Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг бөгөөд 98 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ-аас авдаг. Шатахууны импорт Онцгой албан татваргүй байгаа бөгөөд үүнийг дагаад хуурамч шатахууны импорт цэцэглэсэн нь эрүүл мэнд болон байгаль орчинд маш их хор нөлөөтэй талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр онцолсон юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
-Монголд хуурамч шатахууны талаар ярьсаар олон жилийн нүүрийг үзлээ шүү дээ. Импортоор оруулж ирэхэд дээж, сорьцыг нь шинжилж оруулдаггүй юм уу, өдий болтол яагаад шийдэгддэггүй юм бэ?
-Манай холбоо хуурамч шатахуунтай 2017 оноос хойш тэмцээд явж байна. Ашигт малтмал газрын тосны дарга Х.Хэрлэнгийн захирамжаар 2018 онд ажилласан боловч үр дүнд хүрээгүй.
Манай холбоо 2018 оны сүүлээр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн захирамжаар Шадар сайд Ө.Энхтүвшинтэй ажлын хэсэг байгуулсан боловч мөн л үр дүнд хүрээгүй. 2020 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Лхагвагийн захирамжаар ажлын хэсэг байгуулж нэр бүхий компаниудад шалгалт хийж, 200 гаруй зөрчил илрүүлсэн. Нэг ч импортлогч компани зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй учраас вагон дээрээс нь дээж авахаар болж 2020 оны долоодугаар сард бүх вагоноос дээж аваад дууссан. Гэвч дээжний хариу өнөөдрийг болтол гараагүй байна.
Хуурамч шатахууны гарал үүсэл үүслийн тухайд төр засгийн алдаатай шийдвэртэй шууд холбоотой. Засгийн газар 2012 онд 112, 178 дугаар тоот тогтоол, 2015 онд 177 дугаар тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолын улмаас нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу завсрын бүтээгдэхүүнүүд Монгол Улсад ямар ч татваргүйгээр орж ирж үйлдвэрлэгдэж байна. Үүнийг дэмжих зорилгоор Уул уурхайн яамнаас нэр бүхий компаниудад нефт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл, 2019 онд “Лекс ойл” компанид тусгай зөвшөөрөл олгож сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд тус компаниар орж ирж байгаа. Гэвч энэ компаниар худалдан авалт хийгээд байна уу гэвэл үгүй. Маш олон компани байна. Энэ бүхэн улс төрийн маш том бүлэглэлийн ард амь бөхтэй оршоод байгаа юм.
-Онцгой албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа шүү дээ. Энэ талаар УИХ-д хандсан уу?
-Онцгой албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа боловч УИХ дарга Г.Занданшатар үүнийг хэлэлцэх сонирхолгүй байх шиг байна. Энэ талаар хэлэлцсэн нөхцөлд татвартай болно, татвартай болсон нөхцөлд хуурамч шатахуун таслан зогсоно. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас болж Монгол Улс хохироод байна шүү. Бид нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа учраас УИХ –ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Манай холбоо хуурамч шатахуун буюу химийн бодисоор автомашин явж байгаа талаар олон нийтэд мэдээлсээр байгаа. Холбогдох газрууд арга хэмжээ авахгүй байсаар байсан тул 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж байсан. Нийт жолооч нарыг Онцгой албан татварын хуульд маш сайн анхаарч төр засгийнханд мессеж бичээрэй гэж уриалж байна.
-Таны хэлснээр маш том бүлэглэл бий гэж байна л даа. Тодорхой нэр дурдаж болох уу?
-Хуурамч шатахууныг хамгаалаад байгаа хүн бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон нэр бүхий гишүүд байгаа. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч улс төрийн бүлэглэл 200 тэрбум төгрөгийн татвараас зугтсан. Манай холбооны зүгээс энэ хууль ямар нэгэн байдлаар хэрэгжихгүй бол нэр бүхий гишүүдийг Авилгатай тэмцэх газар шалгуулна.
-Хуурамч шатахуун нь ямар, ямар сөрөг нөлөө, үр дагаврыг дагуулж байна?
