“Дасгалжуулалтын академи”-ийн “флөү консалтант” (flow consultant) Б.Одонтуяаг “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр Монголын анхны 30 флөү консалтантын нэг юм.
- Өөрийнхөө хийдэг ажлын талаар уншигчдад маань арай тодруулахгүй юу?
- “Flow“ гэж “урсгал” гэсэн утгатай үг. “Consultant” гэхээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүнийг хэлдэг. Энэ хоёр үг нийлэхээрээ хүний энергийн урсгалыг судалж, хүний дотор нуугдсан байгаа авьяас, чадвар, хүч чадлыг нээн илрүүлээд, яаж түүнийгээ зөв ашиглах талаар зөвлөж өгдөг хүн гэж ойлгож болно.
- Зөвлөх буюу консалтант нь сүүлийн үед элбэгшээд байгаа көүч, ментороос юугаараа ялгаатай вэ?
- Зөвлөх бол тусгай арга зүй, техникийн дагуу ажилладаг. Хэрэглэх бүх материал, зааварчилгааг нь цаанаас өгдөг. Сорил тестийг нь албан ёсны байгууллагаас өөрсдөө худалдан авч, гарсан хариуг нь үйлчлүүлэгчид тусгай аргачлалаар тайлбарлаж өгдөг. Көүч бол хүнтэй ярилцаж, тэр хүнд асуулт тавих замаар өөрөөр нь өөрийнх нь алдааг олуулахад тусалдаг мэргэжилтэн. Ментор бол аль нэг салбарт амжилт гаргачихаад бусдыг амжилтад хүргэхийн тулд чиглүүлж, зааварлах чадвартай хүнийг хэлнэ.
- Хүний энергийн урсгалыг яаж тодорхойлох вэ?
- Көүч, дасгалжуулагч Рожер Жеймс Хамильтоны боловсруулсан тусгай тестээр тодорхойлдог. Хорин таван асуулттай мөртлөө хүний авьяас чадварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлалтай гаргаж өгдөг энэ гайхалтай тест бий. Рожер Жеймс Хамильтон хүмүүсийн дунд үүсээд байгаа олон асуудал, бэрхшээлийг олон жилийн өмнөөс судалжээ. Тэдгээр судалгаан дээрээ үндэслээд энэхүү тестийг боловсруулсан. Монголд орж ирээд удаагүй энэхүү тест нь хүний нуугдмал авьяас чадвар, байгалиас заяасан өгөгдлийг илрүүлэхээс гадна тухайн хүнийг ямар салбарт амжилт олох, өөрийн энергиэ таньж хэрхэн дуртай юмаа хийж, энергийн урсгалдаа орохыг заана. Мөн авьяас чадвараа хэрхэн зөв ашиглаж, үнэ цэн бүтээх боломжтойг, өөрийн багаа хэрхэн зөв хүмүүсээр бүрдүүлж, үр бүтээлтэй ажиллах аргачлалыг заадаг. Дээр нь баячууд хэрхэн баяждаг арга техник буюу мөнгөний сэтгэлгээний кодыг зааж өгнө.
- Мөнгөний сэтгэлгээний код оо?
- Тийм ээ. Мөнгөний сэтгэлгээний код гээд ярихаар монголчууд их гайхдаг юм. Баячууд яаж баяжаад байдгийг энгийн хүмүүс хараад ойлгодоггүй. “Баяжих нууц арга техник байдаг байх” гэж боддог. Тэгвэл баялаг бүтээх код бол хүн бүхний нүдэн дээр ил байдаг зүйл.
Баялгийн есөн түвшин бий. Дэлхийн хүмүүс энэ есөн түвшний аль нэгд нь харьяалагддаг. Харамсалтай нь маш олон хүн “Хохирогч” түвшинд байгаагаа мэддэггүй.
