КОВИД ТОЙМ: ХӨСҮТ-өөс өгсөн хүнд мэдээнүүд - НАС БАРАЛТ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Сүүлийн 24 цагт 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт 17823 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь Монголд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн олон буюу 1000-аас дээш давж байгаа анхны тохиолдол болж байгаа юм.

Эдгээр 1220 тохиолдлын 1094 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 114 нь орон нутагт, 10 нь өчигдөр Японоос ирсэн тусгай үүргийн зорчигчдоос илэрчээ.

Нөхцөл байдал сайнгүй байна. Тийм ч учраас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр өөрөө өнөөдөр (2021.04.14) хэвлэлийн бага хуралд оролцож, зарим анхаарал татсан мэдээллүүдийг олон нийтэд өглөө.

ХАЛДВАР АВСАН 20 НАСТАЙ ЗАЛУУ ЯАГААД НАС БАРАВ

Халдвар аваад эмнэлгийн тусламж авч чадаагүй 20 настай залуу нас барсан тохиолдол өчигдөр (2021.04.13) гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал “Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх нь зохимжгүй. Бид 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна. Түүний PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан. Гэхдээ эерэг гарсан болгон коронавирусний хүндрэлээр буюу уушгины хатгаа, цусны бүлэгнэл үүсэж нас барсан гэсэн үг биш. Тиймээс өөр бусад өвчний улмаас нас барсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Тухайн залуугийн хувьд суурь өвчин байсан уу гэвэл байсан. Энэ нь нас баралтад нөлөөлсөн эсэхийг бид тодруулна. Нөлөө байсан эсэх нь хэсэг хугацааны дараа тодорхой болно. Нас барсан залуу нийтийн асрамжийн газарт байрлаж байсан юм билээ. Халдварт өртөх өндөр эрсдэлтэй газар гэсэн үг” гэсэн мэдээлэл өглөө.

ХАЛДВАР АВСНЫ УЛМААС ГЭРТЭЭ НАС БАРСАН ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

ХӨСҮТ-ийн дарга мөн “Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээ хийж байгаа. Өчигдрийн байдлаар 3172 хүн гэрийн тусгаарлалтад байна. Энэ тоо өдөр бүр хөдөлж байгаа. Гэртээ үлдэж байгаа хүмүүсийн гол хяналт Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжиж хийгдэж байгаа. Гэхдээ халдварын үеийн аюултай шинж тэмдэг илэрвэл эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүгдэд нээлттэй. Иргэд өөрийнхөө шинжилгээний хариунд итгэхгүй байх, аюултай шинж тэмдэг илрэхэд үл ойшоох хүлээж харзнах зэргээс болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хоцорч үзүүлэх тохиолдол гарч байна. 

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өвчний аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоо байгаа эрүүл мэндийн байгууллагадаа шууд хандах хэрэгтэй.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээ цаг алдах зэрэг бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байгаа. Иргэд заавал PCR шинжилгээний хариу болон эмнэлгийн тандалтын баг ирэхийг хүлээхгүйгээр харьяа эмнэгтээ хандаж, тусламж үйлчилгээ авч болно” гэсэн мэдээлэл өгсөн юм.

НАС БАРСАН ӨВЧТӨНҮҮДИЙН ГУРАВ НЬ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН БАЙЖЭЭ

Халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хэдий ч халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 2304 хүрээд байгаа аж. Энэ нь нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.37 хувийг эзэлж байна.

ХӨСҮТ-ийн удирдлага энэ тухайд "Нас барсан зарим тохиолдол вакцин хийлгэсэн гэх өгүүлэмжтэй байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр вакцинаас бус тухайн хүний архаг өвчнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан. Харин вакцин хийлгээд нас барсан гэх тохиолдол бүртгэгдээгүй.

Манай улсад бүртгэгдсэн нас баралтын гурав нь вакцин хийлгэсэн хүн байсан. Тодруулбал, “Синофарм” вакцин хийлгэсэн хоёр, “Файзер” вакцин хийлгэсэн нэг иргэн вакцин хийлгэснээс хойш 7-10 хоногийн дотор халдвар авч, нас барсан. 

Вакцин хийлгэсний дараа халдвар авсан хүмүүсийг судлалж үзэхээр 74 хувь нь вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дотор халдвар авсан байсан. Дархлаа тогтохоос өмнө халдвар авч байна гэсэн үг.

Халдвар авсан хүмүүс вакцины эхний тунд хамрагдсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Вакцин хийж эхэлж байх үеэс эхлээд л халдвар хамгааллын дэглэмээ бариарай гэдгийг зөвлөж байгаа. Вакцин хийлгэсэн тохиолдолд өвчлөхгүй байх боломжтой. Өвчилсөн ч гэсэн хүндрэхгүй. Гэхдээ халдварыг бусдад дамжуулах эрсдэлтэй” гэв.

ХОЁР ДОЛОО ХОНОГТ 23 ӨВЧТӨН КОРОНАВИРУСНИЙ УЛМААС НАС БАРЛАА

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан хоёр хүн нас барж, Монголд бүртгэгдсэн нийт нас баралт 29 боллоо. Хамгийн сүүлд 44, 49 настай хоёр эрэгтэй коронавирусний халдварын улмаас нас баржээ.

49 настай эрэгтэйн хувьд, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж, нас барсан бол 44 настай эрэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр маш хүнд өвчтөний тоо өссөөр байна.

Одоогоор нийт 2804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 658 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 өвчтөн маш хүнд, бусад 1974 нь хөнгөн гэсэн үнэлэмжтэй байгаа юм. Ийн гуравдугаар сарын 31-нээс хойш буюу хоёр долоо хоногийн хугацаанд нас баралт 23-аар нэмэгджээ. Энэ хугацаанаас өмнө зургаан тохиолдол бүртгэгдсэн байжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top