Хүний амьдралд илүү нь дутуугаа нөхөж, эргэх хорвоо ээлжилж байдаг. Цусны донор гэдэг шиг сүүний донор эмэгтэй олон хүнд буян болж, ариун цагаан сүүгээрээ амьдрал бэлэглэж, амь тэтгэж явна. Сүүтэй эхийг буянтай хүн гэж ярьдаг. Энэ буянтай бүсгүйг М.Шүрэнчимэг гэдэг. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд энгэрээсээ асгардаг сүү шигээ сайхан сэтгэлтэй, түмэн олондоо хүндлэлтэй нэгэн билээ. Нийгэмд эерэг энерги цацруулсан энэ бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Мөнхбатын Шүрэнчимэг гэдэг. Би 27 настай. 2015 онд Кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгссөн. Одоогоор ахынхаа “Хабрид хаус” компанид нягтлангаар ажилладаг. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг. Гэр бүлийн хүн маань “Хабрид Хийтэр” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
-Та анхны үрээ хэзээ өлгийдөн авч байв, ээж гэдэг алдрыг хүртээд төрсөн сэтгэгдэл ямар байсан бэ?
-2017 онд анхны охиноо төрүүлсэн. Ээж гэдэг үг эхэндээ эвлэхгүй будилж, сандарч байсан үеэ бодоход одоо хоёр хүүхдийн ээж болчихсон сайхан байна. Бага маань одоо дөрвөн сартай. Эх хүн гэдэг энгэрээсээ цагаан сүү ундруулдаг, сэтгэлээсээ хайр асгадаг буянтай хүн. Энэ үед ээжийгээ л илүү их ойлгож хайрлах сэтгэл төрөх юм даа.
-Та анх өөрийгөө сүү ихтэй гэдгийг мэдээд гайхаж байв уу, танайд сүү сайтай удам бий болов уу?
-Манай удамд гоц сүү сайтай хүн байгаагүй юм билээ. Яагаад ч юм би ийм төрчихсөн. Төрөөд хоёр хоногийн дараа хөхөнд маш их сүү орж, хүүхдээ хөхүүлэхийн хажуугаар хөх маань хатуурч, чинэрч өөрийн эрхгүй асгараад л арга буюу шөнө, өдөргүй саадаг болсон. Анхлан төрөгч болохоор саасан сүүгээ яаж хадгалахаа мэдэхгүй, ундааны саванд хийж хөлдөөсөөр байгаад нэг мэдэхэд 100 литр сүү болчихсон байсан. Сүүг хамаагүй газар асгаж болдоггүй гэдэг болохоор хөдөө хадмынх руугаа явуулж малын бууцанд шингээсэн дээ. Хүүхэд асрахын Чинэрсэн хөхөө суллахад л цээж тэнийгээд бие хөнгөрөөд ирдэг. Удахгүй л хөх чинэрээд, хүндрээд, дүүрээд ирдэг дээ.
-Хүүхдээ өдөрт хэдэн удаа хөхүүлдэг вэ, хөхний сүү их орох нь идэж, ууж буй хоол хүнстэй холбоотой болов уу?
-Хүүхдээ хөхүүлэхдээ цаг барьдаггүй. Хүссэн үедээ хөхүүлдэг. Хүмүүс надаас юу идэж уудаг вэ гэж их асуудаг. Миний хувьд жирэмсэн байхдаа ногоон алимыг голлон иддэг байсан. Мөн бусдын иддэг хоолыг л иддэг гэж хэлдэг дээ /инээв/. Хөхөө чинэрч, хатуурсан үед нь саадаг бөгөөд өдөрт гурван литр сүү гардаг шүү. Сард бараг л 100 литр сүү саадаг. Түүнийг хадгалж барих нь хэцүү болохоор хэрэгтэй хүнд нь өгөх нь зөв юм байна гэдгийг мэдсэн.
-Хөхний сүүгээ хэрхэн хадгалдаг вэ, сүү муутай ээжүүд болон өвчтэй зовлонтой хүмүүс танд хэр хандаж ирдэг вэ?
-Анхны охин дээрээ мэдлэг туршлага дутуу байсан болоод ч тэр үү, сүүгээ ундааны сав, варений шилэнд хийж хөлдөөж хадгалдаг байсан бол хоёр дахь охин дээрээ нэлээн туршлагатай болсон. Сайтар уншиж судалсны үндсэн дээр сүүгээ зориулалтын уутанд хийж хадгалдаг болсон. Нэг мэдэхэд хөргөгч маань дүүрч яахуу, ийхүү болоод хэрэгтэй хүнд нь өгье гээд өөрийнхөө цахим хуудсан дээр пост оруулсан даа. Тэгтэл маш их хүн асууж, холбогдож, угжны сүү нь таарч тохирохгүй, хөхөндөө цадахгүй, нэмэлт өгөхөөр харшилдаг хүүхдэд өөрийн хөхний сүүгээ өгсөн. Мөн нярай болон элэгний хатууралтай, ходоодны хорт хавдартай, өтгөн хатдаг, хөхөндөө сүүгүй ээжүүд ирж авсан.
