Д.Анхбаяр: Ираны тухай мэддэг бүхнээ март, Ираныг цоо шинээр нээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

XIII-XIV зуунд Ил хаант улс, Төмөрийн улс гээд хоёр том эзэнт улсыг дамжаад Ираныг монголчууд захирч байсан түүхтэй аж. Тиймдээ ч Иранд монголчуудтай холбогдох түүх, соёлын дурсгалууд асар олон. Ираныг хаалттай улс гэдэг ч очоод үзвэл, аялж зугаалбал бидний төсөөлснөөс огт өөр, таатай улс юм байна. Барууны орнуудтай харилцах Ираны улс төрийн харилцаа ч тун сонирхолтой. Перс хэл, соёл нь Ойрхи дорнодод алдартай. Тухайлбал, Эртний персийн Зороастрын шашнаас үүдэлтэй хаврын баяр дундад Азид түгэн дэлгэрсэн нь Наурызын баяр гэнэ шүү. Тиймээс “Өглөөний зочин”-доо Иран, Монголын харилцааны талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.Анхбаярыг урьж, ярилцлаа.


-Монгол, Иран улс дипломат харилцаа тогтоогоод 50 жил болж байна. Харин түүхэн харилцааны хувьд 2000 жилийн өмнөөс эхлэлтэй гэдэг. Иран, Монголын харилцаа яаж эхлээд хэрхэн хөгжиж байгаа вэ?

-Монгол Улс Ирантай 1971 онд дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед БНМАУ-ын гадаад бодлого гуравдагч орнууд буюу эвсэлд үл нэгдэх орнуудтай харилцаагаа идэвхжүүлэхэд чиглэж байсан. Тэр хүрээнд Ирантай дипломат харилцаа тогтоож, 1974 онд Ю.Цэдэнбал Иранд албаны ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын дараа Ираны Ерөнхий сайд Эмир Аббас Ховейда Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Ираны Монголыг хариуцсан Элчин сайдаар Эмир Тимур буюу Төмөр нэртэй нэгэн томилогдож байсан. Энэ харилцаа 1979 он хүртэл идэвхтэй явсан. Ираны талаас Персийн Эзэнт гүрний 2000 жилийн ойг тэмдэглэх хүрээнд дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоож, тэдгээр улсын төр, засгийн тэргүүнийг Иранд айлчлуулах бодлоготой байсан. Харин 1979 онд Иранд Исламын хувьсгал гарсан. Үүнээс хойш хоёр орны харилцаа 1990 он хүртэл идэвхитэй бус байгаад, 1990 оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа ч өргөжиж, нээлттэй гадаад харилцааны бодлого явуулахад олон улсын байгууллагын шугамаар ч гэсэн харилцаа идэвхитэй явж байсан. Ялангуяа газрын тосны үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал солилцож байлаа. Монгол, Ираны харилцаанд том түлхэц үзүүлсэн айлчлал гэвэл 2012 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийсэн. Энэ үед Эвсэлд үл нэгдэх орнуудын хөдөлгөөнийг Иран даргалж, чуулга уулзалт нь Тегеран хотод болсон байдаг. Тус чуулга уулзалтад оролцсон. Уулзалтыг залгуулаад албаны ёсны айлчлал хийсэн. Тухайн үед Ираны сонин хэвлэлээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Ираныг хамгийн сонирхсон Ерөнхийлөгч” гэсэн утгатай нийтлэлүүд гарч байсан. Ираны түүх соёлыг хамгийн их сонирхсон. Милад цамхаг дээр гарсан. Ираны түүх, соёлын дурсгалтай холбоотой байгууламжуудаар аялал хийсэн. Ираны Натанз хотын газар доорх цөмийн байгууламжид очсон гадаад улсын анхны төрийн тэргүүн болсон. Тухайн үед олон улсын шинжээчдийг ч оруулдаггүй байсан цөмийн байгууламжид зочилсон. Султание хотод Өлзийт хааны бунханд зочилсон, Эвсэлд үл нэгдэх орнуудын хөдөлгөөнд оролцсон нь сүр дуулиантай айлчлал болж байсан. Энэ үеэс хойш ШХАБ-ын хүрээнд Монгол, Ираны төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалтууд тогтмол хийдэг болсон. 2016 онд хоёр улсын Гадаад харилцааны яамдын хамтын ажиллагааны хүрээнд Ираны тухайн үеийн Гадаад хэргийн дэд сайд Монгол Улсад айлчилсан. 45 жилийн ойгоо хамтарч хийсэн байдаг. Энэ хүрээнд Иран, Монголын түүх соёлыг судлах хамтарсан комисс байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Эдийн засгийн харилцаа худалдааны салбартаа сайн хөгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын махны гол худалдан авагчдын нэг Иран улс юм.