Хорвоо ертөнц дээр байгаа бүхий л зүйл энергиэс тогтсон. Хүн бүрийн энерги өөр. Хүн өөрийнхөө энергийн урсгалд орж урссанаар л амжилтад хүрэх боломжтой. Гэтэл ихэнх хүмүүс өөрийн энергийн урсгалын эсрэг зүгт ажиллаж, өөрийнхөө дуртай, чадах юмыг мэдэхгүйгээсээ болоод цалингаас цалингийн хооронд, дургүй ажлаа хийгээд, өнөө маргаашаа аргацаан, өрнөөс өрний хооронд амьдардаг. Яг энергийнхээ урсгалд ороод өөрийнхөө авьяас, чадварыг олоод дуртай юмаа хийсэн хүний нүд нь сэргээд, эрч хүчтэй, энергитэй болдог. Жишээгээр тайлбарлавал, голын урсгалын дагуу сэлж байгаа хүн их хүч зарцуулахгүйгээр бариандаа хурдан хүрч чадна. Харин урсгал сөрвөл маш хэцүү, эрч хүч, энергиэ алдана, магадгүй бариандаа ч очиж чадахгүй живэх магадлалтай. Яг түүнтэй адилхан хүн бүр өөр өөрийн гэсэн тархины давтамж буюу энергитэй. Хүн болгоны харах өнцөг, аливаад хандах хандлага өөр. Өөрийнхөө энергийн урсгалыг мэдэж, нуугдмал авьяас чадварыг нээснээр хүн өөрийнхөө давуу болон сул талаа таньж, аз жаргалтай, илүү амар тайван, хүссэнээрээ амьдарч чадна.
- Хүмүүс хэдэн төрлийн энергийн урсгалтай вэ?
- Энергийн урсгалаар нь дэлхийн хүн амыг Бүтээгч, Од, Дэмжигч, Гэрээч, Арилжаач, Нөөцлөгч, Лорд буюу Ноёнтон, Механик гээд найман төрлийн хэв маягт ангилдаг. Эдгээрээс аль хэв маягт нь харьяалагдахаа мэдэж авах нь амжилтад хүрэх замынхаа 50 хувийг туулж байна гэсэн үг. Бусад нь тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарна шүү дээ.
Хүн өөрийнхөө эрч хүч, энерги хэрхэн ундран гардагийг мэдэж авснаар амьдралынхаа алсын хараатай уяж, өөрийгөө яаж хөгжүүлэх аргачлал, ямар мэргэжил, карьер сонгох чигээ олоод авдаг. Байгалиас заяасан эрч хүчээ сэргээснээр авьяас чадвараа зөв ашиглах, хүмүүстэй яаж харилцах, нөлөөлөх, манлайлах аргачлалуудаа ойлгоод авдаг.
- Сонирхоход өөрөө ямар хэв маягийн хүн бэ?
- Миний хувьд модны энергитэй Бүтээгч хэв маягт хамаардаг. Зургаар илэрхийлбэл дөрвөлжиндүү график гардаг. Өөрөөр хэлбэл юм юмнаас хийж чаддаг хүн гэсэн үг. Бүтээгч хүн илүү их шинэ санаа гаргадаг, алсыг хардаг, зоригтойгоор үйлдэл хийж чаддаг, эрч хүчтэй. Зарим Бүтээгч хүмүүс зөн совингийн онцгой мэдрэмжтэй, оргүй хоосон зүйлийг ургуулан төсөөлж, байхгүй юмыг гаргаж бүтээж чаддаг. “Apple” компанийн Стив Жобс ийм төрлийн хүн юм. Бүтээгч хүмүүсийн байнга тавьдаг асуулт бол “Би Юу бүтээх вэ? Юу хийх вэ?”.
Бусдыг соронзон мэт татдаг, хүмүүстэй сайхан ярьдаг, ойлголцдог, олон хүнийг зохицуулаад явдаг дулаан энергитэй улсууд байдаг даа. Тэд бол “Bless” буюу “Зуны энерги”-ийн урсгалынх. Ийм хүмүүс дотроо гурван янз. Тэдний нэг нь “Од” юм. Тэр хүмүүсийн хэмнэл буюу сэтгэх онцлог нь Бүтээгчээс өөр. Тэдний өөртөө тавьдаг асуулт гэвэл “Хэн?”. Иймэрхүү гадагшаа төвтэй хүмүүс “Хэнд даатгаж би энэ ажлыг хийлгэх вэ? Хэн энийг хийж чадах вэ” гэж боддог. Тэдний сул тал нь хүнд таалагдах гэж их хичээдэг, хүний ая эвийг олох гэсэндээ өөрийгөө золиосолдог. Ингээд яриад байвал маш олон зүйл бий.
Тэгвэл “Темпо” буюу газрын энергитэй хүмүүс газарт чихээ наах мэт одоо өрнөж байгаа цаг үе дээр анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тэд арилжаа наймаанд одтой. Зөв цагт нь орно, зөв цагт нь гарч чадна, бусдад үйлчлэхдээ сайн. Тэд сэтгэх хэв маягаараа “Хэзээ? Хаана?” гэсэн асуултыг байнга тавьдаг онцлогтой.
“Стийл” буюу төмрийн энергитэй хүмүүс дотогшоо төвтэй байдаг. Тэдний тавьдаг асуулт бол “Үүнийг Яаж хийх вэ. Энийг Яаж сайжруулах вэ?. Ийм хүмүүс код бичих, аппликэйшн боловсруулах, мэдээллийн технологийн салбарт авьяастай байдаг. Зуны энергитэй хүмүүс тулгамдсан асуудлыг бусадтай ярилцаж байгаад шийдчихдэг бол төмрийн энергитэй хүмүүс шууд ганцаараа, чимээгүй орчинд сууж, бодож, тоо, анализ хийж, ямар нэгэн датан дээр төвлөрч байж шийдвэрээ гаргадаг. Хүний энергийн урсгал хүн хүний онцлогоос шалтгаалаад янз бүр. Найман хэв маягийн аль нь ч байж болно.
- Чамтай уулзаж байгаа хүмүүсийн дунд аль хэв маягийнх нь давамгайлж байна?
-Янз янз. Бүтээгч нь арай цөөхөн. Давамгайлж байгаа нь зуны юм уу намрын энергитэй хүмүүс байна. Өөрийнхөө хэн болох, ямар авьяас чадвар, өгөгдөлтэй, юуг сайн хийж чаддаг, юуг хийж чаддаггүй болохоо, өөрийн давуу, сул тал, ямар мэргэжил сонговол өөрт нь тохирох зэргийг мэдэхийг хүссэн хүмүүс их хандаж байна. Ямар бизнес хийх вэ, дуртай юмаа олоод бизнесээ эхлүүлчихмээр байна гэсэн хүмүүс ч ирдэг.
- Тэдний нийтлэг гаргасан алдаа нь юу байв?
- Манай монголчуудын нийтлэг гаргадаг алдаа нь амьдралынхаа хамгийн чухал зүйлсийг сонгохдоо хэн нэгнийг дуурайж, өөрийн авьяас чадварт тохирохгүй ажил мэргэжил, бизнесийг сонгодог. Үүнээс болж маш их цаг хугацаа, эрч хүч, энерги, мөнгөө алдсаны дараа нэг л буруу замаар яваад байгаагаа ухаарч, “Би ер нь хэн юм бэ? Би яах гэж энэ хорвоод төрсөн юм бэ? Би юугаараа нийгэмдээ хувь нэмрээ оруулж чадах вэ? Миний хийх дуртай зүйл юу вэ? Юугаараа би амжилтад хүрч чадах вэ?” гэх зэрэг олон асуултыг өөртөө тавьж, өөрийгөө олох гэж өөртөө хөрөнгө оруулж эхэлдэг юм байна. Их дээд сургууль төгсөгчдийн 60 хувь нь сурсан мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгааг харсан.
Бас ажилд орохдоо цалинг нь хамгийн түрүүнд сонирхоод, өөрийнх нь авьяас чадварт тохирч байгаа эсэхийг тоохгүй “мөнгө л олж байвал болно” гэж боддог. Удалгүй ажил нь өөрт нь таалагдахгүй болоод ирдэг, эсвэл авьяасынх нь эсрэг зүгт байхаар ажлаас гарчихдаг.
- Ямар насны хүмүүс голдуу хандаж, зөвлөгөө авч байна?
- Гучаас дээш дундаж насныхан их ханддаг. Дөч, тавин настай хүмүүс ч хандаж байна. “Миний амьдрал нэг л биш байна. Дуртай ажлаа олоод, аз жаргалтай амьдрах гэхээр ажил минь таалагдахгүй байна, ажилдаа дургүй байна, ажлаасаа гарах гэхээр өр зээлэндээ баригдаад олон жилийг үрчихлээ” гэсээр ирдэг.
Эртнээс өөрийгөө ямар хүн гэдгээ тодорхойлоод, өөрийнхөө энергийн урсгалд тохирсон ажил, бизнес, мэргэжлийг сонгох нь чухал байгаа юм.
- Тэдэнд юу гэж зөвлөдөг вэ?
- Амьдралаа өөрчилье гэвэл хэзээ ч оройтохгүй шүү гэж хэлдэг.
Дээрээс нь хүмүүс өөрийгөө тэс өөр хэв маягийн хүмүүстэй харьцуулаад сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болсон байдаг. Бүтээгч юм уу Од хэв маягтай хүмүүсийн хийсэн зүйлс нь хүний нүдэн дээр ил байдаг учраас хүмүүс тэднийг хараад “амжилттай хүн ийм л байх ёстой” гэж боддог. Угтаа өөртэйгээ ижил энергийн урсгалтай лидерийг олж, үлгэр жишээ авч, даган дуурайж байж тухайн хүн өсөж хөгжих учиртай юм.
