Дэлхийн улс орнууд коронавирусний эсрэг янз бүрийн эм ашиглаж байгаа. Ямар эм үр дүнтэй болох, аль эмийнх нь үр дүн судлагдаж байгаа, аль нь ашиггүй, бүр сөрөг нөлөөтэй байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг багцлан хүргэе.
ДЕКСАМЕТАЗОН - ҮР ДҮНГ НЬ ДЭМБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН
Дексаметазон нь одоогоор ДЭМБ-аас COVID-19-ийн эмчилгээнд ашиглаж болно гэж албан ёсоор зөвшөөрсөн цорын ганц эм. Энэхүү эм нь ковидоор хүндээр өвчилж, хиймэл амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн нас баралтын түвшинг бууруулдаг. ДЭМБ болон Роберт Кохын хүрээлэн (RKI) Дексаметазон эмийг долоо хоногоос дээш хугацаагаар хүнд шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэглэхийг зөвлөжээ.
Үүний зэрэгцээ энэхүү эмийг өвчний эхний үе шатанд ууж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Учир нь дархлааны тогтолцооны урвалыг дарангуйлж, өвчнийг хүндрүүлж болох аж.
Дексаметазон нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй стероид бэлдмэл юм. Дотоод шүүрлийн өвчнүүд, тархины хаван, багтраа, хүнд хэлбэрийн гуурсан хоолойн агчил, шок, хүнд хэлбэрийн харшлын урвалууд, анафилаксийн шок, үе мөчний өвчнүүд, холбогч эдийн тогтолцооны өвчнүүд, хүнд хэлбэрийн цочмог арьсны эмгэгүүд, хоруу явцтай өвчнүүд, цусны өвчнүүд, хоол боловсруулах замын өвчин, хүнд хэлбэрийн халдварт өвчнүүд, нүдний үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэдэг.
БАМЛАНИВИМАБ БОЛОН REGN-COV2 КОКТЕЙЛЬ - АНУ-Д БАТАЛСАН, ХБНГУ ХУДАЛДАЖ АВСАН
Сүүлийн үед эсрэг бие дээр суурилсан хоёр эм нь COVID-19-ийн эмчилгээ амжилтад хүрэх найдварыг төрүүлж байна. Eli Lilly эмийн компанийн гаргаж авсан Бамланивимаб болон Regeneron Pharmaceuticals компанийн үйлдвэрлэсэн REGN-COV2 коктейль нь хоёулаа СOVID-19-ийн хөнгөн болон хүнд хэлбэр рүү орох эрсдэлтэй дунд хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн эмчилгээнд яаралтай горимоор хэрэглэх заалттайгаар өнгөрсөн намар АНУ-д батлагдсан. REGN-COV2 эмийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэсэн байна.
ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Герман улс дээрх хоёр эмнээс 200 мянган тунг 400 сая еврогоор худалдаж авснаа мэдэгджээ.
Бамланивимаб болон REGN-COV2 нь хоёулаа эсрэг бие нь спайк уураг эсэд очиж, вирус биед нэвтрэхээс хамгаалдаг идэвхгүй вакцины үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр эмийг өвчтөнүүд эсрэг бие үйлдвэрлэж эхлээгүй байгаа өвчний эхний үе шатанд ашиглах нь хамгийн үр дүнтэй.
АВИГАН - ХЭРЭГЛЭЖ БОЛНО, ГЭХДЭЭ БОЛГООМЖТОЙ
Фавилавир идэвхитэй бодисыг агуулсан Авиган нь 2014 онд Японд томуугийн эсрэг болон одоо байгаа мэдээллээр РНХ вирусний эсрэг үр дүнтэй хэмээн бүртгэгдсэн эм. 2014 онд уг эмийг Эбола вирусний эмчилгээнд ашиглажээ. Японы Засгийн газар 2016 онд Авиган эмийг Гвинейд Эбола вирустэй тэмцэхэд туслах яаралтай тусламжаар нийлүүлсэн билээ.
Коронавирусний цар тахал гарахаас өмнө Авиган эм Японд ханиад томууны эсрэг бусад эмнээс ялгарахгүй, чөлөөтэй худалдаалдаггүй харин цар тахал гарсан тохиолдолд Засгийн газрын захиалгаар үйлдвэрлэх нөөц эм байжээ. Авиганыг 2020 оны хоёрдугаар сараас Японы эмнэлгүүдэд коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэхэд хэрэглэж эхэлсэн. Японы хэвлэлүүдэд гарсан судалгааны эхний мэдээллээр коронавирусээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд үр дүнтэй бол хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст үр дүнгүй аж.