-1990 оноос хойш Монгол, Ираны улс төр, эдийн засгийн харилцаа тогтвортой хөгжиж байгаа юм байна. Цаашид хоёр улсын харилцаа аль салбарт илүү хөгжих ирээдүйтэй вэ?

-Улс төр, эдийн засгийн харилцааны хурдыг соёл нь гүйцэхгүй байна. Миний хувьд соёлын харилцаа нь эдгээр харилцаагаа гүйцэх хэмжээнд байх ёстой гэж үздэг. Иран, Монголын хамтарсан түүх, соёлын комиссын үйл ажиллагаа 2017 оноос хойш үндсэндээ зогсонги байдалд орлоо. Үүн дээр төр, засгийн зүгээс санаачилга гаргаад яваасай гэж боддог. Тус комиссын үйл ажиллагааны хүрээнд Ираны талаас санаачлаад 2016 онд Занжани их сургууль дээр Ил хаадын судалгааны төвийг байгуулсан байдаг. Монголын Эзэнт гүрний түүхийг судлах нэг гол түлхүүр нь перс хэл дээрх сурвалж, мөн үеийн дурсгалуудаас хамгийн баялаг үлдэж хоцорсон нь Иран улсад байна. Тийм учраас соёлын салбарт зайлшгүй хамтарч ажиллах хэрэгтэй. Иранд Монголын соёлын төв, худалдааны төлөөлөгчийн газар байгаад энэ харилцааг хөгжүүлэх ёстой гэж бодож явдаг.

Хоёр орны дипломат харилцаа нь 50 жил боловч соёлын харилцаа нь 2000 жилийн түүхтэй. Үүнийг археологийн дурсгалуудаас харж болно. Тухайлбал, Төв аймгийн Борнуур суманд байгаа Ноён уулын булшнаас перс хивсний тасархай олдсон байдаг. Тус хивсний хуулбарыг Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадад Монголын талаас бэлэглэсэн нь Ираны албаныхны сонирхлыг ихэд татаж байсан. Торгоны замын харилцаагаар Персийн бараа бүтээгдэхүүн Хүннүгийн үед ирж байсны баталгаа нь тэр хивсний тасархай юм. Сасанидын зоос Монгол Улсад Хүннүгийн булшнаас олдсон байдаг. Энэ харилцаа нь Түрэгийн хаант улсын үед ч идэвхитэй байсан. Өнөөгийн Иран улс нь Хорезмын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан гэдэг утгаараа Хорезмын худалдаачид Монголд ирж байсан. Иранд монголчууд Ил хаант улсыг Иран төвтэй байгуулсан. XIII-XIV зуунд зуунд Ил хаант улс, Төмөрийн улс гээд хоёр том эзэнт улсыг дамжаад Ираныг монголчууд захирч байсан түүхтэй. XVII зууны үед халимагууд Ирантай өргөн харилцаатай байсан. Тухайн үед халимаг, перс хэлний толь ч бичигдсэн байдаг. Тэгэхээр зөвхөн 50 жилээр хэмжигдэхгүй энэ том харилцаанд Ираныг гуравдагч хөрш биш юм аа гэхэд ирээдүйд онцгойлон соёлын салбарт хамтарч ажиллах улс мөн юм гэдэгт манай талаас санаачилга гаргах хэрэгтэй.

-Иран бол барууны орнууд ялангуяа АНУ-тай тэмцэлдэж байдаг, хориг арга хэмжээтэй гээд л шуугиантай улс шүү дээ. Дэлхийн улс орнууд дотроо ямархуу байр суурьтай улс вэ?

