Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттaй уулзаж ярилцлаа. Түүний хувьд Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм.
-Таны суулт зарлаж буй зорилго юу вэ?
-Нэг зүйлийг нэн түрүүнд хэлье. Өнөөдөр би энд ганцаараа бус МҮЭХ болон мэргэжил, үйлдвэрлэлийн 14 холбооны мянга, мянган гишүүдээ төлөөлж сууж байгаа. Учир нь нэгээс дээш тооны л хүн суучих юм бол жагсаал цуглаан зохион байгуулсан гээд хуулиараа хориотой юм байна. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч бид тэмцлийн хэлбэрт шилжихгүй байхын аргагүй боллоо. Суулт хийж гурван үндсэн шаардлагыг Засгийн газар, холбогдох эрх мэдэлтнүүдэд тавьж байна. Нэгдүгээрт, “Капитал банк”-ны 234 тэрбум төгрөгийг нэн яаралтай төлүүл. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцал. Гуравдугаарт, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна.
-Үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа юм байна. Эхнээс нь задлаад дэлгэрэнгүй ярихгүй юу?
-МҮЭХ-ноос удаа дараа шаардлага тавьж байсан. "Капитал банк”-ны өрийг нэн яаралтай төлүүлж, хулгай луйвар хийсэн хүмүүст хариуцлага тооц гэж. Гэвч хоёр жил өнгөрчихөөд байхад нэг тэрбум хүрэхгүй мөнгө л барагдуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын 134 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй холбоотой сангийн 60 тэрбум төгрөг сураггүй алга болсон.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн, тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийн энэ асар их мөнгө алга болчихоод байна. Бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой мөнгө. Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эм тариаг иргэдэд үнэгүй өгсөн ч болохоор ийм мөнгө. Гэвч энэ өр авлагыг барагдуулахад банкны эрх хүлээн авагчид хойрго хандсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд 65 тэрбум төгрөгийн хүүг алдсан гээд бод. Уг нь энэ 234 тэрбум төгрөгийг барагдуулчих юм бол өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шаардлага байхгүй. Миний хувьд 2019 онд “Капитал банк”-ин дээр очиж уулзаж байсан. Монголбанк, Сангийн яам, Хуульзүй дотоод хэргийн яамнаас бүрдсэн “Эрх хүлээн авагчийн зөвлөл” гэж байдаг. Шүүхдэж байж арай гэж өр төлбөрийн хэмжээг тогтоосон. Бүтэн жилийн хугацаа алдсан энэ хооронд аль хэдийнэ өмч хөрөнгөө барагдуулах эд зүйлсээ эрсдэлд оруулчихсан.
-Хугацаа алдсаны хүүгийн алдагдал нөхөн тооцож төлүүлэх болов уу?
-Ямар ч алданги, хүү тооцохгүй байгаа. Уг нь нэг иргэн, аж ахуй нэгж зээл аваад тухайн зээлээ төлөхгүй бол банк барьцаанд тавьсан эд зүйлийг нь хураагаад явдаг шүү дээ. Гэтэл “Капитал банк”-ны энэ асуудал дээр тийм дүрэм журам хэрэгжихгүй байна. Зээлдэгч нарын мэдээллийг олон нийтэд ил тод зарлах хэрэгтэй биз дээ. Угаас нийгмийн даатгалын сангийн мөнгө хулгайн зам руу орчихсон. Үүнийг ганцхан би биш УИХ-ын дарга хүртэл хэлсэн. Энэ асуудал дээр УИХ-ын дарга “Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд хулгай нүүрлэсэн. Дундаас нь хүү цохисон. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн гар хүрсэн” гэж хүртэл ярьж байсан. Энэ бол үнэн. Өнгөрсөн 2012 оноос хойш МҮЭХ-ны төлөөллийг “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл“ гурав дахин бууруулаад оронд нь сайд дарга нар өөрийнхөө халаасны Төрийн бус байгууллагуудыг оролцуулж байгаад нийгмийн даатгалын мөнгийг зарцуулах шийдвэр гаргадаг. Замаас нь хулгай хийх нөхцлийг бүрдүүлж байсан юм байна.
-МҮЭХ-ноос “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”- д төлөөлөл бий юу?
-Уг нь МҮЭХ “Эрүүл мэндийн даатгалын зөвлөл”-ийн 30 хувийг бүрдүүлэх ёстой. Гэвч өнөөдөр ганцхан хүн оруулсан. “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-д бол нэг ч төлөөлөлгүй болсон. Хамгийн их дуугарч тэмцдэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа шахаж гаргачихаар тэр “Капитал банк”-ны өр төлбөрийг барагдуулахын төлөө хэн явах юм бэ. Энэ бүхнээс дүгнэхэд татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийх гэж л үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг гаргаж байгаа гэж хардаж байна. Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулахдаа баахан хэрэгтэй, хэрэггүй өмч хөрөнгийг өндөр үнээр үнэлж тооцож авахвий гэх эрсдлээс айж байна. Тийм учраас дээрх хоёр зөвлөл хурлаа хийхдээ олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй.
