Дэлхийн банк, ОУВС-гийн Хаврын уулзалт эдгээр өдрүүдэд болж байна. ОУВС-гийн зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөллийг танилцууллаа.
ОУВС энэ онд дэлхийн эдийн засгийг 5.5 хувь өснө гэсэн төсөөллийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргаж байсан бол шинэ төсөөллийг 0.5 пунктээр өсгөж, 6 хувь байхаар тооцсоноо танилцууллаа. АНУ-ын эдийн засгийг 6.4 хувиар өснө гэж тооцсон бол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт хурдацтай байх бөгөөд 8.6 хувийн өсөлттэй гарна гэж тооцжээ.
Харин Монголын эдийн засгийг 5 хувиар өснө гэж тооцсон нь өмнөх төсөөллөөс нэг нэгж хувиар бууруулсан хэмжээ юм.
Сануулахад, Дэлхийн Банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулахдаа Монголын эдийн засгийг энэ онд 6.8 хувиар өснө гэсэн төсөөллийг танилцуулсан. Өмнө нь 4.3 хувиар өснө гэж төсөөлснөө ийнхүү ахиулсан юм.
Дэлхийн банкны зүгээс “Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна гэж тус тайланд үзжээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн түүнчлэн, глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай болон тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Гэвч дотоодод болон дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй юм” гэж мэдэгдсэн.
ОУВС-гийн шинэ төсөөллийг даган гарч буй мэдээллээс хүргэхэд, хэдийгээр дэлхийн эдийн засаг ковидын шалтгаант хямралаас гарч эхэлж буй ч цар тахлын нөлөө хүнд туссан орнуудын эдийн засаг эргэн сэргэх явц удаан байна, тэрдундаа орлого багатай орнуудын хувьд нөхцөл байдал цаашид ч амаргүй байх төлөвтэйг онцолж байна.
Эдийн засгийн энэ удаагийн хямралт байдлын суурь шалтгаан нийгмийн эрүүл мэндтэй холбоотой учраас ужиг асуудлуудтай улс орнуудад хүнд цохилт болж байна гэж үзэж буй юм. Дэлхийн эдийн засагт санхүүгийн салбарын эмзэгшил улам нэмэгдсэн. Түүнчлэн эмзэг байдлыг арилгах, эдийн засгийн сэргэлтийг хамгаалахад бодлогын олон төрлийн арга хэмжээ авах шаардлагатай хэвээрээ байгааг мэдэгдлээ.
Өндөр хөгжилтэй орнуудад санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах чиглэлийн арга хэмжээ шаардлагатай байгаа бол хөгжиж буй зах зээлүүдийн хүндрэлд орсон салбаруудыг сэргээх, хөрөнгө оруулалтыг буцаан чиглүүлэх зэрэг нь чухал болохыг мэдэгдэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ХОТЫН ДАРГААС ГАДНА САНГИЙН САЙД ЖАВХЛАН ХӨЛ ХОРИО ТОГТООВОЛ МУ ХҮНД БАЙДАЛД ОРНО ГЭЭД БАЙСАН. УДАА БҮР ТЭГЭЭД ХӨЛ ХОРИО ЦАГТ НЬ ТАВИАГҮЙГЭЭС ХҮН АМ НЬ ЭДИЙН ЗАСАГ НЬ ХОЁУЛ ХХЭВТЭРТ ОРООД БАЙНА. МЭДЛЭГ, ТУРШЛАГА БАЙХГҮЙ ЭНЭ САЙД НАР. ДАНДАА НАМЫН ХААЛГА. МОНГОЛ УЛСАД ЭД НАРААС ДЭЭР ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА Ш ДЭЭ. ГЭТЭЛ ЭД НАР МОНГОЛЫГ УДИРДАХ ХУВЬ ТАВТЛАНТАЙ ЮМ БАЙЖ
хөл хорио тогтоож цэгцлэхгүй бол хэцүүдлээ . хорио тавихгүй эдийн засагаа сэргээдэг гээд байсан хотын даргадаа хариуцлага тооцмоор байна.