-1979 оны Исламын хувьсгалын дараа барууны орнуудтай үл ойлголцож эхэлсэн. 1990 онд уран баяжуулах цөмийн хөтөлбөр улсдаа хэрэгжүүлж эхэлсэнтэй нь холбоотойгоор Барууны орнууд хориг арга хэмжээг авч өнөөг хүртэл явж байна. 2014 онд уран баяжуулах цөмийн хөтөлбөрийг зууны таван хувиас дээш баяжуулахгүй гэсэн тохироонд хүрсэн байдаг. Үүний хариуд барууны орнууд Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг үе шаттайгаар бууруулна гэсэн боловч Доналд Трампын үед АНУ энэ гэрээнээс гарснаар хориг арга хэмжээ улам чангарсан. Энэ нь зөвхөн батлан хамгаалах, аж үйлдвэр, банк, санхүү, газрын тосны салбарт хориг арга хэмжээтэй болохоос биш бусад салбарт буюу хүмүүнлэгийн шинж чанартай арга хэмжээ болон Монгол Улсын явуулж байгаа махны худалдаанд гэхэд хориг арга хэмжээ байхгүй. Сүүлийн үед Сирийн дайнд Орос улстай хамтраад Башар ал-Ассадын засаглалыг дэмжиж оролцож байгаа нь Ираныг мөн барууны орнуудын эсрэг байр суурьтай болгосон. Энэ мэт улс төрийн голдуу шалтгаанаас үүдэн Иран улс барууны орнууд тэр дундаа АНУ-тай харилцаа муутай байдаг. АНУ-тай дипломат харилцаа байхгүй. Харин эсрэгээрээ сүүлийн жилүүдэд Иран улс нь Орос, Хятад улстай харилцаандаа их анхаарч байгаа. ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэх хүсэлтээ ч өгсөөр байна. Тэгэхээр Монгол Улсын зүгээс Ирантай соёлын салбарт харилцахад хориг арга хэмжээтэй ямар ч хамаарахгүй.

 

Иранчууд найрсаг, зочломтгой зан чанараараа Ойрхи Дорнодод алдартай

 

-Иран улс гэхээр дайн байлдаан, цөмийн хөтөлбөр гэх мэт хүчтэй дүр зураг толгойд буудаг л даа. Та Иранд суралцаж, амьдарч байсан учраас тус улсын дотоод нөхцөл байдал, нийгэм, хүмүүсийн зан харилцааны талаар сонирхуулж яриач?

-Нэгдүгээрт, Иран бол дайн байлдаантай улс биш ээ. Амгалан, тайван улс. Жишээлбэл, Иранд гадаадын жуулчин очоод 10 хоноход нэг ч удаа цагдаад шалгагдахгүй. Иран бол олон улсын хориг арга хэмжээний эсрэг нээлттэй хаалганы бодлого баримталж байгаа. Хэн ч Иранд зочилж, аялах боломжтой. Визийн тал дээр уян хатан бодлоготой. Шууд хил дээрээс нь виз авах боломжтой байдаг. Иранд гадаад хүн аялахад ямар нэг байдлаар гадны хүн гэж ялгаварлах, гадуурхах зүйл байхгүй. Найрсаг, зочломтгой зан чанараараа Ойрхи Дорнодод алдартай ард түмэн. 1979 оноос хойш олон улсын хориг арга хэмжээтэй байсан учраас үндэсний үйлдвэрлэл нь асар их хөгжсөн. 100 хувь үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэн улс гэвэл Ираныг хэлж болно. Хүнсний аюулгүй байдал хангагдсан. Технологи гайхалтай хөгжсөн. Бие дааж хөгжих үлгэр жишээг Иранаас харж болно. Хамгийн цэвэр экологийн бүтээгдэхүүнийг тус улсынхан хэрэглэж байна. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлийн бараа, үйлчилгээний үнэ маш хямд. Хааяа нэг хүмүүс Иран явах гэсэн юм гэж надаас зөвлөгөө асуухад би “Ираны тухай мэддэг бүх юмаа март. Цоо шинээр Ираныг өөрөө нээ” гэж хэлдэг. Иранд очиход гадаад хүнд хоёр л бэрхшээл бий. Нэгдүгээрт, замын хөдөлгөөн бол нэлээн хүнд. Машин олон. Замын хөдөлгөөнд манай улсаас илүү бүдүүлэг оролцдог гэж хэлж болно. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, торгоны замын гол зангилаа улс учраас худалдаачин сэтгэлгээ нь асар хөгжсөн гэдэг утгаараа гадаад хүнд юмны үнээ бага зэрэг нэмж хэлдэг. Энэ хоёроос өөр эрсдэл Иранд байхгүй.

-Иранд Монголын Эзэнт гүрэн, Ил хаадын түүхэнд холбогдох дурсгалууд маш олон гэлээ. Тоо баримтаар хэд байх уу, хэмжээлшгүй юм уу?

