Ерөнхийлөгчийн сонгуулиас юу ч хүлээх хэрэггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Ерөнхийлөгчийн сонгуулийн урь ороод тэр үү. Монголд саараар тогтохгүй сайн хүн мөн  олон тодорч байна. Тэднээс хэд гурав нь шигшигдэж үлдэх шинжтэй. Улс төрийн намуудын шалгаруулсан улстөрчийн дээд туйл тэр юм байх. Монголыг дахин нэг удаа ялуулах эрхэм ирэх зургаадугаар сарын 9-нд бүх ард түмний санал асуулгаар тодрох юм уу даа. Ийм нэг хүч шавхах ойрын зайн гүйлт, зарим нэгд нь тамир тасалж мэдэх хэт холын марафон бариандаа намын туг намируулахад ойрхон ирлээ. Үүнийг үзэл санааны өрсөлдөөн гэх нь ч хаашаа юм. Фанатууд нь царай зүсэндээ анхааран, үгээ хурцлан гарааны барианы өмнөхөн хүлээж байна.

Тэдний амнаас сайн сайхан зүйл гарах нь олонтаа. Харааж ерөөх энгийн үзэгдэл юм. Тэд нэгдмэл, нэг цул монголчуудыг үндсэндээ хоёр, жигүүр фракц намуудын оролцоотойгоор гурав, дөрөв, дам нөлөөгөөрөө тав, зургаа ч хувааж дөнгөдөг. Уг нь Ерөнхийлөгч нам бус, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Уг жанжин шугамаас гажих ёсгүйг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч Х.Баттулгад өнгөрсөн хугацаанд өгсөн олон удаагийн сануулгаас харж болох юм. Цаашлаад аль нэг албан тушаалтан хэн байлаа ч, аль нэг намаас тодорсон улстөрчийн дээд туйл ч байлаа түүний дээр ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн олонх баталсан хууль засаглах ёстойг гэдэг санаа чухал юм. Нэгэнт цагт “хаан” явсан гэгддэг Н.Энхбаяр сөрсөн намдаа дагаар орж, шүүх засаглалыг атгандаа багтаасан Ц.Элбэгдорж  өнөөдөр ард түмний дундах байр сууриндаа эргэн заларсан бэлээхэн жишээг энд дурдаж болно. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн Х.Баттулга болж, тэдний нэгэн адилаар халаагаа тавьж өгөхөд ганцхан сарын хугацаа үлдэв. Тэд явсан ч монгол төр бат оршино, Монголын хууль засагласаар байгааг үүнээс харж болох нь. Ирээдүйд хууль засагласаар байх биз. Яагаад гэвэл, Монголд муу, сайнаар хэлэгддэг ч алдаатай оноотой хууль засагладаг. Хуулийг парламент буюу УИХ баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг тогтолцоотой оронд бид амьдарч байна. Энэ бол Монголд зөвхөн ард түмний нийтлэг эрх ашиг засаглана гэсэн Үндсэн хууль хэрэгжиж буйн илрэл.

Монгол бол олонх төрийн эрх барьдаг, парламентын тогтолцоотой улс гэдгийг дахин нэг тодотгоё. Түүнээс биш нэг шинэ Ерөнхийлөгч гарч ирээд л бүхнийг сайн сайхан болгочихдог шидтэн болж хувирахгүй.  Үүнийг сүүлийн нэг жилд болсон хэд хэдэн жишээгээр тайлбарлаж болох юм. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө соёрхсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвших эрхээ хязгаарлуулсан. “Монгол Улсын иргэнийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гэдэг өөрчлөлтийг УИХ хийж олонхоороо баталсан байдаг. Түүний өмнө шүүх, хууль хяналтын байгууллага бүхэлдээ Ерөнхийлөгчийн мэдэлд байгаа хэмээн бүгдийн хайрыг татдаг байлаа. Гэтэл УИХ хоёр, гуравхан хуульд өөрчлөлт оруулаад л эдгээр эрх мэдлийг нь мэдэлдээ авчихсан.

Мөн парламент сонгодог УИХ-ын дарга, томилдог Ерөнхий сайд нар Үндэсний аюулгүй байдлын хуралд суухгүй бол Ерөнхийлөгчийн тэргүүлдэг байхын утга учир үгүй болсон. Энэ мэтээр төрийн гурван өндөрлөгийн эхэнд жагсдаг Ерөнхийлөгч жинхэнэ утгаараа “шүдгүй” хоосон архирдаг арслан болж хувирах түүхэн үйл явцын амьд гэрч сонгогчид бид болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эрх мэдэлтэн ганц зандраад л хуулийг үйлчилдэг болгоод байгаа юм биш. Сонгогчид бидний төлөөллийн баталсан хууль хэрэгжиж байгаа энгийн үйл явц өнөөдөр өрнөж байгаа. Үндсэн хууль дахь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээх заалтыг баллуурдаж арилгаагүй цагт хэн нэгэн улстөрч “нэгдүгээр хүн” гэх бүхнийг чадагч мэндэлнэ гэсэн ойлголт бий болохгүй. Нөгөө талаар манайхны нийтлэг нь Ерөнхийлөгч тэтгэврийн зээл дарж, төмөр зам тавих, уул уурхайн ордыг төрийн мэдэлд авах зэрэг санаачилга гаргаснаар энэ албан тушаалыг хүсэл биелүүлэгч мэтээр ойлгодог. Үндсэндээ ийм буруу ойлголтыг зориуд зарласнаар нь хүлээж авсан тохиолдол зөндөө.  Бодит байдал дээр энэ мэт аж ахуйн ажлыг хуулийн дагуу УИХ-аас томилдог Ерөнхий сайд буюу түүний бүрдүүлсэн Засгийн газрын танхим гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд гүйцэлдүүлдэг болохыг бас мэдээд авахад гэмгүй. Монгол төрийн өнөөгийн тогтолцоо нь энэ юм. Тиймээс өнөөдөр сүр дуулиантай эхэлж буй Ерөнхийлөгчийн сонгуулиас ямар нэг том өөрчлөлт хүлээгээд хэрэггүй. Ерөнхийлөгчид горилогчдын хэн нь ч ялсан алга урвуулахын дайтай шинэчлэл хийж дөнгөхгүй. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс “Хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хуулиа хамгаална” гэдэг амлалтыг нэхэх нь үнэнд ойртоно. Үндсэн хуульд ч энэ талаар тов тодорхой заалт бий. Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж байгааг хүн бүр цээжлээд авах хэрэгтэй. Үүнд, нэг хүн буюу Ерөнхийлөгч төрийн эрх барина гэсэн үг, үсэг байхгүй байгаа биз.

 Ийнхүү бүгдийг биш ч төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс хуулиар холдуулснаар Монголд нэг хүний засаглал бус парламентын олонхын засаглал тогтож байгаа. Авторитар дэглэмтэй хоёр их гүрний дунд оршдог Монгол шиг улсад дарангуйллаас ангид боломж нь тэр гэдэгтэй өнөөгийн Үндсэн хуулийг эрх баригчид санал нэгддэг. Монголын улс төрийн шинэ үеийнхний байр суурийг нэгтгэж дүгнэхэд, цаашдаа парламентын тогтолцоог улам бүр сонгодог чиглэл рүү төгөлдөржүүлнэ гэдэг байр суурин дээр дийлэнх олонх нь нийлж байгаа. Энэ утгаараа  Ерөнхийлөгчийн албан тушаал цаашид захирамж гарган нам тараах бус гавьяа шагнал гардуулах төдий зарлиг гаргадаг бэлгэдлийн албан тушаал байхаас өөр аргагүй аж. Нэг хүний засаглал одоохондоо хилийн цаана байна. Тийм засаглал Монголын хилээс дээс алхах эсэхийг парламентын сонгуулиар бид өөрсдөө шийднэ. Одоогийн Ерөнхийлөгчийн сонгууль юу ч шийдэхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

МАН бүхнийг эрхшээлдээ оруулж байгааг хүмүүс харж л байгаа. Харин ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн амьтдыг харахад авах хүн даан ч алга. Тэгэхээр олон түмэн хэнийг нь ч сонгохгүй байж зөв хүн гарч иртэл хүлээх хэрэгтэй болж байна даа.

0  |  0
zochin(172.68.142.49) 2021 оны 05 сарын 07

Mongol orond undsen huuliin bus argaar uls toriin deglem oorchilogdchihson. Odoo ene medeenii ursgal nevtruulgiig haraad autoritary deglemiin ujel surtal yavj bn gedgiig bugd medej bgaa. Odoo irgediin erh choloond haldaj, daraa ni tanai ger buliin asuudald handana aa. Bid namd uilchileed hereggui. Nam dagasan humuusees ali boloh zaigaa barisan ni deer. Yamarch setgelgui, yu ch hiihed belen bolchihdog humuus yum. Ard tumnee geh setgelgui, 30 jild, ard tumniihee toloo boditoor yu hiisen be. Odoo ard tumen oorsdoo huchtei bh heregtei

0  |  0
зочин(162.158.119.171) 2021 оны 05 сарын 07

Манай ерөнхийлөгч маань өнгөрсөн 4 жилийн хугацаанд үнэндээ эв нэгдэл илэрхийлсэн ганц ширхэг ч үйлдэл хийсэнгүй ээ. Одоо бүр дахин дэвшиж чадаагүйдээ шаралхаад байж болох бүхий л муу аргыг хэрэглэж байна МАН-н нэр хүндийг унагах гээд АН-ыг үгүй хийчихлээ дээ. Ийм их өш хонзон санадаг Ерөнхийлөгчтэй байж таарахгүй

1  |  1
irgen(202.126.90.95) 2021 оны 05 сарын 07

henench yeronhiilogch bolson adilhan erh medelgui beleg temdegiin shinjtei hun bolnoshd battulgiig ymar hun bolgoson bilee hurelsuh ch mon ylgaagui tiim bolno

1  |  0
Бат(202.9.47.53) 2021 оны 05 сарын 07

Монголчууд параламентийн засаглалтай улс тэгэхлээр мөнгө зарж сонгууль хийхээр олонхи болсон нам ёрөнхийлөгчийг параламентаасаа сонгооч энгэвэл нөгөө багаар ажиллах чадвар сайжирна төсөв хэмнэнэ

2  |  0
зочин(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг олноор оруулж парламаентийг жинхэнэ сонгодог утгаар байлгах нь зөв дөө Английн парламент л яг тохирох юм шиг санагддаг

1  |  0
иргэн(172.69.252.134) 2021 оны 05 сарын 07

Сонгууль шийднээ .Одоогийн Еөкийн эв нэгдлийг хагалсан элдэв үйлдэлээс залхаж байна.

2  |  1
Top