“Хямралын үед хэрэглээ буурч, хуримтлал нэмэгддэг Кейнсийн тайлбар манайд хүртэл хүчинтэй”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Эдийн засагч Д.Ган-Очир “Ковид-19: Иргэдийн хэрэглээ, хуримтлалын зан төлөвт гарч буй өөрчлөлт” сэдвээр дараах нийтлэлийг бичсэн байна.

The Economist сэтгүүлийн 2021 оны гуравдугаар сарын хоёр дахь дугаарт “3 их наяд ам.долларын асуулт” нэртэй нийтлэл гарсан. Тус нийтлэлээр хөгжингүй орнууд дахь, ялангуяа Америк дахь иргэдийн хуримтлал КОВИД-19 цар тахлын хугацаанд илт өссөнийг онцолсон. Өөрөөр хэлбэл, 3 их наяд ам.долларын буюу эдгээр улсуудын нийт хэрэглээний 10 хувьтай тэнцэх хэмжээний “илүүдэл хуримтлал (цар тахал байхгүй үеийнхээс нэмэгдсэн хэмжээ)” бий болжээ. Тухайлбал, Канадад ДНБ-ий 7%, АНУ-д 6.2%, Их Британи, Австралид 5%-ийн “илүүдэл хуримтлал” 2020 оны эхний 3 улиралд бий болжээ. Америкийн хувьд Үндэсний онц байдал зарласнаас хойш орлогын хувьд ялгаатай бүх бүлгүүдийн харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр хувиар өсчээ. Жишээ нь, хамгийн бага орлоготой 25 хувийн медиан дээрх өрхийн дансан дахь үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 90 гаруй хувь өссөн бол хамгийн баян 25 хувийн үлдэгдэл 30 гаруй хувиар өсчээ.

Яагаад Ковид-19 цар тахлын үед хуримтлал, дансны үлдэгдэл нэмэгдсэн бэ? гэдэг асуултад энгийн хэд хэдэн хариулт олдоно. Эхнийх нь, хөгжингүй орнуудад цар тахлын үед төрөөс иргэддээ мөнгөн тэтгэмж олгосон нь дансан дахь мөнгө, хуримтлалыг нэмэгдүүлсэн. Хоёрдахь нь, онцгой байдал зарлаж, хөл хорио, хязгаарлалтын дэглэмтэй үед өрхүүд зайлшгүй шаардлагатай зүйлсэд л зарцуулалт хийхээс бусдаар зардал, хэрэглээгээ бууруулсан (зарим дэлгүүр, үйлчилгээний газрууд нь угаасаа ажиллахгүй) тул хуримтлал нэмэгдэхэд нөлөөлсөн.

Харин 3 дахь тайлбарыг Ж.М.Кейнс 1936 онд бичсэн “Ажил эрхлэлт, хүү болон мөнгөний ерөнхий онол” номондоо дурдсан. Тэрээр эдийн засгийн хямралын үед иргэдийн ирээдүйн талаарх тодорхой бус байдал нэмэгдэж, ирээдүйд тогтвортой орлоготой байх эсэх “айдас” бүрэлддэг тул одоогийн орлогоо хэрэглэх бус, хуримтлуулах үйл хөдлөл рүү шилждэг. Иймд хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн уналт улам хурцаддаг болохыг тэрээр тайлбарласан. Харин тэрээр ийм үед төр тэр мөнгийг нь бонд гаргах болон бусад хэлбэрээр зээлдэн авч, эргэн эдийн засагт зарцуулалт хийснээр эдийн засгийг тогтворжуулах боломжтой гэсэн өөрийн онолоо дэвшүүлсэн. Хэрэв зээлдэх хүү нь харьцангуй өндөр үед төрийн нуруун дээр ирэх “ачаа” хүнд байх тул орчин үед төв банкууд 0 хүүний бодлого хэрэгжүүлж, уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүлснээр төр 0 хувийн хүүтэйгээр хувийн сектороос зээлдэх боломжтой болсон. Бүрдүүлсэн эх үүсвэрээр эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрүүд (economic stimulus package)-ийг хэрэгжүүлж, хямралын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж байгаа билээ.

Дээр дурдсан иргэдийн хуримтлал нэмэгдэх байдал зөвхөн хөгжингүй орнуудад ажиглагдсан уу? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь үгүй байна. Монгол Улсыг жишээ болгон авч үзвэл Ковид-19 цар тахалтай байсан сүүлийн 12 сарын хугацаанд эдийн засаг дахь нийт мөнгө буюу М2 мөнгө өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өсч, түүний 18 нэгж хувийг нь харилцах, хадгаламжийн өсөлт бүрдүүлжээ.

Харин хадгаламжийг нь дангаар авч үзвэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Энэхүү өсөлтийг бараг бүхэлд нь иргэдийн хадгаламж бүрдүүлсэн байна. Тус хадгаламжийн өсөлт Ковид-19 цар тахал эхэлж байх үед буюу 2020 оны гуравдугаар сард 4 хувиас бага байв. Хадгаламж 2020 оны 6 дугаар сараас хурдацтай өсч эхэлсэн буюу төрөөс Хүүхдийн мөнгөний хэмжээг 100 мянга болгон нэмэгдүүлсэн, ХАОАТ болон бусад татвараас чөлөөлсөн, ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлагдахгүйгээр хойшлуулсан зэрэг арга хэмжээг авснаас хойш өсч байна.

Түүнчлэн цахилгаан, усны төлбөрийг чөлөөлсөн нь ч мөн адил нөлөө үзүүлнэ. Энэ нь дээр дурдсан яагаад цар тахлын үед хөгжиж буй орнуудад хуримтлал нэмэгдсэн эхний тайлбартай адил юм. Түүнчлэн 2020 оны арванэгдүгээр сараас вирус дотоодод тархаж эхэлснээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарлаж, хөл хорио тогтоосон нь өрхийн хэрэглээг өнгөрсөн оны сүүлийн 2 сард бууруулж, зарим өрхүүдийн хуримтлал өсөх нөхцөл болсон нь дээр дурдсан 2 дахь тайлбартай мөн ижил юм.

Банкны салбарын нийт хадгаламж 25 хувиар, М2 мөнгө 20 орчим хувиар өссөн хэдий ч, 2020 онд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 5 хувиар, иргэдийн зээл 7.9 хувиар, хувийн байгууллагын зээл 6.6 хувиар агшсан. Энэ нь банкны салбараар дамжих санхүүгийн “гацаанд” орсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тодорхой бус байдал, зээлийн эрсдэл нэмэгдэх нь банкуудыг болгоомжлох үйл хөдлөл рүү шилжүүлсэн нь энэхүү ‘зээлийн тасалдал’ үүсэхэд хүргэсэн. Ийнхүү болгоомжлох, ирээдүйн талаар гутранги төсөөлөлтэй болох нь дан ганц банкны хувьд ч бус компаниуд, иргэдийн хувьд ч давхар бий болсон. Энэ нь хямралын үед хэрэглээ буурч, хуримтлал нэмэгддэг Ж.М.Кейнсийн тайлбар манайд хүртэл хүчинтэйг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, зээл агшихад банкны үйл хөдлөлтэй холбоотой зээлийн нийлүүлэлтийн хүчин зүйл, компани, иргэдийн үйл хөдлөлтэй холбоотой зээлийн хүчин зүйлийн аль аль нөлөөлсөн.

Кейнсийн тайлбар, онол ёсоор хувийн секторын энэхүү хуримтлалыг төр зээлдэж, эдийн засгийг дэмжих төсөл арга хэмжээндээ зарцуулах ёстой. Манай хувьд дээр дурдсан төсвийн арга хэмжээнүүдийг дотоодод бонд гаргаж бус, харин доноруудын гадаад зээлээр санхүүжүүлсэн. Иймд дотоодод хуримтлагдсан эх үүсвэр банкны салбар дээрээ, улмаар төв банкны үнэт цаасан дээр байршихад хүрсэн.  Дээрээс нь улсын өрийн хэмжээ өнгөрсөн жилүүдэд өссөөр орон зайг хязгаарласан буюу тааз утга болох ДНБ-ий 70 хувь руу дөхлөө гэдэг тайлбар ч засаг талдаа хэлнэ. Гэхдээ бусад орнууд төсвийн нуруун дээрээ ачаагаа авч, тайлбарыг Төсвийн арифметикт суурилан хийж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд инфляц 6 хувь, бодит ДНБ 5 хувиар өснө гэвэл нэрлэсэн ДНБ нь жилд 11 хувиар өснө. 3 жил ингэж хадгалагдана гэвэл нэрлэсэн ДНБ хамгийн багадаа 35 хувиар өснө. Иймд хуваарь нь 35 хувиар өсөхөөр үед хүртвэр буюу өрийг 35 хувиас багаар өсгөвөл өр, ДНБ-ий харьцаа буурах юм. Иймд бусад орнууд энэ үндэслэлээр Засгийн газраас бонд гаргах хэлбэрээр эдийн засгийг дэмжих хэлбэрийн хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Төсвийн бодлого нь хууль болж батлагдах буюу шийдвэр гаргалтын хугацааны хоцролт нь мөнгөний бодлоготой харьцуулахад удаан хэдий ч, нэгэнт шийдвэр гарах үед эдийн засагт хурдан, хүчтэй нөлөөлдөг онцлогтойг давхар харгалздаг.

Ямартай ч манай оронд Ковид-19 цар тахлын үед, тэр дундаа тухайн үед авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний нөлөөгөөр нийт иргэдийн хадгаламж өссөн нь тодорхой байна. Энэ нь нөгөө талдаа төсвийн дэмжлэгийн арга хэмжээ нь зорилтот бус, хавтгайруулсны ч үр дагавар мөн. Харин иргэдийн орлогын ялгаатай бүлгүүдэд хуримтлалт нь хэрхэн нэмэгдсэн, орлогын тэгш бус байдалд хэр өөрчлөлт оруулсан нь судалгааны нэг сонирхолтой сэдэв болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top