КОВИД ТОЙМ: Эрчимт эмчилгээний ХҮНИЙ НӨӨЦГҮЙ болох эрсдэл ойртжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Эрчимт эмчилгээний аппарат одоогоор хүрэлцээтэй байгаа ч тэдгээрийг ажиллуулах ХҮНИЙ НӨӨЦГҮЙ болох эрсдэл ойрхон иржээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барж, нас баралт 37 болсон нь нөхцөл байдал хүндэрснийг илтгэж байна. 

Халдвараар нас барсан зургаан хүний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй байв. Тэдний нэг нь Сүхбаатар аймагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 1020, орон нутагт 84, нийт 1107 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол энэ цаг мөчид 19672 хүрээд байна. 

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож, хэд хэдэн анхаарал татсан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдлээ. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Эмнэлгүүдэд ор дэлгэх ажлыг ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ч хүний нөөцийн хувьд хүнд байдал үүсэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөцийн хомсдолд орж байна. 

Эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний орны тооноос 2-3 дахин олон амьсгалын аппарат бэлтгэсэн байгаа. Монгол Улсын хэмжээнд уушги орлуулах гурван эсмо аппараттай болж нэмэгдсэн. Өмнө нь уушги орлуулагч энэхүү аппарат Улсын нэгдүгээр эмнэлэг дээр нэг байсан. Сүүлд нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр ирэх аппаратыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулна. Одоогоор эрчимт эмчилгээнд орсон хүмүүс тоног төхөөрөмж дутагдах, хүний нөөц хомсдох зэргээс үүдэн эмнэлгийн тусламж авч чадахгүй хүнд нөхцөл байдалд хараахан очоогүй байгаа ч энэ хэвээр үргэлжилбэл аппаратаа ажиллуулах эрчимт эмчилгээний эмчийн дутагдалтай, хүний нөөцгүй болох хүнд үе ойрхон байна. Эмч нар халдвар авч байна. эсвэл халдвартай хүни эмчилсэн, тухайн орчинд ажилласан эмч нар журмын дагуу тусгаарлалтад орж байна. Энэ бүхэн нь эргээд ажиллах хүчний хомсдолд оруулах хүнд нөхцөл байдал руу ойртуулж байна" гэлээ.

Хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгджээ

Түүнчлэн "Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд, хүндэрч эмнэлэг рүү явж байгаа хүмүүс байгаа. Ковидын аюултай шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлгээс нь мэдэгдээд, тухайн хүнийг эмнэлэг рүү шууд шилжүүлж байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэлийн тоо нэмэгдэж, энэ нь нас баралтыг өсгөх вий гэсэн болгоомжлол байгаа" гэдгийг анхаарууллаа. 

Нэг хүн ковидоор өвдөхгүй байх нь эргэн тойрны гурван хүнийг өвчлөлөөс хамгаална гэсэн судалгааны дүн бий.

Иймд иргэд та бүхэн аль болох айлаар явахгүй байж, хүн хоорондын зай барих, бүгчим газар удахгүй байх, олон хүнтэй газраар явахгүй байх дүрмийг баримтлаарай.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Биеийн байдлын хувьд,
 

  • Хөнгөн - 2048
  • Хүндэвтэр - 723
  • Хүнд - 201
  • Маш хүнд - 53 өвчтөн байна. 

 

Top