-Иранд Ил хаант улсын үеийн зөвхөн уран барилгын дурсгал гэхэд Дональд Вилберын судалгаагаар 70 гаруй байгууламж байна. Эдгээрээс хамгийн том нь Султание хотод байдаг Өлзийт хааны бунхан, Марага хотод байдаг Ил хаант улсын үед баригдсан Одон орон судлалын төвийн үлдэгдэл байдаг. Марага хот Ил хаант улсын анхны нийслэл байсан учраас тус хотын музейг Ил хаадын судалгааны музей гэж албан ёсоор нэрлэсэн. Энэ бол дэлхий дээрх цорын ганц Ил хаадын судалгааны музей юм. Ираны улсын, орон нутгийн гээд аль ч музейд очсон заавал Ил хаадын үеийн тасаг, салбар байдаг. Тийм учраас Иранд асар баялаг өв байна. Үүнийг судалснаар эзэнт гүрний түүхээ бид баяжуулна. Ил хаадын судалгаа олон улсын түвшинд эргэлтэд орсон ч гэсэн Монголын судлаачид уг судалгааг эргэлтэд оруулснаар Монголын түүхийн судалгаа нэг шат ахина. Наад зах нь Ираны архивт Ил хаадын 50 гаруй тамгатай зарлиг эх хэлбэрээрээ хадгалагдаж байна. “Абу сайд ханы зарлиг ану” гэсэн монгол бичигтэй гэрэгэ, “зуураа бүү төдүүлтүгүй” гэсэн бичигтэй гэрэгэ хоёр ширхэг олдсон байна. Ил хаадын үеийн монгол бичигтэй зоос хэдэн зуу мянгаараа Иранд байдаг. Аль ч суурин, хөдөөгийн орон нутаг судлах музейд нь багадаа 10, 20 ширхэгээрээ Ил хаадын алт, мөнгөн зоос бий. Ираны түүхийн төв музей нь зургаан давхар. Түүний гурав дахь давхарт нь тэр чигээрээ зөвхөн Ил хаадын үед харьяалагдах дурсгалууд байдаг.

 

Ил хаадын үеийн монгол бичигтэй зоос хэдэн зуу, мянгаараа Иранд байдаг

 

-Чингис хааны музей гээд Эзэнт гүрний үеийн үзмэрүүдэд холбогдох том музей манай улсад байгуулагдаж байна. Тус музейд таны ярьсан Ил хаадын үеийн Монголын түүхэнд холбогдох олон дурсгалаас авчирч тавьж, олон нийтэд сонирхуулна гэвэл боломж байгаа юу?

-Чингис хааны музейд гадаадад байгаа Монголын түүх, соёлтой холбоотой, ялангуяа Эзэнт гүрний түүхэнд холбогдох дурсгалуудыг оруулахаар яригдаж байгаа. Ер нь Ирантай соёлын салбарт хамтын ажиллагаатай байна гэвэл, үүндээ түшиглээд миний түрүүнд хэлсэн дурсгалуудаас, жишээлбэл, монгол зурагтай шаазан эдлэлийг оруулах боломжтой. Ираны номын сан, архивт Ил хаадын үеийн 2000 гаруй судар ном байна. Тэдгээрийн хуулбарыг үе шаттай хийж авч, Иранд байгаа Өлзийт ханы бунхан, Рашид ад-Дины Эрдмийн хороолол ч гэдэг юм уу, Хүлэгү ханы эхийн бунхан нэртэй Сорхогтун хатны дурсгалд зориулсан бунхан зэрэг томоохон байгууламжуудын жижигсгэсэн загвар, Иранд байгаа алт, мөнгөн бичигтэй олон мянган зоосноос эх хувиар нь авчрах гэх мэт боломж, арга замууд байж болно. Эдгээр дурсгалаас дэлхийн бусад улсын музейд ч байдаг учраас боломжтой гэж хардаг. Иранд байгаа Ил хаант улсын үеийн соёл, урлаг, түүхийг харуулах олон дурсгал, чимэглэл зургуудийн “А” хуулбарыг оруулна гэх мэтээр шийдвэл музейн нэг хэсгийг тэр чигт нь Ил хаадын үеийн дурсгалаар чимэх бүрэн боломж ч бий. Иран өнөөдөр хаалттай улс гэгдэж, хориг арга хэмжээтэй байгаа үед л бидэнд боломж байна. Үүнээс биш нэг өдөр дэлхийд нээгдвэл, наад зах нь газрын тос гэсэн том потенциалтай улсад барууны томоохон хөрөнгө оруулагчид ороод ирнэ. Энэ үед бидэнд илүү бэрхшээлтэй болно.

