Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд ТӨР ХАРИУЦАХ шийдвэрийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих уг шийдвэрийг Засгийн газар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн гаргасан юм.
Энэ шийдвэрийн хүрээнд 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг “тэглэсэн”. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлж буй.
Тэгвэл уг төлбөрийн хөнгөлөлтөд гуравдугаар сарын сүүлийн байдлаар цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 297 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдсаныг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлж байна.
Тодруулбал, Засгийн газрын тогтоол хэрэгжсэн хугацаанаас буюу 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэг, хоёр, гуравдугаар саруудад цаxилгаан, дулааны эрчим xүч, дулааны уурын төлбөрөө Монгол Улсын Засгийн газраас хариуцуулж байгаа хэрэглэгчдийн нийт төлбөр 345 тэрбум төгрөг болсноос 290 тэрбум төгрөг буюу 84 хувийг Монгол Улсын Засгийн газраас төлж, барагдуулжээ.
Цаашлаад тогтоол хэрэгжиж хугацаанд нийт хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхийг урьдчилан тооцоолсон байна. Тооцооллоос үзэхэд, дөрөв, тав, зургаадугаар саруудад 194 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Засгийн газраас хариуцаж хэрэглэгчдийн өмнөөс төлөхөөр байгаа аж. Ингэснээр Засгийн газраас нийтдээ 484 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.
Тэгэхээр коронавируст цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн бүхий л салбарууд хүнд цохилттой нүүр тулсан энэ амаргүй цаг үед айл өрх, зарим аж ахуйн нэгжийн нуруун дээр буух байсан хагас их наяд төгрөгийн дарамтыг төр буюу төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд хариуцаж буйг тодотгоё.
Засгийн газар энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй гэдгийг тухайн үед УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байсныг сануулахад илүүдэхгүй байх. Учир нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны хэрэглээний зардлыг хариуцах үүрэг хүлээсэн компаниудад үйл ажиллагаа, хүчин чадлаа өргөжүүлэх, нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтууд бий. Гэсэн ч цар тахлын эрсдэл, бэрхшээлтэй байгаа энэ үед төрийн зүгээс зардлын эрэмбийг тооцож ийм шийдвэр гаргасан гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан билээ.
Түүнчлэн цахилгаан, дулааны зардлыг тэглэх долоон сарын хугацаанд 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 65 тэрбум орчим төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцах үүрэг хүлээсэн. Гуравдугаар сарын сүүлийн байдлаар төрөөс хариуцан, төлж барагдуулсан 290 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )