Г.Занданшатар: Азийн хөгжлийн загвараас нутагшуулах нь зүйтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын Улсын хөгжлийн загвар" сэдвээрх  хэлэлцүүлэг УИХ-ын дарга Г.Занданшатарын “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачлагын хүрээнд зохион байгуулагдлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засаг, нийгэм, улстөрийн бүхий л хүрээнд шинэчлэл  эхэлж байна. Өнгөрсөн 30 жилийн  нийгэм, эдийн засгийн хөгжлийн алдаа, оноог хэлэлцэн  Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх агуулга бүхий заалтыг шинээр оруулсан. Мөн өнгөрсөн 30 жилийн хөгжлийг  дэнслэх, цаашдын бодлогыг хэрхэн боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж ажиллаж байна.

Энэхүү эрдэмтэн,судлаачдын судалгаанд үндэслэн  Японы экспортын чиг баримжаатай эдийн засгийн бодлого буюу тухайн үедээ дэлхийн эдийн засгийн гайхамшиг гэж  нэрлэгдэж байсан зүүн азийн хөгжлийн шилдэг загвараас суралцаж туршлагыг нь  Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулах нь зүйтэй  гэж үзсэн. Тиймээс  хөгжлийн бодлогыг хэрхэн шинэчлэн тодорхойлох, загвар тогтолцоо нь ямар байх, “Япон  лугаа хөгжье”  хэмээн эрмэлзэлийг  үр дүнтэй болгоход энэхүү цахим хэлэлцүүлгийг зорилго оршиж байна гэв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, “Алсын хараа -2050” зорилгын хүрээнд эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын реформыг хэрэгжүүлэх үндэслэл, бодлого, арга зам, үр дүнгийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт илтгэл тавилаа.

Монгол Улсын хөгжлийн бодлого өнгөрсөн 30 жилд неолиберализмын оргил үе байсан учраас хуучинсаг неолиберал холимог хөгжлийн бодлогоор алдаа дутагдал гаргасан байна. Тухайлбал, мал аж ахуйн нэгдлийг тараасан, банк санхүүгийн чөлөөт тогтолцоог дэмжихдээ хадгаламж зээлийн хүүг өндөр тогтоосон, ДХБ-д элсэж гадаад, дотоод худалдааг бүрэн чөлөөлсөн, улсын төсвийн орлого нь либерал, зарлага нь социалист гэх зэрэг эдийн засгийн хөгжлийн бодлогыг  гажуудуулсан гэж үзжээ.  Иймээс дэлхийн хөгжлийн загваруудыг судлан Азийн хөгжлийн загварт нийцүүлэн Монгол Улс хөгжлийн бодлогоо тодорхойлох цогц шийдлийг тэрбээр гаргасан байна.

 Япон, Солонгос, Сингапур, Тайвань,Вьетнам зэрэг улсууд сайн засаглалтай, үндэсний хөгжлийн стратеги бодлого, төлөвлөлт урт хугацаатай, тогтвортой, төрийн алба мэргэшсэн,  улстөрийн зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэдэг, шат дараатай хэрэгжүүлэх механизм, тогтолцоог бүрдүүлсэн учраас өнөөдрийн хөгжилд хүрчээ.

Тэр дундаа Япон Улс эдийн засгийн хөгжлийн эхний шатандаа зах зээл хөгжөөгүй, хувийн сектор төлөвшөөгүй үедээ төрийн оролцоотой хөгжлийн суурийг бүрдүүлсэн байна. Эдийн засгийн 5 жилийн төлөвлөгөө болон санхүүжилтийн  тогтолцоогоо уялдаа холбоотой тодорхойлж чадсан ажээ.  Тус улсын хөгжлийн загварыг энэ мэтчилэн судалж, Монгол Улс богино хугацаанд  яаж, хэрхэн сэргэж хөгжих вэ гэсэн шийдлийг гаргажээ.

Нэн тэргүүнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг оновчтой тодорхойлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, боловсролын салбарт шинэчлэл хийх ажээ. Үүний тулд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институцтай болох, санхүүжилт, санхүүгийн байгууллагын хараат бус мэргэжлийн засаглалыг бүрдүүлэх алхмыг хэрэгжүүлэх юм байна.

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын хөгжлийн шинэчлэлийн бодлогыг Японы боловсролын тогтолцооны туршлагад хэрхэн уялдуулан суралцах талаар илтгэлдээ онцоллоо.

Өнөөгийн манай нийгмийн ажилгүйдэл, ядуурал зэрэг сөрөг үзэгдлүүдийн эхлэл бол боловсролын тэгш бус, хүртээмжгүй байдал буюу тогтолцоондоо байна.

