Ж.Соёлмаа: Үений тарилгыг эхо, эсвэл рентген хяналттай хийдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

“Мөнгөнгүүр” эмнэлгийн Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.Соёлмаатай үений тарилгын талаар ярилцлаа.


-Үений тарилга гэж юу вэ?

-Ер нь үенд хийж байгаа бүх тарилгыг оруулан ойлгож болно.

-Үений тарилга нь хэдэн төрөл байдаг вэ?

-Үений тарилга нь эмчилгээний зорилгоосоо хамааран хэд хэдэн төрөл байдаг.  Тухайлбал, үений үрэвсэл намдаах дааврын бэлдмэл, өвдөг, мөрний үений остеоартритын үед тарих үений шингэн,  остеоартрит болон гэмтлийн эдгэрэлтийг дэмжих PRP тарилга, үүдэл эсийн тарилга гэх мэт олон төрлийн тарилга байдаг.

Манай иргэд үений тарилга гэхээр нэг л тарилга гэж ойлгоод байдаг. Үенд тарилга хийлгэх муу, эсвэл сайн гэх дүгнэлттэй явдаг. Гэтэл тарилгууд нь хоорондоо ялгаатай, өөр өөр үйлчилгээтэй учраас мэргэжлийн эмчийн зөвлөмжийг дагах нь зүйтэй юм. Эдгээр үенд хийдэг тарилгуудын талаар товч тайлбарлаж өгвөл:

Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл үенд тарих: остеоартритын хүндрэл байдлаар эсвэл хэт ачаалал, зөөлөн эдийн гэмтлийн шалтгаантай үе үрэвсэж хавдах тохиолдолд хийдэг. Тухайн үед үрэвсэл намдаж, өвдөлт буурах сайн үр дүн гардаг. Гэвч энэ маань олон дахин хийвэл үений мөгөөрсний элэгдлийг дэмждэг учраас үенд олон удаа тарихаас татгалзах хэрэгтэй.

Үений шингэн нөхөн тарилгыг өвдөг, мөр зэрэг остеоартритад голчлон өртдөг том үенүүдэд хийдэг үений шингэн нөхөх, остеоартритын сөнөрөлийн процессыг даамжруулахгүй байх зорилгоор хийдэг.

PRP тарилга нь тухайн хүний цуснаас ялтаст эсийг ялгаж баяжуулаад тарьдаг. Ялтаст эс бол хүний өсөлтийн факторуудыг агуулдаг нөхөн төлжих процесс буюу өсөлтийг дэмждэг. Тэгэхээр тухайн хэсгийн эдгэрэх процессыг сайжруулах зорилгоор тарьдаг. Өөрөөр нь эдгээх боломжийг олгож байгаа учраас ямар ч хор нөлөөгүй. Энэ тарилга нь остеоартритын нэг, хоёрдугаар шатанд үр дүнтэй. Мөн спортын гэмтэл авсан тохиолдолд хийж болдог.

Үүдэл эсийн тарилга гэдэг хүний эдээс  үүдэл эсийг ялгаад, тарьдаг. Энэ тариаг Монгол Улсын хэмжээнд нэгээс хоёрхон газар хийж байна. 

Иймд үений тарилгуудыг ерөнхий нэг гэж ойлгож болохгүй. Мөн эмчийн заавраар хийлгэх хэрэгтэй.

-Үений тарилгыг ямар нөхцөлд хийх вэ. Мөн хадгалалт тээвэрлэлтийн тухайд?

-Үений тарилгыг хийх нь нарийн ажилбар юм. Тиймээс эхо юм уу рентген хяналттай хийх ёстой. Түүнээс тэмтэрч байгаад хийхийг дэмждэггүй. Мөн ариун орчинд хийх ёстой. Яагаад гэвэл халдвар орох эрсдэлтэй тул гэрийн нөхцөлд хэзээ ч хийж болохгүй.

Мөн үенд хийж буй тарилгын хадгалалт, тээвэрлэлт маш чухал. Зарим үений тарилга хасах хэмд хадгалах ёстой байхад зарим нь тасалгааны хэмд хадгалж болдог. Ганзагаар тарилга авч ирээд хийлгэнэ гэдэг. Тухайн тарилга нь хадгалалт, тээвэрлэлтийн горимоор ирсэн эсэхийг мэдэхгүй учраас манай эмнэлэг гар дамжсан тариа хийдэггүй. Манай эмнэлэг бол Солонгосоос захиалгаар оруулж ирдэг тарилгаа хийдэг.     

-Эдгээр тарилгаас өвдөгний үений остеоартритын үед хийдэг шингэн тарилгын талаар дэлгэрэнгүй ярилцмаар байна. Энэ тарилгыг ямар үед хийх вэ?

-Хүний өөрийн үений шингэн бол бие махбодоос үүсч байх ёстой. Үений шингэн нь мөгөөрсийг нөхөн төлжүүлэх тэжээлээр хангах, үе үүсгэж буй яснуудыг хооронд нь хавиралдуулахгүй байх ёстой юм. Гэтэл нас явах тусам хүний өөрөөс үүсэх шингэн багасаж байдаг. Эсвэл гэмтлийн шалтгаанаар үе бүрэн бүтэн байдлаа алдсан тохиолдолд үений шингэн бага болдог. Үүнээс үүдэж үений шингэний дутагдалд ордог. Үений шингэний тарилга маань бага зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Харин өвчин намдаах үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Ингээд энэхүү тарилгыг хийлгээд үений шингэн нэмэгдээд ирэхээр яваандаа үений дотор хэсгээр үрэлцэх зовуур багасдаг. 

