ТОДРУУЛГА I Цахим хаягаа бусдад алдсан бол ХААНА ХАНДАХ ВЭ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн цахим хуудсанд сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс хандсан нийтлэг асуултад тус төвийн Цахим мэдээлэл, мониторингийн хэсгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг хариулт өглөө.


-Цахим хаягаа бусдад алдчихлаа. Хаана хандах вэ?

-Иргэн та цахим хаяг, цахим хуудсаа бусдад алдсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бичгээр  өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна.

Тус хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдэд, өөрөөр хэлбэл, “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах”, “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах”, “хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэх мэт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Мөн “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” зэрэг хэргүүд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст харьяалагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хэрэв таны алдсан цахим хаягаар иргэдээс мөнгө авч залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна.

Энэ талаар Монгол Улсын Эрүүгийн хуульд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. “Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хариуцлагын хүндрүүлэх нөхцөлийг зааж өгсөн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top