Над руу чатаар маш олон хүн хандаж, сүүгээ зарах уу гэж асуусан. Миний хувьд зарах бодол огтхон ч байхгүй, хэрэг болох нь аваг л гэж бодсон. Сүүг маань ирж авсан хүмүүс хөхүүл хүн горьдоно гээд сүү, тараг, чихэр, боовтой ирдэг. Ахимаг насны эгч над дээр ирэхдээ хадаг, шар тос барихаар нь хүндлэлтэй гоё санагдсан. Эгч тор дүүрэн сүү аваад бөөн баяр болоод гэртээ очиж, нөхөртөө уулгасан гэсэн. Тэр эгч “Баярлалаа охин минь, сүү нь эм болж, нас нэмнэ ээ. Өвгөн маань их л залуу ээжтэй боллоо” гэж бэлгэшээж байсан.
-Хөхний сүүг орлох зүйл энэ хорвоод үгүй шүү дээ. Хүмүүс таны сүүг уугаад илааршиж тэнхэрлээ гэж эргэж хандаж байв уу?
-Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайныг нь тэр бүр мэддэггүй. Харин олон төрлийн өвчнийг анагаагч, юугаар ч орлошгүй шидтэй зүйл бол эхийн сүү юм билээ. Би ч гэсэн ид шидийг нь төдийлөн сайн мэдэхгүй болохоор 100 литр сүүгээ бууцанд шингээж байх вэ дээ. Хүмүүс сүүг маань эрж сурж ирэх бүрийд л үнэ цэнийг нь илүү их мэдэрч олон хүнд буян болж байгаадаа баярладаг. Надад талархсан хүмүүс их бий.
-Нялх биетэй, хүүхдээ өсгөж буй ээжид хань нөхрийн халамж хамгаас чухал. Танай хүн хэр халамжтай вэ?
-Манай хүн маш халамжтай. Хүүхдүүддээ цаг зав гаргаж хөгжилдөж, тоглож аавынхаа үүргийг маш сайн гүйцэтгэдэг. Чамдаа баярлалаа гэж өдөр болгон хэлдэг дээ. Төрсний дараа эмэгтэй хүн маш эмзэг, хямрамтгай болдог. Үүнийг нь ойлгоод, хайрлаад, халамжлаад байвал эх нь ч тайван, хүүхэд нь ч эрүүл өснө. Сэтгэл санаа тогтворгүй, сайн унтаж амрахгүй байвал эхийн сүү муу ордог шүү дээ. Тэгэхээр миний хань үнэхээр их халамжтай нь харагдаж байгаа биз /инээв/.
-Төрсний дараах хямрал гээд тусдаа онош, эмчилгээ, сэтгэл зүйн засал байдаг болжээ. Тэгэхээр хань ижлийн хайр халамж хамгийн сайн эмчилгээ юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Хорвоо дэлхийд мянга, мянган охид бүсгүйчүүд эрт орой хэзээ нэгэн цагт ээж болдог. Ээж болно гэдэг амьдралын хамгийн том эргэлт. Хувь хүний бие болон сэтгэл зүй, түүнийг дагаад өөрчлөлт ордог. Төрсний дараах сэтгэл гутрал ээж болгонд тохиолддог байх. Харин түүнийгээ хэрхэн даван туулах арга зам нь өөр, өөр. Миний хувьд гэр бүл хажуудах хань маань халамжтай болохоор сэтгэл гутралыг төвөггүйхэн даваад гардаг. Тиймээс шинэхэн аавууд хүлээцтэй, ухаантай байж бие болоод сэтгэл санаанд нь маш их өөрчлөлт орсон ханийгаа сайн халамжлаарай гэж хэлмээр санагддаг.
-Залуу гэр бүлийн хувьд цаашид бодож төлөвлөсөн зүйл юу байна, хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ?
-Мэдээж бидэнд бодож төлөвлөсөн зүйл, хүсэл мөрөөдөл, зорилго байлгүй яах вэ. Цаашдын зорилгодоо хүрэхийн тулд эхнээсээ ажлаа эхэлсэн байгаа. Бид хоёр ер нь хоёр охин, хоёр хүүтэй болно гэж төлөвлөсөн. Үр хүүхдээр өнөр өтгөн, дуутай шуутай амьдрах сайхан шүү дээ. Том болоод бие биедээ өмөг түшигтэй, эх орондоо сайн хүн болгохын төлөө бид хичээнэ. Эцэг эх болно гэдэг маш том үүрэг хариуцлага байдаг учраас хамгийн гол нь залуу гэр бүл бие биеэ ойлгож хүндлэх нь чухал гэж боддог доо.
