Шоронгоос суллагдсан Хойд Солонгосын иргэдийг БНСУ-д хүлээлгэн өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Хоёр жилийн өмнө болсон энэ хэргийн талаар Монголын хэвлэлээр ч их мэдээлсэн билээ.

ОХУ-ын Амур мужид ажиллаж байсан Хойд Солонгосын гурван ажилчин Өмнөд Солонгост зугтахаар шийдсэн юм. Эхний зорилго нь Монголд очих. Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан, Өмнөд Солонгост гарах төлөвлөгөөтэй байв. 2019 оны гуравдугаар сард тэд ажлаа орхин, Монголын хилийг зүглэлээ. Виз зөвшөөрөл үгүй тул хууль бусаар л хил гарна. Улаан-Үдэд хил орчмын газрын зураг худалдаж аваад Буриадын Боций тосгоноос хил зорин, явган алхжээ. Монголын хилчид Хойд Солонгосын иргэнийг баривчлаад нутагт нь буцаадаггүй, Өмнөд Солонгост хүлээлгэн өгдөг гэж сонссон байв. Харамсалтай нь тэд манай хилээс ердөө 100 метр зайд Оросын хилчдэд баригдсан юм.  

ОХУ-ын шүүхээс тэдэнд 1 жил найман сарын хорих ял оноосон. Саяхан тэд ялаа эдлээд шоронгоос суллагдахад буриад түмэн хувь заяанд нь ихэд санаа зовж байлаа. Учир нь Хойд Солонгосын Засгийн газартай дотно харилцаатай ОХУ хэрэгтнүүдийг Засгийн газарт нь тушаах магадлал өндөр байсан юм. Тэгвэл шууд цаазын ял авна. Азаар тэднийг БНСУ-д хүлээлгэн өгсөн тул бүгд эсэн мэнд Сөүлд очсон байна.

ОХУ-ын “Ваше право” телевизийн нэвтрүүлэг тэдний нэгтэй хийсэн ярилцлагаа саяхан нийтийн хүртээл болголоо. Ярилцлагыг 2020 оны зун хийсэн бөгөөд Сөүлд очсон хойно нь л дэлгэцээр цацна гэж тохиролцсон байжээ.

Нэвтрүүлэгт орсон эр “Би мөнгө олох гэж Орост ирсэн. Гэртээ мөнгө байнга илгээдэг байлаа. Эх орондоо харьмаар байвч тэнд эрх чөлөө байхгүй. Бүх мөнгийг хураан авна, эсвэл шорон, үгүй бол буудан хорооно. Би 1997 оноос л Өмнөдөд гарах бодолтой байсан. Хятадаар дамжин явах бодол байсан ч Хятадын Засгийн газар биднийг Хойдод өгч магадгүй гэж айсан. Ингээд Монголыг сонгосон юм. Өмнөд Солонгос бол эрх чөлөө” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagii(66.181.161.18) 2021 оны 04 сарын 08

hichneen hetsuu bolod eh ornoosoo zugtahav de. Mongoliin turiin sistem ch bas evgui l bolod bga shuu

0  |  0
Top