БНАСАУ Өмнөдийн ухуулах хуудас халдвартай байж болзошгүйг сэрэмжлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

БНАСАУ-ын эрх баригчид улсынхаа зүүн хойд хил орчмын суурин газруудад хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна.  Хойд Солонгосын “Rodong Sinmun” төв хэвлэлд баасан гарагт мэдээлснээр, Канвондо мужийн Косон гүн сууринд коронавирусний тархалттай тэмцэх нэмэлт арга хэмжээг аваад байна.

Орон нутгийн ард иргэдэд үхсэн амьтан, салхинд хийсэж буй содон объект зэрэг аливаа хэрэг явдлын талаар холбогдох байгууллагуудад дуулгахыг зөвлөжээ.

Пүрэв гарагт тус хэвлэл БНСУ-ын хилийн бүсээс түгээж буй ухуулах хуудсаар дамжуулан корнавирусний халдвар дамжиж болзошгүй тул ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Ингэхээ тус хэвлэлд ухуулах хуудсыг “содон объект” хэмээсэн байна.

Хойд Солонгосоос БНСУ-д дүрвэсэн иргэдийг нэгтгэсэн төрийн бус байгууллагын идэвхтнүүд дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд 500 мянган ухуулах хуудас, 500 товхимол, таван мянган ширхэг нэг ам.долларын дэвсгэрт бүхий агаарын бөмбөлгүүдийг хөөргөсөн билээ. Ухуулах хуудаст БНАСАУ-ын эрх баригчдыг шүүмжилсэн агуулгатай тул Пёньяны зүгээс эрс эсэргүүцдэг юм.

БНАСАУ 2020 оны нэгдүгээр сард хорио цээрийн хатуу арга хэмжээг авч, хилээ бүрэн хаасан. Албан ёсны мэдээллээр, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top