-Цар тахлын энэ үе хүүхдүүдийн боловсрол, хөгжил, эрүүл мэндэд хэр нөлөөлж байна гэж боддог вэ?
-Манай хүүхдүүд балчир болохоор цахимаар явуулж буй дуу, бүжиг, дасгал хөдөлгөөнийг дагаад хийлгэж, зураг зуруулах, үсэг нүдлүүлэх гээд гарыг нь зүгшрүүлэх дадал суулгаж байна. Хүүхдээ хүссэн үед нь гадаа тоглуулж чадахгүй, агаар салхинд гаргаж болохгүй нь үнэхээр хүндрэлтэй санагддаг. Хүүхэд гэдэг нар салхинаас амин дэмээ авч, чулуу шороотой тоглож дархлаа суудаг болохоор эрүүл мэнд тал дээр нь санаа маш их зовдог. Тийм учраас хэрэгцээтэй амин дэмийг нь нөхөх хоол ундаар тэтгэж, витамин уулгах зэргээр энэ хүнд үеийг давж байна даа. Удахгүй сайхан цаг ирж айл хотлоороо гадаа налайж амар тайван амьдрах цаг ирэх байх аа.
-Төр засгаас төрсөн ээжүүдийн халамж, тэтгэмж хэр байдаг юм бол. Солонгос улсад гэхэд жирэмсэн үеийн, төрөх үеийн, төрсний дараах гээд бүх зардлыг нь төр даадаг гэх юм билээ?
-Манай нийгэмд, эмэгтэйчүүд, хөхүүл ээжүүдийн эрх маш ихээр зөрчигддөг гэж боддог. Жишээ нь, хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд хүчирхийлэлд маш их өртөж, айдастай амьдарч байгаа нь үнэн. Энэ бүх аймшигтай мэдээллийг сонсоод маш их санаа зовж, шаналдаг. Эмэгтэй хүн хүүхэд гаргасныхаа төлөө боловсрол эзэмшиж, ажлын байраа хэвээр хадгалж, амжилтанд хүрэхэд маш их хүндрэл гардаг. Төр засгаас өгсөн мөнгө нь хүүхдийн памперсны мөнгөнд ч хүрдэггүй. Эх орон хөгжихийн тулд эхлээд иргэнээ энэ хорвоод ирэхэд нь эрүүл саруул, сайн сайхан амьдрах нөхцөлийг нь, эрхийг нь хангах хэрэгтэй.
-Монголынхоо бүх ээжүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголын эмэгтэйчүүдийг би, ээжээрээ төсөөлөн боддог. Монгол ээжүүд маань бүхий л зүйлд биеэ даасан, хатуужил тэвчээртэй, зорилготой, үр хүүхдийнхээ төлөө биечлэн зүтгэж чаддаг, эрчүүдээс дутахгүй дайчин хөдөлмөрч хүмүүс. Ээжүүддээ хандаж хэлэхэд эх хүн амьдралд сөхөрч, гундсан ч, сөрж давж чадвал хэзээ нэгэн цагт жаргал ирдэг гэдгийг санаж яваарай. Ээжүүдээс гарахгүй ухаан, чадахгүй ажил, мэдэхгүй зүйл гэж үгүй билээ. Та нартаа хайр дүүрэн аз жаргалыг хүсье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Би бас 3 л сүү саадаг байлаа карантны усаар шингэлээд асгадаг одоо хүүхэд маань 1 нас хүрч байна бас л сүү ихтэй гэхдээ500 саадаг болсон доо
Надад сүү өгж болох уу манай хүүхэд төрөөд 2сар хүртэл хөхөө идээд одоо 6 сартай яамар ч дархлаагүй болод байха шиг бна одоо ууж байга 88595895
Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье . Буянтай охин юмаа
Ёстой гоё мэдээ байна
Эрүүл энх аз жаргалыг ерөөе
Buyantai,saihan setgeltei ohin ym.Az jargaltai,eruul enkh baigaarai.
Мундаг сүүн ээж байна, гайхалтай
Estoi gaihaltai goe medee ynshlaa.heden jiliin umnu manai ehner nadad jaahan olj yulgasan.bi suuldee dontood huhnii suu bodohoor l araanii shuls goojood l .suuldee joohon oldsoniigoo dusal duslaar ni amandaa uusgaad l.ene delhiid tuunii amtiig guitseh ym bhgui ee.gants sab oldohgui bhdaa
Ийм хүнийг сүүний донор гэдэг гэсэн
би ч бас их сүүтэй байлаа их сүүтэй хүн заримдаа хэцүү л байдгийн саагаад байх тусам л сүү их ордог байсан