Залуу дуучин Э.Дашнямтай ярилцлаа.
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
-Дуучин Дашням адуучин Дашням болсон сурагтай байсан. Хаана байгаад байна вэ?
-Хөдөө гэртээ /Төв аймгийн Баянцагаан сум/ аав ээждээ туслаад, адуугаа хариулаад л хаваржиж байна даа.
-Уран бүтээлийн олз ихтэй юу. Шинэхэн цомог гаргасан гэж сонссон?
-Уран бүтээлийн олз омог ихтэй байна. Дуучин Г.Дашчанравтай хамтарч “Хоёр Даш” нэртэй цомгоо гаргасан байгаа. Тус цомогт Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт Б.Шарав гуайн “Монголын тал нутаг”, “Өнө мөнх орон” зэрэг найман дуугаа багтаасан. Мөн Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр ахынхаа дуунуудаас дуулсан.
-“Voice of Mongolia” шоунд оролцохдоо эхний шатанд дуулсан “Бүсгүй” дуунд тань хүмүүс их дуртай. Энэ дууг бүрэн эхээр нь дуулсан гэсэн үү?
-“Бүсгүй” дуугаа энэ цомогтоо бүтнээр нь дуулсан байгаа. Удахгүй клипжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх зунаас клипнийхээ ажилд орно доо.
-Өөрийн тань хувьд сүүлийн үед ихэвчлэн зохиолын дуу дуулж, олны хүртээл болгох болсон. Цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Ирээдүйд Ардын болон Уртын дуугаар дагнан уран бүтээл хийнэ гэсэн сонирхолтой байгаа. Мэдээж зохиолын сайхан дуунуудаа дуулна. Мөн Дашчанравтайгаа хамтарсан уран бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?
-Дуулах дуугаа ая, үгийг нь харж байж л сонгодог. Өөрийнхөө хоолойны өнгөнд тохирох тийм хөг эгшигтэй дууг дуулах дуртай. Дууны үг мэдээж маш чухал. Утга агуулга нь сайхан дуу олон түмэнд маш хурдан түгдэг юм шиг санагддаг.
-Хөгжмийн зохиолчид дуугаа дуулуулах хүсэлт хэр их гаргаж байна вэ?
-Хөгжмийн зохиолчид дуулуулах дуугаа явуулна, явуулна.
-Дууны эрдэмд суралцаж, дуучин болдог ч суурь авьяас маш чухал санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний хувьд тав, зургаадугаар ангиасаа дуулж эхэлсэн. Багаасаа л урлагт ойр байсан. Мэдээж дуучин болоход авьяас чадвар чухал ч хичээл зүтгэл, сахилга бат сайн байх ёстой гэж боддог. Авьяасаа хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөх л хэрэгтэй.
-Өөрийн тань хувьд уртын дуучин хүн. Уртын дууны тухай яриа өрнүүлээч?
-Уртын дуу бол 2000 гаруй жилийн өмнө чонын улианаас үүсэлтэй гэж үлгэр домогт яригддаг. Маш гайхалтай далд ертөнцийн сүнслэг тийм сайхан дуу л даа. Олон мянган жил ард олны дунд тарни мэт цээжлэгдэж, аялагдаж ирсэн “Амьд зүйл”. Ном зохиолд бол Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу гэж ч бичигдсэн байдаг. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж ярьдаг. Аялгууны талаас зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас тайлбарладаг. Мөн уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж ч өгүүлдэг.
Монгол уртын дууны хөгжим нь хөг аялгууны хувьд нэн өвөрмөц. Энэ нь маш өргөн цар хүрээтэй, уужим тавиу аялгуутай, төв эрхэмсэг намба төрхтэй, уран гоё нугалаа, цохилго чимэгтэй, аялгуу эгшиглэлийн хаялга цацлагатай, зохиомжийн чөлөөт хэлбэртэй, доод өнгөнөөс дээд өнгөнд огцом дүүлэх, шуранхайлах зэрэг бусад улс үндэстнүүдийн дуу аялгуунд байдаггүй нарийн бүтэц зохиомжтой учраас уртын дуу, дуучнаас хоолойн их хүч чадал, дуулах ур маягийн дээд хэм хэмжээг шаарддаг. Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг монголын хязгааргүй цэлийх уудам тэнүүн тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, нүүдэлчин малчдын ажил амьдралын тайван чөлөөт хэмнэл, аж төрөх ёсны онцлогтой холбон тайлбарласан байдаг. Уртын дууг агуулгын талаас үзвэл эх нутаг, уул усны үзэсгэлэн, эцэг эх, сайн ханийн элбэрэл хайр, хүлэг сайн морь зэргийг магтсан эсвэл цаг улирлын солигдол, хүний амьдрал, хувь заяаны учрыг гүн сэтгэмжээр өгүүлсэн байдаг. Уртын дуунд хамгийн гол нь аливаа зүйлийн тухай өнгөц бодол үгүй, ямагт амьдралын утга учрыг өгүүлсэн гүн сэтгэмж илэрдэг гэж багш нар маань захиж хэлдэг дээ. Ийм гайхалтай болохоор ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д багтаасан байдаг болов уу.
-Тийм шүү. Тэгэхээр уртын дуучин хүн яг тийм Монгол ахуй амьдралтайгаа ойр байвал илүү дотор нь орж, дууныхаа мөн чанарыг олж дуулдаг байх?
-Мэдээж тийм. Уртын дууг Монгол хүн л маш сайхнаар дуулж чадна гэж боддог.
-Хөдөө хээр адуугаа хариулангаа уртын дуугаа дуулаад явж байх мөн ч сайхан биз?
-Тэгэлгүй яах вэ. Би хөдөө гэртээ харингуутаа л адуу руугаа давхичихдаг хүн. Миний хувьд багаасаа морь унаж, уртын дуу дуулж өссөн. Хоёр ой гарантай байхдаа морь унаж сурсан. Дөрвөн нас хүрээд хурдан морь унасан. Гийнгоо их аялгуулаг. Уртын дуутай дөхүү. Хурдан морь унан, гийнгоолж өссөн нь намайг уртын дуучин болоход их нөлөөлсөн байх гэж боддог. Уртын дуучин болохын эхлэл, суурь болсон л доо.
-Хүү нь сайхан дуучин болоод явах бахархалтай л байдаг байх. Аав ээжийнхээ талаар яриач?
-Аав, ээж хоёр маань малчин хүмүүс бий. Хэдэн малынхаа төлөө отор нүүдэл хийгээд л явж байдаг хөдөөний сайхан улс. Мэдээж намайг дуу дуулаад олны хайр хүндэтгэлийг хүлээгээд явааг минь хараад баярладаг.
-Өөрийн тань хувьд Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү. Өвөөдөө зориулж уран бүтээл гаргах бодол бий юү?
-Байгаа. Өвөөгийн тухай баримтат кино олон бий. Тиймээс өвөөгийнхөө тухай, гэгээн дурсгалд нь зориулсан дуу хийн, суварга босгох бодолтой явна.
-Өөрийн тань дуулах авьяас удам судраас тань үүсэлтэй гэж боддог уу?
-Өвөөг нас барснаас хойш жилийн дараа би мэндэлсэн юм билээ. Ээжийн минь аав нь. Хүмүүс намайг Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэдгийг мэдсэний дараа хариуцлага улам нэмэгдсэн. Өвөг дээдсийнхээ ариун нэр алдрыг гундаахгүй, дээш нь өргөж явах нь үр хойч бидний үүрэг хариуцлага. Үүнийг л сайн ухамсарлаж, биелүүлж явахыг хичээдэг. Дуулах, дуугаа мэдрэхийн тал дээр яалт ч үгүй өвөөгөөсөө өвлөсөн авьяас байгаа л гэж боддог.
-Өвөөгөө өөд болсны дараахан мэндэлсэн юм байна. Аав ээж нь билигшээдэг үү?
-Тэр талаар сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ нэг сонин зүйл бий. Өвөө минь 1919 оны арванхоёрдугаар сарын 15-нд мэндэлсэн юм билээ. Би 1993 оны арванхоёрдугаар сарын 14-нд төрсөн. Тэгэхээр төрсөн өдөр бараг адилхан шахуу. Өвөөгийнхөө уран бүтээлүүдээс Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд”-д дуртай. Ер нь бүх бүтээлийг нь шимтэн сонсох дуртай, үнэхээр гайхалтай.
-Э.Дашням хувийн амьдралаа зохиож амжсан уу. Сэтгэлтэй бүсгүй бий юу. Сошиалд олон бүсгүй чамайг крашладаг болохоор л асууж байгаа юм шүү?
-/Инээв/ Хувийнхаа амьдралыг хараахан зохиож амжаагүй байна. Уран бүтээл рүүгээ л анхаарлаа хандуулж байна.
-Арван жилийн дараах Э.Дашням хэн болсон байх вэ?
-Арван жилийн дараах Э.Дашням жаахан туранхайдуу л болчихсон байх болов уу/Инээв/. Олон сайхан уран бүтээл хийж, хүмүүст хүргэсэн байхыг л зорьж явна даа.
-Цаг гаргаж, ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Зориуд хайж сонсож үзлээ ямар гоё танил дотно ая вэ! Дашкадаа амжилт!
хачин улаан хацартай хөдөө матар зайлаа яг гуйлагчин шиг
Ядах юу байна аа, Дашка маань л хөгшөөөөн гэсэн үг шүү дээ
Зөв л байнашдээ. Дахиад сайн бодоод үз
1995 биш 1993 он гэж бна. дамдинсүрэн гуай 40 гарсан хойноо ч хэнз хүүхэдтэй болж байсан шүү. хүүхэд нь бас 30-н хэдтэйдээ хүүхэдтэй болж байсан байх тэгэхээр боломжтой л байгаа биз дээ.
”Өвөөг нас барснаас хойш жилийн дараа би мэндэлсэн юм билээ. Ээжийн минь аав нь”. гэнэ үү? Өвөө нь1919 онд төрсөн, зээ нь 1995 онд төрсөн? яасан хол зөрөө вэ? одоо чинь хүмүүс 40-45 хүрээд л эмээ өвөө болж бгаа биз дээ? эсвэл Дамдинсүрэн гуайн ач зээгийнх нь хүүхэд байх? ёстой мэдэх юм алга.