Гадаа цас бударч байна. Тийм ээ, ертөнц даяар цав цагаахан, ариун, энхрийхэн өнгө ноёлж, сэтгэлийн салхивч руу малгайлан хийснэ. Алгаа тосон нүдээ анимагц аниргүйхан “Хавар” хайлан урсаж биед минь уусан нэгдэх шиг санагдана. Нүдээ нээмэгц өмнө минь яргуйн өнгөт намирсан гэзэгтэй бүсгүй “Таниагүй гэр”-тээ урин дуудна. Үүдийг нь сөхөн ормогц 20-хон настай хонгор бүсгүйн танхил үнэр сэнхийн сэвэлзэж, донж маягаа олсон эмх цэгцтэй, басхүү дулаахан, шаргалхан гэгээ татаад явчихлаа.
Охины минь “гэр” энэ шүү гэдгийг таниулсан хүн бол хамгийн хайртай өвөө нь. Орчлонг таньж эхэлсэн цагаас Б.Нандинцэцэг өвөөгийнхөө шүлэг найргийг шимтэн уншиж, номонд хайртай, зөөлөн эмзэг сэтгэлтэй, аливааг бясалган суугч нэгэн болон өсжээ. Суурин иргэншлийн эрин зууны хүүхдүүдийн ихэнх нь нийслэлд төрж өссөн ч уг гарлаа хөөвөл аль нэгэн нутгаас л гаралтай байдаг даа. Б.Нандинцэцэгийн өвөө Эрэнжидийн Хархүү бол өмнийн цэнхэр говийн хүн. Говь гэхээр цөлх монгол ухаан, хээгүй гүдэсхэн зан, цайлган, тэнүүн, ууч, өгөөмөр, нинж нүнжиг чанар аяндаа буугаад ирэх. Тийм л зон олны үр садын судсанд мөнөөх мөн чанар гүйж яваа болохоор уг гарал, язгуур шинж рүүгээ ярган шүлэг найргаа хөглөн байнам. Нандиа жаахан охин байхдаа л анхны шүлгүүдээ өвөөдөө халган халган үзүүлжээ. Гэтэл өвөөгийнхөө шийрийг хатаах үр удам төрсөнд бахархан баярлаж, баярын нулимстайгаар өмнөтгөлийг нь нэг амьсгаагаар л биччихэж. Ертөнцийг таньж яваа 16-хан настай охины гэгээн дэврүүн хүсэл мөрөөдөлд даль жигүүрийг нь ургуулж анхны ном нь “Ертөнц” нэртэй хэвлэгдэв. Хэнийг ч дуурайлгүй ургасан хээр талын цэцэг шиг түүний шүлгүүд өвөөг нь ийнхүү дэнсэлгэжээ. 40 шахам ном хэвлүүлж, амьдралаа утга уран зохиолд бүрэн зориулсан хүний хувьд галын зээ нь үзгийг нь түшиж, үйлсийг нь түүчээлнэ гэдэг нэг насны хүсэл нь биелсэн хэрэг.
“Ертөнц”. Ягаахан хавтастай ялдамхан шүлгийн мөртүүдэд хаврын турьхан нялх ногооны шүүслэг амт, анхны борооны чийглэг үнэр, хэзээ мөдгүй гөлөглөх гээд тийчигнэж буй навчсын соёолж, амьдрал үргэлжилж буйг сануулах мэт эрх хонгор инээд, ад хорын сүүдрийг таньсан чимээгүй хашхираан мэдрэгдэнэ.
-...Миний нулимс
Зүрхний минь илэрхийлэл болж
Зүггүй нүдэнд минь дүр өгсөн чи
Дурлалын минь нүүр болж
Даруухан царайнд минь жүжиг тоглосон чи...” хэмээн
/“Ертөнц” номын 34 дүгээр тал ”Миний нулимс”/ нулимс гэдэг ховор “усаар”-аа анх удаа бахархаж байгаа нь сонин. Нулимс олон өнгөтэйг тэр иймхэн насандаа таньсан байж шүү дээ. Марина Цветаева “Зовлон зүдгүүрийн гүнийг аз жаргалын хоосон чанартай харьцуулж болохгүй" , “Хайрлаж дурлана гэдэг хүнийг аав, ээж нь төрүүлснээр нь биш Бурхан хэрхэн бүтээх гэж бодсоноор нь харахыг хэлнэ” гэсэн үг санаанд орлоо. Энэ хорвоогийн бүх зүйлс биднээс ангид бурханы бүтээл гэдгийг энэ шүлгээс мэдэрч, хайр гэдэг нулимсны ганцхан дусалд багтаж байдгийг ч ухаармаар.
“Эвийлээд аягалсан сүүтэй цай тань
Энхрий таны минь нулимс байж
Эцэс төгсгөлгүй ширтэх харц тань
Элгэн таны минь үгс байж...” хэмээн /“Ертөнц” номын 34 дүгээр та 11 дүгээр тал “Та минь байж”/ ээжийнхээ энгүй их хайрыг шүүрс алдан дуудсан нь түүний ухаарал буюу. Гэтэл ээжийнхээ сэтгэлийг үсэн буурал болтлоо таниагүй хүмүүс орчлонд хэчнээн олон билээ дээ. Яруу найрагч гэдэг салхины өнгө, нулимсны амт, сэтгэлийн хяруу, үгийн хорыг ч бүхнээс түрүүлж мэдэрчихээд гуниглаж суудаг мэдрэмтгий хүмүүс. Тэдэнд амьдралын аахар, шаахар асуудал ч жижигдэнэ. Хүний хэлэх гээд хэлж чадахгүй байгаа мэдрэмжийг, шуудхан хэлэхэд мэдрээ ч үгүйг мэдэрчихээд чимээгүйхэн шаналдаг хүмүүс дээ. Монголын утга зохиолд шинэ залуу үе давлагаалан орж ирж, шинэ дуу хоолой, өнгө төрхөөр цус сэлбэж байгааг олон арваараа төрж буй номоос харж болно. Нандиа тэдний дунд хутгалдаагүй, хий хоосон дэмийрэлд автаагүй, тэднээс хуулбарлаагүй зэрлэг дагшин сэрэл мэдрэмжээ алдаагүй явна. Гагцхүү энэ мэдрэхүйг нь илүү задалж, урлах эрдэмд нь хөтлөх хүн хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
“Ганцхан тандаа зээ нь болж төрөөд нарыг нь гаргаж байснаа мартаагүй ээ
Гар дээр нь яруу найрагч болж өсөөд анхны шүлгээ уншиж байснаа мартаагүй ээ
Өөдөс жаахан насандаа таныхаа өврөөс салдаггүй сахилгагүй охин байснаа мартаагүй ээ
Өглөөний хүйтэн жаварт дурамжхан сэрэхэд өрдсөн гал тань гэр дүүргэдэг байсныг мартаагүй ээ...” хэмээн
/“Ертөнц” номын 12 дугаар тал “Мартаагүй ээ, мартахгүй”/ өвөөтэйгөө өнгөрүүлсэн өнгөт хорвоог шүлгэндээ мөнхөлжээ. “Миний охин, өвөөгөө хол явчихвал, өвөөгөө битгий мартаарай” гэсэн өвөөгийн амин захиасыг зээ охин хэзээ ч мартахгүй. Б.Нандинцэцэг нэгэнтээ “Миний өвөө яг л дээл шигээ нөмөр дулаахан хүн” гэж хэлэхдээ хоолой нь зангирсан сан. Өдөлж амжаагүй балчир охин өвөөгийнхөө өвөрт дэгэж дэрвэж өсөхдөө хүн байхын тухай, хүнлэг сэтгэлийн тухай мөнхийн шинжийг өөртөө шингээж чаджээ. Басхүү хотод өссөн охиноо шүлэг найргаараа хээр талд ургасан зэрлэг цэцэг шиг дагшин, догшин басхүү эмзэг хээнцэр ургуулж чадсан өвөөгийн хайр агуу билээ.
Э.Хархүү ах саяхан зээ охиноо хөтлөн “Өглөөний сонин”-ы редакцийн хаалгыг дуутай шуугиантайхан татан орж ирэхдээ дарга хар цүнхээ ухаж, ухаж хэдэн чихэр гаргаж сэмхэн атгуулав. Олон сар хөл хорионд суусан түүнд онгодын зүг нэг нөхөд дээрээ ирнэ гэдэг ойгүй их баяр санж. Уг нь Э.Хархүү ах бол “Зиндаа” сэтгүүлийн зөвлөх лут хүн шүү дээ. Зээ охиноо надад даатгаж үлдээчихээд, дарга хар цүнхээ далдхан тавьчихаад зэргэлдээх өрөөний “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Ц.Оюунчимэг эгч рүү хазгайдуухан гишгэсээр орж явчихав. Төд удалгүй их л ажил амжуулсан маягтай орж ирсэнээ эргэлдсэн нүд нь хэн нэгнийг хайн нэгжив. Хөл нь гүйцэгдэхгүй хол хол харайлгаж явдаг манай сонины тоймч “их үст” С.Ууганбаяр ахыг хайгаад байгаа нь тэр. Тас атгасан мөнөөх хар цүнхэнд нь ямар нэгэн “эрдэнэ” нуугдаж буй нь лавтай болоод явчихав. Мөдхөн ”их үсттэй, үстгүй” үзэгдэж харагдахын завдалгүй хацарт нь туяа татаад, мөнөөх нүд нь улмаа гэрэлтээд, сонины сүүлийн хэдэн дугаар цүнхэлж аваад ирсэн шигээ л дуутай шуутайхан гарч одов. Түүнийг ийнхүү сүр дуулиантай ирэх бүрийд бидний хужирсаа гарч, магнай хагардаг юм. Учир нь тэр тэтгэврээ буух бүрийд Ууганаа ах бид хоёрыг зорьж ирнэ. Ирэх бүрийдээ чихэр юм уу, школадтай. Тэгээд л ирмэж дохиод ижилсээд сэмхэн гармагцаа гурван говь нийлээд галигуулж өгнө дөө. Хархүү гуайн яриа амттай гэж жигтэйхэн, алтан үеийн яруу найрагч, зохиолчдын тухай сонин хачин юм их ярина. Уулзах бүрийд уйдамгүй, уудлах бүрийд барагдамгүй тийм нэг судар шиг хүн байдаг даа...
Харин би, дөнгөж саяхан хэвлэлтээс гараад удаагүй “Таниагүй гэр”-тэй танилцаад үлдсэн минь энэ ээ. Хаврын яргуй мэт намирсан хөх гэзэгтэй бүсгүйн зураг бүхий энэхүү ном анхны номоосоо хахь ондоо агаад гүн гүнзгий сэрэл мэдрэмж дүүрээд, тэлээд ирсэн нь мэдрэгдэв. Хилийн дээс алхаж хүний нутагт сурч байхдаа эх орныхоо үнэ цэнийг илүү ухаарсан мөртүүд, ураг удмын алтан хайлаас модны үндэс нь бат бэх яргасан тал нутгаасаа эрсэн гэмшил харуусал, хүнийг хайрлахын утга учир, эрдэм номд шамдахын чинад зорилго бүхэн багтсан ажгуу.
“Бутлаад үз дээ
Бум болох нь уу, бат болох нь уу
Шатаах гээд үз дээ
Үнс болох нь уу, ган болох нь уу
Би өөрийгөө чулуу гэж хэллүү
Би өөрийгөө чулуу гэдгээ хэлье үү...” хэмээн
/“Таниагүй гэр” номын 6 дугаар тал “Чулуу”/ танхи эмзэг цэцэг хэрхэн бат бэх, хат чанартай болсноо зарлан тунхаглав. Тэрбээр чулуу чулуундаа харанхуйд гэрэлтэгч, алмаз болсон аж. Энэ шүлгээ 2016 онд Филипин улсад суралцаж байхдаа бичжээ. Хайртай бүхнээсээ хол байх тусам үнэ цэнийг нь илүү мэдэрч, хатуужиж ухаажиж байдгийн жишээ энэ. Чулуу гэдэг эх газрыг тэнгэр огторгуйтай холбож байдаг соронзон. Чулуудын энергиэр хур бороо татаж, чулуудын хүчээр цэцэгс дэлгэрдэг. Харамсалтай нь сувдаг шунахай сэтгэлтнүүд говь талынхаа эрдэнийн чулуудыг түүгээд хил давуулчихсан. Нүдний гэм болсон алмаз мэт гэрэлтэгч чулууд ховордсон энэ цагт нэгэн үнэт чулуу гэрэлтээд эхэлсэнд талархмуй.
“Намайг хэн нэгэн араас түлхээсэй
Нулимсаа арчаад эргээд харахад найз минь байгаасай
Тэгвэл би хүн гэдэг амьтанд тэгтлээ итгэж болохгүйг
Тархи, зүрх хоёртоо шингэтэл ойлгох байх...” хэмээн
/“Таниагүй гэр” номын 15 дугаар тал “Би бүдрээсэй”/ өөртөө ташуур өгчээ. Өнгө мөнгөнд пялдсан чамин хийрхэлд үнэн голоосоо дургүй түүний зан энэ шүлгээс ханхийнэ. Басхүү найз гэдэг үгний цаадах нарийн мөн чанарыг ч тэр далд утгаар ил хэлж чаджээ. Хүн гэдэг өөгүй төгс биш учраас алдаж, алдаанаасаа суралцаж цааш алхдаг. Дандаа юм бүхэн дардан байгаад байвал утгагүй агаад тэмцэлгүй өрнөлгүй бас амтгүй шүү дээ. Найрагч хүн зовлонг эрж хайж, түүнээсээ таашаал авч, шархиран урагдаж шүлгээ төрүүлдэг бөгөөд шүлэг гэдэг хий хоосон гоё сайхан мөртийн цуглуулга биш ээ. Б.Нандинцэцэг энэ л амттай зовлонг өөрөөсөө эрж байгаа нь тун талархууштай.
“Гэрлээр хучсан харанхуй нөмрөгөө цойлон биеэ ил гаргахуй дор
Үнэнг хувцасгүйгээр нь цоо ширтэж, өвдөг минь шороотой хутгалдахуй дор
Гэнэн хонор насны гал цогоор үргэлжид ундардаг байсан тэр мэдрэмжийг
Үүрд байх юм шиг санаж, цаас үзэг нийлүүлдгээ бараг мартчихаж...”
/“Таниагүй гэр” номын 18 дугаар тал “Бараг мартчихаж”/ хэмээн өөрийнхөө дотоод оршихуйг түм бум хөлхөлдсөн харийн оронд гэнэтхэн хайжээ. Америкийн Сиэтли хотын гудамжнаас мартсан бүхнээ эрж яваа монгол охины дүр төрх сэтгэлд буув. Тэгснээ “Харийнхан” хэмээх шүлэгтээ үл ойлгогдом соёл иргэншил, зан заншил, ёс суртахууныг нь гайхширан, эх нутгаа эрхгүй санасан нь мэдрэгдэнэ. Даяаршсан нийгэмд дангааршин үлдэхийн тулд хэл, соёл байдаг. Түүгээрээ ялгарч үндэстэн оршин тогтнож байдгийг Нандиа илүүтэй таньжээ. Магадгүй хүний нутагт байхдаа охин эх орноо, ээж ааваа, тэр дундаа өвөөгөө илүү санасан байх. Өмөлзөж цурхирахдаа ийнхүү үзгээ шүүрсэн байх. “Хүнд гомдохдоо, эсвэл хязгааргүй баярлахдаа шүлэг бичиж тайтгардаг” хэмээн инээмсэглэсэн тэрбээр тэмдэглэл ч хөтөлдөг нь тун сайн хэрэг. Түүний номонд бяцхан эсээнүүд утга агуулга, өнгө хүч нэмнэ. Одоо үеийн залуусын дунд ховордоод байгаа бичгийн энэ төрлийг өөртөө үлдээж чадсанд баярлах сэтгэл төрөв. “Монгол зан”, “Өөрөөрөө бахархсан ганц мөч”, “Мөрөөдлийн эхлэл минь”, “”Таван доллар” зэрэг жижигхэн эсээнд ямархан том агуулга багтаж буй гээч. Нандиаг ярихын тулд дахиад л өвөөг нь дурдах болох нь. Х.Хархүү ах “Хайрын дулаан хорвоо”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Улаан овооноос эхэлсэн зам” зэрэг дурсамж, эсээ, хөрөг найруулллын олон бүтээлтэй хүн. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг бичгийн хүний дэргэд энэ чадвараа илүү хөгжүүлж, урлахуйн ур ухааныг улам бат өвлөөсэй гэж бодном.
“Уул дөрвөнтээ дээлээ солиход
Сууж л байна уу та, шувуу минь
Урсгал ус дөрвөнтээ сэлбэгдэхэд
Сууриндаа жиргэж л байна уу та, шувуу минь...” хэмээн /“Таниагүй гэр” номын 49 дүгээр тал “Ууланд суугаа настай шувуу”/ мөнх бус хорвоод мөнхийн зүйл байдгийн учир утгыг шувуу шиг жиргэж орхижээ. Тэр шувуунаас өвөөгийнх нь дүр тодорно. Өглөө, үдэшгүй энх бус, мөнх бусын орчлонгийн тухай жиргэж байдаг өвгөн шувууны үүрэнд өссөн дэгдээхэй ийнхүү даль нь ургаж үүрээ орхин нисэхийн цагтаа өвгөн шувуунаасаа ийнхүү асуужээ. Хариуд нь ууланд суусан настай шувуу юу гэж жиргэсэн бол. Энэ бүхний хариулт нь “Таниагүй гэр”-ийн хуудас бүхэнд бий.
“...Зангуунд нь дандаа хатгуулж уйлж явсан бага настай ч юм шиг
Зандан тэмээнээс нь чаргууцалдаж ойчиж явсан балчир настай ч юм шиг
Зүг зүгт аялж явахдаа сэтгэлд ойр ийм сайхан нутгийг харж байсангүй
Зүүдэндээ л жаргаж өссөн юм шиг даруухан гэр минь
Таниагүй гэр, өмнийн говь минь” хэмээн
/“Таниагүй гэр” номын 37 дугаар тал “Таниагүй гэр”/ эцэг өвгөдийнхөө асаасан голомт, амьдарсан нутгийг таньсан сэтгэлийн халуун үгс энэ ажгуу. Нандиа говийг өвөөгөөрөө төсөөлж, өвөөгөө говиор дүйцүүлсэн салгахын аргагүй хүйн холбоотой үр нь. Тэр үлээх салхи нь ч үсийг нь намируулдаг, үйзэн шаргалхан говийн охин буй биеэрээ болжээ. Энэ сэрэл мэдрэхгүйгээрээ элдэв зүйлсийг эргэцүүлж явсаар шүлэг найргийн шат мөрт дунд амьдарч байна.
Яруу найрагч Л.Өлзийтөгс “Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толионоос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг размерын сэтгэл рүү хичнээн ч сайхан том зүйлийг цутгаад чихээд орохгүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хүрэлцэхгүй” гэсэн байдаг. Тэгвэл Нандиагийн сэтгэл тал шигээ уужуу, талбиун ажгуу. Тиймдээ ч, гадаа цас бударч байна. Тийм ээ, ертөнц даяар цав цагаахан, ариун, энхрийхэн өнгө ноёлж, сэтгэлийн салхивч руу малгайлан хийснэ. Алгаа тосон нүдээ нээмэгц аниргүйхан “Хавар” хайлан урсаж биеэс минь анхилах шиг болж, нүдээ анимагц яргуйн өнгөт намирсан гэзэгтэй бүсгүйн таньсан гэрийнх нь үүдэнд хэнийг ч дуурайлгүй ургасан хээр талын цэцэг ганхан гунхан байнам.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Mash uvurmuts ug helleg
Mundag shuu amjilt husey
Хархүү найрагч зохиолчийг мэднэ.Харин зээ охины нь шүлгийг үзэв.Өвөөгөөс илүү хурдтай явж байнадаа.Холд гүйцэгдэхгүй нь бололтой.Хол явна харагдаж байна.Одооны зуршил болсон үгтэй найрагч биш байнаа.Өөр өвөрмөц уран, хэнч хэлээгүй зүйрлэл онцгой.Олон хүний атаархал,сонжоо,гүтгэлэг,хорсол дундуур зүтгэхээр шийдлээлдээ.Ухарч болохгүй,Тэмээн жингийн цуваа чиглэлээ өөрчлөхгүй,жингэр хуцаад хоцордог.Амжилт хүсье
Бахархаж байна.
bayrlalaa
buh zuiln hair tatam shu
unshaad duuschihsan uneheer ih taalagdsan
yamar hoorhon ohin be dotroo ch gadnaa ch gaihaltai ohin yumaa
gaihaltai ohin mine
gl\n