-Перс хэл, соёл иргэншил бидний хувьд хол сэдэв. Гэхдээ персийн соёл иргэншлийг гайхалтай гэдэг. Яагаад тэгэж нэрлээд байна вэ?

-Эртний Персийн соёл иргэншил хоёр том соёл иргэншлийн дунд хөгжсөн. Үүний нэг нь хоёр мөрний соёл иргэншил гээд байгаа юм. Хоёр мөрний соёл иргэншлийг газрын зургаас харвал хөрш нь Элам буюу Иранууд. Тэдэнтэй өрсөлдөж ирсэн учраас хоёр мөрний соёл иргэншлээс асар их солилцоонд орсон. Мөн зүүн талдаа Энэтхэгийн Индус мөрний соёл иргэншилтэй түүхэн хэлхээ холбоотой. Тэгэхээр Инди мөрөн хоёр мөрний соёл иргэншлийн хооронд энэ бүс нутаг дээр өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншил гарсан нь эртний Персийн соёл иргэншил. Энэ эртний Персийн соёл иргэншил нь Исламын байлдан дагууллын дараа 100 хувь Арабын соёлын нөлөөнд ороогүй. Яг өөрсдийн соёлдоо Исламын соёлыг нутагшуулж чадсан учраас өвөрмөц, Ираны исламын соёл гэж Исламын соёл дотроо тусдаа соёл яригдаж байна. Эртний Персийн нийслэл Персеполис өнөөгийн Шираз мужид байна. Эртний Персийн Иламын соёл иргэншлийн үлдэгдлүүд баруун нутагтаа байна. Дэлхийн хамгийн романтик оршуулга гэгдэж байгаа тэврэлдсэн хоёр араг ясны оршуулга Иранаас олдсон Ираны Тебризэд байдаг олдвор. Мөн Эртний Персийн соёл иргэншил нь Арабын соёл иргэншил, Түрэгийн соёл иргэншилд нөлөөлсөн. Торгоны замаар тархсан. Жишээлбэл, тэдгээр соёл иргэншилд перс хивс алдартай. Персэд хээ урлах арга, технологи өндөр хөгжсөн. Персийн утга зохиол нь Ойрх Дорнодод түүхийн туршид ноёлсоор ирснийг бүгд мэднэ. Түүнийг бид Фирдоуси, Омар Хайяамын шүлгүүд, Сасанидын үед дэлгэрсэн 1001 шөнийн үлгэр зэргээс сайн мэдэх билээ. Эртний персийн Зороастрын шашнаас үүдэлтэй хаврын баяр дундад Азид түгэн дэлгэрсэн нь Наурызын баяр юм. Зороастрийн шашинтнууд гуравдугаар сарын 22-нд хаврын урь орж буйг тэмдэглэн наранд хүндэтгэл үзүүлдэг зан үйл нь ийн дэлгэрсэн хэрэг. Наурыз гэдэг үг нь персээр нов-шинэ, руз-өдөр хэмээх утгатай бөгөөд орчин цагийн перс хэлэнд ч шинэ жил гэсэн утгаар хэрэглэгдэж байна. Наурызыг тэмдэглэдэг маш нарийн зан үйлүүд одоо ч Ираны ард түмний дотор хадгалагдсаар байна. Ираны шамси хижрийн тооллоор шинэ он гуравдугаар сарын 22-нд эхэлдэг. Яг одоо Иранд новруз буюу наурызын баяраа тэмдэглэн шинэ оноо угтаж байна. Энэ жил шамси хижрийн 1400 он эхэлж байна.  

-Перс хэлийг одоо аль улсууд хэрэглэж байна вэ?