2021 оны хоёрдугаар сарын байдлаар Авиган эмийг Хатад, Энэтхэг улс COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэхээр баталжээ. ОХУ-д Авифавир гэх худалдааны нэршилтэйгээр худалдаалагдаж байна. Эмнэлзүйн туршилтуудаар "Авиган" нь ковидын халдварын шинж тэмдгийг сулруулж, өвчний сунжрах хугацааг багасгадаг нь тогтоогдсон ч гаж нөлөө үзүүлж болох эм аж. Үүнд, Анафилаксын шок болон хатгалгаа дурдагдсан байна. Мөн энэ эм жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд эсрэг заалттай. Эмийн гаж нөлөөний нэг нь ургийн гажиг үүсгэх юм.
АРТЕМИЗИНИН - ҮР ДҮН НЬ ЭЦСИЙН БАЙДЛААР БАТЛАГДААГҮЙ
Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ковид-19-ийн эмчилгээнд Covid Organics эм үр дүнтэй болохыг зарласны дараа шарилж өвсний ханднаас гаргаж авсан эмийн талаар ярьж эхэлсэн. Тухайн үед энэ үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан дэгдээж байв. Африкийн бусад орны удирдагч нар Мадагаскарын Төрийн тэргүүнтэй нэгдэж, энэ эмийн үр дүнд итгэжээ.
Шарилжны хандыг олон жилийн турш эмнэлгийн салбарт ашиглаж ирсэн. Тодруулбал, шарилжны ханд дээр үндэслэсэн "Артемизинин" хэмээх хумхаа өвчний эсрэг эмийг энэ өвчнийг эмчлэхэд багадаа 20 жилийн турш ашиглаж иржээ. Алжирын эрдэмтдийн судалгаагаар SARS-CoV-2 коронавирусний эсрэг эмүүдийн үр дүнгээс харахад Артемизинин нь Гидроксихлорохинээс илүү үр дүнтэй байжээ.
Одоо Артемизинин эмийн ковидын эсрэг үр дүнг Германы Потсдам хот дахь Макс Планкийн институтийн эрдэмтэд судалж байгаа аж. Тэд Артемизинин эм SARS-CoV-2 вирусийг үржихээс сэргийлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ эмийг үргэлжлүүлэх судлах үндэслэл хангалттай байгаа гэж Биомолекулын тэнхимийн эрхлэгч, профессор Петер Зеербергер үзсэн байна.
ИВЕРМЕКТИН - СУДАЛГАА НЬ НАЙДВАР ТӨРҮҮЛЖ БАЙГАА
Хамууг эмчлэх, шимэгч хорхойтой тэмцэх зорилгоор хэрэглэдэг Ивермектин эмийн үр дүнгийн тал дээр эрдэмтэд санал нэгджээ. Анагаах ухааны “The Lancet” сэтгүүл нэгдүгээр сарын эхээр Ивермектиний ковидын хөнгөн хэлбэрийн үед үзүүлсэн туршилтын үр дүнг нийтэлсэн байна. Судалгаагаар энэ эм нь коронавирусний шинэ уургийн өсөлтийг зогсоодог нь харагджээ. Гэхдээ зөвхөн өндөр концентрацтай байж үр дүн өгнө.
Мөн бусад судалгаагаар Ивермектин вирусний хүчийг мэдэгдэхүйц бууруулж, хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй шинж тэмдэгтэй байгаа хүмүүсийн эдгэрэх үйл явцыг хурдасгадаг нь батлагджээ. Мөн ковидоор хүндэрч эмнэлэгт хэвтэхээс сэргийлж, хүндэрсэн хүмүүсийн нас баралтыг бууруулна.
Ивермектинийг Латин Америкийн орнуудад өнгөрсөн жилээс хойш коронавирусний эсрэг эм гэж зарлажээ. Гэсэн хэдий ч ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) энэ эмийг хэрэглэхээс сэрэмжлүүлжээ. Учир нь түүний COVID-19-ийн эсрэг эмчилгээний үр нөлөө нь бүрэн нотлогдоогүй байна.
ТОЦИЛИЗУМАБ БОЛОН САРИЛУМАБ - МАРГААНТАЙ БАЙГАА БЭЛДМЭЛҮҮД
Тоцилизумаб болон Сарилумаб нь хоёулаа үе мөчний өвчин, бусад үрэвслийг эмчлэхэд хэрэглэдэг эм аж. Энэ эмийн коронавирусний эсрэг үр дүн бүрэн батлагдаагүй. Зарим судалгаагаар эдгээр эм нь хүндээр өвчилсөн хүмүүсийн нас баралтыг бууруулдаг гэдэг ч зарим судалгаа эдгээрийг үр дүнгүй гэдэг. Харин Их Британи улс Тоцилизумаб болон Сарилумаб эмийг сэхээнд орсон ковидтой өвчтөнүүдэд хэрэглэнэ гэжээ.
