Ангараг гараг дээрх АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Ingenuity” нисдэг тэрэг тав дахь нислэгийн үеэр анх удаа байршлаа сольжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, нисдэг тэрэгний тав дахь удаагийн нислэг 108 секунд үргэлжилсэн ба энэ хугацаанд 129 метр зайг туулж, 10 метрийн өндрийг авч, буухаасаа өмнө өндөр чанарын өнгөт гэрэл зургууд авсан байна. Өмнөх дөрвөн нислэгийн явцад нисдэг тэрэг хуучин байрлалдаа буцаж буудаг байжээ. “Ingenuity” нисдэг тэргийг ийм маягаар байршлыг сольж, “Perseverance” сансрын аппаратын эрдэм шинжилгээний ажиллагааг хурдасгахаар төлөвлөж байна гэж “Ingenuity” нисдэг тэрэгний ерөнхий боловсруулагч Боб Бэларам ярьжээ.
Үүнээс гадна нисдэг тэрэгний дөрөв дэх нислэгийн үер “Perseverance” аппарат нислэгийн дуу чимээг анх удаа бичиж авсан байна. Эрдэмтэд тус гарагийн агаар мандал сийрэг тул “Ingenuity” нисдэг тэрэгний нислэгийн дуу чимээг бичих боломжгүй гэж үзэж байжээ. Эрдэмтдийн хувьд энэ нь гэнэтийн бэлэг байсан бөгөөд Улаан нүдэн гарагийн агаар мандлын нууцыг тайлахад чухал алхам болно гэж эрдэмтэд үзэж байна.
Нийт 80 сая ам.долларын өртөг бүхий ““Ingenuity” нисдэг тэргийг энэ оны хоёрдугаар сарын 18-ний өдөр “Perseverance” сансрын хөлгөөр Ангараг гарагийн Эзеро тогоонд буусан. Энэ төслийн гол зорилго Ангараг гараг дээр эрт дээр үед амьдрал байсан эсэхийг батлах ул мөр илрүүлэхэд чиглэж байна. “Ingenuity” нисдэг тэрэг 1.8 кг жинтэй ба эхний удаа 39.1 секундийн хугацаанд гурван метрийн өндөрт гарч ниссэн бол хоёр дахь нислэгээр таван метрийн өндөрт гарч, хоёр метр зайг туулжээ. Гурав дахь нислэгээр “Ingenuity” 50 метрийн зайг туулсан бол дөрөвдүгээр сарын 30-нд хийсэн дөрөв дэх удаагийн нислэгээр агаарт 118 секундийг өнгөрүүлж, нийт 266 метрийн зайг туулжээ.
Сэтгэгдэл ( 0 )