-Перс хэлээр ярьдаг орон Иран, Афганистан, Тажикстан байна. Энэтхэгт перс хэлээр ярьдаг хүмүүсийн тоо асар их. Парси гээд перс угсаатнууд олон байна. Үүний тоог иранчууд ярихдаа 200 сая орчим перс угсаатан Энэтхэгт персээр ярьдаг гэж үздэг. Тэгэхээр Ойрхи Дорнодын хамгийн том соёл иргэншил бол Персийн соёл иргэншил гэж хэлэх бүрэн боломжтой. Жишээлбэл, өнөөдөр Оттоманы эзэнт гүрэн Түрэгийн соёл иргэншил, Персийн соёл иргэншлийн нөлөөгөөр хөгжсөн байдаг. Арабын соёл иргэншилд, тэр дундаа уран барилгад нь Сасанидын эзэнт улс нөлөө үзүүлсэн. Багдад хот өнөөдөр Иракын нийслэл боловч эрт Сасанидын эзэнт гүрний нэг нийслэл л байсан. Багдад гэдэг нэр нь “Тэнгэр хайрласан, тэнгэрийн хайрласан” гэсэн перс үг. Дундад зууны үед Персийн соёл иргэншлийг Ойрхи Дорнодод улам хөгжүүлж өгснөөрөө Монголын эзэнт гүрний үеийг иранууд, ираны судлаачид эерэг байдлаар дурсаж ярьдаг талдаа байдаг. Тэр ч байтугай Ираны дээд удирдагч, Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг үндэслэгч Аяатоллах Хомейни гэдэг хүний хэлсэн үг нь “Чингис хааны байлдан дагуулал хэдийгээр галдан шатаасан, түрэмгий шинжтэй байсан боловч “Засаг” нэртэй хууль нь хаад, ноёд, жирийн иргэн ялгаагүй үйлчилж байсан учраас хуулийн засаглалыг Монголын эзэнт гүрэн л ганцхан мэдрүүлж чадсан” гэдгийг хэлсэн байдаг. 2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Иранд айлчлахад одоо байгаа дээд удирдагч аяатоллах Али Хамейни “Исламын шашны шитийн урсгал монголчуудын үеийг хүртэл Ойрхи Дорнодод хориотой урсгал, буруу номтон гэдгээр ад шоо үзэгдэж байсан. Монголчууд Өлзийт хаан үүнийг төрийн шашин болгон зарласан учраас өнөөдөр Иран шитийн шашинтай, би энэ Аяатоллах цол хэргэмийг эдлээд сууж байна” гэж хэлсэн байдаг. Дээр нь перс хэлийг Ойрхи дорнодын үндсэн хэл болоход монголчууд хувь нэмрээ оруулсан гэж дүгнэдэг. Тиймээс Персийн соёл иргэншлийг дундад зуунд түгээхэд монголчууд асар өндөр хувь нэмэр оруулсан гэж ярьдаг.

 

Перс сурвалжгүйгээр Монголын Эзэнт гүрний түүхийг бичих боломжгүй

 

-Иран улс үнэхээр сонирхолтой улс юм. Иран судлал, эртний Перс судлалыг хөгжүүлэх нь Монголын эзэнт гүрний түүхийн судалгааг ахиулахад ихээхэн ач холбогдолтой гэж ойлголоо. Энэ тухайд илүү тодруулбал?

-Монголын Эзэнт гүрний түүхийг судлахад монгол хэл мэдээж чухал. Монголын нууц товчоо, монгол хэлт сурвалжууд чухал. Гэтэл перс хэл дээрх сурвалжууд мөн чухал. Үндсэн сурвалжийн тоонд орно. Хятад хэл дээрх сурвалжууд ч чухал. Гэтэл хятад хэлнээс илүү гарна уу гэхээс дутахгүй том ач холбогдолтой нь перс хэл дээрх сурвалжууд юм. Өнөөдөр Ата Малик Жүвейнигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, Рашид ад-Дины “Судрын чуулган”, “Васафын түүх” зэрэг 20 гаруй перс хэл дээрх үндсэн сурвалжууд, дээр нь орон нутгийн шинж чанартай өчнөөн олон сурвалж, Ил хаант улсын үеийн ханын бичээс, хаадын зарлиг гээд асар их өв бий. Монгол бичигтэй хэдэн зуун мянгаар бичигдэх зооснууд Ираны музейнүүдэд хадгалагдаж байгаагаар катологи гаргахад л маш том зүйл болно. Энэ бүхнийг судлахад перс хэлтэй боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Манай Гадаад харилцааны яамнаас хуучин Афганистаны Кабулын их сургуульд хоёр дипломат төлөөлөгчөө сургасны нэг нь Элчин сайд Дамбийням гуай, нөгөө нь Олон улс судлалын хүрээлэнгийн Хурметхан гэж хоёр хүн байна. Яг одоо бол хоёр залуу ажилтнаа Тегераны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимд магистрт сургаж байна. Тэд энэ жил төгсөөд ирж байгаа гэсэн. Тэгэхээр гадаад харилцааныхан хүмүүсээ бэлдээд явж байна. Харин түүх, хэл соёлын салбарт перс хэлтэй хүмүүсийг бэлтгэх шаардлага байна. Өнөөдөр Монголын эзэнт гүрний түүх яагаад урагш ахихгүй байна гэхээр сурвалж судлал хангалттай биш байна. Үүнийг урагш ахиулахад перс хэлтэй түүхчид хэрэгтэй. Перс хэл дээрх сурвалжуудыг судлах шаардлагатай. Одоогийн байдлаар МУИС-ийн Түүхийн тэнхимд бакалавр, магистрын түвшинд перс хэлийг заагаад явж байна. Гэхдээ энэ бол хангалтгүй. Энэ чиглэлээр тухайлсан мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ байна. 2020 онд МУИС-ийн Түүхийн тэнхимээс перс хэлний мэдлэгтэй анхны боловсон хүчнээ бэлтгэж гаргалаа. Перс хэлийг тусгайлан үзэж, перс сурвалжууд ашигладаг залуучууд ийнхүү гарч эхэлж байгаа боловч харамсалтай нь, тэднийг ажлын байраар бүрэн хангаж чадахгүй байна. Өнөөдөр манай шинжлэх ухааны байгууллагуудад орон тоо нь байна уу гэвэл байгаа боловч тодорхой хүмүүсийн хяналтад орсон. Тодорхой бүлэглэлд, хэн нэгэнд хамааралтай байх, нутаг ус, ах дүү, танил талаараа хамааралтай байж ажлын байраар хангагдах зүйл шинжлэх ухааны салбарт хүртэл орчихлоо. Үүнээс болоод ийм сайхан мэргэжилтнүүд ажлын байраар хангагдаж чадахгүйд хүрч байгаа нь нэг жишээ.