-Үений шингэн тариулах шаардлагатай байгааг хэрхэн мэдэх вэ?

-Тухайн хүн шатаар буух, босч явахад өвдөгний үе өвдөх, шажигнаж дуугардаг бол мэргэжлийн эмчид хандаарай. Шууд тарилга хийлгэнэ гэж зөвлөхгүй. Үений ямар эмгэг байна гэдгийг Үений эмч оношлоно. Өвдөгний үений остеоартрит дөрвөн үе шаттай. Рентген зургаар үе шатыг тодорхойлдог. Хэддүгээр шатлалд байгаагаас хамаарч тарилга үр дүнтэй болох эсэх нь хамаарна. I, II, III –р үе шатанд үений тарилга үр дүнтэй. III-р үеэс дээш IV үе шатанд орсон бол тарилга төдийлөн үр дүнтэй биш. Иймд тохиолдолд мэс засал хийдэг. Гэхдээ цөөн тохиолдолд дөрөвдүгээр шатанд байгаа өвчтөнд үений шингэн нөхөн тарилга хийдэг. Энэ нь өвдөгний үе мэс заслын заалттай ч эрүүл мэндийн бусад шалтгаанаас үүдэн мэс засалд орох боломжгүй бол хөнгөвчлөх зорилгоор тарилга хийж болно. Түүнээс мэс заслын заалттай байхад энэ тарилгыг хийлгээд зүгээр болно гэж ойлгож болохгүй шүү.

-Тарилгаа хийлгэх давтамж нь ямар байх вэ?

-Дээрх тарилгууд бүгд өөр өөр давтамжтай. Иргэд остеоартритын үед тариулах үений шингэний тарилгыг голчлон асууж байгаа байх. Тухайн өвчний үе шат I, II-р шатанд байвал 1 жил болоод дахин тариулж болно. Үе шат хойшлоод III үе шатаас эхлэн зургаан сар тутамд тариулах шаардлагатай.  

-Үений тарилгыг амнаас ам дамжин “сайн, муу” гэж дүгнэх тохиолдол нэлээд байдаг. Тухайн хүний өвчлөлийн үе шатнаас олон зүйл хамаарах байх тийм үү?

-Монголчууд мэдээллийг амнаас ам дамжин авдаг. Ингээд тухайн хүний дүгнэлтээр “сайн, муу” гэсэн ойлголттой болчихдог. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас эмчийн заавраар, өөрт тохирсон эмчилгээг хийлгэх нь зүйтэй. Манайд хандаж байгаа иргэд “Тэр хүн үений тарилга хийлгээд сайхан болсон гэнэ. Би хийлгэх гэсэн юм” гэж ирдэг. Гэтэл нөгөө хүн нь тарилга хийх шаардлагагүй, өөр эмчилгээгээр эмчлэгдэх, эсвэл мэс заслын заалттай болчихсон байх жишээтэй. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

-Үений шингэний тарилга хийлгэсэн хүн ямар гам барих шаардлагатай вэ?

-Тарилганы дараа эмчийн зөвлөмжийг дагах нь чухал. Тариулсны дараа үенд хэт их ачаалал өгч явахгүй, халуун ваннд суухгүй байх ёстой. Хүйтэн жин тавьж, хөдөлгөөний хэт их ачааллыг багасган, долоо хоног гам барих шаардлагатай. 

-Сүүлийн үед өвдөгний үений остеоартрит ихсээд байгаа шалтгаан нь юутай холбоотой вэ?

-"Мөнгөнгүүр" эмнэлэгт Сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа 15 хүний 10 нь өвдөгний үений остеоартритын улмаас ирж байна. Ерөнхийдөө энэ нь үенд гарч буй хөгшрөлтийн процесс гэж ойлгож болох боловч монгол хүмүүст эрт үүсэж байна. Энэ нь  манай цаг агаарын эрс тэрс уур амьсгал, ажлын нөхцөл хүнд, биеийн жингийн илүүдэл, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлүүд өвдгөнд ачаалал өгч, өвдгийг элэгдэлд оруулж байна гэсэн үг. Бидний амьдралын хэв маягт байдаг өвдөглөж суух, мөлхөж шал угаах, мөргөх зэрэг үйлдлүүд өвдөгний үенд хөнөөл ихтэй байдаг учир бид дээрх үйлдлүүдээс зайлсхийх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О.Энхсувд(66.181.180.13) 2023 оны 07 сарын 22

Сайхан ярилцлага байнаа амжилт хүсье

0  |  0
munguu(103.254.123.176) 2023 оны 07 сарын 22

hi vne ni hed gdg bol medej boloh boluu

1  |  0
Gg (202.126.89.247) 2021 оны 04 сарын 06

Sain emch shuu\nAmjilt

1  |  0
Top