-Нефт гэдэг нь үйлдвэрийн маш нарийн технологитой, онцлогтой бүтээгдэхүүн. Керосин гэдэг бодисын манай улсын жилийн хэрэглээ гурван мянган тонн. Бензинийг үйлдвэрлэхдээ 300 цельсийн халуунд нэрж болгож гаргадаг. Нэрэлтээс эхэнд нь нафта, дараа нь керосин гэж бодис гардаг. Гэтэл завсрын бүтээгдэхүүнийг Монголд хилээр оруулж ирээд хольж зуураад бензин гэж зараад байна. Эцсийн бүтээгдэхүүн гэдэг нь нэрэлтийн явц нь дуусаад А92, А95, дизелийн түлш болоод импортлогдох ёстой.
Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь хуурамч бензин, түлшинд 2.5 дахин их , нүүрс устөрөгчийн давхар исэл тав дахин их , бензол 12 дахин их ялгардаг нь хотын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна. Машины яндангаас хүнд метал болж гадагшилдаг бөгөөд газраас нэг метрээс дээшээ тогтдоггүй учраас хүүхдэд маш хортой. Тиймээс хүүхдүүдийн дунд хүнд металын хордлого маш өндөр гардаг. Мөн хуурамч шатахуунаас ялгарч буй хорт утаа, хүхэр, бензол, нүүрсустөрөгчийн давхар исэл нь эмэгтэйчүүдэд үргүйдэл, ургийн гажиг үүсгэхээс гадна уушги дотоод эрхтний хорт хавдрын өвчлөлийг түргэсгэдэг.
Дараагийн сөрөг нөлөө нь агаарыг маш ихээр бохирдуулдаг. Маш олон химийн элементийг агаарт дэгдээж байгаа учраас хорт хавдрын гол хүчин зүйл болж байна. Жишээ татаж хэлэхэд, Монгол Улсад импортолдог К2-ын хүхрийн агууламж нь 600 ppm, К5-ынх 50 ppm байдаг бол хуурамч шатахуунаас гараад байгаа хүхрийн агууламж нь 6000 ppm байдаг. Ингээд бодохоор эрүүл мэнд, байгаль экологид ямар хор хөнөөлтэй байна гээч.
Мөн машин техникт маш сөрөг нөлөөтэй. Жишээ нь, бүх машин үйлдвэрээс гарахдаа оч үүсгэх чадвартай байдаг. А92 нь 1800-гийн гал үүсгэдэг бол хуурамч шатахуун нь 3000-ын гал өгдөг. Машинд үйлдвэрийн горимоос илүү гал өгч байгаа учраас поршин нь гулзайж, цагаан голд нь дуу орж, бензин цохидог. Бензин насос, яндан мэдрэгч хоёр нь шатна. Тиймээс жолооч нарт жил бүр санхүүгийн хохирол маш их гардаг.
Хуурамч шатахууны асуудлаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна
-Хуурамч шатахуунаас үүдэж олон талын хор хохирол амсаж байна гэж та хэллээ. Тэгэхээр салбар, салбарын яамдтай хамтарч ажиллаж хүчээ нэгтгэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?
-Манай холбоо Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яамдтай хамтарч ажилладаг. Эдгээр яамд хуурамч шатахууныг таслан зогсоох тал дээр санал нэг байдаг боловч эрх мэдэл нь нөгөө талд байгаа учраас таслан зогсоож чадахгүй байна л даа. Дээр хэлсэнчлэн маш олон бүлэглэл нийлчихсэн учраас есөн жил амь бөхтэй байна л даа. 10-аад жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд импортолсон шатахууны хэмжээ нь 1.580.000 тонн болж байна. Таван машин тутмын нэг нь чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр явж байна гэсэн үг. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч байгаа.
-Импортоор орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүээс Онцгой албан татвар өгдөг ямар ямар бүтээгдэхүүн байдаг вэ?
-Өнөөдрийн хувьд А80, А92 бол Онцгой албан татвар байхгүй, нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг химийн бодисууд ямар нэг татваргүй байхгүй, дизелийн түлш нь нэг тонн тутамдаа 280 мянган төгрөгийн татвартай. 2012 оноос өмнө нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авдаг байсан. Хэрэв бид өнгөрсөн хугацаанд 1.580.000 тонноос татвар авсан бол 200-аад тэрбумын татварыг энэ компаниудаас авах боломж байсан. Монгол Улсын Сангийн сайд маань маш өгөөмөр хүн учраас ямар ч татвар аваагүй. Хэрэв татвар ногдуулаад, стандартын шаардлага хангасан К5 стандартын бензинийг импортлоод эхэлбэл агаарын бохирдол 18-25 хувь буурна гэсэн албан бус үзүүлэлт байна.
-Нефтийн бүтээгдэхүүн оруулж буй нийт хэдэн компани байна вэ, үүнээс хэд нь хуурамч шатахуун үйлдвэрлээд байна вэ?
-Монгол Улсад шатахууны хэрэглээг хангадаг 115 компани байдаг. Шалгалтаар бүгд “Роснефт”-ээс импортолж байгаа гэдэг. Ер нь бол 15-20 компани байхад л бензиний хэрэглээгээ бүрэн хангах боломжтой. 2015-2019 оны хооронд нефт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй найман компани байсан. Одоо бол тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Лекс ойл”, “Петролеум продакшин” гэсэн хоёр компани байна. Нефт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл гэж байдаг. Үүнийг ямар ч ТЭЗҮ, үйлдвэрийн горим байхгүй газарт олгоод байна вэ гэдэгт тайлбар хүсэж байна.
-Бензиний үнэ өсмөгц бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ салбарт үнийг ямар бодлогоор баривал тохиромжтой вэ?
-Монгол Улс бензин шатахууны үнийг зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Нефт импортлогч компаниуд маш адагдалтай ажиллаж байна. Жишээ нь, А92 дээр гэхэд литр тутамд 220-240 төгрөгний алдагдалтай, дизелийн түлшний хувьд ямар ч ашиг алга байна. Төр хүчээр үнийг нь бариад байхаар маш олон ААН алдагдал хүлээгээд байна л даа. Гадаадаас импортолж буй нийт бараа бүтээгдэхүүний 25-30 хувийг хангаж буй шатахууны үнэ нь дэлхийн зах зээлийн зарчмаар явах ёстой. Хэрэв шатахууны салбарын бизнес дампуурвал 15-20 мянган хүн ажлын байргүй болох эрсдэлтэй байна.
-Бензиний үнэ нэмэгдэх, шатахууны чанар зэрэгт хариуцлага тооцох гэхээр эзэнгүй юм шиг болчихдог. Чухам хэнд хандах ёстой юм бол?
-Манай холбоо үндэсний статустай “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “МТ”, “Тэс Петролиум” зэрэг 15-20 компанийг бодлогын хувьд дэмждэг. Ард иргэд бензиний үнэ нэмэгдэхээр үндэсний компани руугаа л дайрдаг. Гэтэл ард нь хэн хөдөлгөөд байгааг хэн ч мэддэггүй. Бид зөрчил гаргаад буй компаниудад Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудад шалгалт хийх хүсэлтийг тавьсан боловч дарга нар нь хүлээж аваагүй. Дахин хэлэхэд хуурамч шатахуунаас болж өдөр тутамдаа авто машинтай жолооч нар, уул уурхайн салбарын хүнд даацын тоног төхөөрөмж эвдэрсээр байна. Монгол Улсад жилд 300 гаруй мянган тонн хуурамч шатахууны түүхий эд импортлогдож байна. Энэ нь 400 орчим мянган тонн шатахуун болдог.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
jijig benin kolonkos anandbazar reket abdag.daarmtlad.ih mongo tolhin bol guilge mongo dutaad hudn bolson doo. benzin oruulj irsen hun zarsan benzini ashiga bugdig oorro hubid abna.
saina and aneg sanal baina. oorinho momngor benzin oruulj irched olson ashiga bugdin ooro abdinma gel boloo doo.ooro olosn orlogo guilgeg abn. teged shunhlai just reekt tatbar hamgalalat tattabr tolohgui ee.benzin der busad tom just reket hiij nemelt tatabra bdag bolio zogsoo.
шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар оногдуулах нь туйлийн зөв алхам