“AstraZeneca” вакцины нэрийг “Vaxzevria” гэж өөрчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины нэрийг “Vaxzevria” гэж өөрчилжээ.

Шведийн эмийн бүтээгдэхүүний агентлагийн мэдээлснээр, бүтээгдэхүүний тухай мэдээлэл, баглаа боодол, шошго өөрчлөгдөж байгаас өөр өөрчлөлт ороогүй гэнэ.

“AstraZeneca” вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол хэд хэд бүртгэгдсэнээс хойш Европын олон улс орон тус вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байсан билээ. Хамгийн сүүлд Канад улс “AstraZeneca” вакциныг 55-аас дээш насны хүмүүст хийхгүй байх шийдвэр гаргасан. Канадын мэргэжилтнүүдийн мэдээллээр, тус вакциныг хийлгэснээс үүдэлтэй цусны бүлэгнэлт үүсэх магадлал 100 мянгад нэг тохиох боломжтой гэж дүгнэжээ. Харин үүнээс өмнө ийм тохиолдол нэг саяд нэг бүртгэгдэж байжээ.

Европын эмийн агентлагийн шинжээчид “AstraZeneca” вакцин аюулгүй, үр дүнтэй бөгөөд хүн амыг халдвараас хамгаалах давуу тал нь эрсдэлээс хамаагүй өндөр гэж үзэж байгаа юм. Эрдэмтэд вакцины сөрөг нөлөө үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд цусны бүлэгнэлт үүсгэсэн тохиолдлыг вакцины ерөнхий мэдээлэлд оруулах гэнэ.

Top