Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ болов

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болж Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан юм. Тодруулбал, тус хуульд Ерөнхийлөгчид зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэдэг заалт оруулалгүй орхигдуулсан байна гэж үзсэн. Энэ талаарх дүгнэлтээ УИХ-д илгээгээд байлаа. Тиймээс ч өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд байв. Улмаар өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга хийгээд түүнээс өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байна. Чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг Цэцийн шийдвэрийг хүлээж авахыг эсэргүүцэж хоёр ч удаа завсарлага авсан. УИХ-ын дарга Г.Занданшатар эхний удаад 16 цаг хүртэл завсарлага авахыг зөвшөөрсөн бол дахин санал гаргахад нэг цаг сунгаж завсарлаад асуудлыг чуулганаар шийдвэрлэв. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.

Н.Ганибал:

-Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралд Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нар МАН-ын гар хөл болж, шийдвэр гаргаж оролцсон. УИХ-ын гаргаагүй хуулийг хууль зөрчсөн гэж дүгнэж, Үндсэн хуулийн хямрал руу түлхлээ. Ерөнхийлөгчийн сонгууль хууль зөрчсөн сонгууль болох нь. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргасан гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа. 

Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жил байна гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж ирэхдээ 2025  оны долдугаар сарын 1-нээс үйлчлэх төсөл өргөн барьсан. Тэр заалт хасагдаад, ердийн журмаар үйлчлэхээр болсон. Иймд цэцийн дүгнэлт бол зөв гарсан гэдэг саналтай байна. Сонгууль будилуулах ажлыг АН хийж эхэллээ. Ц.Туваанаас тодруулга авмаар байна. АНУ-ын "DCI" гэдэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг лобби компанитай АН-ын дарга гэх Ц.Тувааны гарын үсэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д Гадаадын байгууллага, олон улсын байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив авахыг хориглосон. Гэтэл ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

Ц.Туваан:

-Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан хууль бус асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа нь хууль бус юм. Бага суудлын хуралдаанаас гарсан шийдвэр яасан бэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт таван хүний нэр дэвших эрхийг хасах зорилготой байсан юм уу. Цэц ямар хурдан дүгнэлт гаргадаг болсон юм бэ. Үндсэн хуульд зөвхөн нэг удаа зургаан жилээр гэж заасан. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. Байхгүй заалтыг орхисон гэдэг дүгнэлтийг Цэц бидэнд явуулж дахин нэмүүлдэг болсон юм уу. АНУ-ын DCI компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэж ярилаа. АН-аас 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж юм хийлгээгүй. Манайх тийм баян нам биш.

Г.Дамдинням:

-АН-ынхан сүүлийн үед нэг намын дарангуйлал тогтлоо гэж ярих боллоо. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн талаар ХҮН-аас Цэцэд гомдол гаргасан. Энэ асуудлаар Т.Доржханд гишүүн байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Хоёрдугаарт, Ц.Туваан гишүүн АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.доллараар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Гарын үсэгтэй баримт нь байна. Гадны лобби бүлгийг сонгуульд оролцуулж өнгөт хувьсгал хийх гээд байгаа юм уу. Ерөнхийлөгч нь Цэц дээр мөн ЗХЖШ дээр очдог ийм байдал гарах боллоо. Цар тахалтай үед асуудлыг ингэж улстөржүүлмээргүй байна.

Н.Алтанхуяг:

-МАН-ын 62 гишүүн том дарангуйлагч нам болж хувирч байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй дөрвөн намаар яаж тоглож байна вэ гэдгийг та бүхэн харж байгаа. АН-ынхан танай тэр У.Хүрэлсүхтэй өрсөлдөхүйц чадвартай хүн гаргах чадалтай тул та бүхэн ингэж тоглож байна. ХҮН-аар Цэцэд өргөдөл өгүүлсэн байна. МАХН-ыг нэгтгэнэ гэнэ. С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй байхын тулд ийм үйлдэл хийж байгаа. МАН намуудын дээр гарчээ. КОВИД-19, улс орны нөхцөл байдалд яаж санаа зовж байгаа юм. ҮАБЗ сүүлийн дөрвөн сар хуралдаагүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь ирэхгүй байгаа юм байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн юу ч болж байсан ард түмнийхээ төлөө нэг ширээний ард суугаад ярьдаг. Танай 62 ч бас харахад хэцүү болж дээ. Манай намын Удирдах зөвлөл нэг орой хуралдаад, Засгийн газраа огцруулаад явж байна. Цэц бол яахав дээ. МАН-ын дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэдэг гар, хөл маягийн газар болсон байна. Өндөр дээрээс унахаар тархи их хөдөлдөг юм даа.

