Ковид хамгийн их тархсан хот, мужуудад хуримтлал хурдтай өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Цар тахлын үед хөгжингүй орнуудад иргэдийн хуримтлал нэмэгдэж буй талаар өмнө нь мэдээсэн билээ. Тэгвэл хуримтлалын өсөлтийн талаар Хадгаламжийн даатгалын корпорацаас мэдээлэл өгч байна. 2019 оны сүүлээс эхлэн Япон, АНУ, Европын Холбооны улсуудад  банкин дахь дансны үлдэгдэл буюу харилцах, хадгаламжийн хэмжээ таван жилийн дундажтай харьцуулахад мэдэгдэхүйц өсжээ. Уг өсөлт нь 1930 оны "Их хямрал", 2008 оны Дэлхийн Санхүүгийн хямралын үеэр мөн ажиглагдаж байсныг онцолж байна.  

Жишээ нь, АНУ-д Ковид-19 цар тахал эхлэх үеэр банкин дахь дансны үлдэгдэл буюу харилцах хадгаламжийн хэмжээ хамгийн их өссөн. Үндэсний хэмжээнд 2020 оны  нэгдүгээр сараас  дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд банкин дахь дансны үлдэгдэл 13 триллион ам.доллараас 15 триллион ам.доллар болж өсчээ.

Хэдийгээр АНУ-ын Холбооны нөөцийн сангаас /Төвбанк/ бодлогын хүүг сүүлийн 50 жилийн хамгийн доод түвшинд буюу 0-0,25 % болгон бууруулсан ч Ковид-19 хамгийн их тархсан хот, мужуудад харилцах, хадгаламжийн хэмжээ илүү хурдтай өссөн байна. Өнгөрөгч оны  нэгдүгээр сард 8%, дөрөвдүгээр сард 33% -иар тус тус өссөн бол хэрэглээ, зарцуулалт 13,6 хувиар буурчээ. Судлаачид үүний шалтгааныг дараах байдлаар тайлбарласан байна.

КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио нь иргэдийн худалдан авалтыг хязгаарласан. Хөл хорионы үеэр тухайн улсын засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөнгөн тэтгэмж нь банкин дахь харилцах, хадгаламжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Дээрх нөлөө нь хөл хориог хэрэгжүүлэх хугацаанд түр зуур үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байсан ч эсрэгээрээ 2020 оны 3,4,5 дугаар саруудад цар тахлын дэгдэлт ихэсч, ихэнхи улс орнууд хатуу хөл хорио тогтоосноос үүдэн хэрэглээ, зарцуулалт бууран харилцах, хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн байна. Харин дараагийн саруудад буюу цар тахлын дэгдэлт намжих үед зарцуулалт өсөж харилцах, хадгаламжийн хэмжээ буурсан ч таван жилийн дунджаас дээгүүр хэвээр байсан ажээ.

Цар тахлаас үүдэлтэй хөл хорио нь  өндөр орлоготой иргэдийн хэрэглээнд ихээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй бараа, үйлчилгээний зарцуулалт буурсан гэсэн үг юм. Өндөр орлоготой иргэд орлогынхоо ихээхэн хэсгийг аялал, ресторан, үзвэр үйлчилгээ, соёлын арга хэмжээнд зарцуулдаг. Гэвч хөл хорионы үеэр эдгээр зүйлүүдэд мөнгөө зарцуулах боломжгүй болсон учир хуримтлуулах болсон байна.

Цар тахлаас үүдэлтэй ажилгүйдэл, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал нь иргэдийн дунд болгоомжлох хандлагыг бий болгон мөнгөн хөрөнгөө эргэлдүүлэх бусад аргуудыг сонгохоос илүүтэй хамгийн эрсдэлгүй аргыг сонгон банкинд байршуулах болсон. Хөл хорио үргэлжлэхийн хирээр энэ нь мөнгөө хуримтлуулах сэтгэл зүйн гол хөшүүрэг болсон.  

Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлын үед байгууллага, ААН-ийн хэрэглээ, зарцуулалт, хөрөнгө оруулалт буурдаг бөгөөд тодорхойгүй нөхцөл байдлаас үүдсэн орлогын тасалдал болон хөрвөх чадварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэмжээгээ бууруулан хурдан хөрвөх чадвар бүхий бэлэн мөнгөний нөөцтэй байхыг илүүд үздэг. Дээрх хуримтлалыг төр эдийн засгийг дэмжих төсөл, арга хэмжээндээ зарцуулах зорилгоор бонд гаргах болон бусад хэлбэрээр зээлдэн авдаг. Өнгөрөгч 2020 оны  арваннэгдүгээр сард Канад, Франц, ХБНГУ, Итали, Испани, Япон, Их Британи зэрэг улсуудын төрөөс ААН-үүдэд олгосон зээлийн хөтөлбөрүүд нь 2019 оны  ДНБ-ний 10-аас дээш хувийг эзэлжээ.

Хямралаас үүдэлтэй татварын хойшлуулалт болон хөнгөлөлт нь иргэдийн болон ААН-ийн банкин дахь дансны үлдэгдэл буюу харилцах, хадгаламжийн хэмжээ өсөхөд мөн нөлөөлсөн.Татварын хойшлуулалт болон хөнгөлөлт нь зарим улсад харьцангуй өндөр байхаар зохицуулагдсан. Жишээ нь, Италид ДНБ-ний 13 хувь, Японд 5%-тай тэнцэх хэмжээнд хүрчээ.

Эх сурвалж: CNBC, OECD, Associated Press

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top