- Хориннэгдүгээр зуун хиймэл оюун ухааны зуун боллоо. Хүний хийдэг олон ажлыг робот хийх болчихоод байна. Ирээдүйд зөвхөн хүн л хийж чадах ямар мэргэжил, ур чадварууд эрэлттэй болно гэж бодож байна?
- Хиймэл оюун ухаан хөгжөөд, гар утас амьдралд хүчтэй нэвтрэх тусам хүмүүс хоорондын харилцаа суларч, ганцаардал, сэтгэл зүйн өөрчлөлтүүд бий болж байна. Тиймээс ирээдүйд сэтгэлзүйчид, амьдралын дасгалжуулагчид, хувь хүний хөгжлийн зөвлөх, сувилагч, хүний тархи, оюун ухаан судлаач, IT инженерүүд, химийн инженерүүд, математикчид, урлаг соёл, уран бүтээлчид, хүний эрхтэн систем судлаач гэх мэт хүн төвтэй, хүнтэй харилцах ажил, мэргэжил, үйлчилгээнүүд эрэлттэй болно гэж боддог. Ирээдүйд бид өөртэйгөө адилхан роботуудыг худалдан авч, өөрийгөө хэд л бол хэд хувилж болно. Хүний сэтгэлийн нарийн хөдөлгөөн, биеийн хэлэмжийг робот хараад ойлгохгүй шүү дээ. Зөвхөн хүн л хүнээ харж ойлгоно. Хүмүүс хоорондын харилцаа нандин. Тэр харилцаа, хайр дутсанаас, хүн хүнээ ойлгох хэрэгцээ нь хангагдахгүй байгаагаас сүүлийн үед амиа хорлолт ихэсч байгаа.
- Та өөрөөс чинь зөвлөгөө авахаар зориод ирсэн эцэг эхчүүдэд юу гэж зөвлөдөг вэ?
- Хүүхдүүддээ зөвлөхөөсөө өмнө эцэг эхчүүд маань эхлээд өөрийгөө, өөрийнхөө учрыг олох хэрэгтэй байгаа. Тиймгүйгээс үзэл бодлоо буруу илэрхийлдэг, хүүхдээ буруу аргаар дарамталдаг. Энэнээс болоод хүүхдүүд ээж аавтайгаа харилцахаас төвөгшөөх, тээршаах үзэгдэл ажиглагдаж байна. Дуртай юмаа хийж, өөрийгөө үнэ цэнтэй хүн болгож байгаа хүн өөртөө итгэлтэй, аз жаргалтай, учир утгатай, сэтгэл хангалуун амьдардаг. Энэ нь үр хүүхдүүдэд нь хэлсэн хэлээгүй нөлөөлж, хүүхдүүд ч гэсэн ээж ааваараа бахархаж, тэдэн шигээ аз жаргалтай амьдрахыг хүсэж, тэднээс суралцаж байдаг. Тэгэхээр хүнд хамгийн чухал нь хүүхдээ хүмүүжүүлэхээс илүүтэй өөрийгөө л олох юм.
Өөрийнхөө дотор нуугдсан авьяас чадварыг хэрхэн зөв ашиглах вэ гэдэгт суралцаж, авьяас чадвараа үнэ цэн бүтээж чадсан хүн бусдын итгэлийг даадаг. Ингэснээр тухайн хүн рүү чиглэх хүмүүсийн урсгалыг бий болгох боломжтой.
- Өөрийнхөө тохирох энергитэй нэгдэхийн тулд дасгал хийх үү, бясалгал хийх үү?
- Бясалгал хийхгүй. Энэ бол өөр ойлголт. Өөрийгөө таньж, өөрийгөө хөгжүүлж, амжилтад хүрэх стратегиэ мэднэ гэсэн үг л дээ. Өнөөдөр интернэтэд өөрийгөө тодорхойлох өчнөөн олон тест бий. Харин чи ийм зан чанартай, ийм энергитэй хүн учраас ийм үйлдэл хий, чамд ийм мэргэжил, ажил, бизнес тохирно. Өөрийн авьяас чадвараараа хэрхэн баялаг бүтээх вэ? Баялгийн аль түвшинд явж байна, дараагийн түвшин рүү хэрхэн амар хялбар аргаар гарах аргыг зааж, чиглүүлж, амжилтад хүргэх стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж өгдөг Рожер Жеймс Хамильтоны тест шиг тест цөөн. Энэхүү тестийг дэлхий дээр 1,4 сая энтрепрёнерүүд ашиглаад, өөрийнхөө авьяас чадварыг нээгээд явж байна. Тэдний дундаас олон тэрбумтан төрсөн.
- Үзэж туулсан амьдралаас болоод хүний энергийн урсгал өөрчлөгдөж болох уу?
- Хүний төрөлх энерги өөрчлөгддөггүй. Гэхдээ зарим хүн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, бусдад үнэлүүлэх, хайрлагдах хэрэгцээ, хүсэлтэй байдаг. Зарим хүнийг эцэг эх, багш, ойр тойрны хүмүүс нь бусадтай их харьцуулдаг байснаас болоод хэн нэгэнд таалагдах гэж өөрийгөө хүчилж, энергийнхээ урсгалыг бөглөсөн тохиолдол таарч байсан. Саяхан надаар нэг хүн үйлчлүүлсэн юм. Тэр хүн уг нь Лорд хэв маягтай, төмрийн энергитэй хүн. Ийм хүмүүс төрөлхөөсөө юмны алдааг гярхай олж хардаг, юмыг хянадаг, бүх юмыг тодорхой байлгаж байж хийх гэдэг, аливаа зүйлийг яв цав тодруулдаг зан чанартай учраас бүхий л зүйлийг шулуун шударга хэлж, асууж тодруулдаг. Энэ нь хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. “Энэ дандаа ингэдэг. Энэ ёстой сонин хүн. Яасан муухай муу санаатай юм бэ” гэх мэтийн буруу ойлголт төрүүлдэг. Над дээр ирсэн тэр хүний ээж нь түүнийг багаас нь хүүхдүүдтэй их харьцуулдаг байснаас өөрийгөө хүчээр “би бусдад таалагдах ёстой” гэж хүчилсээр үндсэн профайлаа хөгжүүлж чадаагүй байсан. Өөрийн энергийн эсрэг зүг рүү өөрийгөө хөгжүүлэх гэж оролддог байсан нь түүнийг өөр хэн нэгэн болж жүжиглэхэд хүргэж, түүндээ маш их ядарч, амьдралдаа сэтгэл дундуур, өөртөө итгэлгүй нэгэн болгосон байсан. Энергиэ ч их алдсан байлаа.
- Монголчууддаа хандаж юу хэлмээр байдаг вэ?
- Манайхнаас амьдралынх нь утга учрыг асуухаар “Сайхан амьдрах” л гэж хариулдаг. “Таны бодлоор сайхан амьдрах гэж юу юм бэ?” гээд асуухаар тодорхой хэлж мэддэггүй. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл нь бүдэг бадаг байдаг. Тийм учраас амьдрал нь өөдөлсөн ч юмгүй, дордсон ч юмгүй нэг хэвийн яваад байна. Үүнийгээ өөрчлөөсэй гэж хүсдэг.
Бас байгууллагууд ажилтнаа сонгож авахдаа их алдаж байна. Тэдэн төгрөгийн цалин өгнө гээд ажлын байран дээр тохирохгүй хүнийг сонгож авснаас болоод нөгөө хүн нь үр бүтээл муутай байна, тэгснээр тухайн байгууллагад ч хохиролтой. Тэр хүнд ч хортой.
Зөв хүнийг зөв ажлын байран дээр зөв таньж авах, энергийн урсгалд нь тохирсон ажлыг хуваарилж өгөх талаар байгууллагуудад сургалт сурталчилгаа явуулах шаардлагатай байгаа. Хүн дуртай, өөрийнхөө энергийн урсгалд тохирсон ажлыг хийснээр өөрөө ч хөгждөг, байгууллагаа ч өсгөдөг. Илүү томрох, хувийн бизнесээ эхлэх гээд дараа дараагийн боломжууд гараад ирдэг. Харамсалтай нь Монголд тийм биш байна.
- Амжилтыг чи яаж мэдэрдэг вэ? Бусдад зөвлөдөг хүний чинь хувьд асуумаар санагдлаа...
- Амжилт гэхээр монголчуудын дийлэнх нь мөнгөөр хэмждэг юм билээ. Миний хувьд...өөрийгөө олоогүй, учраа олох гээд будилж яваа хүмүүст зөв замаа олоход нь туслаад, зөвлөөд өгөх юм сан гэж хүсдэг. Надаас үйлчилгээ авсан хүмүүс “Ёстой их баярлалаа, таны зөвлөснөөр би амжилтад хүрчихлээ” гэж хэлэхэд сэтгэл ёстой гоё болдог. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй гайхалтай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Wow
сонин мэдээлэл байна