Хямралын үед хэрэглээ буурч, хуримтлал нэмэгддэг Ж.М.Кейнсийн тайлбар манайд хүртэл хүчинтэйг үзүүлэлтүүд харуулж буйг эдийн засагч Д.Ган-Очир “Ковид-19: Иргэдийн хэрэглээ, хуримтлалын зан төлөвт гарч буй өөрчлөлт” сэдэвт бичвэртээ өгүүлсэн байсан.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан сүүлийн мэдээллийг харахад 2020 оны гуравдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртлэх буюу ковидтой жилийн хугацаанд Монголчуудын ХУРИМТЛАЛ өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал,
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 25 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөг буюу 22.4 хувиар өсжээ. Ингэж өсөхөд:
Төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 47.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 88.6 хувь буюу 12.5 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 11.4 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Сануулахад, The Economist сэтгүүлийн 2021 оны гуравдугаар сарын хоёр дахь дугаарт гарсан “3 их наяд ам.долларын асуулт” нэртэй нийтлэлд хөгжингүй орнууд дахь, ялангуяа Америк дахь иргэдийн хуримтлал КОВИД-19 цар тахлын хугацаанд илт өссөнийг онцолсон байсан. 3 их наяд ам.долларын буюу эдгээр улсуудын нийт хэрэглээний 10 хувьтай тэнцэх хэмжээний “илүүдэл хуримтлал (цар тахал байхгүй үеийнхээс нэмэгдсэн хэмжээ)” бий болжээ. Тухайлбал, Канадад ДНБ-ий 7 хувь, АНУ-д 6.2 хувь, Их Британи, Австралид 5 хувийн “илүүдэл хуримтлал” 2020 оны эхний 3 улиралд бий болжээ.
АНУ-ын хувьд Үндэсний онц байдал зарласнаас хойш орлогын хувьд ялгаатай бүх бүлгүүдийн харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр хувиар өсчээ. Жишээ нь, хамгийн бага орлоготой 25 хувийн медиан дээрх өрхийн дансан дахь үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 90 гаруй хувь өссөн бол хамгийн баян 25 хувийн үлдэгдэл 30 гаруй хувиар өсчээ.
Тэгвэл манай Монгол Улсын тухайд банкны салбарын нийт хадгаламж энэ оны хоёрдугаар сарын байдлаар 25 хувиар, М2 мөнгө 20 орчим хувиар өссөн хэдий ч, 2020 онд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 5 хувиар, иргэдийн зээл 7.9 хувиар, хувийн байгууллагын зээл 6.6 хувиар агшсан нь банкны салбараар дамжих санхүүгийн “гацаанд” орсныг илтгэж буйг эдийн засагч Д.Ган-Очир бичсэн байсан.
Хямралын үед Ж.М.Кейнсийн тайлбар, онол ёсоор бол хувийн секторын хуримтлалыг төр зээлдэж, эдийн засгийг дэмжих төсөл арга хэмжээндээ зарцуулах ёстой. Тэгвэл манай Монгол Улсын тухайд банкууд эдийн засгийн тодорхой бус байдлаас болгоомжлон, саяхныг хүртэл эх үүсвэрээ Төв банкны үнэт цаасанд байршуулахыг илүүд үзэж байсныг та бид мэднэ.
Харин гуравдугаар сарын дундаас банкууд төрийн нөлөөлөл, бодлогын дагуу, хүүгийн зөрүүг татаас хэлбэрээр авах нөхцөлтэйгөөр зээл гаргаж буй нь Ж.М.Кейнсийн онол хямралын үед Монголд хэрэгжиж байна уу гэж харахад хүргэж буй юм.
Сэтгэгдэл ( 2 )
эрх мэдэлтэнүүд нь зээлийг хуу хамж хадгаламжиндаа хийгээ биз. Аж ахуйн нэгжүүд банкны шалгуурыг дааж авна гэдэг үлгэр хойно
Өссөн юм алга л байна даг. Харин ч буурсан байх!