Цар тахал гэх хөшиг татчихаад энэхүү аюулт хаалтны цаана чухам юу өрнөж байна вэ. Болзошгүй хаалтыг өнгийж харах гэхээр цар тахлын халдварын тоо өөдөөс шидэж, хөл хорио тогтоочихоод ар талд нь жинхэнэ хууль бус зүйл өрнөх аж. Эндээс зөвхөн төрийн албыг түр орлон гүйцэтгэгч нарыг нэрлэхэд л хангалттай. Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчин ажиллаж байгаа энэ олон түр даргыг хууль ёсоор томилоход цар тахал тэгтлээ нөлөөлөхгүй баймаар юм. Өөрсдөө болохоор ой, тэмдэглэлт өдрүүдийг алгасахгүй хундага тулгаж байгаагаас харахад болохгүй зүйл алга. Өнгөрөгч 2016 оноос Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд агентлаг, газар, хэлтсийн дарга нарыг томилохдоо ихэнхийг нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч өнөөдөр хууль ёсоор жинхэлсэн нь тун ховор.
Түр орлон гүйцэтгэгч нараа “Төрийн албаны хууль”-ийн дагуу жинхэлж чадаагүй байтал цар тахлын халдвар Монгол Улсад орж ирэв. Тиймээс “Корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гаргав. Үүнийг үндэслэн түр орлон гүйцэтгэгч нарыг дахин бөөнөөр нь томилсон. Тус хуулийг тодорхой эрх ашгийн төлөө хэргээр гаргасан гэж хардаж болохоор. Өдгөө төрийн албаны шалгалтын босго шалгуур давж ч мэднэ, давахгүй ч байж мэднэ гэсэн бодолтой “түр орогногчид” Монголын төрөөр тоглож байна гэхэд болно.
Хамгийн сүүлийн жишээ, өндөр дээд албан тушаалаас нь аваад үзье. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Батбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганхуягийг тус тус томилсон. Үүнээс гадна зарим агентлагт дарга, орлогч гээд гурван түр орлон гүйцэтгэгч нэг дор томилсон тохиолдол ч бий. Тодотговол, Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Булганчимэг, Б.Дөлгөөн нарыг тус тус томилсон. Төрийн албаны зөвлөл гэх сүржин нэртэй даржин байгууллага чухам юу хийж байна вэ. Нэг агентлагт гурвын гурван түр орлон гүйцэтгэгч томилж байгааг анзаарч харж байгаа юу. Агентлагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон хойно хоёр дэд даргыг сонгон шалгаруулалтаар оруулаад томилж болно. Гэтэл яаран дааран гурвын гурван түр орлон гүйцэтгэгч томилж байгаа нь өнөөх л нам бүлэглэл дагасан, дарга нарын шахаа гэж харахаас өөр аргагүй.
Үүнээс гадна өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагын даргын албан тушаалыг бүгд шахам түр орлон гүйцэтгэгч нар гүйцэтгэж байна. Ингэхдээ зүгээр ч нэг хууль ёсны томилгоо хийгээгүй байдал ч ажиглагдана. Тухайлбал, “Төрийн албаны тухай хууль”-ийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгуулагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэсэн заалтыг зөрчсөн нь олон. Өнөөх нам бүлэглэлийн гар хөл, төрийн албаны дадлага туршлагагүй, салбартаа ажиллаагүй нөхөд ч олон бий. Энэ бүх түр орлон гүйцэтгэгч нарын дээд тал нь тав доод тал нь нэг жилийн хугацаанд ажиллаж байгаа гэвэл дэндүү аюултай сонсогдоно. Зарим нь бүр хоёр сонгууль, гурван Засгийн газар дамжин ажилласан түр орлон гүйцэтгэгч ч байна.
Тэгвэл 2016 оноос хойш таван жил түр орлон гүйцэтгэгчээр тушаал дэвшин өдгөө ч ажиллаж байгаа хамгийн тодорхой жишээ дэлгээд үзье. Түүнийг түр орлон гүйцэтгэгч нарын тэргүүн манлай гэж болно. Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2016 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Шадар сайдын 103 тоот тушаалаар Стандарт хэмжил зүйн дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Билгүүнийг томилсон байдаг. Ийнхүү дэд даргын түр орлон гүйцэтгэгчийг жинхэнэ албанд томилоогүй байж Шадар сайд Ө.Энхтүвшин 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 131 тоот тогтоолоор Б.Билгүүнийг Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. “Төрийн албаны тухай хууль”-д нийцүүлж жинхлэх нь байтугай тушаал дэвшүүлсэн ноцтой баримт хүртэл байна. Мөн дараагийн Шадар сайд Я.Содбаатар 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоол гарган, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал түр даргын албан үүргийг гүйцэтгэх хугацааг хууль бусаар сунгасан ч өнөөдрийг хүртэл тав дахь жилдээ тушаал дэвшин ажиллаж байгааг завхрал гэхээс өөр яахав. Цар тахлын үед уялдуулсан шийдвэр гэх хаалт тавих байх. Тэгвэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр эцэс болсон шийдвэр өнөөдрийг хүртэл дөрвөн сар хэрэгжиж байна. Шинэхэн Шадар сайд С.Амарсайхан лав сунгах, эс сунгах тухай тушаал шийдвэр гаргаагүйг эх сурвалж хэлсэн. Томилсон байдал хууль бус байгаагийн зэрэгцээ таван жил түр орлон гүйцэтгэгчээр тушаал дэвшин ажиллаж байгаа Б.Билгүүн нь салбартаа ажиллаж байгаагүй гэх зэрэг давхар хууль зөрчсөн алдаа завхрал олон бий. Зөвхөн Б.Билгүүн ч бус түр орлон гүйцэтгэгч нар салбараа мэдэхээсээ мэдэхгүй жин дарна. Тиймээс хууль зөрчих, төр засгийн тушаал шийдвэр сөрөх, байгууллагынхаа ажлыг унагаах гэх мэт олон сөрөг зүйл байгааг салбар салбараас бидэнд мэдээлсээр байна. Хэдийгээр нам харъяалж улс төрийн томилгоо явах ч энэ мэт төрийн албанд гарч байгаа алдаа завхарлыг Төрийн албаны зөвлөл, дарга Б.Баатарзориг чиглүүлж явах учиртай ч чимээгүй байна. Тэгвэл “Төрийн албаны тухай хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.3.4-т зааснаар “Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас гурван сараас нэг жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж заажээ. Хуулийн заалтаас харахад түр орлон гүйцэтгэгчийг гурван сараас нэг жилийн хугацаанд тусгай журмаар зохицуулан ажиллуулах аж. Гэтэл манайд таван жил түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн ч байна.
Мөн хуулийн 43.3.1-т “Байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх” гэсэн бол хуулийн 43.3.2-т “Дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж заасан ч хаа хамаагүй нөхөд түр орлодог байдал газар авлаа. Тэр ч бүү хэл мэргэжлийн бус томилгоо, салбартаа огт ажиллаагүй хүн ч томилсон нь бий. Ийм нэг алдаа завхарлыг цар тахлаар далимдуулан хууль гаргаад бий болголоо. Үнэн хэрэгтээ төрийн албан хаагчийн томилгоо цар тахал хоёрын дунд ямар ч нөлөө байхгүй. Төрийн ажил ямар ч үед явдаг зарчмаараа явж байх ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Миний ажиллаж байсан байгууллагад 1997 оны сонгуулийн дараа орлогч дарга гэсэн орон тоо гаргаж хуучин даргыг үлдээж байснаас хойш 2000 оны сонгуулийн дараа 2 орлогч, одоо 4 орлогчтой, хэлтсүүд 1-2 ахлах мэргэжилтэй болоод аль ажлаа хэн нь хариуцаад байгаа нь ойлгомжгүй болсон байнаа
Эм эмнэлгийн хэрэгслийн алба гэж агентлаг бас баахан орлон гүйцэтгэгэчид
ХҮНЭЭР ЮМ БИЧҮҮЛНЭ. ТҮҮНДЭЭ ӨӨРӨӨ СЭТГЭГДЭЛ БИЧНЭ. ЯГ Л МӨН ДӨӨ
TAZ d baigaa darga nertei dendyy sul doroi, yyreg khariutslagaa meddeggyi, busdiin zakhialgiig bielyylj suudag Baatarzorigoos ekhleed khooj yavuulaad zaluuvtar ukhamsartai khyn tomilj baij baiguullagiin ajil n@ yavna..Tor ulam l sul doroi bolj ner khynd n unaj baigaad kharamsch baina irged..
Угаасаа л бүгд л түр ирсэн, энэ хугацаандаа амжиж баяжих зорилготой.
Угаасаа л бүгд л түр ирсэн, энэ хугацаандаа амжиж баяжих зорилготой.
Угаасаа л бүгд л түр ирсэн, энэ хугацаандаа амжиж баяжих зорилготой.
Цар тахалаар дамилдуулж маш их томилгоо хийгдэж байна Зогсоомоор байна Энэ Төрийн албаны зөвлөл судалгаа, хяналт хийж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй Арай л амьтан төрд томилох нь холгүй байна