Мьянмар дахь эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 100 орчим хүн амь үрэгдсэн “цуст өдөр” Оросын Батлан хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид тус улсын цэргийнхэнтэй хамт баярын арга хэмжээнд оролцжээ.
Мьянмарын албан ёсны баяр болох Зэвсэгт хүчний өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Оросын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фоминоос гадна Хятад, Энэтхэг, Бангладеш, Пакистан, Лаос, Вьетнам, Таиланд зэрэг улс орны төлөөлөгчид мөн оролцсон байна. Гэвч цэргийн ийм хэмжээний өндөр албан тушаалтнаа Мьянмар руу зориуд илгээсэн ганц орон нь ОХУ байсан бөгөөд бусад улсын төлөөлөгчид нь Мьянмар дахь Элчин сайдын яамдын дэргэд байдаг цэргийн төлөөллүүд байсан аж.
Энэ оны хоёрдугаар сарын 1-нд болсон цэргийн эргэлтээс хойш Мьянмар олон улсын тусгаарлалтад орчихоод байгаа. Тус улсын нийслэлд цэргийн ёслолын жагсаал болсон тэрхүү өдөр нь төрийн эрхийг булааж авсан генералууд болон цэргийн эргэлтийг хүлээн авахаас татгалзсан ард иргэдийн дунд явагдсан бүхий л хугацааны тэмцлийн түүхэн дэх хамгийн цуст өдөр болсон юм.
Өнгөрөгч бямба гарагт улс орон даяар явагдсан эсэргүүцлийн хөдөлгөөний явцад 100 орчим хүн амь үрэгдэн, 400 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Мьянмарт болсон энэхүү үйл явдалтай холбогдуулан дэлхийн 12 улсын Батлан хамгаалахын тэргүүн нар өнгөрөгч ням гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийн доор Австрали, Канад, Герман, Грек, Итали, Япон, Дани, Нидерланд, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Их Британи, АНУ зэрэг улс орны Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зурсан аж. “Мэргэжлийн цэргийнхэн бол өөрсдийн үйлчлэх ёстой ард иргэдэд хор хохирол учруулах биш, харин тэднийг өмгөөлж хамгаалах хариуцлага үүрэн, олон улсын стандартыг даган мөрддөг” хэмээн уг мэдэгдэлд онцлон дурджээ.
Олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг цус урсган нухчин дарсан харгис үйл ажиллагаатай зэрэгцэн явагдсан цэргийн ёслолын жагсаалд Оросын цэргийн өндөр түвшний төлөөлөл оролцсон явдлыг Мьянмарын сөрөг хүчин хурцаар шүүмжилсэн байна. "Justice for Myanmar" ("Мьянмарын төлөөх шударга ёс") бүлгийн төлөөлөгч Яданар Маун “Орос улс ард түмнийг харгисладаг зандалчинд тусалж байна. Тус улсын эрх баригчид Мьянмарт айлчилж, хууль бус цэргийн хунта-г хүлээн зөвшөөрч байгаа нь жигшүүртэй явдал юм” хэмээн Ройтерс агентлагт мэдэгджээ.
Дэлхийн олон улс орны зүгээс эрс буруушааж буй арга хэмжээнд оролцохоос Орос улс яагаад татгалзсангүй вэ?
Найз бөгөөд холбоотон
Батлан хамгаалах яам болон түүний дэргэдэх олон нийтийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн Оросын төлөөлөгчдийг Батлан хамгаалахын олон улсын цэргийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцдаг дэд сайд Александр Фомин ахлан очжээ. Орос бол Мьянмарын армийн зэвсэглэлийн чухал ханган нийлүүлэгч бөгөөд өмнө нь МиГ-29 сөнөөгч онгоцууд, байлдааны сургалтын Як-130 онгоц болон Ми-24 нисдэг тэргүүд, агаараас хамгаалах ПВО систем, радарын станцууд, хуягт машин техникүүдийг нийлүүлж байв. Мөн Су-30СМЭ сөнөөгч онгоцуудаар хангах гэрээг 2018 онд байгуулсан бөгөөд ойрын хоёр жилд багтаан нийлүүлэхээр зорьж байна.
Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мьянмарт хүрэлцэн очиж, “Панцирь-С1” зенитийн комплекс, “Орлан-10Е” тагнуулын нисгэгчгүй төхөөрөмж, радарын станц нийлүүлэх талаар хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан тухай Интерфакс мэдээлж байсан билээ.
Ёслолын парад болохоос нэг хоногийн өмнө буюу өнгөрөгч баасан гарагт Мьянмарын армийн ерөнхий командлагч Мин Аунг Хлаин Оросын төлөөлөгчдийн тэргүүн Александр Фоминтой гэрээ хэлцлүүд байгуулжээ. Мьянмарыг ОХУ-ын “Зүүн-Өмнөд Ази болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь найдвартай холбоотон бөгөөд стратегийн түнш” хэмээн нэрлэсэн орос генералын мэдэгдлийг “Интерфакс” агентлаг нийтэлсэн байна. Талууд цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхээр тохиролцсон тухай генерал мөн дурджээ.
Дотоод хэрэг
Оросын Мьянмартай харилцах хандлагад барууны орнууд нөлөөлөх магадлал багатай, тэдний үзэл бодол Москвагийн хувьд тийм ч сүрхий ач холбогдолтой биш болсон гэж “Зэвсэглэлийн экспорт” сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фролов ВВС-д ярилцлага өгөхдөө мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрөгч даваа гарагт мэдэгдэл хийхдээ, Оросын төлөөлөгчдийн айлчлалыг Мьянмар дахь жагсагчдын аллагыг дэмжсэн үйл явдал хэмээн үзэж болохгүйг сануулсан байна. Тэрбээр “Бид Мьянмартай эртний бүтээлч харилцаа холбоотой гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тиймд энэ өнцгөөс асуудалд хандахыг хүсэж байна. Манай төлөөлөгчид очсон явдал нь тус улсад болж буй үйл явдлыг дэмжиж байна гэсэн үг биш юм” хэмээн онцолжээ.
Алс Дорнодын РАН хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Василий Кашин ВВС-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ын зүгээс Азийн улс орнуудтай цэрэг-техникийн хамтын ажиллагаа явуулахдаа тухайн үед төрийн эрх барьж буй аль ч засагтай харилцаа холбоогоо үргэлжлүүлэх бодлогыг уламжлал ёсоор баримталдаг гэдгийг дурдсан байна. Тэрбээр “Энэ нь Мьянмарт мөн хамаатай. Тус улс дахь нөхцөл байдал хэтэрхий түвэгтэй учраас манайхан тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг огтхон ч хүсэхгүй байгаа. Мьянмар бол үе үе мөргөлдөөн, бослого тэмцэл гарч байдаг ярвигтай орон. Тэгээд ч энэ нь бидний гүйцэд ойлгох боломжгүй өвөрмөц улс орон учраас Мьянмарын дотоод бодлогын нөхцөл байдлын тухай хэлэлцэх нь бидний мэдэх ангиллын үүднээс авч үзвэл утгагүй зүйл юм” гэжээ. Мөн Орос улс Мьянмарт агаараас хамгаалах систем, сөнөөгч онгоцууд, радарын станц гэх мэт эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад ашиглагдахааргүй зэвсэглэлийг зарж байгааг тэрбээр онцолсон байна. Шинжээчийн үзэж буйгаар, Мьянмарт зэвсэг худалдаалахад саад болохуйц НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн тогтоол, олон улсын үүрэг хариуцлага байхгүй тохиолдолд Орос улс үүнийг хийхэд ямар нэгэн асуудалгүй гэжээ.
