Ковид- 19 дэлхийн боловсролын салбарт сорилт тулгаж байна. Цар тахлаас үүдэн улс орнуудын боловсролын салбарт тэгш бус байдал, хичээлийн хоцрогдол үүсээд байгаа. Ийм үед зайн сургалтын чанарыг хэрхэн дээшлүүлэх талаар математикч, программист Н.Батжаргалтай ярилцлаа.
-Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би “Улаанбаатарын их сургууль”-ийг 2004 онд төгсөөд сургуульдаа багшилсан. 2007 онд Италийн зайн сургалтын тэтгэлэгтэй хөтөлбөрт шалгалт өгч тэнцсэн юм. Тэнд "Elearning Knowledge management" чиглэлээр суралцсан. Товчхон хэлэхэд зайн сургалтыг хэрхэн явуулах, яаж түгээх чиглэлээр сурсан. Тэр үедээ зайн сургалтын талаар нэлээн судалгаа хийсэн л дээ.
Зайн сургалт бол зардал хямд, сурах хурдаа өөрөө удирдаж болдог, хэзээ ч, хаанаас ч суралцах боломжтой, хичээлийн агуулгыг хурдан шинэчлэх боломжтой, тухайн сэдвийг сайтар ойлгуулах чадалтай гээд олон давуу талтай. Тийм ч учраас Ковидын үед дэлхийн боловсролын салбарын гол тулгуур болж байна.
-Тухайн үед манайхан зайн сургалтын тухай ойлголт багатай байсан. Сургууль завсардсан хүүхдүүдийг сургадаг гарын авлага, радио хичээл төдийгөөр ойлгодог байлаа. Түүнтэй харьцуулахад одоо Монголын сургуулиуд цахимаар болон телевизээр хичээл орж байна. Энэ сургалтын чанарт хамгийн их нөлөөлдөг зүйл юу вэ?
-Италийн “Мачерата” их сургуулийн профессор Пьер Жузеппе Росси зайн сургалтын загварыг боловсруулсан байдаг юм. Зайн сургалт явуулахад хамгийн чухал нь суралцагчийн сурах орчныг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэрхүү сурах орчинг үндсэн гурван хэсэгт хуваадаг.
1. Багшаар удирдуулах орчин
2. Бүлгээр сурах орчин
3. Бие даан сурах орчин.
Эдгээр гурван орчин бүгд өөр өөрсдийн хэрэгслүүдтэй, тус тусдаа модультай. Энэ гурван орчин бүрдэж байж, зайн сургалт үр дүнтэй болдог. Яг энэ өнцгөөс үзвэл бид зайн сургалтын загвар, вэбэд суурилсан сургах материал, сургалтын системийн бүтэц, түүний онцлог, сургалтыг хөгжүүлэх боломж, арга зам, сургалтын стандарт зэрэг асуудлуудыг судлах шаардлагатай байна. Тэгэхгүйгээр хэдэн видео хичээл, унших дасгал, тест оруулаад зайн сургалттай гэж ярьж байгаа их, дээд сургууль болон бусад сургалтын байгууллагууд цөөнгүй байна.
-Зайн сургалтын үндсэн гурван орчны талаар арай дэлгэрүүлэхгүй юу...
-Багшаар удирдуулах орчин гэдэг бол багш нь лайв хичээл заадаг, сургалтын явцыг хянадаг, үнэлж шалгадаг, багшаасаа мэдэхгүй зүйлээ асуудаг... гэх мэт модулиуд багтсан орчныг хэлж байгаа. Бүлгээр сурах орчин бол хүүхдүүд нэвтэрч орлоо ангийн хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцдаг, чаталдаг, мэдэхгүй зүйлээ нэгнээсээ асууж, бусадтайгаа мэдээлэл солилцож, мэдлэг олж авахыг хэлдэг.
Бие даан сурах орчин гэдэг бол танд онлайн цүнх үүсгэж өгнө гэсэн үг. Та түүндээ суралцахад хэрэгтэй материалуудаа цуглуулна. Хүссэн үедээ цүнхнээсээ маш хялбарханаар цуглуулсан материалуудаа харна. Жишээ нь: та youtube дээрээ нэг хэрэгтэй видео хичээл оллоо гэж бодьё. Цүнхэндээ хийснээр та дараа заавал youtube-рүү орох шаардлагагүй үзнэ гэсэн үг. Суралцагчдын хяналтын хувьд хүүхдүүдийг бүрэн хянах боломжтой байдаг. Энэ хүүхэд хэзээ нэвтэрч орсон байна, хэзээ гарсан, юу юу үзсэн, юуг сурсныг үнэлж дүгнэдэг. Мөн цаашлаад хүүхэд өөрөө бие даан сурах чадамжтай юу, бусдаар заалгаж сурдаг уу гэх мэт суралцахуйн хэв шинжийг нь тодорхойлох боломжтой.
-Хөндлөнгөөс харахад Монголд явж байгаа зайн сургалтад хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна?
-Стандарт. Манай хүү 50 дугаар сургуульд явдаг юм. Тэднийх онлайн сургалтын систем нэвтрүүлсэн. Тийшээ нь хүүхэд нэвтэрч ороод хичээлээ олоход төвөгтэй, сургалтын модулиуд дутуу дулимаг болхи систем байна лээ. Бага ангийн хүүхдүүдийн хичээл нь том хүнд зааж байгаа юм шиг хэдэн текст байх жишээний. Суралцагчдадаа ойлгомжгүй, дээр нь маш замбараагүй. Ер нь энэ бол ганц сургууль дээр биш бүх сургууль дээр нийтлэг ажиглагдаж байгаа үзэгдэл.
Уг нь зайн сургалт өөрийн стандарттай. SCORM, CMI5 гээд стандартууд бий. Тэр стандартаар хичээлээ бэлдэж, системдээ оруулж байж, системтэйгээ уян хатан зохицож, үнэлгээ, хяналт нь явдаг. Видео хичээл үзсэн ч текстэн мэдээлэл үзсэн ч систем шууд автоматаар үнэлж дүгнэж байх ёстой. Бага ангийн хүүхдүүдэд бол энэ хичээлээ үзэж байж, дараагийн хичээл нь гарч ирнэ гэдэг ч юм уу хүссэнээрээ л хийх боломжтой. Дээр нь өнөөдөр манай зайн сургалтаар зааж байгаа теле болон цахим хичээлүүд үр дүн маш бага, олон багшийн цаг зав, хөдөлмөрийг үрсэн ажил болж байна.
-Сургалтыг цахим хэлбэрт шилжүүлснээс хойш багш нар хичээлээ Googlemeet, Zoom-ээр орж, даалгавар шидчихээд, түүнийгээ эргэж дүгнэх маягтай явж байгаа. Сургалтын энэ хэлбэрийг яаж баяжуулж болох вэ?
-Олон төрлийн сонирхолтой элементүүдийг ашиглаж, сургалт явуулж болно шүү дээ. Видео, аудио, зураг, тест, асуулт хариулт, чат... зэрэг нь суралцагчдад их таалагдахаас гадна амжилттай сурахад нь дөхөмтэй. Хичээлийн үйл явц, өрнөлөө мэдлэгийг харилцан хуваалцах, хамтран ажиллах байдлаар зохион байгуулбал сургалт ч үр дүнтэй, суралцагчид, багш нар хамтраад мэдлэгийг бүтээх давуу талтай.
Танхимын хичээлийн дутагдалтай тал нь нэг хүүхэд үймүүлэх ч юм уу, эсвэл янз бүрийн шалтгаанаас багшийн өгсөн мэдээлэл 100 хувь хүрч чаддаггүй. Тэгвэл зайн сургалт ухраагаад, урагшлуулаад, нөхөөд, давтаад... сурахад бүрэн боломжтой.
-Теле хичээлийн тухайд юу хэлмээр байна?
-Теле хичээл бол зайн сургалтын өчүүхэн хэсэг. Ямар ч үнэлэлт дүгнэлт байхгүй, хэдэн хүн үзэж байгаа, хэн сайн үзсэн, муу үзсэн, ямар мэдлэг эзэмшсэнийг дүгнэх боломжгүй. Нэг талын л мэдээллийн урсгал.
-Таны бодлоор зайн сургалтыг үр дүнтэй, чанартай явуулахын тулд бид яах ёстой вэ?
-Сургууль болгон л “зайн сургалтын системтэй боллоо” гээд өөрийн хэв загвараар юм гаргаад байна. Түүний оронд Монголын ерөнхий боловсролын салбар зайн сургалтын нэгдсэн системтэй болмоор байна. Дотроо Бага анги, Дунд анги, Ахлах анги гэсэн үндсэн гурван бүлэгтэй. Нэгдсэн сургалтын системтэй болж байж ирээдүйн биг датагаа үүсгэх боломжтой. Ерөнхий боловсролын салбарт үндэсний цөм хөтөлбөр нь байна. Хичээлийн сэдэв, агуулга нь тодорхой байна. Тиймээс Монголын шилдэг бүх багш нараараа бүх ангийн хичээлийг заалгаад нэгдсэн нэг систем рүү оруулаад, контентоо бэлдчихэд л болно. Монголын бүх ЕБС-ийн хүүхдүүд тэр хичээлийг үзнэ. Нэг л системд нэвтрэхэд сургууль сургуулиараа байна, хүүхдүүд анги анги руугаа л орно. Тэгэхгүй бол багш нараа зовоогоод, баахан цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдсан хэвээр л байна.
Сая Ковидын үед дунд сургуулийн багш нарыг их л зовоох шиг боллоо. Бэлэн систем байсан бол хэчнээн амар байв. Систем нь автоматаар шалгалтаа аваад, дүгнээд мөн аль аль хичээлийг үзэж байна, үзээгүй байна гэдгийг нь бүрэн хянаад явах байлаа. Сургалт маань ч үр дүнтэй байх байсан.
Ноднин Ковид гараад, хөл хорио тогтооход, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ийм систем хийх байх гэж хүлээж байсан. Гэтэл бүтэн жил өнгөрөхөд хийсэнгүй. Бүр анхаарах ч үгүй байгаад эцэг хүний хувьд жаахан бухимдангуй байна л даа. Манайх дунд сургуулийн сурагч гурван хүүхэдтэй.
-Нэгдсэн системтэй болохын давуу тал юу байна гэж харж байна?
-Хэрвээ зайн сургалтын нэгдсэн системтэй болчихвол манай ерөнхий боловсролын сургалтын стандарт түвшин хот, хөдөөд жигдрээд ирнэ. Улаанбаатарын шилдэг сургуулийн багш хөдөөгийн бөглүү сумын хүүхдүүдэд хичээл заана гэсэн үг шүү дээ. Тэгвэл багш нар ерөнхий системээсээ давхар сураад явна, мэдлэгээ дээшлүүлнэ. Ялангуяа багш дутагдалтай хөдөө орон нутагт энэ их хэрэгтэй. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Хүссэн хүсээгүй Ковидоос болж дэлхийн боловсролын салбарт тэгш бус байдал, хоцрогдол үүсэж байна. Энэ хоцрогдлыг нөхөхөд ч дэмтэй.
-Хэрвээ ийм систем хийнэ гэвэл хэдий хугацаа орох бол?
-Дэлхийн стандартад таарсан, нээлттэй эх бүхүй бэлэн системийг хөгжүүлээд хийнэ гэвэл хоёр сарын дотор бүрэн хийчих боломжтой. Үндэсний өөрийн гэсэн системтэй болно гэвэл дор хаяж нэг жил орно. Хамгийн гол нь контент бэлдэхэд хугацаа орно.
-Өнөөдөр Монголын шилдэг багш нар телевизээр хичээл зааж байгаа. Дор бүрнээ чадлаараа л презентэшн бэлдээд зааж байгаа. Энэ хичээл дээр түшиглээд систем хийчихэж болохгүй юу?
-Зайн сургалтын контентийг зүгээр нэг Word дээр эх шивээд бэлддэггүй. Тусгай программ дээр стандартын дагуу бэлдэж, зайн сургалтынхаа систем рүүгээ оруулдаг.
Дээхнэ үед ганц видео явуулахад л их уддаг, маш төвөгтэй байсан. Сүүлийн үед интернэт хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч, интернэтийн хурд сайжирсан. Тиймээс хүссэнээрээ видео контент, янз бүрийн анимейшн тавих боломжтой болсон.
-Тэгвэл үндсэн багш нар юу хийх билээ?
-Багш лайв хичээл хийх юм уу, шилдэг багшийн заасан хичээлийн талаар суралцагчидтайгаа ярилцаж, ойлгоогүй зүйлийг нь тодруулж, эсвэл хүүхдүүдээ хянах, чиглүүлэх үүрэг л гүйцэтгэнэ. Нэг үгээр багш их чөлөөтэй болж, хичээлээ хянаад, хүүхдүүдээ, хөгжүүлэх, чиглүүлэхэд анхаарлаа тавиад явна. Манай боловсролын салбарт өөрчлөлт хийж, сургалтын чанарыг нэг түвшинд аваачих боломжтой. Ер нь Ковид дууссан ч зайн сургалт манайд хэрэгтэй.
-Хэрвээ хамгийн шилдэг багш нараар бүх сэдвийг заалгаж бэлдлээ гэхэд сургууль, багш нар эсэргүүцэх байх даа. Яагаад гэвэл сургууль бүрд сайн багш байдаг. Багш бүхэн хичээлээ сайн зааж байгаа гэж боддог...
