Гацахын өмнөх ӨСӨЛТ ба Хятадаас хамаарах шинэ ЭРСДЭЛ

2021 оны 03 сарын 31

2021 он гарснаас хойш энэ сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд уул уурхайн гол түүхий эдүүдийн экспортын үзүүлэлт ямар байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээллийг УУХҮЯ-наас өглөө. Нүүрс, зэсийн экспорт оны эхний улирлын байдлаар  өсөлттэй байгаа ч Оюутолгой төслийн уурхайд коронавирусний хоёр тохиолдол батлагдсантай холботойгоор нүүрс болон баяжмалын тээвэрлэлтэд хэсэг хугацаанд асуудал үүссэн нь дараа дараагийн үзүүлэлтэд нөлөөлөхөөр байна.

Тухайлбал, “Оюу Толгой” компани “давагдашгүй хүчин зүйл”-ийн улмаас БНХАУ-д зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар төслийн хөрөнгө оруулагч  “Turquoise Hill Resources” компанийн зүгээс албан ёсоор мэдэгдлээ. 

Алтны экспорт энэ сарын 26-ны өдрийн байдлаар  өнгөрсөн оны мөн үеэс 45.8%-иар буурсан бол зэсийн экспорт 3.8%-ийн өсөлттэй, нүүрснийх 116%-ийн өсөлттэй байна. Төмрийн хүдрийн экспорт 10.3%-иар буурсан бол газрын тосны экспорт 323%-иар өссөн байна.

Сануулахад, оны эхнээс хоёрдугаар сарын 14-ний байдлаарх тооцооллоор  алтны экспорт 61.4%-ийн бууралттай, зэсийнх  9.8%-ийн өсөлттэй, нүүрснийх 24.6%-ийн өсөлттэй байсан. Тэгэхээр сүүлийн сар гаруйн хугацааны өөрчлөлтийг харахад алтны экспортын уналт буурч, зэсийн экспортын өсөлт саарч, нүүрснийх бол хэд дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

2021.01.01-2021.03.26 ХҮРТЭЛХ ҮЗҮҮЛЭЛТ 

Эхэнд хэлсэнчлэн, Хятадын тал Оюутолгойд бүртгэгдсэн тохиолдолтой холбоотойгоор нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулсан. Цаашид Оюутолгой болон бусад уурхайнуудад гарч болох эрсдэл, Монголын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг хэвийн байдалд оруулах асуудлыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй мэдэгдсэн юм.

Цар тахлын сөрөг нөлөөллөөс гадна манай нүүрсний үндсэн худалдан авагч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт энэ онд буурах төлөвтэй байгаа. Тус улсын коксжих нүүрсний импорт оны эхний хоёр сард 6.4 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 58.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд тус улсын Засгийн газраас Тангшан хот дахь ган үйлдвэрлэдэг 23 компанийг энэ гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн он дуусталх хугацаанд үйлдвэрлэлээ багадаа 30 хувиар бууруулах чиглэл өгсөн. Тангшаны ширэм болон гангийн үйлдвэрлэл нь БНХАУ-ын нийт үйлдвэрлэлийн 12.7-15 хувийг бүрдүүлдэг учраас үйлдвэрлэлийг 30-иас багагүй хувиар бууруулахыг даган коксжих нүүрсний эрэлт нь буурахаар хүлээгдэж байна.  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гашуун үнэн(192.82.75.69) 2021 оны 03 сарын 31

Харин сайн юм биш үү?Манайхан чинь юм л бол хятадтай хилээ хаа,нэг ч юм битгий ав гээд л үе л үе дөвчигнөдөг бас тэднийг дэвэргэж аялга хоолны мөнгө олдог рекетчид ч байдаг биздээ.Бид өөрсөдөө хааж чадахгүй байхад ковид19 тусаллаа.Харин нь сайн ч юм уу? Хон хХэрээд мэтэд тусалсан юм байх оо

0  |  0
Top