Газрын тос бол үнэт түүхий эд. Өдгөө газрын тосыг боловсруулж бензин, дизель түлш, онгоцны түлш, тос, тослох материал, химийн бодисуудыг гарган авч ашиглаж байна. Тэгвэл Монголын газрын тосны салбарт шинэ дэвшилтэт судалгаа хийж байгаа газрын тосны зөвлөх инженер, доктор Б.Тунгалагтамирыг “Өглөөний зочин” буландаа урилаа. Тэрбээр ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирлаар ажиллаж байна.
-Та газрын тос судлаач, химийн технологич, инженер мэргэжилтэй бүсгүй байна. Таны мэргэжил хэр сонирхолтой вэ. Яагаад ийм гоё содон мэргэжил сонгосон юм бэ?
-ШУТИС-ийн хуучнаар Материалын технологийн сургуулийн нефтийн бүтээгдэхүүний химийн технологич гэсэн мэргэжлийг анх өөрийн хүсэл сонирхлоор сонгон судалж байлаа. Ахлах ангидаа нефтийн нэрлэгийн үйл явцын талаар хичээлийн номноосоо уншаад их сонирхол төрсөн. Энэ бяцхан сонирхолдоо хөтлөгдөн бага багаар судалсаар мэргэжлээ ч сонгож, одоо бол үнэхээр мэргэжилдээ хайртай. Миний харж байгаагаар ЕБС төгсөгчид нарийн мэргэжлийн талаар мэдээлэл дутмаг байна. Энэ нь нэгдүгээрт, нарийн мэргэжил, түүний технологийн талаар мэдлэг, мэдээллийг ЕБС-д хичээлээсээ хангалттай олж авч чадаж байна уу. Хоёрдугаарт, хүүхдүүд мэргэжил сонгохдоо физик, химийн хичээлийг хэцүү гэж хараад байна уу. Физик, химийн хичээлийг сонгож судална л гэхгүй бол есдүгээр ангиасаа хойш тэр хичээлээ үздэггүй нь мэргэжил сонголтод нөлөөлж байна уу. “Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голохгүй” гэдэг. Тиймээс мэргэжил бүр л өөр өөрийн гэсэн онцлог талтай. Гол нь эзэмшиж чадвал үр дүн нь гарна. Өөрийнхөө чин хүслийг олж нээх нь хамгийн чухал. Харин нарийн мэргэжлийн давуу тал нь бидний амьдарч буй, хүрээлэн буй орчинд байгаа бүх үйл явцтай холбогддог. Жишээлбэл, бидний хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, бензин, дизелийн түлш, хүнсний бүтээгдэхүүн химийн үйлдвэрээс бий болдог.
-Одоо Монголд ч гэлтгүй дэлхийд STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлийн мэргэжлүүд эрэлттэй байгаа. Үүнээс газрын тосны химийн технологич мэргэжлээр танай сургуульд гэхэд жилд хэдэн оюутан төгсдөг вэ?
-Нефтийн бүтээгдэхүүний химийн технологи болон газрын тосны боловсруулалтын химийн технологи мэргэжлээр 2000 оноос хойш дотооддоо хүний нөөц бэлтгэж, мөн ахисан түвшинд Хятад, Орос, Америк, Канад, Австрали, Солонгос, Япон улс руу манай төгсөгчид суралцдаг. Манай сургуульд ер нь жилдээ газрын тосны боловсруулалтын химийн технологич мэргэжлээр 20-30 оюутан төгсдөг. Сүүлийн жилүүдэд төгсөгчдийн тоо нийт элсэгчдийн тоо зэрэг шалтгааны улмаас буурсан. Дээрх тоон дээр бусад газрын тостой холбоотой мэргэжлийн төгсөгчдийг нэмбэл салбарын хүний нөөц хүрэлцээтэй байна.
-Хүний нөөц хүрэлцээтэй гэлээ. Ажлын байр олдоцтой юу?
-Аливаа аж үйлдвэрт түлшний сектор гэж заавал байдаг учраас ажлын байр хангалттай. Химийн технологич, нүүрсний боловсруулалтын химийн технологи, газрын тосны боловсруулалтын химийн технологи, химийн инженерчлэл мэргэжлүүдийг эзэмшсэнээр манай улсын хүнс, хөнгөн, хүнд аж үйлдвэрийн бүх салбарт ажиллах боломжтой. Газрын тосны бүтээгдэхүүнүүдийг импортолж байгаа компаниуд, уул уурхайн компаниудад мөн ажилладаг.
-Та газрын тос, байгалийн хий, нүүрсний талаар судалгаанууд хийдэг юм байна. Судалгааныхаа ач холбогдлыг сонирхуулаач?
-Нефтийн бүтээгдэхүүний химийн технологийн чиглэлээр бакалавр, магистраа хамгаалаад, химийн технологич, инженер мэргэжлээр докторын зэргээ хамгаалсан. Жишээлбэл, Тамсагбулагийн ордын нефть боловсруулах үйлдвэрийн анхан шатны технологийн тооцоо, тэдгээрийг загварчлах гэсэн сэдвээр магистраа хамгаалж байсан. Тухайн үедээ Тамсагбулагаас нефть авчраад, өөрөө лабораторийн нөхцөлд нэрээд бензин, каросин, дезилийн түлш ба хүнд үлдэгдэл гэсэн дөрвөн төрлийн туршилт хийсэн. Туршилтад үндэслээд анхан шатны нэрлэгийн колонны технологийн тооцоог хийгээд, программ хангамж ашиглаж үйлдвэр барих анхан шатны загварчлалыг гаргаж байсан.
Одоо нефтийн боловсруулалт, тэдгээрийн гүн боловсруулах технологийн сонголт, бүтээгдэхүүний шинж чанар. Мөн нүүрсний гүн боловсруулалт, тэр дундаа байгалийн хий, нүүрсний хийжүүлэлт, түүнийг эрчим хүчний чиглэлээр ашиглах гэсэн чиглэлүүдээр судалгаа хийдэг. Гуравдугаарт, дулааны цахилгаан станцуудын хаягдал үнснээс нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж авах зэрэг судалгааг хийж байна. Миний докторын судалгааны ажлын сэдэв нь СО-оос байгалийн хий гарган авсан процесст ашиглагдах Ni суурьтай катализаторын синтезийн судалгаа байсан. Технологийн гол зангилаа гэж нэрлэгдэх тухайн процессоос гарган авч буй бүтээгдэхүүний гарц урвалыг түргэсгэхийн тулд сайн чанарын катализаторыг ашигладаг. Энэ ч утгаараа катализаторын синтезийн судалгаа дэлхийн олон судлаачдын анхаарлыг татдаг салбар.
-Дулааны цахилгаан станцын үнснээс нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж авах тухай судалгаа хийж байгаа гэлээ. Саяхан III цахилгаан станцаас хаягдал үнсээ Туул гол руу асгасан, үнс нь маш хортой гээд асуудал гарсан. Хаягдал үнс нь хортой юм бол бүтээгдэхүүн хийж болдог юм болов уу гэдэг сонин байна л даа?
-Бид 2014 оноос хойш дулааны цахилгаан станцын үнсийг судалгаанд ашиглаж эхэлсэн. Нүүрс бол олон төрлийн эрдэс агуулсан үнэтэй түүхий эд. Тэгвэл нүүрсийг шатааснаар үнс үүсдэг. Дэлхийд дэгдэмхий болон үнсэн сангийн үнсийг олон салбарт бүтээгдэхүүн болгон ашиглаж байна. Манай улсад дэгдэмхий үнсийг барилгын материалын чиглэлээр ашиглах төрөл бүрийн судалгаанууд хийгдэж байна. Бид хаягдал үнсээс нэмүү өртөг шингэсэн химийн цэвэр бодисуудыг гарган авах судалгааг хийсээр байна.
-Тодруулбал, хаягдал үнсээр ямар химийн бодис хийсэн бэ?
