Ангараг гараг дээр амжилттай газардаад буй НАСА агентлагийн “Perseverance” сансрын аппаратаас өнгөрсөн долоо хоногт салгагдсан “Ingenuity” нисдэг тэрэг Ангараг гарагийн хүйтэн шөнийг амжилттай даван гарсан тухай тус агентлагийн Тийрэлтэд хөдөлгөөний лаборатори мэдээлжээ.
“Ingeniuity” төслийн эрдэм шинжилгээний удирдагч Мими Онгийн хэлснээр, ингэснээр нислэгийн өмнөх эхний туршилтыг явуулах боломж гарч иржээ. “Ingenuity” нисдэг тэргийг “Perseverance” хөлөг Улаан нүдэн гараг дээр авчирсан. Нисдэг тэргийг НАСА агентлагийн инженерүүд Ангараг гарагийн сийрэг агаар мандалд нислэг үйлдэх боломжтой эсэхийг шалгахын тулд бүтээжээ.
“Perseverance” Ангараг дээр газардсанаас хойших эхний хэдэн долоо хоногт нисдэг тэрэг хөлөг дээр дулаан, цахилгааны эрчим хүчний системд залгагдсан байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр нисдэг тэргийг Эзеро тогооны гадаргуу дээр буулгаж, сансрын аппаратаас салгасан байна.
Нисдэг тэрэг дөнгөж 1.8 кг жинтэй тул эрдэмтэд нарны зай, дулаан тусгаарлалт болон аккумулятор нь -90 хэм хүйтэрдэг шөнийг тэсвэрлэхгүй гэж айж байжээ. Гэвч нисдэг тэрэг Ангарагийн хүйтэн шөнийг амжилттай тэсвэрлэж, “Perseverance” хөлгийн гэрэл зургийг Дэлхий рүү илгээсэн байна.
НАСА агентлагийн төлөвлөгөөний дагуу “Ingenuity” нисдэг тэрэг анхны нислэгээ ирэх ням гарагт /2021.04.11/ үйлдэх ёстой. Хэрэв нисдэг тэрэгний туршилтууд амжилттай болбол хөдөлгөөн багатай “Perseverance” аппаратын хувьд нэгэн төрлийн “тагнуул”-ын үүрэг гүйцэтгэх юм.
Сэтгэгдэл ( 0 )