Хөдөөх эгэл амьдрал, сүргийн бэлчээрт бүтээж туурвихын их хүслээр жигүүрлэн аж төрнө гэдэг их амар амгалангийн туйл биз ээ. Магадгүй энэ даяаршлын ороо бусгаа цагт уламжлалт ахуй дунд Монголын уран зохиолын нэгэн амин сүнс оршиж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Монгол Улсын төв цэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, сүргийн бэлчээр дээрээс Дашрэнцэнгийн Цэндсүрэнтэй хөөрөлдлөө.
-Орон нутагт тань шиг нууцлаг авьяастнууд цөөнгүй бий. Та хэдийнээс эхэлж шүлэг зохиол оролдож бичив ээ?
-Хүүхэд байхаасаа ном их уншдаг байв, харин долдугаар ангид байхдаа анх “Ертөнцийн дуун” гэдэг шүлэг бичиж байсан. Гэхдээ тухайн үед зөвхөн өөртөө л бичдэг байв. Харин нэлээд хожуу 2015 оноос илүүтэй сонирхож үг холбохыг хичээж эхэлсэн дээ.
-Орчин цагийн уран зохиолын чиг хандлагад нэн шинэ үe, уламжлалт хэмээн хуваагдах хандлага бий боллоо. Орон нутагт туурвиж суугаа хүний хувьд, уншигчийн хувиар юу гэж үзэж байна?
-Энэ тал дээр бүгдийг нь дэмждэг. Уламжлалаа шинэ үетэй хослуулах хэрэгтэй болов уу гэж боддог. Шинэ үеийнхэн маань үнэхээр хүч түрэн орж ирж байгаа нь гайхамшигтай.
-Утга зохиолд хөтөлсөн багш тань хэн бэ. Шүлэг бичихэд тань юу нөлөөлж байх юм?
-Намайг утга зохиолд хөтөлсөн багш гэвэл Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.Өлзийбат гэж хүн бий. Үргэлж сэтгэлд урам хайрладаг дурсахгүй байхын аргагүй хүн. Үүнээс гадна хөдөөгийн энэ буйдхан ахуй маань шүлэг бичихэд ихээхэн нөлөөлдөг гэж боддог. Буй оршихуйг минь анирддаг уул ус минь юм даа. Угаас хүн байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг. Их Монгол уул минь миний шүтээн минь юм. Холд одохдоо уулаа л санана, ивлэж хүлээдэг нутгийн минь уулс ирэх өдрийг минь тоолж суугаа гэж сүсэглэн боддог.
-Өвөрхангай аймаг утга зохиолын өлгий гэж болох алдартнуудтай нутаг. Д.Намдаг, Д.Пүрэвдорж, Ц.Гайтав гээд эхэлнэ дээ?
-Тийм шүү, бахархаж явдаг. “Тусгаар тогтнол” шүлгээрээ өөрийгөө тунхагласан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайтай нэг нутагт төрсөндөө бахархдаг. Өөрийнх нь “Эрээн уул” шүлэгт бичсэнчлэн
“Хажуу худгийн буурал хондонд
Хана шиирлэсэн буйр минь бий
Хүн төрлөө чамтай холбож
Хүй дарсан чулуу минь бий” хэмээн бичсэн энэ их хүний авшиг шингэсэн нутагтаа амьдарч явна. Бахархал юм шүү.
-Яруу найраг өөрөө анир чимээгүй эсвэл тэр л их сэтгэлийн хөөрөл чимээ шуугиан дундаас төрдөг. Таны хувьд ямар орчинг сонгодог вэ?
-Яруу найраг өөрөө хүний сэтгэлийн аниргүй урсгал юм болов уу. Тэр аниргүй гэгээхэн бас тунгалаг тийм гэхийн аргагүй гэгээн бодлоос ундарч оргилж бас асгардаг байх аа. Анир нам гүмд л хүн өөрийгөө олж, бас өөрийгөө сонсдог.
-Таны унших дуртай ном юу байна. Сэтгэл өдөөдөг, бас хачин их гуниг төрүүлэх тийм нэг ном байдаг даа?
-Ер нь шүлгийн ном голдуу уншиж байна. Хүүхэд байхдаа “Нелло Патраш хоёр” гэдэг номыг уншаад их уйлдаг байж билээ. Тэр үеийн сургуулийн дотуур байрны охид намайг андахгүй мэднэ. “Өнчин хүү нохой хоёрын эмгэнэлтэй түүх” унших дуртай ном байв. Орчин үеийн яруу найргийн номыг их сонирхож унших юмсан гэж боддог ч олдоц муутай байна.
-Өөрийгөө өөрөөсөө бус өөр газраас хайх ч үe байдаг гэдэг. Бодоход өөр л зүйл бай даг байх?
-Өөрийгөө өөр дотроосоо хайна аа, хайгаад олж чадахгүй үе ч байдаг шүү дээ миний нэг шүлэгт “Өөрийгөө өөрөөсөө хайх минь бүр ч өөрөө” гэж бичсэн нь бий. Ауйт орчлонгоос тасарч байж бичсэн шад мөр л дотоод дуу хоолой юм болов уу гэж боддог юм, би өөрөө бясалгал сонирхдог доо.
-Өөрийгөө өөрөөсөө бус өөр газраас хайх ч үe байдаг гэдэг. Бодоход найрагч өөр зүйл л хайж байдаг юм болов уу. Эсвэл амьдрал ахуйгаас түр тасарч байгаа хэрэг үү?
-Одоо “Дурдан цэнхэр хавар” шүлгийн түүврээ хэвлэлтэд өгөхөөр зэхэж байна. Манай нутаг гэж түүх шивнэсэн сайхан нутаг бий. Өндөр гэгээнийг анхдугаар Богдод өргөмжилж даахийг нь үргээсэн нутагтаа амьдарч байна, энэ сайхан нутаг минь надад гэгээн шүлгийн шад хайрладаг байх.
-Та өөрийг тодорхой танилцуулахгүй юу?
-Өвөрхангай аймаг Бүрд сумын уугуул, геологич мэргэжилтэй. 1982-1985 онд Улсын Барилгын Зургийн институтэд геологичоор ажиллаж байсан. "Наранд наадсан буудай” нэгдлийн гишүүн. Анх "Аниргүйн чимээлэн” шүлгийн номоо 2018 онд хэвлүүлсэн. “Монголын эмэгтэй зохиолчид II” I боть, "Зохиолч ба улирал” сэтгүүл, утга зохиол урлаг, Хөдөө аж ахуйн маргааш зэрэг сонинд бүтээлээ хэвлүүлж байсан.
ҮҮРЭЭР НӨМӨРСӨН МАНАН
Уйлган намрын бороонд будан хааяа хөглөрдөг
Уул тал хоёр учирч нэг элгэмсдэг ээ
Шөнөжин орсон бороонд шүлэг амилаад уужирхад
Шүүдэрт цагаан талын цэцэгс нялхарч хэнзэрдэг ээ
Будан нөмөрсөн уулс нь домог шивнэн анирддаг
Буцааж болдоггүй он жилүүд нүүж алсраад холддог оо
Тэртээх уулс бараагүй манантай
Тэрлэг жиндээсэн бодол алсраад уйтайхан
Тайгын цагаан манан хивнэг хөшигөө задгайлж
Таанын үнэрт салхиар бодол цэлмээж алсарнам
Бодол минь
Ай бодол минь
Аргадаж ухааруулах алсхан чиг
Аясхан чиг орчил юм сан уу
Сэмэрч элэгдэх орчлонгийн зайд
Сэмхэн нуусан үйл минь юмсан уу
Ай бодол минь
Зүүдэн цэнхэр eртөнцөөс
Зөөлөн асгарах мэдрэмж юмсан уу
Зөнгийн цагаан бороогоор
Зүсэрч шивэрсэн дусал юмсан уу
Ай бодол минь бодол минь
Бороон чимээнд нялхарсан цэцэгс шиг зөөлөн айтай
Бор талын салхи санаа алдах шиг шаргал уйтай
Эсэргэн хаврын яргуй шиг энхрий ялдам мишээлтэй
Энхэр залуу насных шиг хайрын гэгээн аялгуутай
Ай бодол минь бодол минь
Асгарууланхан чиг мэлмэрүүлэнхэн чиг
Ундарсаар л ургасаар л...
БОДОЛ МИНЬ
Ай бодол минь
Аргадаж ухааруулах алсхан чиг
Аясхан чиг орчил юм сан уу
Сэмэрч элэгдэх орчлонгийн зайд
Сэмхэн нуусан үйл минь юм сан уу
Ай бодол минь
Зүүдэн цэнхэр eртөнцөөс
Зөөлөн асгарах мэдрэмж юмсан уу
Зөнгийн цагаан бороогоор
Зүсэрч шивэрсэн дусал юмсан уу
Ай бодол минь бодол минь
Бороон чимээнд нялхарсан цэцэгс шиг зөөлөн айтай
Бор талын салхи санаа алдах шиг шаргал уйтай
Эсэргэн хаврын яргуй шиг энхрий ялдам мишээлтэй
Энхэр залуу насных шиг хайрын гэгээн аялгуутай
Ай бодол минь бодол минь
Асгарууланхан чиг мэлмэрүүлэнхэн чиг
Ундарсаар л ургасаар л...
СЭТГЭЛЭЭС УРСАХ МӨРТҮҮД
Сэм сэмээр хөврөх он цагийн шаглаас
Сэрж мэдрэхүйг хөглөх зөөлөн шаргал аялгуу
Намар намраар хагдарсан шаргал навчисын уй
Нар тоссон энгэрийн цэцэгс дамжсан зүүд
Нартай сартай орчлонгийн гэгээн цагаан санаашрал
Навчис шиг гандаж хагдарсан нандин хайрын дурсамж
Тойрмын бор талын түмэн өвсний шивнээ
Таанын үнэрт салхины урьхан хонгор сэвшээ
Цэнгийн цагаан борооны болор мөнгөн дусал
Цэлмэсэн тэнгэрийн тайтгарал шиг
Сэтгэлээс ургасан мөртүүд минь
БИ ЧАМАЙГ ХҮЛЭЭСЭН
Мөр холын чамайг
Мөн ч их хүлээсэн дээ
Хүлээсээн би чамайг хүлээсэн
Хүрээд ирнэ л гэж хүлээсэн
Намрын шувуудыг үдэж хүлээсэн
Навчис шаргалттал догдолж хүлээсэн
Цэрвэж ирсэн учралаа дурсан дурсан хүлээсэн
Цээжний бүгээн гунигаа сэмлэн сэмлэн хүлээсэн
Хүлээсээн би чамайг хүлээсэн
Урд уулын бэлээр хөтөлгөө морьтой ирнэ л гэж хүлээсэн
Учирч холдсон тавилангаа бүтэн болгох гэж хүлээсэн
Овоотын цагаан хөтөл дээр сүй тавьснаа санан санан хүлээсэн
Он жилүүдийн салхин дор тэрлэгээн гандтал хүлээсэн
Хүлээсээн би чамайг хүлээсэн
Зүггүй хөх салхинд үнэрээн дайж хүлээсэн
Зүүн дэнжийн айлуудаас сураг тавиж хүлээсэн
Зүсэр цагаан борооноор итгэлээн илгээж хүлээсэн
Зүүсгэл цагаан саранд бодлоон шивнэж хүлээсэн
Хүлээсээн би чамайг л ...
БҮСГҮЙ ЦЭЦЭГ
Нар дагаж ургасан хайрын зул цэцэг
Навч, үрээ тэтгэсэн намуун талын бэр цэцэг
Хатан дэлбээгээ нээсэн халуун зүрхний танхил цэцэг
Хайрын гэгээнд уярсан нарт орчлонгийн бүүвэй цэцэг
Зүс энхэр танхилхан цэцэг
Зүүд зөнгийн совинт цэцэг
Ухаарлын хорвоод хослон ургадаг сэмбэрүү цэцэг
Уянгын дууны аялгуунд мөнхөрсөн мөнх цэцэг
Ээнэгшихийн зайд сэтгэлээ дээдэлсэн эвийн цэцэг
Ижилдэхийн орчлонд хайр ивэлгэдэг эрхэмсэг цэцэг
Энэрэл хайрын тэнгэр нарны цэцэг
Ижилгүй орчлонд дэлгэрч ургасан
Ижий цэцэгс ээ
ТЭР НАМАЙГ ДУРСДАГ БОЛОВ УУ
Чи минь намайгаа дурсдаг болов уу
Чилийсэн он жилүүдээс хайдаг болов уу
Зүүд эргэцээх совинд минь
Зөнгөөрөө чи минь нялхарч ирдэгсэн
Тийм гэнэхэн учралаар сэтгэлд аялгуу хөглөсөн.
Тэнгэрлэг гэгээн хайр минь чи байсан
Цэцэгт цэнхэр талаасаа үнэрийг минь эрдэг болов уу
Цэрвэж ирсэн учралаа сэмхэн үгүйлээд дурсаа болов уу
Сайхан алаг нүдэнд нь гуниг хургаа болов уу
Сар жилүүдийн тэртээгээс намайг дурсаа болов уу
Санаандгүй учрлаар учирсан юмсан
Салаа замын эрхээр холдсон юмсан .
Тэр намайг дурсдаг болов уу
Тэрлэг жиндээсэн намрын оройг санадаг боло в уу
ХАЙРЫН ТУХАЙ
Хязгааргүйн гэгээнд буй бүхэн хайр
Хайрлахуйн орчилд шүтэлцсэн бүхэн ухаарал
Надад оноосон тавилан хайранд ивлэж
Насыг минь нэмдэг он цагууд хайрын тойрогт оршном
Нартыг толидогч гоо бүхэн хайрын аялгуунд нялхарч
Над руу урссан бүхэн хайр болж шингэнэм
Орчлонгийн агуу хайр ивээж
Он жилүүдийн тэндээс яг л бороо шиг асгарнам
Ай Хайрын цагаан аялгуу
Асгал цагаан зөн минь
Ашид мөнхөд оршном.
ТЭР БҮСГҮЙН ААЛИНД
Тэнгэрийн мөнгөн одод шөнөжин бүжиж хонодог
Тэлмэн цэнхэр талд өнгийн солонго нумарч татдаг
Тэр бүсгүйн аалинд
Тэргэл саран хээрлэж өнжин дуулж асгардаг
Тэгнээ хөх уулс анирдан уужирч налайдаг
Тэр бүсгүйн аалинд
Тэмээн цагаан үүлс чимээгүй сүжирч алсардаг
Тэртээх он жилүүд наашилж аяар аяархан нүүдэг
Тэр бүсгүйн аалинд
Салхины цагаан аялгуу өдөржин тунарч эгшиглэдэг
Солонгон намираа бороо аяс аясханаар шивэрдэг
Тэр бүсгүйн аалинд
Гоо охидын царай улаа бутарч
Голт борын цэцэгс дэлбээлж ялдамхан мишээдэг
Тэр бүсгүйн аалинд орчлон уусч
Тэнгэрлэг бүхэн цогцолдог
Тэр бүсгүйн аалинд...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
үгсийн гоёыг хэлхэж уншигч түмний сонорииг мялааж байдагд чамаар бахрахдаг шүү чинии бичиврүүд улмал уран яруу сонсголонтой сайхан байна цаашдийн уран бүтээлд нь улам их амжилт хүсьё
Хөхрөн униартах хөдөө нутгаас, бүр малын бэлчэар дээрээс шүлэг урсгаж суудаг нутгийн найрагч хатагтайд баяр хүргэe.
ээжүүд
МӨН БИЕ 18 гэх мөрөөдөлд умбаад цахилаад өнгөрхийш мэдэх бид л Мэдэрэх ч өөрийг Гэгээрэлд хүмүүс мэдсээр Хагдарсаар Үе үеийн ӨВГӨН БУРУУРАЛ ААВУУД ЭМГЭН БУУРАЛ ээжүүд мэдэх шүү Эмэгэг БУУРАЛУУДЫН ХИЙСЭН БҮТЭЭСЭНИЙ АЧ ААР Ачит авий Ижий ариун усны ачаар тийм гэхийн Өндөрт хэн ч хүрэх шүү
Saihan shulegnuudiig ni unshaad Tsendsurengeeree baharhaj baina. Shine nomyg ni olj avnaa. Ta nartaa sain saihan buhnii deediig erooe.
1957 58 оны үед төрсөн. 1966,67 оны үед сургуульд орсон. 1976, 77 оны үед 10-р ангиа төгссөн. Геолргчийн мэрэгжлийг 1981 оны үед эзэмшсэн. 1982 оноос ажлын талбарт гарсан. Одоо ном бичиж байгаа зохиолч хүн юм. Өөрийнх нь өмнөөс тааж танилцууллаа. Нэг их хол зөрөөгүй гэж бодно.