Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан хөтөлбөрүүдийн нь талаар цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулиас хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар тус сургуулийн захирал, хурандаа Б.Нямгомбоос тодрууллаа.
-Энэ жил ДХИС нь бакалаврын 14 хөтөлбөрт элсэгчдээ бүртгэж эхэлсэн. Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиасхэдэн хөтөлбөрт бүртгэж байгаа вэ?
-2020-2021 оны хичээлийн жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн захиалгын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” гэсэн гурван хөтөлбөрт бүртгэж байна. Элсэлт зарласан гурван хөтөлбөрт 170 см өндөртэй эрэгтэй, 166 см өндөртэй эмэгтэй нийт 75 элсэгчийг сонгон шалгаруулж авч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөрт элсүүлнэ.
Энэхүү гурван хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийн суурь шалгалт болох нийгмийн тухай мэдлэг шалгалтын босго оноо 500 болон түүнээс дээш, хавсарга шалгалтыг тооцохдоо элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдээс хамгийн өндөр оноо авсан нэг хичээлийг сонгоно. Сонгосон хичээлийн босго оноо 480 байх бөгөөд хоёр хичээлийн шалгалтын онооны нийлбэрээр эрэмбэлж бүртгэнэ.
-2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд элсэн суралцахаар бүртгүүлж байгаа иргэддээ анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгнө үү?
-Нэн тэргүүнд сонгосон хөтөлбөрөө сонгон цахимд бүртгүүлэхдээ хөтөлбөрүүдийн нэршлийг сайн анзаарах хэрэгтэй. Учир нь нэг л хөтөлбөрийг сонгон бүртгүүлэх эрхтэй, буруу бүртгүүлбэл солих боломжгүй. Мөн 1000-1500 үгтэй эсээг бичих бөгөөд эсээгээр таны тухайн хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан, цаашдын хүсэл, мөрөөдөл зэрэг олон зүйлийг харуулах чухал үзүүлэлт тул бусдаар бичүүлэх, хуулбарлах зэргээс татгалзах хэрэгтэй.
Тэнцээгүй элсэгчдээс хамгийн их асуудаг асуулт бол “Би 500 оноо авсан байхад яагаад надад тэнцсэн хариу ирэхгүй байна” гэдэг. Босго оноонд хүрсэн элсэгч болгон тэнцэхгүй. Тухайн хөтөлбөрийг сонгон бүртгүүлсэн бүх элсэгчдийн шалгалтын оноог элсэлтийн шалгалтын комисс Боловсролын үнэлгээний төвийн цахим программаас татан авч, суурь болон хавсарга шалгалтын онооны нийлбэрийг ихээс бага руу эрэмбэлэн жагсаана. Ингээд хамгийн өндөр оноо авсан элсэгчдийг хяналтын тоог 40 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр тасалж, дараагийн шалгалтад орох эрх олгодог.
Нөгөө талаар элсэлтийн шалгалтад хамгийн өндөр авч нэгдүгээрт жагссан ч дараа дараагийн шатлалын эрүүл мэндийн үзлэг, бие бялдар, сэтгэл зүйн сорил, цэргийн хэргийн бэлтгэл гэх мэт шалгалтуудад тэнцэхгүй байх тохиолдол их гардаг. Дотоод хэргийн их сургуулийн хувьд элсэлт нэмэлт шалгалт авдгаараа бусад их, дээд сургуулиудаас онцлогтой. Хяналтын тоог 40 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр элсэгчдийг бүртгэдгийн учир нь энэ шалгалтуудын явцад хасагддаг тул энэ эрсдэлийг тооцоолж тогтоосон хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сонирхож буй хүүхдүүд эртнээс хувийн бэлтгэлдээ анхаарах хэрэгтэй гэж л зөвлөмөөр байна. Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn хаягаар орж, 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн журмын 3, 4 дүгээр хэсгээс илүү дэлгэрэнгүй харж болно.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хөтөлбөрүүдийг сонгосны давуу тал юу вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь 1982 онд Цэргийн дээд сургууль байх үеэс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 40-өөд жилийн хугацаанд өдөр, эчнээ хэлбэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 1300 гаруй алба хаагчийг бэлтгэсэн. Манай хөтөлбөрүүдийг сонгосны давуу тал нь үнэ төлбөргүй суралцдаг, захиалгын дагуу суралцуулдаг тул төгсөөд 100 хувь ажлын байраар хангагддаг, суралцсан хугацаа нь цэргийн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилд тооцогддогоос гадна суралцах хугацааг цэргийн алба хаасанд тооцдог, сургалтын тохиолог цогцолбор бүхий орчин бүрдсэн, зөв хандлага, төлөвшил бүхий бие хүн болон төлөвших гээд олон зүйлийг нэрлэж болно.
Элсэлт авахаар зарлаад байгаа гурван хөтөлбөрийн нэг болох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” хөтөлбөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүхий л төрөл мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж ирсэн бол бид үйл ажиллагаагаа захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөрүүдийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
-Элсэн суралцахыг хүсэж байгаа иргэддээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны бахархлын талаар хэлж өгнө үү?
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн бүхий л төрлийн шийдвэрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар гүйцэтгэдэг дэлхийд цор ганц гэж хэлж болох бүтэц бүхий байгууллага юм. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх замаар хүний эрхийг хангах үйлсэд өөрсдийн ар гэрийн амьдралыг хойш тавин өргөсөн тангарагтаа үнэнч байж, цаг хугацаа, хүнд хэцүүг умартан зүтгэж буй тэднээр бахархахгүй байхын аргагүй. Солонгос Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч KIM Myeongsu “Тэнгэрт үнэлэгдэх цэцэн мэргэн шүүхийн шийдвэр байлаа ч гүйцэтгэхгүй л бол хэнд ч хэрэггүй цаастай адил” гэж бидний мэргэжлийг тодорхойлсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын ажлын бахархал гэж болно.
Нийгэм эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, гүйцэтгэх баримт бичгийн үнийн дүн, биелүүлэх шийдвэрийн төрөл нэмэгдэж байгаа өнөө үед шүүхийн шийдвэрийг шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх нь шийдвэр гүйцэтгэгчээс ихээхэн ур чадвар, хичээл зүтгэл, тэвчээр хатуужлыг шаардаж байна. Ийм төлөвшил олсон, мэдлэг ур чадвар бүхий бүхий шийдвэр гүйцэтгэгчдийг бид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” хөтөлбөрөөр бэлтгэдэг гэж болно. Алдаж эндсэн хүмүүст тусалж, тэднийг сайн сайхан амьдрах, гэрэл гэгээтэй хүсэл тэмүүлэл, зорилготой иргэн болгон төлөвшүүлж эргээд нийгэмд амьдрах зөв замыг зааж өгөх онол арга зүйг “Нийгмийн ажил” хөтөлбөрөөр бид олгодог. Нэг ч гэсэн хүнийг зөв замд нь оруулах, нэг ч гэсэн гэр бүлийн амьдралыг аз жаргалтай сайн сайхан болоосой гэж хүсдэг, хүсэл эрмэлзэлтэй, амар тайван амьдрал, нийгмийн хүсэгч иргэн та энэ хөтөлбөрийг сонгоорой гэж хэлье.
“Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиудад Үндэсний аюулгүй байдал ялангуяа дотоод аюулгүй байдлыг хангахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо, эрх зүйн үндсийг хуульчилсан. Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах, гэмт буруутай этгээдэд оногдуулсан ял шийтгэлийг эдлүүлэх ажил нь нийгмийн аюулгүй байдлыг хангаж буй нэг хэлбэр бөгөөд байгууллага, иргэн, ял эдлэгсдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цогц мэдлэгийн энэ хөтөлбөрөөр олгодог гэж болно.
Сэтгэгдэл ( 0 )