-Энэ дээр чөлөөт сонголт, янз бүрийн хувилбар байж болно шүү дээ. Нэгдсэн системд тухайн хичээлээр Монголдоо хамгийн шилдэг 2- 5 багшийн хичээлийг сонголттойгоор оруулж болно. Тэгвэл хүүхдүүд багшаа сонгоод үзнэ. Бас тухайн сургууль өөрийнхөө шилдэг багш нараараа заалгаж болно.
-Янз бүрийн шалтгаанаар хүүхдүүдийн маань багагүй хэсэг хоцорчихлоо. Тэднийг хавтгайруулан үнэлээд анги дэвшүүлэх нь тодорхой боллоо. Таны бодлоор зайн сургалтын системийг ашиглаж хоцрогдлоо яаж нөхөх боломтой вэ?
-Хоцрогдсон хүүхдүүдийг өмнөх ангийн хөтөлбөрт давхар бүртгэх, хоцрогдлын анги үүсгэх гээд программ хангамжийн хувьд яаж л бол яаж зохицуулах боломжтой. Эсрэгээрээ өндөр чадамжтай хүүхдүүд тухайн ангийн хичээлээ хагас жилдээ үзээд дуусгалаа гэж бодоход шалгалтаа өгөөд, багш нар нь үнэлэлт дүгнэлтээ өгөх тохиргоог ч хийж болно. Үнэхээр боломжтой бол анги дэвшилтийн анги үүсгэж болно шүү дээ.
Танхимын хичээл орсон ч гэсэн зайн сургалтын систем давхар байх л хэрэгтэй. Яагаад гэхээр төрөл бүрийн шалтгаанаар хүүхэд хичээлдээ явахгүй байх тохиолдол гардаг. Тэр үед систем рүүгээ ороод хичээлээ нөхөөд үзчихнэ. Үнэхээр сурах хурд сайтай хүүхэд байвал хичээлээ түрүүлж үзчихээд танхимын хичээл дээрээ бататгаад явж болно. Ийм системийг хийснээр хүүхдүүдийн сурлага сайжрах нь мэдээж.
-Та зайн сургалтын системүүдээс дурдахгүй юу?
-Efront гээд жижигхэн систем байна. Тухайн үед би суулгаад янз бүрийн юм хийгээд явдаг байсан. Одоо үнэтэй болсон байна лээ. Moodle гээд зайн сургалтын систем хэдэн сая хэрэглэгчтэй явж байна. Бас Mahara гээд eportfio байна. Эдгээрийг харахад зайн сургалт бол асар их хөгжиж байгаа нь илт харагдаж байна. Jitsi гээд хэрэглэхэд маш хялбар, бүртгүүлэхэд ч шаардлагагүй видео хурлын систем байна. Тэрийг Монголдоо нэг дата төв дээр ганц жижиг сервер тавиад л ажиллуулахад хүүхдүүд өдөржин шөнөжин ярьсан ч боломжтой. Big blue button гээд онлайн самбар байна. Яг лайв хичээлээ заачихна. Презентэшнээ тавьчихна, маузаараа самбар дээр юм зурж байгаа юм шиг хичээлээ заах боломжтой. Нээлттэй эх болохоор дурын өөрсдийнхөө сервер дээр үнэгүй, суулгаад ашиглах боломжтой. Эдгээр системүүд нь бүгд хоорондоо уялдаатай ажилладаг. Магадгүй Moodle гээд нэг систем суулгаад зайн сургалт явуулна гэдэг бол худлаа.
-Тэгэхдээ сүлжээ байхгүй газруудад яаж сургалт явах юм бэ гэсэн яриа шүүмжлэл их гарч байгаа шүү дээ...
-Сүлжээ байхгүй гэдэгт санаа зовох хэрэггүй. Тэр бол цаг хугацааны л асуудал. Даяарчлагдаж, мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед сүлжээний асуудал шийдэгдэж л таараа.
-Ярилцлагынхаа төгсгөлд сонирхоход та онлайн сургалтаа дуусгаад боловсролын ямар зэрэг авсан бэ?
- Би уг нь докторантурт суусан юм. Харамсалтай нь төгсөж чадаагүй. Уг нь сурсан мэдсэнээ Монголдоо нэвтрүүлчихье гээд Замын хөдөлгөөний дүрмийн хүрээлэнтэй яриад онлайн сургалтын программ бичээд явж байсан юм. Ажил маань нэлээн ахицтай явж байтал хамтарч ажиллаж байсан хүрээлэнгийнхэн маань “Бид дүрмийн хичээлээ цахим болгочихоор ном, CD маань зарагдахаа больчих юм байна” гээд татгалзаад больсон. Тэгээд миний диссертацаа хамгаалах ажил замхарсан даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )