэгэн байсан аж. Уг эрийн ямар ч хувиралгүй “чулуун” дүр төрхөөс эмээн ихэнх хөршүүд нь зай барьж, Хржановский өөрөө ч найз нөхөд хайн сүйд болж байсангүй. Тэр дугуйн үйлдвэрт хэвлэгч машины оператороор ажиллаж байжээ.
Аймшигт үлгэрүүд
Хржановский эхнэрийнхээ хоёр дагавар хүүхдийг төвөгшөөлгүй хүлээн авч, ялангуяа 9 настай Жон хүүтэй амархан хэл амаа ололцов. Эхэндээ тэдний харилцаа маш таатай байж, хүүг шүхрийн спортоор хичээллүүлэхээ амлан, хойд эцэг нь беларусь, орос, польш хэлээр чөлөөтэй ярьдаг нь хүүг гайхашруулж байлаа. Стэн орныхоо доор хадгалдаг альбомоо гаргаж ирэн хар дүрэмт хувцастай зургаа хүүд үзүүлж байж. “Гоё зураг харагдаж байсан. Ямар учиртай хар дүрэмт хувцас болохыг тухайн үед би хэрхэн мэдэх билээ” хэмээн Жон дурсан ярьжээ. Харин дараахан нь гайхал, айдас төрүүлэм сонин зүйлс хүүд нэлээн ажиглагдах болов. Хойд эцгийнх нь бүхий л гадуур хувцсанд зэвсэг хийх зориулалттай далд халаас байх бөгөөд түүнд жинхэнэ гар буу байгаа хэмээн хүүд ярьдаг байж. Тэр Жоны нохойг кабель утасны тасархайгаар шавхуурдаж, Жоныг ч мөн ажил дээрээсээ авчирсан резинээр нуруун дээр нь ором гартал ороолгодог байлаа. Тэрбээр үдэш оройн цагаар хүүд хачирхалтай түүхүүд ярьж, тэр нь шөнийн аймшигт зүүд болон дүрслэгдэж байв. Польшийн хаа нэгтээх цайзад хүүхдүүдийг хориод тархийг нь задартал бөмбөлөг залгиулдаг, нялх хүүхдүүдийг хөлнөөс нь бариад хана руу савдаг, хүүхдүүдийн толгойг наалдамтгай туузаар ороогоод үхтэл нь чангалдаг байсан гэх мэт аймшгийн зүйлс их ярьдаг байж. Ингэхдээ бүр үйлдлээр дүрслэн үзүүлж, яриа нь их л таалагдаж буй бололтой дуу нь улам чангаран аймшигтай болдог байв. Энэ бүхнээс улбаалан хойд эцгээ дайны жилүүдэд хэн байсныг мэдэх хүсэл Жонд төрж, түүний шоронгийн энгийн харуул байсан гэх үгэнд төдийлөн итгэхгүй болсон аж.
“Бидэнд хүн хүч хэрэгтэй байсан”
1988 онд буюу Жон Кингстоныг 44 настай байхад Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчер 1940-1950 онд Их Британид ирсэн цагаачдын дунд нацистын гэмт хэрэгтнүүд байгаа эсэхийг мөрдөхийг шаардсан байна. Тэрбээр гэмт этгээдүүдийг ял шийтгэлгүй зугаалуулдаг “диваажингийн орон” биш хэмээн тухайн үед өгүүлж байв. Тиймэрхүү гэмт хэрэгтнүүд олон байж болзошгүй хардлаг сэрдлэг ч их байсан аж. Тэтчерийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Дуглас Херд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг Их Британийн газар нутаг дээр шүүж болох тухай хуулийг санаачилсан байна. Ингээд Их Британийн энгийн оршин суугчид болсон нацистуудын тухай эхний мэдээллүүд хэвлэлээр цацагдаад эхлэнгүүт улс оронд үндэсний хэмжээний зөрчилдөөн үүсэхэд хүрэв. Жон Кингстон Sunday Express-ийн сэтгүүлчидтэй холбогдон хойд эцгээ сэжиглэж буйгаа тэдэнд ярьсан байна. Үүний дараахан нэгэн сэтгүүлч Стэн Хржановскийн фото зургийг аваад Беларусийн Слонимыг зорьсон бөгөөд тэндээс гэрчүүдийг удаан хайх шаардлага ч гарсангүй. Дайны үед тус хотод аж төрж байсан хүмүүс Хржановскийн зургийг харангуутаа таньж, түүнийг нацистын хорих лагерьт зандалчин байсныг гэрчилжээ. Тэрбээр хүмүүсийг буудах ажлыг гардан гүйцэтгэж, заримдаа болж буй үйл явцыг дээвэр дээрээс дурангаар ажигладаг байсан тухай гэрчүүд ярьж, нэгэн эмэгтэйн нөхрийг тэр буудан хөнөөж байсан тухай ч өгүүлсэн байна. Хржановский Германд ирэхдээ Польшийн цэрэгт тулалдаж яваад олзлогдон хорих лагерьт орсон тухай ярьж, тэнд хоёр жил хүлээлгийн горимд амьдарч байгаад Англи руу шилжих эрх авсан тухай нэгэн нийтлэлд дурджээ. Жон Кингстон нийтлэл гарахын өмнөхөн хойд эцэг рүүгээ утасдан түүний тухай бүх үнэнийг мэдэж байгаагаа хэлсний улмаас хоорондоо нэлээн ширүүхэн маргалдаад амжив. Жон “зандалчин, алуурчин” хэмээн Стэнийг буруутгахад нөгөөх нь эрс үгүйсгэж, худал мэдээлэлд итгэн гэр бүлээ сүйрүүлэхгүй байхыг ятгаж байжээ. Уг түүх уншигчдад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хэдий ч хамгийн эхний ээлжинд анхаарал тавих ёстой цагдаагийнхнаас ямар ч хариу үйлдэл гарсангүй. Цэргийн гэмт хэрэгтнүүдийн тухай хууль 1991 онд Их Британид мөрдөгдөхөөр болж, түүнээс хойш нэг л ял шийтгэл оногдуулсан нь Хржановский-тэй ижил төстэй нөхцөл байдалтайгаар Англид ирсэн Энтони /Андрей/ Савонюкийн хэрэг юм. Тэрбээр ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр нацистууд гурван еврей иргэний амь насыг хөнөөхөд оролцсон нь баримтаар нотлогдсон тул бүх насаар нь хорих ялаар шийтгүүлсэн байна.