Гуравдугаар сарын 10-нд НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөл Мьянмар дахь хүчирхийллийг буруушаан, хүний эрх зөрчигдөж буйд гүнээ эмзэглэж байгаагаа илэрхийлж, дээд зэргээр тэвчээртэй байхыг цэргийнхэнд уриалж, болж буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа сануулсан хэдий ч ямар нэгэн хориг арга хэмжээний талаар дурдаагүй юм. Иймд Аюулгүй байдлын Зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас Орос, Хятад улсууд өөрсдийн төлөөлөгчөө Мьянмарт болсон ёслолын парад руу илгээсэн явдал нь ямар нэгэн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй аж.
Мьянмарын зэвсэглэлийн гол ханган нийлүүлэгч нь Орос биш Хятад улс гэдгийг Василий Кашин онцолсон байна. Тэрбээр “Мьянмарын хувьд Оросоос зэвсэг худалдаж авах нь Хятадаас нэг талыг баримталсан хараат байдлаа сулруулах гэсэн оролдлого юм. Хятад бол Мьянмарын эдийн засагт давамгайлсан тоглогч хэдий ч их гүрэн болон жижиг улсын хэвшмэл харилцааны үүднээс аль ч засгийн газартай нь харьцсаар ирсэн. Иймд мьянмарчууд БНХАУ-аас хамааралтай байдлаа бага ч атугай хязгаарлахаар хичээж, үүний тулд тэдэнд ОХУ хэрэгтэй болсон” хэмээн дурджээ.
Хориг арга хэмжээ болон ханган нийлүүлэлт
Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд бодлогыг нь шүүмжилж буй улс орнуудтай цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс ухамсартайгаар татгалзах явдал олон улсын практикт тийм ч ховор зүйл биш юм.
2018 онд Герман улс Йемен дэх дайн болон сэтгүүлч Жамал Хашоггийн амь насыг хөнөөсөнтэй холбогдуулан дэлхийн томоохон зэвсэг худалдан авагчдын нэг болох Саудын Арабтай цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа зогсоож байсан билээ. Дараахан нь Европын зарим улс орнууд уг хоригт нэгдэж байсан бөгөөд Германы хориг арга хэмжээ 2021 оны сүүлчээр дуусах хэдий ч Берлин түүнийг сунгахыг хүсэж болзошгүй юм. Их Британи улс мөн Саудын Араб руу зэвсэг нийлүүлэхийг хориглосноо зарлаж байсан хэдий ч өнгөрөгч оны долоодугаар сард хоригоо цуцалжээ. Эр-Риядын зэвсэглэлийн гол ханган нийлүүлэгч болох АНУ олон тэрбумын гэрээ хэлцлүүд байгуулахаа огтхон ч зогсоогоогүй явдлаа хоёр орны худалдааны харилцааг муутгахыг хүсэхгүй байгаагаар тайлбарлаж байгаа аж.
Хүний эрх зөрчиж буйг нь Британийн Гадаад харилцааны яам албан ёсоор зарласан улс орнуудад Нэгдсэн вант улс цэргийн янз бүрийн тоног төхөөрөмж, зэвсэг худалдаалж байгаа талаар 2020 оны наймдугаар сард зэвсэг худалдаалахын эсрэг Campaign Against Arms Trade – CAAT олон нийтийн байгууллагын зүгээс мэдэгдэж байсан юм. Эдгээр орнууд дотор Саудын Араб, Египет, Хятад, Узбек, Беларусь улс орж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Зүгээр л зэвсгийн л наймаа панзэы ажил шүү дээ. Нээх улстөр гээд л том боддог юм. Зүгээрил дээд шатны наймаачдын бизнес, улстөр тэр аяараа.
Цэргийн харгислал дарангуйллыг Орос хүлээн зөвшөөрдөг юм байна. Хятад бас дэмждэг гэдэг нь батлагдлаа. Одоо монголын коммунист МАНам, коммунистууд яах вэ? Хариулж чадах уу?