“Ядуу буурай орнууд вакцин нийлүүлэх дарааллын төгсгөлд жагсаж байна”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон эм үйлдвэрлэгчид ковидын эсрэг вакцины үйлдвэрлэлтэд яаралтай арга хэмжээ авахгүй бол ядуу буурай 70 орчим орны арван хүний нэг нь л  цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдах нөхцөл үүсээд байгааг “Эмнести Интернэшнл” зэрэг хүний эрхийн байгууллагууд анхааруулж байна.

Global Justice Now буюу “Даян дэлхийн шударга ёс яг одоо”  байгууллагын ажилтан Хайди Чоу “Вакцин дээр ажиллаж буй бүх эм үйлдвэрлэгч корпорац, эрдэм шинжилгээний байгууллагууд вакциныхаа технологийн ноу-хау, оюуны өмчийг бусадтай хуваалцах ёстой. Ингэвэл дэлхий даяар хангалттай хэмжээний аюулгүй, үр дүнтэй үйлчлэх тунг үйлдвэрлэх боломжтой болно. Засгийн газрууд эмийн үйлдвэрүүддээ ашиг орлогоосоо илүүтэйгээр хүний амийг чухалчлахыг даалгах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.  

Эм үйлдвэрлэгч компаниуд мэдлэг, технологио хуваалцвал бусад компани Ковид-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой болно. Ингэснээр нэг ч хүнийг үлдээлгүй дархлаажуулалтад хамруулж цар тахлыг давж чадна. Хүн бүрийг Ковид-19-ийн вакцинд хүртээмжтэй хамруулахын тулд эм үйлдвэрлэгчдийг мэдлэг, технологио хуваалцахыг “Эмнести Интернэшнл” байгууллагаас уриалсан байна.

Дэлхийн хаана байх, хэн байхаас үл хамааран хүн бүр Ковид-19-ийн вакцинд хамрагдах боломжтой байх ёстой. Вакцинд хамрагдах боломж нь ирэх жилүүдэд үхэх, амьдрахын дэнслүүр байж болох юм. Гэсэн ч өнөөгийн байдлаар эмийн тэргүүлэгч компаниуд дэлхийн хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний вакцин үйлдвэрлэж байна. Ядуу буурай орнууд вакцин нийлүүлэх дарааллын төгсгөлд жагсаж байна гэжээ.

Татвар төлөгчдийн олон тэрбум долларыг Астра Зенека /AstraZeneca/, Модерна /Moderna/, Пфайзер БиоН Тех /PfizerBioNTech/ зэрэг компаниудад вакцин бүтээж, үйлдвэрлэхэд нь хандивласан. Тиймээс эдгээр вакцин ард түмэнд хамаарч, вакцин үйлдвэрлэлийн технологийг бусадтай хуваалцах нь зүйтэй. Хуваалцах нэг арга нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Ковид-19 Технологийн Хандалтын сан” (C-TAP)-д нэгдэх юм. Гэвч, одоогийн байдлаар нэг ч компани үүнд нэгдээгүй байна. Одоо бол хүний амь нас нэн тэргүүний асуудал. Тиймд эм үйлдвэрлэгч компаниудыг мэдлэг, технологио хуваалцаж, “Ковид-19 Технологийн Хандалтын сан” /C-TAP/-д нэгдэж, хүний эрхийн үүргээ биелүүлэхийг олноороо уриалж, олуулаа байхын давуу талаа гаргацгаая гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top