Британийн тагнуул
2013 онд Герман улс амьд үлдсэн цэргийн гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах сүүлчийн оролдлогыг зарлав. Энэ үед Стэн Хржановский дайны үед хэн байсан талаарх мөрдлөгийг үргэлжлүүлэхээр ВВС-ийн сэтгүүлчид шийдсэн байна. Тэд Германд очин нацистын гэмт хэрэгтнүүдийг мөрдөж байсан цагдаагийн хэлтэс дэх материалуудтай танилцах явцад Слоним хот дахь аллагын хариуцагчдын нэрс дотор Хржановскийн нэр 21 дугаартай байхыг олж тогтоожээ. Тэр шоронгийн харуул бус, цаазын ял гүйцэтгэж байсан хамсаатнаар хэрэгт татагдаж, бараг 30-40 аллагад оролцсоныг онолын хувьд тогтоох боломжтой байв. 2017 онд Мюнхений Прокурорын газар Хржановскийг эрэн сурвалжилж баривчлах шийдвэр гаргасан хэдий ч 96 насандаа таалал төгссөн тухай олж мэдсэн байна. Жон Кингстонд эрх баригчид цагаа олж итгээгүй учраас хойд эцэг нь шударга ёсны шүүхээс зугтаж чадсан, германчуудад мөрдлөг эхлүүлэх баримт нотолгоо хангалттай байсан, харин британийн мөрдөгчдөд байнга л хангалтгүй байсан талаар харамсаж буйгаа илэрхийлжээ. Сэтгүүлчид энэхүү хэргийг мөрдөж байх явцдаа 1954 онд Баруун Герман дахь дүрвэгсдийн лагерьт хийгдсэн нэгэн бичлэгийг санамсаргүй олтол түүн дотор Стэн Хржановскийн царай дүрслэгдсэн байж. Тэр албан ёсоор, мөн гэрийнхнийх нь өгүүлж буйгаар 1946 оноос хойш Их Британиас хэзээ ч гарч байгаагүй тул ийм тохиолдол боломжгүй санагдах нь мэдээж. Ингээд сэтгүүлчид уг бичлэгийг хүний царай таних талаар дэлхийд шилдэгт тооцогддог Брэдфордын Их сургуулийн шинжээчдэд үзүүлэхэд тохирцын хувийг 74,5 гэж тодорхойлсон нь 70 хувь байхад амжилттай танилтаар үнэлэгддэгээс харахад түүний дүрс болох нь батлагдсан аж. Германы Орчин үеийн түүхийн хүрээлэнгийн профессор Кит Аллены өгүүлснээр, 1954 онд хийгдсэн уг бичлэг дүрвэгсдийн маш өвөрмөц лагерьт хийгдсэн байна гэжээ. Тэнд ТТГ-ын болон баруун европын тагнуулын албадын хүмүүс ажилладаг байсан аж. Тэд дорно-славян хэлүүдийг төгс эзэмшсэн хүмүүсийг хайж, тэдний өнгөрсөн түүхийг шалган хамтын ажиллагаанд татан оруулдаг байжээ. Дөрвөн орны хэлээр төгс ярьдаг, хангалттай хар бараан түүхтэй Хржановский барууны тагнуулынхны хувьд яг тохирох хүн байсан нь мэдээж. ЗХУ, АНУ хоёр атомын зэвсэглэлээр хөөцөлдөж байсан тухайн үед гол өрсөлдөгчийнх нь хэлийг төгс эзэмшсэн хүмүүс барууны тагнуулынханд маш хэрэгтэй байлаа, Иймд Хржановскийг англичуудад бууж өгөх үеэр тагнуулд элсүүлэн 1954 он хүртэл ашиглаж байгаад Английн алс бөглүү тосгонд амар тайван үлдээсэн ч байж болох юм. Одоог хүртэл мэдээллийг нь нууцалдаг учраас Хржановский МИ-6-д ажиллаж байсан гэдгийг хэн ч 100 хувь баталж чадахгүй байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Саяхан зурагтаар гарсан Оросын олон ангит кино Догшины зураг мөн бна.
Иймэрхүү үхдэлүүд дайны үед хийж байсан зандалчин ажлаа нууж саяханг болтол амьдарч байсан доо. Одоо тэдний үр удам байсаар байна. Герман, Англи, өмнөд Америкт их байгаа.