-МҮЭХ дээрх зөвлөлүүдэд орж болдоггүй хэрэг үү?
-МҮЭХ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн. Харамсалтай нь “МҮЭХ хулгай хийчихсэн юм шиг” янз бүрийн юм яриад УИХ-ын гишүүд нь оруулаагүй. Үүний оронд лобби нарынхаа хүмүүсийг оруулсан. Энэ хоёр зөвлөлд улс төрчдийн гар хөл их орсон. Сайдынхаа үгээр бүгд гар өргөдөг. Мөнгийг нь банкинд хадгалуулдаг. Цаагуур нь тойрч очоод өөрсдөө хүүг нь хувааж иддэг. Ийм шударга бус зүйлийн төлөө тэмцэж, гудамжинд гарахгүй бол болохгүй байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарчихаад л байх юм?
-Өнөөдрийн энэ цар тахлын үед ард түмний амьдрал хүнд байна. Ийм байхад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн гурван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмсэн байна. Цалин хөлс нэмэгдээгүй, юмны үнэ өсчихсөн, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдээ улам дарамталж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь үнэхээр буруу. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувь нэмсэн. Ирэх долдугаар сарын 1-нээс нийгмийн даатгал төлөгч бүх хүмүүсийн цалингаас нэмсэн шимтгэлээ авна. Энэ бүхнийг МҮЭХ эсэргүүцэж байгаа. Уг нь энэ цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой шүү дээ. Гэтэл эсрэгээрээ. “Ажилчдаа яаж цалин орлоготой байлгах вэ” гэдэг асуулт ажил олгогчдын асуудал болж байна. Иргэдийн нуруун дээрх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Засгийн газартай нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг хойшлуулахаар зөвшилцсөн ч хэрэгжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа тул бид тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.
Өнөөдөр тэтгэврийн шинэчлэлийг хийгээгүй. Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний орчныг сайжруулаагүй байж тэтгэврийн шимтгэлийг нэмж байгаа нь байж болохгүй зүйл. Үүнийг бид удаа дараа эсэргүүцэж шаардлага тавьсан. Харамсалтай нь Олон улсын валютын сан дээр Засгийн газар нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын санг барьцаалж зээл авч байгаа нь буруу.
Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийнхөн эмнэлэг дээр очоод суух хэрэгтэй
-Өнөөдөр цаг алдалгүй тэтгэврийн даатгалын реформийг хийх хэрэгтэй байгаа. Энэ тал дээр та дэлгэрүүлэхгүй юу?
-Хамгийн чухал нь тэтгэврийн шинэчлэлийг хиймээр байна. Өнөөдөр Монгол эрчүүдийн 52 хувь, эмэгтэйчүүдийн 54 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байна. Судалгаагаар тэтгэврийн насанд хүрч чадалгүй нас барсан иргэд даатгал төлөгчдийн 50 хувь байна гэж гарсан. Ийм асуудал дээр тэтгэврийг өвлүүлнэ гэсэн хаана байна. Өнөөдөр намайг энд жагсаал цуглаан хийж байхад хэчнээн хүн нас барж байгаа бол. Хэчнээн хүн хавдар, зүрх судасны өвчлөлөөр эмнэлгээс тусламж үйлчилгээ авах гээд мөнгөгүй сууж байгаа бол. Өвчнөө өнөө маргаашгүй оношлуулах шаардлагатай хүн улсын эмнэлэгт MRI аппаратанд дугаарлахад сарын дараа гэж байгаа юм. Ингээд хувийн эмнэлгээр явах шаардлага гардаг. “Эрүүл мэндийн даатгал насаараа төлөөд үр шимийг нь бүрэн дүүрэн үзэж чадахгүй байна” гэж маш олон үйлдвэрчний эвлэлийн гишүүд маань бухимдаж хэлдэг. Харин тэдний даатгалд төлсөн мөнгөөр эрх мэдэлтнүүд дургидаг. Магадгүй тэр мөнгөөр сонгуулиа хийчихсэн юм болов уу гэж хардаж байна. Тийм ч учраас Нийгмийн даатгалын сангийн мөнгийг барагдуулах сонирхолгүй юм болов уу гэж бодох болсон.
-Тэтгэврийг ар гэрт нь өвлүүлнэ гэдэг зөв шүү?
-Тиймээ. Насаараа тэтгэврийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн өөд болж байгаа олон мянган хүн бий. Тэдний ар гэрт нь яагаад тэр мөнгөнийх нь 50 хувийг олгож болохгүй гэж. Ард нь үлдэж байгаа хүн орлогын ядууралд ороод л хоцорсон байдаг. Хавдар, зүрх судсаар өвдсөн хүмүүс эмчилгээнийхээ зардлыг олохын тулд тамираа тасартал зүтгэж байна. Байр, машинаа зарж байна. Олон нийтийн сүлжээгээр эмчилгээний төлбөрийн хандивууд дүүрэн хөвөрч байна. Энэ болгоныг зүгээр хараад сууж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийнхөн эмнэлэг дээр очоод сууж байх ёстой. Би үүнийг өөрийн биеэр болон ойр дотны хүмүүсийн зовлонгоос харж мэдэрсэн болохоор ярьж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын сангийн тендер, эм эмнэлгийн ханган нийлүүлэлтийн луйвар дэндсэн. Энэ их мөнгө рүү өөрсдийн хүмүүсээ оруулж байгаад хувийн эмнэлэг, улсын эмнэлэг хамаагүй ямар нэгэн байдлаар дундаас нь мөнгө завших арга чаргыг хайх болсон байна. Энэ том мафийг задалж, эрүүл тогтолцоонд оруулах саналыг УИХ-ын зарим гишүүд, байнгын хорооны гишүүд маань дэмжсэн. Үүний тулд “Капитал банк”-ны мөнгийг нэн яаралтай төлүүлж, нийгмийн даатгалын санд оруулах хэрэгтэй байна. “Энэ мөнгө буруу зөрүү замаар явахвий” гэдэг дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хяналтаа маш сайн тавих ёстой.
-Наад яриад байгаа зөвлөлүүдийн гишүүд чинь ямар хүмүүс сонгогдсон байдаг юм бэ?
-Хэлсэн шүү дээ. Улс төрчдийн лоббины хүмүүс гэж. Мөн их сонин сонин хүмүүс сонгогдсон байдаг. Тухайлбал, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”-д байгаа Д.Дэмбэрэл гуай. Ямар олон энд тэндхийн зөвлөлд ордог юм бэ та. ГОК-ын Удирдах зөвлөл л гэнэ. Өөр хаана ч гэнэв. Төрийн албаны дээд нас 65. Гэтэл тэр хүн ийм олон газар байсаар байна. Даатгуулагчийг төлөөлнө л гэнэ, Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын зөвлөх л гэнэ. Бас “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”-д н.Цолмонгэрэл гээд хүн бий. Өөрөө Монголд амьдардаггүй. Гадаадад байдаг. Хуралдаа нэг ч суудаггүй. Тийм хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Ийм байж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл рүү хамаг буруу булхайг нялзааж, яагаад шахаж гаргадаг юм бэ.
-Таны бодлоор УИХ яаралтай ямар шийдвэр гаргаж, ажиллах ёстой гэж бодож байна вэ?
-Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаасаа нийт 36 хувийн татвар төлж байна. Дээрээс нь НӨАТ-ын татвар, гаалийн татвар гээд маш олон төрлийн татварын дарамтанд орж байгаа. Хоногийнхоо хоолыг яая даа гэж байгаа хүмүүст 100 төгрөг ч хэрэгтэй байна. Маскаа аваад зүүмээр байна. Өнөөдөр төрийн албаны эмч, багш, автобусны жолооч нар, тохижилт үйлчилгээний ядарсан ажилтан нарыг яагаад нийгмийн даатгалын шимтгэлийг нь нэмж тооцсоноор авч, шийтгээд байгаа юм бэ. Тэгсэн мөртлөө тэтгэврийн шинэчлэлийг огт хийдэггүй. Тэтгэврийн насыг 65 болгоход МҮЭХ тэмцсэн. Тэмцлийн үр дүнд болиулж байсан.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс нь өмнө урьдчилан ярьж болиулж болоогүй юм уу?
-Бид яриагүй биш ярьсан. Тухайн үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орчихоод зээлээ авсны дараа эдийн засаг гайгүй болохоор нь бид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байхаар шийдвэрлэнэ гэж байсан. Сангийн сайд нар бидэнд тэгэж л хэлдэг. Тэгвэл энэ тансаг хэрэглээнийхээ татварыг нэмэгдүүл. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх чинь асар их хор хохиролтой. Ажлын байр хумигдана. Байнгын ажлын байруудыг байнгын бус болгоно. Бод доо. Ажил олгогч нэг сая төгрөг ажилтандаа өгснийхөө төлөө 200 мянган төгрөгийн татвар төлөхийг хэн хүсэх юм бэ.
-Цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр танай холбоо дуугардаг. Энэ тухай?
