УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Тодруулбал, Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчөөр Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан. Энэ нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнээс өмнө энэ албан тушаалыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэсэн үг. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ынхан уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ч Цэцийн шийдвэртэй холбоотой Байнгын хорооны хуралдаан олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Ингээд тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Н.Алтанхуяг:
-Цэцийн шийдвэрийг УИХ-аар ингэж хурдан хэлэлцэх болсон нь ямар учиртай вэ. Ерөнхийлөгч, МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байх үеэр С.Бямбацогт та “Ерөнхийлөгч дахиж нэр дэвших эрхтэй” гэж байсан чинь бичлэгэд үлдсэн байна лээ. Яагаад одоо өөрчлөгдөв. Монголын төрд МАНАН-гийн завхрал үргэлжлэх юм байна. 2016 оны сонгуулийн хуулийг яг энэ технологиор өөрчилсөн. Оны өмнө хуулиа өөрчлөөд “Одоо гар хүрч болохгүй” гэж байснаа сонгуулийн өмнөхөн дөрөвдүгээр сард нэг нөхрөөр Цэцэд өгүүлдэг юм л даа. Цэц нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргаад, тэр дагуу УИХ яг өнөөдрийнх шиг хүлээж аваад Сонгуулийнхаа хуулийг өөрчлөөд хаячихсан. Тэр л давтагдах нь. Хүч түрээд дахиад өөрчлөх гэж байна.
С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр хууль санаачлагч 62 гишүүн өргөн барьсан байсан. Хэлэлцүүлгийн явцад мөн ажлын хэсэг дээр ярьж ойлголцоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлахдаа үйлчлэх хугацааг нь ярилцсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлье гэдэг саналыг илэрхийлсэн. Уг саналыг нь олонх дэмжсэн. Тухайн үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжтой гэж ойлголцож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргасныг Цэц хэлэлцээд, Үндсэн хууль зөрчиж байна гэдэг агуулгаар дүгнэлт гаргасан байна лээ. Тодорхой тайлбар өгөхөд ийм л зүйл болсон, нуугаад байх зүйл алга.
Ц.Мөнх-Оргил:
-Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна. Анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барихдаа 30 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт оруулсан. Ингэхдээ уг заалтын хэрэгжих хугацааг 2025 оны долдугаар сарын 1-нд мөрдөнө гэж заасан. Хэрэв уг хугацаагаар батлагдсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиас хасаж, 2020 оны тавдугаар сарын 25-нд дагаж мөрдөнө гэж тусгасан. Цагаан дээр хараар бичсэн уг заалтыг хууль тогтоогч хугацааг өөрчилсөн нь ойлгомжтой учраас Цэцийн дүгнэлт зөв.
Д.Ганбат:
-Та нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан. Үндсэн хуулийн цэц үнэхээр хууль зөрчсөн байгууллага болжээ. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн хуулиа та нар зөрчих гэж байна уу. Хуулиа дээдлэхээ больсон. Сошиалд та нарыг МАН биш мангарууд гэдэг болсон. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа танай намын баахан гишүүд нь гарч ирж мэдээлэл хийж байна лээ. Дээд шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу. Яасан их сандарч байна вэ. Чадамжгүй Засгийн газраа огцруул. 51 хүн халдвараар нас барлаа. Вакцин нь хаана байна вэ.
Ц.Сандаг-Очир:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн тодорхой заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэдэг дээр би санал нэгтэй байна. Цэцийн шийдвэрийг хүлээж авахаас аргагүй нөхцөл байдал үүслээ гэж үзэж байгаа.
Ш.Раднаасэд:
-Сонгуулийн хуулийг батлах үед тухайн үеийн Ерөнхийлөгчөөс саналыг нь авдаг жишигтэй. Н.Энхболд гишүүн Ерөнхийөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуульд саналыг нь авсан уу. Тодорхой хариулах хэрэгтэй. Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой болгох юм байна гэсэн ойлголт бүх гишүүнд байсан. Одоо Цэц дээр асуудал үүсээд, олон нийтийг төөрөгдүүлж байгааг ойлгохгүй байна.
Н.Энхболд:
-Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтын хэрэгжих хугацааг 2025 он гэж байсныг 2020 он болгохыг гишүүдийн олонх дэмжсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газраас том бүрэлдэхүүн орж ажилласан. Хэд хэдэн удаа саналуудыг нь авч хуульд тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчөөр өмнө болон одоо ажиллаж байсан хүмүүс дахин сонгуульд өрсөлдөж болох эсэхийн тухай яригдаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу явна гэж бүгд ойлгосон.
Л.Мөнхбаатар:
-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дугаар хэсэгт байсан Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг хүчингүй болгочихсон. Тэгэхээр улируулан томилсонтой холбоотой заалтыг хүчингүй болгочихоор Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүн дахин сонгогдох боломжгүй гэдгийг хууль тогтоогч баримталсан гэж үзэж болно.
Т.Доржханд:
-Парламентын алдаа нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа тов тодорхой дөрвөн заалтаас гурвыг нь аваад “Зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно” гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг орхигдуулсан. Яагаад ингэсэн юм бэ. Та нар санаатай үүнийг оруулаагүй байхгүй юу. Тухайн үед чуулган дээр асууж байхад тэр үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Үүнийг бид биш Цэц мэддэг юм” гэж байсан даа.
Ц.Мөнхцэцэг:
-Анхнаасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа гэдгийг оруулахгүй Үндсэн хуулийг явцууруулсан. Үүгээрээ одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг дахин нэр дэвших боломжтой мэт ташаа ойлголт төрүүлэхээр хуульчилсан учраас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бид хүлээж авах ёстой. Бүх хууль Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )