Гар урлалыг Монгол Улсад хөгжүүлж яваа, эрхэмсэг гоог илтгэсэн бүтээлүүдээрээ олонд танигдсан гар урлаач “Women сraft center” группийн админ Г.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Гансүхийн Ууганцэцэг гэдэг. Хэнтий аймгийн Чингис хотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ гар урлалыг сонирхон хөгжүүлж байна. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл нэгэн сонирхлын дор “Women craft center” хэмээх группт цуглан сурсан мэдсэн зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлж, нэгнийгээ дэмжиж урам өгч, гар урлалын бүтээгдэхүүн хийдэг. Мөн “Uuganaa Handmade” пэйж хуудсаараа гоёл чимэглэлийн захиалга авч, сургалтууд явуулдаг.
-Таны бүтээлүүдийг сонирхсон. Их чамин, тансаг юм билээ. Таныг гар урлалд хөтлөн оруулсан хүчин зүйл юу байсан бэ. Дурсамжаасаа бидэнд хуваалцаач?
-Би 2013 онд анхны хүүхдээ гаргаад, гэртээ суух хугацаандаа гар урлалд шимтэн орж билээ. Миний ээж оёдолчин, аав минь гарын ур дүйтэй хүн байдаг. Би багаасаа л хүүхэлдэйндээ хувцас оёж, өөрийнхөө ч хувцсыг элдэв янз болгон өмсдөг байсан. Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас ээж болоод гэртээ олон зүйл туршиж, зүгээр суухыг хүсдэггүй байлаа. Тухайн үед Монголд цаасан хуймал эд дэлгэрч байсан. Хүмүүсийн хийсэн бүтээлүүдийг хараад хийж үзмээр санагдаж интернэтээс хайж эхэлсэн. Эрлийн үр дүнд зүү, тэвэнгийн арыг сэтэлж, бичгийн цаасны хэмжээтэй өнгийн цаасыг 0.5 мм-ээр нэг бүрчлэн зүсэж, цаасан хуймал хийж сурч байлаа. Хүүгийнхээ хөл, гарных нь хэвийг цаасан дээр буулгаж байгаад сурсан цаасан хуймлаараа анхныхаа бүтээлийг гаргасан байдаг. Үүнийгээ фэйсбүүкт байршуулснаар олон хүний сэтгэлд нийцэж, захиалга авч эхэлсэн юм. Маш олон ээж суралцах хүсэлтэй байсан учраас 2015 онд танхимаар сургалт орж эхэлсэн. Дараа нь Эрдэнэт, Дархан гээд хэд хэдэн газраар явж сургалтууд орсон. Ингэж явж байгаад сонирхол нэг декупаж заадаг Б.Чимгээ гэх бүсгүйтэй танилцаж бие биендээ сурсан урлалаа зааж өгөхөөр бартер хийсэн. Өдийг болтол бид хоёр сурсан, мэдсэн урлангаасаа бусдад түгээн дэлгэрүүлж байна. Бисер урлал, могой зүүлт, төмөр сатуркан гоёл, туузан урлал гээд одоогоор арав гаруй төрлийн урлал хийж сурчээ. Гар урлал нэг хийгээд эхлэхээр илүү ихийг мэдмээр, хиймээр санагдаад сурах зүйлүүд ар араасаа хөврөөд л байдаг шүү.
-“Women craft center” бүлгэмийн гишүүд 80 мянга давжээ. Үүнээс дүгнэхэд хүмүүс гараар урласан, өөрсдөө хийсэн бүтээлийг илүү их сонирхох болжээ?
-Анхны сурсан цаасан хуймлаасаа өөр урлалуудыг сурмаар санагдаж “Гар урлал бие биедээ зааж өгье” гэдэг нэртэйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй мэдээллээ постлож, шэйрлэдэг групп нээж байлаа. Надтай адилхан эмэгтэйчүүд маш олон байдаг гэдгийг анзаарсан. Ийнхүү группээ 2019 оноос хойш Б.Чимгээ найз болон мундаг багш нар, модераторуудын хамт чиглүүлэн удирдаж байна. Гар урлал гэдэг маш их цаг хугацаа, сууж сурах тэвчээр, бүтээлээ хийх ур ухаан, санаагаа олох эрэл хайгуул гээд урлаачаас олон зүйлийг шаарддаг. Энэ бүхний үндсэн дээр хүнд хүрэх бүтээл төрдөг. Иймээс гар урлалын үнэ цэнийг бүгд хүндэтгэдэг, үнэлж чаддаг байгаасай гэж хүсэж олон нийтэд сурталчилдаг юм.
-Гар урлал гэхээр л хатгамал, шүр хэлхэх зэргээр төсөөлдөг. Харин танай группээс саван, лаа хийх, декупаж урлал, шавар урлал гэх мэт маш олон төрлийн урлал байдаг гэдгийг мэдлээ. Энэ бүх урлалыг судалж, сурахад урт хугацаа орсон уу?
-Гар урлал гэдэг бол маш том хүрээг хамарсан ерөнхий сэдэв. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүр гар урлалын төрлүүдийг төрөлжүүлэн гишүүддээ хүргэсээр байгаа. Ингэхдээ тухайн бүтээлээ танилцуулж, хэнээр заалгаж болох мөн материалаа хаанаас авч болох талаар урт, удаан хугацаанд судалгаа хийж мэдээлэл хүргэж тусалдаг. Одоо ч хийж үзээгүй урлалуудаа судалж, суралцсаар байна.
-Хүн дуртай зүйлээ хийвэл боломжгүй зүйлээс ч гарц хайж эрэлхийлдэг шүү дээ. Үүнийг урлах ямар ч боломжгүй дээ гэж бодсон бүтээлээ урлаж байсан уу?
-Хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг нь олддог гэдэг шүү дээ. Бүтээл хийгээд сууж байгаа хүн ямар их зүйлийг зохицуулж энэ бүхнийг хийдэг вэ гэдгийг би өөрөө мэдэрсэн болохоор аль болох группийн гишүүдийнхээ хийсэн бүтээлүүдийг урмын үгсээр тэтгэж, магтаалаар услахыг хичээдэг. Манай группийн гишүүд ч мөн адил эерэг энергиэ бусдад түгээж, дараагийн бүтээлээ хийх эрч хүчээ авч байдаг. Гар урлал бол дахин давтагдашгүй цорын ганц бүтээл хийж болох, оюун санаа, сэтгэлийн гүнээсээ хийж болох тийм л гайхалтай урлаг. “Гар урлал бол хайр” юм гэж би хэлэх дуртай. Жин багатай ч хамгийн их үнэтэй эрдэнийг байнга биедээ авч явахыг хүсэж байвал суралц, оролд, бүтээ гэж хэлмээр байна.
-Урт хугацаанд мөрөөдөж яваа зүйл байгаа юу?
-Би одоо хэзээ ч зогсохгүйгээр улам бүр тэмүүлсээр гар урлалд гүн дурласан нэгэн. Миний хувьд хийж чаддаг урлалууд байгаа ч гэсэн мэдэхийг, сурахыг хүссэн асар олон урлал бий. Тэр бүгдийг өөрийнхөө урланд нэмэх туйлын мөрөөдөл байна. Хүн гэдэг насан туршдаа суралцсаар л байдаг. Суралцах тусам илүү ихийг бүтээгээд баймаар. Бидэнд хааяа хоногийн 24 цаг хүрэлцэхгүй байна гээд хөхрөлдөх үе цөөнгүй. Бид урлалаасаа кайф авч, урам зориг эрч хүчээр цэнэглэгдэж байдаг.
-Танайхыг олон төрлийн сургалт явуулдаг гэж сонссон. Сургалтын талаар сонирхуулбал?
-Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд цаг үеийн байдлаас хамааран хүмүүс гэртээ урт өдрийг өнгөрөөх болсон. Энэ үед гар урлал сонирхогчдын тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Иймээс урлаачид маань чаддаг зүйлсээрээ бусдад туслахыг хүсэж, онлайнаар сургалтаа явуулж эхэлсэн. Жилийн өмнө Б.Чимгээтэйгээ хоёулаа гар урлалын есөн төрлөөр хичээлээ эхэлж байсан. Харин одоо зургаан багштай, 16 төрлийн сургалт тогтмол хичээллэж байна. Шинэ зүйл сурах гэсэн хүслээр дүүрэн сурагчиддаа хичээлээ энгийн, ойлгомжтойгоор зааж өгөхийг эрмэлздэг. Тиймдээ ч багш, зөвлөгч нараараа сурсан зүйлдээ эзэн нь байж, бүх зүйлд сэтгэлээсээ хандаж чадах хүнийг сонгодог.
-Өөрийнхөө гараар бүтээл урлахыг хүсдэг залуус олон байгаа байх. Эдгээр залууст өөртөө итгэлтэй эхлүүлэх урмын үг хэлнэ үү?
-Гар урлалын өвөрмөц онцлог, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан байдлаараа бусдын сэтгэлийг татсан гайхалтай урлаг хэн бүхэнд нээлттэй байдаг. Та өөрөө хийхийг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд судалгаа сайн хийж гадаад, дотоод урлаачдынхаа бүтээлүүдтэй танилцаж нүдээ нээх хэрэгтэй. Бүх хүн анхлан суралцагч байсан шүү дээ. “Оролдлого ихт оройд нь хүрнэ” гэдэг үгийг сайн санах хэрэгтэй. Өөрийгөө голох хэрэггүй, хийх тусам хүн улам сайжирсаар л байдаг. Харин хийх гэсэн чин хүслээ дагаж түүндээ цаг зав гаргаарай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Найздаа үлүү их амжилтыг хүсэн ерөөе мундаг бна хийсэн бүтээлийх нь дээжээс авнаа.
Ажилсаг бүсгүй танд уран бүтээлийн ажилд чинь их амжилт хүсье.! Ийм хүмүүсийг бурхан бус хүмүүн өөрөө бүтээдэг.
Gar hangalga hiideg gichii um uu haha