О.Цогтгэрэл:

-Сүүлийн үед улс төрийн орчинд болж байгаа үйл явцыг харахад цэцийн хуралдааны дундуур бүрэлдэхүүнийг нь солиод, шийдвэр гаргуулж байгаа нь итгэл үнэмшилгүй болгож байна. МАН өөрсдийгөө улс төрийн мундаг үйлдэл хийж байна гэж бодож байгаа байх. МАН сонгох, сонгогдох эрх рүү халдсан үйлдэл хийлээ.

Д.Цогтбаатар:

-Болж буй үйл явц бидэнд сургамж өгч байна. Үндсэн хууль тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Үндсэн хуулийн цэг, таслал бүрийг бид дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл одоо бүхэл бүтэн сонгуультай холбоотой заалтыг тойрч гарах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Үндсэн хууль өөрийнхөө хүчийг бидэнд харуулж байгаа учраас Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв. УИХ-аар Үндсэн хуульд тусгасан заалтыг Сонгуулийн хуулиараа өөрчлөх гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн үед гаргах байсан шийдвэрийг одоо гаргахаас өөр гарцгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өөрчлөх гэж бүтэлгүйтээд өмнө нөхцөл байдал сэргэлээ. Хувь, төр гэлтгүй бүх албан тушаалд шаардлага, шалгуур тавигдаж, түүнийг хангасан хүн тухайн албан тушаалд очно. Энэ нь хүний эрхийг зөрчихгүй, харин ч нийцнэ.

Т.Доржханд:

-ХҮН намын залуучуудыг МАН-ын өмнөөс ажиллаад байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.Тийм зүйл байхгүй. Бид та нар шиг наймаалцаж үнэт зүйлээ худалдахгүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан тэр үед энэ асуудлыг бид хөндөж байсан шүү. Оны өмнө Ерөнхиийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа зориуд орхигдуулсан нь парламентын алдаа, МАН-ын алдаа.  Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж хуульчилсан атал сүүлийн хэсгийг нь орхигдуулчихсан. Яагаад та нар өмнө нь Ерөнхийлөгч байсан таван хүний асуудлыг урдаа тавиад байгаа юм бэ. Энэ асуудлыг чинь ХҮН гаргаж ирсэн шүү. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу, байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмж.

Ц.Мөнхцэцэг

-Хэн нэгэн улстөрч биш, хууль дагах тухай ярих хэрэгтэй. Үндсэн хуулийн 64.1-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэсэн байна. Тийм учраас дүгнэлтийг хүлээж авах ёстой. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвших талаар маш тодорхой зааж өгсөн. Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгоно гэж хуульчилсан. Цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн асуудал их гарч байна. Дүгнэлт гарсны дараа АН, болон Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа хууль бус мэдээлэл хийсэн. Улс төрийн намууд бүгд хуулиа дагаж, мөрдөх ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БӨ(66.181.161.91) 2021 оны 04 сарын 23

ГОЁ ЮМ Ч БОЛОХ НЬ ДЭЭ. МОНОЛ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ ЮМ БАЙНА. МОНГОЛ ХҮН БОЛ БАЙГАЛИАСАА ШУНАЛТАЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ИДЭЖ УУХ ХУЛГАЙ ХИЙХ ДОН ТУССАН ХҮН БИШ АДГУУСАН ШИНЖ НЬ ДИЙЛСЭН ТУЛ ЭНЭ ХЭВЭЭРЭЭ МӨХНӨ. БАЯРТАЙ

0  |  0
Иргэн:(150.129.142.248) 2021 оны 04 сарын 23

ҮХ-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн ”паян” энэхүү маргааны шалтгаан болж, ҮХЦ-ч , УИХ-ч ҮХ-иа зөрчин иргэний эрхийг хязгаарлан зөрчих нөхцлийг бүрдүүлж байна. Өнөө ”гайхамшиг” мэтээр магтаад байсан ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт цараа харуулж байх шив.

0  |  0
miika(111.199.57.154) 2021 оны 04 сарын 23

huulid tegj zaagaagui sh tee shaimiisan teneg avgai min hooson tolgoi nudnii bulai

0  |  0
maimii(111.199.57.154) 2021 оны 04 сарын 23

huulid chin tegj zaagaagui sh tee shaimii avgai min

0  |  0
Top