ГИДРОКСИХЛОРОХИН - НАЙДВАР БИЕЛЭЭГҮЙ
Цар тахал эхлэхэд хумхай өвчний эсрэг эм Гидроксихлорохинд их найдвар тавьж байсан. Гэвч найдвар биелээгүй. Энэ эмийг ковидын эсрэг хэрэглээд үр дүнд хүрээгүй аж. Германы Паул Эрлихийн нэрэмжит вакцин болон био анагаахын эм бэлдмэлийн хүрээлэн Гидроксихлорохинийг COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэхээс сэрэмжлүүлжээ. Өвчтөнүүд энэхүү эмийг хэрэглэж байгаа ч эмчийн хяналт дор байх ёстой бөгөөд Гидроксихлорохин хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлж, ковидын халдварын зөөвөрлөгдсөн тохиолдлыг ихэсгэх эрсдэлтэй аж.
РЕМДЕЗИВИР - НАС БАРАЛТЫГ БУУРУУЛНА ГЭСЭН СУДАЛГАА БАТЛАГДААГҮЙ
Вирусний эсрэг үйлчилгээтэй Ремдезивир нь коронавирусний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа коронавирус бие махбодид орж, өсөж үржихэд шаардлагатай фермент энзимийг дарангуйлдаг эм. Судалгаагаар энэ эмийг хүнд өвчтөнд хэрэглэхэд эдгэрэх, тэнхрэх үйл явцыг хурдасгадаг ч нас баралтын хувийг бууруулна гэсэн судалгаа гараагүй байна.
ДЭМБ өнгөрсөн оны сүүлчээр Ремдезивир нь коронавирусний халдвартай хүмүүст зориулагдаагүй гэж мэдээлсэн. Зарим судалгаагаар COVID-19-ийн халдвартай хүмүүст өвчний явц нь хүнд эсэхээс үл хамааран Ремдезивир эм биеийг нь сайжруулдаг гэх нотолгоо олоогүй аж. Гэхдээ олон мянган өвчтөн дээр хийсэн судалгаагаар Ремдезивир нь коронавирусний эсрэг үр дүн үзүүлэхгүй ч сөрөг нөлөө үзүүлээгүй аж.
АРБИДОЛ - ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА
Вирусний эсрэг эм болох Арбидолыг коронавирусний эмчилгээнд олон улсын түвшинд голлон хэрэглэж байна. Энэ эмийг хоёр ширхэгээр өдөрт гурван удаа ууж хэрэглэдэг тул эмчилгээнд ашиглахад их хэмжээгээр авах шаардлагатай байгааг албаныхан хэлжээ.
ЭМЯ-наас Арбидол эмийн татан авалтыг нэмэгдүүлсэн бөгөөд ковидоор өвчилж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст олгох ажлыг зохион байгуулахаар болсон байна. Эмийг иргэдэд олгохдоо ӨЭМТ-өөр дамжуулан хяналт тавих аж.
Арбидолыг хойд хөрш ОХУ-аас эхлээд олон орон вирусний эсрэг амин чухал, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулжээ. Судалгаануудаас харахад Арбидол нь коронавирусний эсрэг идэвхтэй үйлчилсэн байна.
“PF-07321332” - ОНЫ СҮҮЛЧЭЭР ХУДАЛДААНД ГАРНА
АНУ-ын “Pfizer” эмийн компани коронавирусний эм гарган авч, хүн дээр туршиж эхэлжээ. Тус компани эмээ коронавирусний анхны шинж тэмдгүүд илрэх үед хэрэглэхэд үр дүнтэй гэж тодотгосон. “PF-07321332” гэж нэрлэсэн уг эмийг халдварын эхний үе шатанд өвчлөл хүндрэхээс сэргийлж хэрэглэж болох аж. Эм хүний биед ормогцоо вирусний ферментүүдэд очиж, хүний эсэд үржихийг нь зогсоох гэнэ.
“Pfizer” компанийн ахлах шинжээч Микаэл Долстен ярихдаа “COVID-19 цар тахалтай тэмцэхэд зөвхөн вакцинаар урьдчилан сэргийлэхээс гадна халдвар авсан хүмүүсийг эмчлэх шаардлагатай байна” гэжээ.
“Pfizer” компани мөн дээрх эмээ “Ковидын халдвар авсан хүмүүс хүндрэхээсээ өмнө эмийн сангаас авч, гэртээ ууж болно. Эм оны сүүлчээр бэлэн болж, худалдаанд гарна. “PF-07321332” эмийг ууснаар хүмүүс халдварын эхэн үед өөрийгөө эмчлэх боломжтой” гэж тодорхойлжээ.
Шинэ эм халдварын тархалтыг бууруулж, хүмүүс цаг алдалгүй өөрсдийгөө эмчлэхэд туслах аж.
Сэтгэгдэл ( 1 )
Монголд аль эиийг нь хэрэглэдэг юм бэ?