Б.Дөлгөөн: Бага насны хүүхдийн бие даах мэдрэмжийг хориглох нь эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Сэтгэл зүйн асуудал нярайгаас өсвөр нас хүртэлх бүх насны хүүх­дэд ялгаатай байдлаар илэр­дэг бөгөөд хүүхдийнхээ сэтгэл зүйг амар тайван, тогтвортой байлгахад эцэг, эх, ойрын хүмүүсийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг аж. Тиймээс хүүхдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг, ямар асуудал тулгардаг, тэдгээрийн шийдлийн талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье. Нас наснаас нь шалтгаалаад хүүхдийн сэтгэл зүй онцлогтой байдаг уу?

-Хүүхдийн сэтгэл зүй нас наснаасаа хамаарч ялгаатай байдаг. Нярай үе, бага нас, сургуулийн нас, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг авч үзье. Гэр бүлийнхэн, ойр тойрны бүхий л зүйлтэй танилцах, хайр халамж мэдрэх анхны буюу хамгийн чухал үе шат нь нярай үе байдаг. Энэ үед хүүхдийг тэврэх, түүн рүү инээх гэх мэтээр харилцах нь цаанаа ямар нэг утгатай гэдгийг ойлгуулж байх ёстой. Хүүхдэд “хайртай, үргэлж чиний дэргэд байгаа” гэсэн мэдрэмжийг үүгээрээ өгч байх ёстой. Нярай үед итгэл найдварын мэдрэмж хүүхдэд төрж эхэлдэг. Ингэснээр бие хүн болж төлөвших анхны суурь нь тавигддаг. Хэн нэгэн түүнийг хайрлаж байгаа гэсэн мэдрэмжийг харилцааны тусламжтай нярайд өгнө гэсэн үг. 0-6 сартай хүүхэд өөрийгөө ээжийнхээ нэг хэсэг гэж мэдэрдэг. Тиймээс ээжийн хайр, халуун дулаан уур амьсгал харилцаагаар дамжуулж хүүхэддээ амар тайван байдлыг мэдрүүлж, чухал үнэ цэнтэй гэсэн мэдрэмж төрүүлснээр хүүхдийн итгэл найдварын хэрэгцээ нь хангагддаг. Хэрвээ итгэл найдварын хэрэгцээ хангагдаж чадахгүй бол хүүхэд насанд хүрсний дараа тодорхой хэмжээнд тэр мэдрэмж нь багасах, айдас түгшүүрийн мэдрэмж үүсэх магадлалтай. Нярай хүүхэд өлсөж байгаа, ядарч байгаа, унтмаар байгаа, тэврүүлмээр байгаа гэсэн хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг учраас хүүхдийг уйлахад “ааш муутай болоод уйлаад байна” гэж ойлгох биш харин ямар нэг зүйл хэрэгтэй байна гэдгийг ойлгож хариу үйлдэл үзүүлэх нь хүүхдэд итгэл найдварын мэдрэмж хөгжихөд тусалдаг. Дараа нь хүүхдэд хөлд орсноос эхлээд хүчтэй төрдөг мэдрэмж гэвэл өөрийгөө бие даасан гэдгээ ойлгож, би гэдэг хүн байдаг болсон, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй гэдгээ нотлохыг хичээдэг. Бага насны хүүхэд “Би хийе, би ингэе” гэх байдлаар энэ хүсэл тэмүүллээ илэрхийлдэг. Мөн ичих, эргэлзэх мэдрэмж хүүхдэд бий болдог. Тиймээс биеэ даах уу, ичих, эргэлзэх мэдрэмж нь илүү хөгжих үү гэдэгт эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага нөлөөлдөг. Бага насны хүүхдийн бие даах мэдрэмжийг хориглох нь эрсдэлтэй.

-Сургуулийн насныхан, өсвөр насныхны сэтгэл зүй ямар байдаг вэ?

-Сургуулийн насанд хүүхэд өөрийнхөө онцлогуудыг илүү таньж мэддэг. Сургуульд ороод олон хүнтэй харилцаж үзээд, тэдэнтэй харьцуулалт хийх арга замаар өөрийнхөө онцлогийг таньж мэддэг чухал үе. Энэ насан дээр бусдаас нэг бол өөрийгөө сул дорой гэж мэдрэх, нөгөө бол өөрийгөө бусадтай адилгүй, бие даасан, тусгаар хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх мэдрэмжийн аль нэгэнд илүү тулгуурлаж хүүхэд хөгждөг. Өсвөр насыг хүүхдийн хямралын үе гэж ярьдаг. Энэ үед бие физиологийн болон сэтгэл зүйн хувьд хүүхдэд асар их өөрчлөлт бий болно. Насанд хүрэгч болох нь хүүхдийн хувьд хамгийн төвөгтэй үе, өөрийгөө том хүн юм шиг мэдрэх ч эргэн тойрны хүмүүсийн харилцаа нь түүнийг жаахан хүүхэд гэж бодсоор байх зэрэг харилцаанаас үүсэж харилцааны зөрчлүүд үүсдэг. Түүнчлэн сурах сонирхолгүй болох, дуулгаваргүй болох эсвэл хэт дуулгавартай өөрийн гэсэн үзэл бодолгүй болох зэрэг нь түгээмэл тохиолддог. Энэ бүхнээрээ өөрийнхөө төсөөллийн “би”-гээ, би том хүн болж байгаа гэсэн үзлээ хамгаалж байна гэж ойлгох хэрэгтэй. Бие дааж байгаатай холбоотойгоор эцэг, эхээсээ зай барих нь ихэсдэг. Энэ бол хэвийн зүйл. Найз нөхөдтэйгээ илүү ойр болдог. Эцэг, эхчүүд “Хүүхдээ найз нөхдөөс нь илүү ойлгож чадахгүй байна” гэж өөрсдийгөө бодохоос илүү өсвөр насны сэтгэл зүйн онцлог нь хэвийн явагдаж байгааг ойлгох хэрэгтэй. Өсвөр насанд ажил мэргэжлийг сонирхож, ирээдүйгээ ухамсартайгаар бодож эхэлдэг. Гадаад үзэмжиндээ анхаарах нь ихэсдэг. Өсвөр насны хямрал зарим хүүхдэд хүчтэй илэрч, зарим хүүхэд сайн даван туулдаг. Асуудалд загнах, шүүмжлэх байдлаар хандахаас илүү харилцаагаа сайжруулах, ярилцаж байх ёстой. Өсвөр насны хүүхэдтэйгээ хайр дурлалын талаар ч гэсэн нээлттэй ярилцаж сураарай.

-Хүүхдэд найзуудтайгаа тоглох, ярилцах, хичээлээ хамтарч хийх гээд олон харилцаа хэрэгтэй болно. Хөл хорионы үед эдгээр харилцаа алдагдаж байгаа учраас таагүй нөлөөллүүд үүсгэж байна уу?

-Хөл хорио бүх л харилцааг хязгаарлаж байгаа. Бага насны хүүхдэд тоглох хэрэгцээ өндөр, өсвөр насанд найзуудтайгаа уулзах, ярилцах хэрэгцээ илүү байдаг. Хөл хорионы үед нийгмийн харилцаанд орох, хайрлах хайрлуулах, аюулгүй байх, бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох гэсэн чухал хэрэгцээнүүд бүрэн хангагдахгүй байгаа нь хүмүүсээс харилцааны хувьд тусгаарлагдах, өөрийнхөө дотоод мэдрэмжээ бусадтай хуваалцаж чадахгүй байгаагаас “би болохгүй байгаа юм байх даа” гэсэн мэдрэмж төрөх магадлал ихэснэ. Бухимдах мэдрэмж төрнө. Бага насны хүүхэд орондоо шээх, шөнө хар дарж зүүдлэх, нойрны хэмнэл алдагдах, хумсаа мэрэх, биеэрээ савлаж суух, уйлагнадаг болох зэрэг шинж илэрдэг. Энэ үед хүүхдийнхээ юунд баярлаж, юунд гуниглаж ямар мэдрэмж төрж байгааг нь маш сайн сонсож, түүнд хариу үйлдэл үзүүлдэг байх хэрэгтэй. Дээр дурдсан хэрэгцээнүүд хангагдахгүй байгаа тохиолдолд хүүхэд хичээлээ хийх дургүй болох, ямар нэг зүйлд санаа зовох, түгших, эцэг, эхийнхээ үгэнд орохыг хүсэхгүй зөрүүдлэх, уцаарлах, хүмүүстэй харилцахыг хүсэхгүй байх, гунигтай болох эсрэгээрээ хэтэрхий хөдөлгөөнтэй болох гээд шинж тэмдгүүд илэрдэг.

-Хөл хорионд байхад нийгмийн харилцаанд орох хэрэгцээнүүд алдагдаж, улмаар сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг юм байна. Тэгвэл ковид-19 халдвар тусаад эдгэсэн хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт орох бол. Эцэг, эхчүүд халдварт өртсөн хүүхэддээ яаж анхаарах хэрэгтэй вэ?

-Зөвхөн ковид-19 гэлтгүй аливаа өвчин тусаад эдгэсэн хүмүүсийн сэтгэл зүйд түгшүүр нэмэгддэг. “Би яах бол, дараа нь ямар асуудал үүсэх бол, үнэхээр эдгэсэн болов уу, найзуудтайгаа уулзахад намайг яаж хүлээж авах бол” зэрэг сөрөг таамаглалыг бодох магадлалтай. Өвдсөн хүмүүсийг хүлээж авах нийгмийн эерэг хандлага чухал. Өвдсөн хүүхдэд “Миний хүүхэд ганцаараа биш, түшиг тулгуур болох аав, ээж, асран хамгаалагч нь байна” гэдгийг маш сайн илэрхийлж байх ёстой.

-Удаан хөл хорионд байгаа хүмүүст цагийг өнгөрөөх янз бүрийн арга хэрэгтэй болж байна. Үүний нэг нь цахим хэрэглээ. Хүүхэд хэт их кино үзэх, утас оролдох нь ямар үр дагавартай вэ. Цахим хэрэглээг яаж тохиромжтой байлгах вэ?

-Зурагт, утсаар дамжуулж мэдээлэл авах орон зайг тодорхой хэмжээнд хүүхэддээ олгох хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэлдэйн киногоор дамжуулж ёс суртахууны талаар ойлголттой болж болно. Тэдний таньж чадах сувгаар мэдээлэл илүү сайн хүрдэг боловч хязгаарлалт байх ёстой. Зурагт, утас үзэх цагийг хүүхэдтэйгээ тохиролцох нь зүгээр. 0-2 насанд 15-20 минут нас, сэтгэхүйн онцлогт тохирсон дүрс, видеог үзэх, 3-5 насанд 30 минут, өсвөр насанд нэг цаг хагасаас хоёр цаг хүртэлх хугацаанд бичлэг, зурагт үзэх гэх мэт байдлаар ойлгуулж, тайлбарлаарай. Технологийн эрин зуунд огт зурагт, утас үзүүлэхгүй гэхээс илүү үзэж буй зүйлийн агуулгад нь хяналт тавих ёстой. Хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл үзүүлж болзошгүй харгис хэрцгий агуулгатай зүйлсийг үзүүлж болохгүй.

-Хүүхдийн нойрны асуудалд яаж анхаарах вэ. Өдөрт хэдэн цаг унтуулбал тохиромжтой вэ. Ялангуяа өсвөр насныханд шөнийн цагаар кино үздэг ч юм уу нойроо сайн авч чадахгүй байгаа бол зөвлөгөө өгнө үү?

-Хүүхдийн хувьд нойрны хэмнэл дархлаанд нөлөөлөхөөс гадна өсөлт хөгжилд чухал үүрэгтэй. Насанд хүрсэн хүн дунджаар найман цаг унтахад хангалттай гэж үздэг бол хүүхэд наснаасаа хамаараад өөр өөр. Америкийн нойрны эмчилгээний академиас гаргасан судалгаагаар 4-12 сартай хүүхэд хоногийн 12-16 цагийг унтаж өнгөрүүлбэл тохиромжтой. 1-2 настай хүүхэд 11-14 цаг, 3-5 настай хүүхэд 10-14 цаг, 6-12 настай хүүхэд 9-12 цаг, өсвөр насныхан буюу 13-18 насныхан 8-10 цаг унтаж байвал хамгийн зүйтэй. Орондоо орох цаг нь унтах цагт шууд нөлөөлдөг. Ойролцоогоор өглөө 6:30-7:00 цагт босож байвал тохиромжтой. Ковид-19 халдвараас шалтгаалж нойрны хэмнэл алдагдаж байгааг хэвийн болгоход хүчин чармайлт хэрэгтэй. Унтахад таатай орчин бүрдүүлж, унтахдаа сонсдог аятай болох зэргээр эрт унтахдаа анхаарч болно.

-Манай нийгэмд хүүхдийн сэтгэл зүйд тулгамдаж байгаа гол асуудал юу байгаа вэ?

-Хүүхэд болгонд өөр өөр сэтгэл зүйн асуудал тулгардаг. Гэхдээ нийтлэг асуудал гэвэл түгшүүр, өөрийгөө таньж мэдэх үе шатан дээрээ өөрийнхөө талаар сөрөг ойлголттой, би чадваргүй, сул гэх мэтээр бодох, анхаарал төвлөрөлт сулрах зэргээр асуудал тулгарч байна.

-Хүүхдийг зодох, гомдоох үг хэлэх, албадан ажил хийлгэх, бэлгийн хүчирхийлэлд өртөх гээд сэтгэл өвтгөсөн асуудлууд ч тулгамдаж байгаа нь харамсалтай. Ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйг заавал эмчлэх ёстой юу?

-Аль ч хэлбэрээр хүчир­хийлэлд өртсөн хүүхдэд заавал сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Сэтгэл зүйн заслын аргаар сэтгэл зүйг нөхөн сэргээх, даван туулахад нь туслах, цаашдын амьдралд нь туслах хэрэгтэй. Тоглоом, зураг, хөгжим, бүжгийн заслын арга гэх мэтчилэн заслын аргууд байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш их хэмжээний түгшүүр, айдастай, их хэмжээний гэмтлийг өөртөө авсан. Хүнд итгэх итгэл багассан. Бүх хүн тэр хүүхдэд аюултай мэтээр харагддаг. Тиймээс хүүхдийн байдлаас шалтгаалж заслын аргуудыг сонгодог. Монголд хүүхдийн хүчирхийлэл үнэхээр хүнд, том сэдэв болж хөндөгдөж гарч ирж байгаа. Хамтын багаар ажиллах нь энэ асуудалд чухал байна.

-Гэр бүл салалт цөөнгүй байгаа нь нийгмийн нэг асуудал боллоо. Эцэг, эхийн салалт хүүхдэд яаж нөлөөлдөг вэ?

-Гэр бүл салж байгаа нөхцөл байдал ямар ч шалтгаанаар бий болсон байж болно. Гэхдээ энэ шалтгааныг хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон байдлаар тайлбарлаж чадаагүй, ойлгуулаагүйгээс хүүхэд хамгийн их хохирч байдаг. Хүүхэд хэдэн ч настай байсан эцэг, эх нь салах тохиолдолд “би илүү сайн хүүхэд байсан бол” гэсэн бодлыг өөртөө тээж, өөрийгөө буруутгах зан үйлүүд бий болж байдаг. Энэ бол маш сэтгэл эмзэглэмээр асуудал. Тиймээс салалт аль болох хамгийн эцсийн арга зам байгаасай.

-Эцэг, эхчүүдийн хүүхэддээ хэлэх үг, харуулах үйлдэл нь хүүхдийн хэн болоход их нөлөөлдөг байх нь ээ?

-Хүүхэд эцэг, эхийн тусгал байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хажууд хэлэх үг, хийх үйлдлээ анхаарч, зөв үлгэр дуурайлал өгөхийг хичээж байгаарай. Хайр дүүрэн гэр бүлд хайр дүүрэн л хүүхэд өснө шүү дээ.

-Ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгоно гэж байгаа. Энэ тал дээр олон улсын жишиг ямар байдаг бол. Яагаад сургуулийн сэтгэлзүйч хэрэгтэй вэ?

-Манай улсын хувьд ЕБС-д сэтгэлзүйч ажиллуулах үйл явц хэрэгжиж байгаа. Хүн байгаа газар сэтгэлзүйч хэрэгтэй байдаг. Сургуулийн сэтгэлзүйчийн хувьд эцэг, эх, багш, хүүхэд гэсэн харилцан хамаарлыг холбох, тэдэнтэй харилцах онцлогтой. Насны насны хүүхдийн сэтгэл зүйн ямар ч асуудал дээр ажиллах боломжтой.

-Ер нь сэтгэл зүйн асуудал хүнд шатандаа орохоор эрүүл мэндэд ямар хохирол учруулдаг вэ. Сэтгэл гутралд хүртэл ордог гэдэг шүү дээ?

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудал даамжирвал өөр өөр төрлийн үр дүнд хүргэж болно. Таны хувьд сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь анхааруулах хэмжээнд хүрсэн байна гэдгийг илэрхийлэх нэг дохио нь таны өдөр тутмын амьдрал тэр асуудал нөлөөлөөд ирэх. Хүмүүстэй харилцах харилцаанд тэр асуудал сөрөг нөлөө үзүүлж эхэлбэл анхаарах хэрэгтэй болж байна гэсэн үг. Харин сэтгэл зүйн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэвэл хоорондоо ялгаатай ойлголтууд болчихно.

-Хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах аргуудаас зөвлөнө үү?

-Хүүхдийн сэтгэл санааг тогтвортой болгох гол арга нь эцэг, эх, хүүхдийн хоорон дахь эрүүл харилцаа юм. Тиймээс эцэг, эхийн харилцаа нь илүү сайн байх хэрэгтэй. Асуудлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж сэтгэл зүйчид хандаж болно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаар, сэтгэл зүйн талаар илүү мэдээлэлтэй болж, боловсролтой болох нь ямар нэг асуудал тулгарч байгааг нь анзаарахад дөхөм болно. Сөрөг сэтгэл хөдлөл мэдрэх нь хэвийн зүйл учраас түүнийгээ илэрхийлж байх хэрэгтэйг хүүхдүүддээ ойлгуулаарай. Сэтгэл хөдлөлүүдийн талаар танилцуулж, мэдүүлж байх нь бусдын оронд өөрийгөө тавьж мэдрэх чадварыг хөгжүүлдэг. Жишээлбэл, гэрийн даалгавраа хийхэд нь чимээгүй орчныг бүрдүүлж өгөх зэргээр хүүхэддээ илүү их анхаарал тавьж байгаарай. Хүүхэд том болох тусам “үүнийг чадахгүй байхдаа яах вэ дээ” гэсэн байдлаар хандахгүй байхыг хичээгээрэй.

-Сэтгэлзүйчид хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа хүмүүст үйлчилгээний тухай болон үнийн тухай мэдээлэл өгч болох уу?

-Сэтгэл зүйн төвүүдэд сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, засал, сургалт, судалгаа гэсэн үндсэн үйл ажиллагаанууд явагддаг. Сэтгэл зүйн үйлчилгээ явуулж байгаа байгууллага болгоны үнэ тариф ялгаатай шүү дээ. Үйлчилгээ авахыг хүссэн газраа сонгоод үнэ тарифыг нь мэдэж болно.

-Нэг үеэ бодоход сэтгэлзүйч мэргэжил олон болжээ. Үйлчлүүлэгчээс дандаа асуудал сонсож, түүнийг нь оношилж засна гэхээр тухайн мэргэжилтнээс сэтгэл санааны бэлтгэл гээд их чадвар шаардах нь лав. Мэргэжлийнхээ онцлогийн тухай манай уншигчдад сонирхуулаач?

-Сэтгэлзүйч, сэтгэл судлаач мэргэжил олон төрлийн чадварыг хувь хүнээс шаарддаг. Танин мэдэхүйн чадвар, анхаарах, сонсох, хариу үйлдэл үзүүлэх, их хэмжээний мэдээллийг зохион байгуулах чадвар болон эмпати чадвар буюу тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзэх чадвар өндөр байх хэрэгтэй. Байнгын шинэ мэдээлэл авч, байнгын суралцаж судалж байдаг. Сэтгэлзүйч мэргэжил насан туршдаа суралцах чадварыг шаарддаг, хариуцлагатай, хамгийн гол нь ёс зүйтэй байх ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(43.242.243.38) 2021 оны 04 сарын 21

Баярлалааа

5  |  0
Top