-Монголчуудын дундаж цалинг ядаж 1000 ам.долларт хүргэх хэрэгтэй. Манай хойд хөршид л гэхэд нийгмийн даатгалыг нь 100 хувь төр нь даадаг. Зарим улс оронд гурван хувь, заримд нь 10 хувь байдаг. Харин манай Монгол ийм ядуу байж шимтгэл нь 26 хувь. Дэлхийн дунджаас хамаагүй дээгүүр гараад явчихсан. Тийм учраас энийг өөрчлөх ёстой.
-Сүүлийн үед төрөл бүрийн суулт зарлаж үзэл бодлоо илэрхийлж байна. Хүмүүс улс төржлөө гэх нь ч бий?
-Өнөөдөр нийгмийн даатгалын асуудлаар улс төржөөд яахав дээ. Үнэхээр тогтолцоо нь буруу, тэр буруу тогтолцооны хорыг энгийн иргэд амсаж байна. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө, төр засгийн анхаарлыг хандуулж, бодит үр дүн гаргахын төлөө суулт зарлаж, тэмцэхгүй байхын арга алга байна шүү дээ. Би дахин хэлье. “Капитал банк”-наас авах авлагаа нэн яаралтай ав. Өнөөдөр зөвхөн хүүгийн төлбөр нь 65 тэрбум болсон шүү. Энэ мөнгийг нийгмийн даатгалын санд нэн яаралтай татан төвлөрүүл. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн үүнийг хий. Хийж чадахгүй бол ажлаа өг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Иргэдийн дундын хөрөнгөнөөс завшигчид олширчээ. Эдгээр завшигчдыг заавал илрүүлж насаар нь шоронд хорьж , ажил хийлгэж , амьдрал гээчийг үзүүлэх нь зүйтэй.
Та нар нэгэнт л мөнгөө надад алдсан бол бандан тас шүү. Би юу гэж буцааж өгөх юм,.
Дэмжиж байна аа.
Тэр зөвлөлүүдийг чөтгөр аваг\n
ЗАСГИЙН ГАЗАР, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЭНЭ МӨНГӨ ИДСЭН, ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨ ЦУСАЛСАН ЭНЭ АВГАЙ БОЛОН НӨХӨР АРИУНБОЛД ГЭДЭГ ЛУЙВАРЧДЫГ ХАМГААЛААД ЕРӨӨСӨӨ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ӨР ТӨЛҮҮЛЭХГҮЙ БАЙГААГ НЬ ГАЙХДАГ ЮМ. ҮНЭН ХЭРЭГТЭЭ ТЭР ИРГЭДИЙН МӨНГӨ ТЭР БИШРЭЛТ КОМПАНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ААВ ЭЭЖ АХ ДҮҮ, ҮР ХҮХДҮҮДИЙН НЬ ХУВИЙН ХАДГАЛАМЖИЙН МӨНГӨ БОЛЖ Л ХУВИРСАН ШҮҮДЭЭ. ҮҮН ДЭЭР БАХ ЭРДЭНЭЭГИЙН АВЧ ИДСЭН АСАР ИХ МӨНГӨ МӨН ХАМААРНА
ТЭР ИХ МӨНГӨӨР ЧИНЬ МОНГОЛЧУУД НИЙЛЭЭД СОНГУУЛЬДЧИХСАН ЮМ ЧИНЬ МАН г СОНГОСОН СОНГОГЧИД Ч БАС АВИЛГАЛ АВСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ! ЯГ Л САЙХАН ТААРЦГААЖ БАЙГАА БСДАА ?
Унаасаа л Баяртсайхан Ундармаа хоёр тохироод хамсаатандаа банкны мөнгийг барьцаа нэртэй хог цуглуулж аваад тараачихсан юм чинь. баяртсайханыг Хүрэлбаатар хаацайлсаар өдийн хүрлээ. Эрх хүлээн авагч нь Баяртсайханы хүн тэр аль болохоор төлүүлэхгүйг хичээж байгаа.
Унаасаа л Баяртсайхан Ундармаа хоёр тохироод хамсаатандаа банкны мөнгийг барьцаа нэртэй хог цуглуулж аваад тараачихсан юм чинь. баяртсайханыг Хүрэлбаатар хаацайлсаар өдийн хүрлээ. Эрх хүлээн авагч нь Баяртсайханы хүн тэр аль болохоор төлүүлэхгүйг хичээж байгаа.
Бах мэлхий НДЕГын дарга байхдаа нуудгай яашка Ундармаатайгаа нийлж ард түмний татварын мөнгийг идсэн шүү.
Бүлтийсэн яашка Ундармаа 234н тэрбумыг аваад авсандаа ор. Эрдэнийн нуудгай.