-Та өөрөө Ил хаант улсын үе, Иран, Ойрхи Дорнодын талаар анх яагаад судлах болсон юм бэ. Тухайн үедээ Ил хаант улсын талаарх судалгаа шинэ сэдэв байсан бололтой?

-Би 2004 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон. Миний аз таарахад тухайн үеийн захирал Ч.Дашдаваа гэж хүн намайг ажилд орох үед Ил хаант улсын түүхээр судлаач бэлтгэж байсан. Би тэндээ тус чиглэлээрээ хоёр жил ажиллаад Турк улс руу докторантурт явсан юм. Тухайн үед Ч.Дашдаваа захирал перс, араб, хятад зэрэг сурвалжийн хэлээр мэргэшсэн түүхч бэлтгэх бодлого явуулж байсан. Тэрний хүчинд цөөн хэдэн залуучууд бэлтгэгдсэн. Харамсалтай нь хүрээлэнгийн дараагийн удирдлага нь орон нутаг, түүхэн хүмүүсийн ойн хурал, элдэв зураг хөрөгтэй каталоги үйлдвэрлэх хэвлэлийн газар мэт болж тухайн үеийн сонгуульд ялсан улс төр, намд үйлчлэх үйл ажиллагаа явуулах болсноор энэ бодлого үргэлжлээгүйд харамсдаг.

-Ираны Монголыг төлөөлсөн Элчид сайд Төмөр нэртэй байсан гэж та түрүүнд хэлсэн. XIII-XIV зуунд Монголын Эзэнт гүрний түүхтэй Иран улс холбогдож байна. Тийм ч учраас тэнд Монголын талаар хадгалагдсан түүхэн дурсгал, судар бичиг элбэг аж. Монголоос ч гэсэн перс хивсний тасархай олдож байсан гэлээ. Тэгвэл Иранд Монгол нэр, монгол үг хэр ашиглагддаг вэ?

-Үнэхээр Иранд судлууштай нэг асуудал нь Монгол газар ус, хүний нэрийн хэрэглээ юм. Тухайлбал, “Судрын чуулган” зохиолд дурдсанаар Султание хотыг байгуулсан талыг “Хонгор улаан” хэмээдэг байсан. Баруун Иранд Цагаан нуур, Далан ширээ зэргээр монгол хэл дээр маш олон газрын нэр бий гэдэг. Өнөөдрийн Ираны Миандоаб хэмээх хотын 1990-ээд он хүртэлх хуучин нэр нь Хошоочай юм. Хошоо гэдэг нь хошой буюу хоёр хэмээх монгол үг бол чай гэдэг нь гол хэмээх утгатай түрэг үг юм. Учир нь энэ хотын дундуур Чагатай, Татаву хэмээх монгол нэртэй хоёр гол урсдаг учраас ингэж нэрлэсэн байна. Зүүн Иранд Цагадай нэртэй хот байх бөгөөд орчмын тосгод дунд Зэвлэх, Жавартан зэрэг монгол нэртэй тосгон цөөнгүй байх жишээтэй. Баруун Ираны Маку хотод Чингизхан болаки буюу Чингис хааны булаг хэмээх газар ч байна. Занжан, Казвини хотын ойролцоо Сайн кале буюу сайн цамхаг нэртэй жижиг тосгон ч тааралдана. Урмияа нуурын ойролцоо Дөрбэн хэмээх газрын нэр байдаг. Мөн Арлут, Сөнит зэрэг нэртэй тосгон баруун Иранд байдаг. Дараагийн нэг асуудал нь монгол овог, ургийн нэрийн хэрэглээ юм. Миане хотын ойролцоо Дөрбэн нэртэй овгийн хүмүүс хүргэнээ “корган” гэж дууддагийг харж л явлаа. Жалайр, Чобанидын улсын нэрийг хэрэглэсэн гэр бүлүүд ч байдаг. Энэ бүхэн нь Иран дахь тухайн үеийн монгол овог аймгийн тархалтыг харуулж байж ч болох юм.

Перс хэлэн дэх Монгол үгсийн хэрэглээ маш чухал ач холбогдолтой. Өнөөгийн перс хэлэнд эрэгтэй хүнийг дуудахдаа нэрнийх нь өмнө “ага” гэж заавал оруулдаг. Энэ нь монгол хэлний ах хэмээх үгийн нутагшсан хэлбэр юм. Үүнээс гадна хайчийг кайчи, горхийг булаг гэдэг. Төв Ираны нутагт арга залийг арга, бүргэдийг хайчир, хашгирахыг гишкир, агт морийг ахта, бороог боран, гөрөөсийг жээрэн гэх мэт жишээнүүд цөөнгүй бий. XVI зуун буюу Ил хаант улсын мөхсөнөөс 200 жилийн дараа Ираны зарим хотын яруу найрагч, мэргэд нар нь монгол хэлээр бүтээл туурвидаг байсан тухай мэдээллийг нэрт аялагч Эвля Челеби тэмдэглэн үлдээсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь Ил хаант улсын үед санхүүгийн нэр томьёо болгож “түмэн” гэж үгийг хэрэглээнд оруулсан бол өнөөгийн Ираны мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэр нь томан буюу түмэн юм. Мөн цагдаагийн хэсгийн даргийг даруга хэмээн нэрлэдэг уламжлал 1979 он хүртэл үргэлжилсэн гэхээр сонирхолтой шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(196.54.28.235) 2021 оны 10 сарын 31

Iran oron saihan oron barag uwul boldgui munkhiin nogoonoor l baidiim bna lee.Humuus ni nairsag saihan tsarailag humuus

1  |  0
Уншигч(139.5.216.140) 2021 оны 04 сарын 06

Өнөө хульхины ака, төрийн соерхолт хоер юу болсон бэ?

0  |  0
Зочин(43.242.243.182) 2022 оны 08 сарын 17

66.181.166.134 Үгээ олж ярь. Өлзийбаатар түүхчээс түүх гэдгийг мэдэж авсандаа баярлалаа гээд хэлчихээрэй дээ.

0  |  1
Зочин(192.82.75.136) 2022 оны 08 сарын 17

Чулуун, Өлзийбаатар нарын лалрууд ийм сайн залуу судлаачдыг хэргээр дарж гадаад руу цагаачлахаас өөр аргагүй болгодог байсан юм. Харин энэ залуу монголдоо үлдээд тэдэнтэй яс үзэж байна даа

2  |  0
Түүх сонирхогч(66.181.180.182) 2021 оны 04 сарын 10

Анхаарч уншлаа. Маш их мэдлэг, мэдээлэл олж авлаа баярлалаа

3  |  0
түүх (66.181.166.134) 2021 оны 04 сарын 06

чулуун, өлзийбаатар гэх мэт лалруудын дэргэд шинэлэг залуу бна

1  |  0
Монгол(202.9.46.162) 2022 оны 08 сарын 17

Баярлалаа. Манай залуучууд энэ чиглэлээр овоо ахицтай байна. Шинэ үеийн түүхчдийг иймэрхүү хандлагаар сургах хэрэгтэй.

6  |  0
Уншигч(192.82.76.168) 2021 оны 04 сарын 10

Гайхалтай, улам их судалж орчуулж мэдээлэл өгөөрэй, төр засгаас бодлогоор дэмжмээр юм байна

7  |  0
Зочин (64.119.27.239) 2021 оны 04 сарын 07

Хувьдаа бол Ираны ард түмнийг хүндэтгэж явдаг шүү.

3  |  2
Top