Бид эдүгээ насан туршийн боловсролын талаар онцлон ярих ёстой. Цар тахлын улмаас хүний амьдралд цоо шинэ өөрчлөлт, санаанд оромгүй үйл явдлууд биднийг сорьж байна. Энэ өөрчлөлтөд дасан зохицож амьдрах нь насан туршийн боловсролын нэг том шалгуур мөн. 2030 он гэхэд өнөөдрийн ажил мэргэжлийн 30 хувийг робот гүйцэтгэж хүний үүрэг бага болно гэж тооцоолж байна.  Ирээдүйн боловсролын эрэлт хэрэгцээнд тохируулан суралцахын тулд бусдын туршлагыг авах ёстой. Япон Улсын боловсролын тогтолцооноос авч болох олон туршлага байна. Үүний нэг нь коосэн сургалтын хөтөлбөр байна. Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөрөөр мэргэжлийн боловсролыг маш өндөр төвшинд олгодог. Мөн Японы их, дээд сургуулиуд нээлттэй хөтөлбөр байнга зарладаг. Энэ нь хүн бүр насан туршдаа суралцахад том боломжийг нээж нэг хүн 2-3 мэргэжил эзэмшиж байна. Улс орны хөгжлийн эх үндэс бол боловсрол. Боловсролын тогтолцоог зөв удирдаж хөгжилд хүрсэн Япон Улсын туршлагаас суралцах нь зүйтэй хэмээн БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлэв.

Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико “Японы орчин үеийн шинэчлэлтийн талаар 7 бүлэг цуврал танилцуулгын тухай сэдвээр ярьсан. Тэрбээр хүн төвтэй эдийн засгийн менежмэнтийг Япон улс хэрэгжүүлж, боловсролын тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулахад анхаарсан нь хөгжлийн нэгэн ололт гээд япон хүний итгэл үнэмшил, үнэнч байдал бол хамгийн нэн тэргүүний үнэлгээ юм. Япон хүн нэг ажилд орсон бол тэтгэвэрт гартлаа буюу 65 нас хүртлээ ажиллах ойлголт бол   биеэ дайчлан чин сэтгэлээсээ ажиллахад том түлхэц болдог юм. Ер нь бол хүн төвтэй хөгжлийн бодлого Япон Улсын хөгжлийн эх сурвалж. Японы орчин үеийн шинэчлэлийн талаар 7 цувралыг тус бүрт нь танилцуулж хамтран ажиллах хүсэлтээ Тамүро Эрико илэрхийлсэн.

Мөн тус төлөөлөгчийн газрын Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга Үндэсний хөгжлийн стратеги-Японы туршлага болон Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн талаар танилцууллаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн чиглэсэн чухал асуудал бол боловсролын тогтолцоог шинэчлэхэдээ япон хүний ёс зүйтэй, хариуцлагатай байх чанарыг бага наснаас нь төлөвшүүлэхийн ач холбогдлыг талаар   ярилцсан юм.

Олон улс судлалын хүрээнлэнгийн академийн ахлах мэргэжилтэн доктор Б.Сэржав Японы сурагчдад ёс зүйн боловсрол олгох туршлагын талаар танилцуулсан юм. Японы сурагчид ёс зүйн хичээлийг 1 ангиасаа 4 багц сэдвийн хүрээнд судалдаг ажээ. 1-2 ангидаа өөрөөс хамаарах хувь хүн болж төлөвшихөд анхаардаг байна. Өөрөөр хэлбэл, өөрийн эрүүл мэндээ хамгаалах, эд зүйлдээ ариг гамтай байх, сайн мууг ялгаж сурах гэхчлэн зүйлд суралцдаг бол цаашид бусадтай хэрхэн харилцах, байгаль дэлхийгээ хайрлах, нийгэм хамт олондоо нэр хүндтэй байх, хүндлэх зэрэгт шат дараатай суралцдаг ажээ. Доктор Б.Сэржав хэлэхдээ Японы ёс зүйн хичээлийн эдгээр сэдэвийн хүрээнд тогтвортой, цогц байдлаар монгол хүүхдийн сургалтад нэвтрүүлэх үр дүнгээ өгнө хэмээн онцоллоо.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах япон хэв шинжийн сургуулийг Монголд нэвтрүүлсэн туршлагаа илтгэлдээ тусгажээ.  Мөн Оюунтүлхүүр сангийн тэргүүн Д.Оюунтүлхүүр бага, дунд, ахлах боловсролоос эхлээд ажилд ороход япон хүүхдүүд ямар чадвар эзэмшиж, ямар шалгуурыг давдаг талаар танилцуулсан юм.

УИХ-ын даргын зөвлөх Д.Цогзолмаа хэлэлцүүлгийг амжилттай болсонд талархаад цаашид  Японы орчин үеийн шинэчлэлтийн талаар 7 бүлэг цуврал танилцуулгын тухай тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж, Япон лугаа хөгжих хүсэл эрмэлзлэлийг үр дүнтэй болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top