-Үнснээс эдийн засагт хэрэгцээтэй түүхий эдүүдийг үйлдвэрлэх боломжтой байдаг. Манай судалгааны баг цэвэршилт өндөртэй хөнгөнцагааны болон цахиурын оксид, цеолит зэргийг гаргаж авсан. Энэхүү судалгааны ажлаар 2017 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын грант авч байсан. Мөн 2020 оны Хятад-Монголын хамтарсан төслийн хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын зөвлөх профессор, доктор Б.Бямбагар багшаар ахлуулсан манай баг тус туршилт судалгааны үндсэн дээр технологийг боловсруулах, баталгаажуулах, үйлдвэрт нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Сонирхолтой юм. Одоо та ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал үүссэнтэй холбоотойгоор СО2-ийг хувиргах төрөл бүрийн судалгаа хийгдэж байна. Үүнтэй уялдуулан бид 2019 оны Хятад-Монголын хамтарсан төслийн хүрээнд “СО2-оос метан гарган авах процессын катализаторын синтезийн судалгаа” хийж байгаа. Төслийн хүрээнд бид төгсөгч нараасаа хоёр магистрант, хоёр докторантыг тэтгэлгээр сурган, олон улсын сэтгүүлүүдэд судалгааныхаа чиглэлээр өгүүллээ гаргаж, цаашлаад судалгааны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Та судлаач, багш хүний хувьд Монгол орны газрын тосны салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Манай улсын газрын тосны салбар тасралтгүй хөгжиж ирсэн түүхтэй. Нефтийн бүтээгдэхүүний химийн технологи мэргэжлээр 2000 оноос дотооддоо мэргэжилтэн бэлтгэсэн байдаг. Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэртэй байсан гэж ярьдаг. Мөн Монгол Улсын Засгийн газар, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК нь газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг хийгээд явж байна. Иймд газрын тосны салбар маань их бага хэмжээнд тасралтгүй хөгжиж байгаа гэж хардаг.
-Монгол орны газрын тосны шинж чанар, нөөц ямар вэ?
-Монгол орны газрын тосны нөөц, шинж чанар жилээс жилд сайжирч байна. Өрөмдлөгийн гүнээс хамаарч газрын тосны шинж чанар өөрчлөгддөг. Жишээлбэл, 2005-2006 онд Тамсагбулагийн нефтийн үндсэн үзүүлэлтийг судалж үзэхэд зууралдлага болон нягт өндөр, тасалгааны температурт тавихад царцанги байдаг байсан бол хоёр жилийн өмнө судлахад энэ шинж чанар өөрчлөгдөж нягт, зууралдлага багассан. Өөрөөр хэлбэл, өрөмдлөгийн гүний хэмжээ нэмэгдэх тусам нягт багасаж, бусад үзүүлэлтүүдэд нөлөөлж байна. Тамсагбулагийн газрын тосны шинж чанар боловсруулах хэмжээнд хангалттай сайн шинж чанартай гэж судалгаагаар тодорхойлогдсон. Нөөцийн хувьд Тамсагбулагийн нефтийг 19, 21 гэсэн хоёр талбайгаас олборлодог.
-Газрын тос боловсруулах технологи ямар байдаг вэ. Одоо Дорноговьд баригдаж байгаа боловсруулах үйлдвэр дээр жишээ аваад яривал?
-Нефтийг түлш-шатахууны, түлш-тосны, нефть химийн чиглэлийн буюу иж бүрэн боловсруулалт гэсэн чиглэлүүдээр ангилдаг. Газрын тосны боловсруулалтын технологи нь урьдчилсан боловсруулалт, анхан шатны боловсруулалт, гүн боловсруулалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Ерөнхийдөө дэлхийд олборлож буй нийт газрын тосны 84 хувийг эрчим хүч, түлшний түүхий эд, үлдэх 16 хувийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашигладаг гэдэг. Манай улсын баригдахаар төлөвлөж буй боловсруулах үйлдвэрт түлш шатахууны чиглэлээрх үйлдвэрийн технологи сонгосон. Энэ нь дэлхийн томоохон үйлдвэрүүдэд ашигладаг, уламжлалт технологи юм.
-Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна гэсэн. Энэ тоо олборлолт, судалгаандаа нийцсэн байх. Та судалж байв уу?
-Монгол Улсад газрын тос олборлож байгаа нөөцийг үндэслэж 1.5 сая тонн гэсэн тоог гаргасан гэж үзэж байгаа. Газрын тос стратегийн бүтээгдэхүүн учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нефть олборлолтын компаниуд жилд нийт хэдэн тонн нефть олборлодог, үүнээс хэдийг нь экспортлодог гэх мэт тоо эртнээс судлагдсан байдаг. Одоогоор Тамсагбулагаас багадаа хоёр сая гаруй тонн нефть олборлодог.
-Манай улс ОХУ-аас хараат байдлаар бензин оруулж ирж байна. Үнийн хувьд ч тогтворгүй талдаа. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлбэл үр дүнг нь хэрхэн хардаг вэ?
-Манай улс ОХУ болон бусад улсаас импортоор шатахуун авдаг. Үүнээс бараг 90 орчим хувийг нь ОХУ-аас авдаг. Импортоор орж ирж буй шатахууныг төрлөөр нь харвал дизелийн түлш ихэнх хувийг эзэлдэг. Тийм учраас баригдахаар төлөвлөгдөж буй боловсруулах үйлдвэрээс дизель түлшний гарц өндөр гарахаар төлөвлөгдсөн. Үйлдвэр баригдсанаар түлш, шатахуун харьцангуй бага үнээр хэрэглэгчийн гарт очно гэсэн хүлээлт байна.
-Сүүлийн жилүүдэд хуурамч шатахуун гэж нэлээд ярих боллоо. Таны харж байгаагаар Монголд хуурамч шатахуун байна уу?
-Манай улсын газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг компаниуд өөрсдөө агуулахтай, агуулах нь итгэмжлэгдсэн лабораторитой. Тэндээс шатахуун түгээлтэнд гаргахдаа лабораторийн эрхлэгч, лаборант шинжилгээг хийгээд гарын үсэг зураад батламжилсан паспорт өгөөд гаргадаг. Өөрөөр хэлбэл, зарлага буюу шатахуун гаргах тоолонд паспорт өгдөг. Тэр паспорт дээр тухайн гаргаж байгаа түлшний шинж чанарын талаар бүх мэдээлэл бий. Үүнийг шатахуун түгээгүүрийн ээлжийн ахлагч хүлээж авахдаа дахин шалгаж, хүлээн авах үеийн шинжилгээ хийснээр шууд хэрэглэгчид хүрдэг. Ийм нөхцөлд хуурамч шатахуун гэж ярихаар гайхаад байгаа юм. Тиймээс хуурамч шатахууныг иргэд хаанаас аваад, яг аль газар хийгээд байна вэ, хуурамч гэдгийг яаж батлах вэ гэсэн үндэслэлийг маш сайн харах ёстой. Үүнээс биш дотоодын шатахуун импортлогчид хуурамч шатахуун хийж байна гэж хэлэх аргагүй.
-Тэгвэл хуурамч шатахууныг хэрхэн таних талаар ойлголт өгнө үү?
-Гүн боловсруулалтад ороогүй буюу шууд анхан шатны боловсруулалтаас гаргасан түүхий эд дээр нэмэлт сайжруулагчдыг хольж зарахыг хуурамч шатахуун гэж нэрлэж байх боломжтой. Тус шатахуун анхан шатнаас өөр олон процесс дамжаагүй учраас арай хямд байна. Хэрвээ та худалдаж авсан шатахуундаа эргэлзэж байвал тухайн шатахуун түгээх станцаас агуулахаас түгээлтэд ачсан үеийн шинжилгээний бичгийг нь харж болно. Хор уршгийн хувьд хуурамч шатахуун хэрэглэснээр хэрэглэгчийн машин техникийн эд ангийг гэмтээх, туулах чадвар буурах, яндангаар гарах хорт хийн найрлага концентраци өндөр байх боломжтой.
-Ер нь газрын тосыг боловсруулах үйлдвэрийн үйл явц экологид сөргөөр нөлөөлдөг үү?
-Үйлдвэрийн технологийг сонгоход тухайн технологийн байгаль орчны үнэлгээний судалгаа хийдэг. Уг үнэлгээнд үйлдвэрийн явцад үүсэх хаягдлуудыг дахин боловсруулах талаар бүрэн тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, гарч буй бүх бүтээгдэхүүнийг стандарт хангасан байхаар төлөвлөж хийдэг учраас экологид үзүүлэх нөлөө тус байгаль орчны үнэлгээг хийх явцад шийдвэрлэгдсэн байдаг гэж хэлж болно. Ер нь бол нефтийг боловсруулахад хий, хүнд үлдэгдэл гэсэн хоёр төрлийн хаягдал үүсдэг. Үйлдвэрээс гарч байгаа хий болон хүнд үлдэгдлийг боловсруулаад эрчим хүчний салбарт түлш, хүхрийн хүчлийн үйлдвэр, тос тосолгооны материал зэрэгт ашиглаж болно. Бидний хэрэглэдэг вазелинийг хүртэл газрын тосноос гарган авдаг. Газрын тос бол үнэт түүхий эд.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )