Түүний спортын философи юу вэ?

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Сиатл хотын монголчуудын фэйсбүүк групп дээр “Хөх тэнгэр” нэртэй гүйлт, алхалт, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой клуб байгуулагдлаа, бүгд хамтдаа гүйж алхая гэсэн зар гараад нэлээд хугацаа өнгөрснийг анзаарсангүй. Удалгүй хүмүүс гүйж, алхаж, дугуй хүртэл унаж байгаа мэдээллүүд, түүнийг санаачилсан Б.Буджаргалын талаарх мэдээллүүд орж эхлэв.

Тэрээр өөрийн хичээллэдэг хэт холын зайн олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга тамирчин болж, олон удаагийн амжилт байгуулжээ. Мөн түүхий ногоо жимсээр хооллодог, хичээллэж байгаа спортынхоо байж болох хамгийн өндөр амжилтыг гаргах зорилготой тэмүүлэл дүүрэн залуу юм байна.

Уралдаан, тэмцээнд оролцох бүртээ уриа дэвшүүлж, энх тайван, байгаль орчныг хамгаалах, цагаан болон ногоон хоолтон байхын ач тусыг сурталчилж байдаг бол энэ удаа Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ хангаж байхад нь уулзлаа.

Бидний уулзалт ярилцлага хамт алхаж, хоолонд орж, хандив босгох уулзалт зохион байгуулахад зэргээр 3 удаагийн цуврал хэсгээс бүрдэж байгаа юм. Мөн түүний хичээллэдэг спортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, ойлголтоо бататгах гэж нэлээд олон кино, баримтат кино, нэвтрүүлэг, тэмцээний өмнөх, дараах болон гүйж байх үеийн бичлэг, ярилцлагуудыг үзлээ. Тэгээд миний өөртөө тавьсан асуулт бол “Түүний спортын философи юу юм бол...”, “Яагаад ийм их тэсвэр хатуужил шаардсан, хүнд сорилтуудтай тэмцээн уралдаанд оролцдог юм бол..”, “Монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлын хязгаар түүнийг хаана хүргэх бол...” зэргээр эргэцүүлэн бодсон олон асуултаа эдгээр уулзалтын үеэр асууж дэлгэрэнгүй ярилцлаа.
 


-Сиатлд хэд дэхээ ирж байгаа гэлээ. Өмнө ирснээс хойш өөрчлөгдсөн зүйл анзаарав уу?

-Хоёр дахь удаагаа ирж байна, өмнө 2016 оны хоёрдугаар сард, Цагаан сарын дараа ирсэн. Бороо ороод л, бороотой сэрүүн улиралд ирж байсан. Рэйнир уулын тийш явж байсан. Тэр үед Канадын Ванкуверээс автобусаар ирээд, энд хэд хоноод Чикаго руу нисэж байлаа. Сая харин Лос-Анжелесээс тракаар ирлээ. Тесла машин ачсан трак наашаа Сиатл ирэхэд нь дайгдаад, жолоочтой нь хамт сайхан саадгүй яваад ирлээ.

-Өмнө нь Сиатлд бас тэмцээн гэж ирж байсан уу?

-2016 онд тэмцээнд оролцох гэж биш, бэлтгэлээ хийгээд явж байсан.

-Энэ жил Америкт ирсэн зорилго юу вэ, ямар ямар ажил бодож төлөвлөж ирсэн бэ?

-2020 оны арваннэгдүгээр сард Тайландаас ирсэн. Тэнд коронавирусээс болж нэг жил гацсан. 2020 оны арваннэгдүгээр сард Флоридад 6 өдрийн гүйлтийн тэмцээнд оролцсон, тэмцээндээ амжилттай сайхан оролцож аварга болсон байгаа. Тэрнээс хойш Америкт байна.  Сан Диего хотод хоёр сар, Лос Анжелест нэг сар, Сан Францискод нэг сар болоод Сиатлд ирээд бас сар болсон байна. Тавдугаар сарын 10-нд Нью Жерсид 7 хоногийн тэмцээнд оролцоно. Тэрнээс өмнө Чикаго орж 7 хоноод, тэмцээн болох хотдоо очно доо. Машинаар явж байна.

-2021 онд ямар зорилго тавьсан бэ, юу юуг амжуулна гэж бодож байгаа вэ?

-2020 онд тэмцээнд орохдоо аварга болоё, түрүүлнэ гэж л зорьсон, харин энэ жил оролцох тэмцээн уралдаанууддаа дэлхийн рекорд тогтооё гэж бодож байна даа. Энэ зорилгоо биелүүлээд, дараа дараагийнхдаа хүрэхийн тулд л бэлтгэлээ тасралтгүй хийж байна.

-Нью Жерси хотын тэмцээний дараа өөр уралдаан байгаа юу?

-2021 оны зургаадугаар сард Висконсин мужийн Милвакий хотод 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн байгаа.

-Иймэрхүү тэмцээнүүдэд чансаа ч юмуу, зэрэглэл гэж бий юу? Ач холбогдол, далайц, олныг хамарсан байдал, эсвэл зорилго гэдэг ч юмуу ялгарах онцлог бий юу?

-Бүх тэмцээн ялгаа, онцлог гэж байхгүй, В зэрэглэл гэх юм уу эсвэл том, жижиг тэмцээн гэсэн ойлголт байхгүй. Тэмцээнүүд хаа сайгүй болдог хэдий ч марафон гүйлт биш учраас ховор, жилд 10 гаруй удаа зохиогддог. Одоо болох Нью Жерсигийн тэмцээнд гэхэд би анх удаа оролцох гэж байна.

-Америкт болж байгаа энэ хоёр тэмцээнээс гадна Ази, Европын орнуудад болох тэмцээн бий юу?

-Европт тэмцээнүүд байсан боловч Ковидоос болоод цуцлагдаад байна.

-Өмнө гүйж байсан тэмцээнүүдээс энэ удаагийнх орчин нөхцөл, бартаат зам, эсвэл цаг агаар гэх мэт ялгаа бий юу?

-Ер нь хот, мужуудаасаа хамаараад улирал, цаг агаарын олон хүчин зүйл нөлөөлдөг. Флоридагийн зургаа хоногийн гүйлт гэхэд цаг агаар, замын хувьд тийм тааламжтай биш байсан. Одоо болох Нью Жерсигийн зам ч гэсэн бас тийм тааламжтай нөхцөлд болохгүй.  Харин 2021 оны зургаадугаар сард болох Милвакегийн тэмцээний зам их тааламжтай, тэнд дэлхийн рекорд тогтоох боломжтой. Тэгж л төлөвлөж бэлтгэлээ базааж байна. Гэхдээ Нью Жерсигийн тэмцээн дээр зургаа хоногт 900 км гүйх тактиктай байгаа. Харин Милвакегийн тэмцээн дээр зургаа хоногт 1000 км гүйх бодолтой. Одоо миний амжилт зургаа хоногт 831 км байгаа, тэрийгээ 100 км тус бүр ахиулаад гүйх тактиктай байна.

-Өдөр тутмын бэлтгэл, цагийн хуваарь ямар байгаа вэ. Тэмцээний үеэр гүйгээд ирэхээд цагийн хуваарь яаж өөрчлөгддөг вэ?

-Одоо байнгын бэлтгэлийн үе учраас өглөө гүйнэ, үдээс хойш гүйнэ, өдөржингөө л гүйнэ. Тэмцээн дээрээ бол өдрийн турш гүйнэ. Тасралтгүй гүйнэ.

-Тэмцээн маань хэт холын зайных, мөн олон өдрийнх болохоор яаж явагддаг вэ. Жишээ нь өглөө 8 цагт эхэллээ гэхэд цаашаагаа яах вэ, хэдэд зогсож амрах уу? Шөнө нь яаж зохион байгуулах вэ. Нэлээд сонирхолтой санагдаж байна? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Өглөө 8 цагт эхлээд өдрийн бүтэн явна, шөнөжин явна, ингээд л зургаа хоногийн дараа яг өглөөний 8 цагтаа л дуусна.

-Тэмцээний үеэр тамирчид амрах, унтах, хооллох, бие засах нөхцлийг яаж бүрдүүлэх вэ? Цэнгэлдэх хүрээлэн дотроо юу эсвэл зориулалтын талбай, зам бэлтгэх үү?

-Нью Жерсигийн тэмцээн гэхэд цэцэрлэгт хүрээлэн дотор зассан 1 км замаар тойроод л гүйгээд байна. Замын хажууд асар байна, усанд ороод унтаж болно. Мөн уух ус, хоол хүнсийг бэлтгэсэн байдаг.

-Насны ангилал, хүйс, жин зэрэг шалгуур бий юу?

-Насны ангилал 50+ болон 50-с доош, 50-55 насных гэсэн заагтай болдог. Милвакегийн тэмцээн бол олон ангилалтай байгаа.

-Тэмцээний удирдамж, оролцох урилга яаж ирдэг вэ. Спортын холбоодоор дамждаг уу эсвэл нэгдсэн цахим хуудсаар мэдээлэл гараад зарладаг уу. Монголд ямар холбоо, байгууллага байдаг вэ? Залуу өсвөр үеийнхэн сонирхоод гүйе, тэмцээн уралдаанд орж амжилт гаргая гээд зоривол хариуцдаг холбоо, байгууллага бий юу?

-Монголд олон өдрийн гүйлтийн холбоо байхгүй. Хэт холын зайн болон холын зайн гүйлтийн 2-3 холбоо, клубууд бий. Хэт холын зайн Марафон гүйлтийн холбоо, Айрад, Хамтдаа гүйе, Хамтдаа алхацгаяя, Running channel, холын зайн гүйлтийн холбоо зэрэг бий. Бид бүгд төрийн бус байгууллага тул төсөв мөнгө байхгүй, улсаас ямар нэгэн дэмжлэггүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй л байдаг.

-Хот хотод очиж гүйж байгаа нь цаг агаарын өөрчлөлтөнд биеэ дасгах гэж үү эсвэл өөр зорилго бий юу?

-Энд тэнд очиж гүйдэг маань нэгдүгээрт суурьшмал амьдралтай биш болохоор ерөнхийдөө хаана байр, орчин байна тэнд очиж байна, зарим монголчууд хотдоо урьдаг. Манай хотод ирж гүйгээч гэж урьсан болохоор Сиатл, Чикаго явж байна. Нэг газар удаан бэлтгэл хийхэд сэтгэл санааны хувьд уйтгартай байдаг. Тэгэхээр бас орчноо солих нь миний хувьд үр дүнтэй.

-Хот хотод гүйхийн ялгаа байна уу? халуун газар, бороотой, эсвэл хуурай уур амьсгалтай гэх мэт сонгох тохиолдол бий юу?

-Их халуун байх хэцүү, их хүйтэн байх хэцүү, бусдаар бол ялгаагүй.

-Энэ жилийн уралдаан тэмцээнд Монголоос ирж оролцох тамирчид бий юу. Эсвэл энд байгаа монголчууд сонирхлоороо оролцож болох уу?

-Милваке хотод болох тэмцээнд ирж магадгүй. Монголоос Батчимэг эгч ирж оролцох байх, өмнө нь ирж оролцож байсан. 2016-2019 онд Нью Иоркийн тэмцээнүүдэд ирж оролцож байсан. Энд байгаа монголчууд өмнөх тэмцээнүүдэд оролцож байгаагүй, одоо л оролцож эхлэх гэж байна.

-Хот хотод гүйдэг, дугуй унадаг, төрөл бүрийн спортоор хичээллэдэг хүмүүс клуб байгуулаад явж байгаа. Бидний эчнээ таньдаг олон тамирчин, гүйлтээр хичээллэдэг хүмүүстэй хамт гүйж, бэлтгэл хийж байгааг тань оруулсан мэдээлэл, зургуудаас хардаг. Эдгээр хүмүүсээр бид бахархаж, бас тэмцээн уралдаанд ороосой гэж боддог. Таны хувьд хамт гүйсэн хүмүүсээсээ бас тэмцээн уралдаанд ороосой гэж найдвар тавьж байгаа хүмүүс хэн хэн байна?

-Зөвхөн алхдаг хүмүүс тэмцээн уралдаанд орж болно. Анх оролцоод аварга болчихгүй. Тэмцээнд орж өөрийгөө сориод, өөрийгөө ялаад, хувийн амжилтаа тогтоогоод явж болно. Эндээс л тамирчин хүний спортдоо дурлах сэдэл эхэлдэг. Хэт холын зайн гүйлт гэхэд булчин шөрмөс, биеийн хүч нэг их шаардахгүй, тэсвэр хатуужлын спорт. Оюун бодол, сэтгэлийн хүчээрээ л  уралдана гэсэн үг.

-Америкийн хотуудад хамт гүйж байгаа, клуб байгуулах санаачилгыг тань дэмжиж, сэтгэлээрээ бас тусалж байгаа олон хүн байгаа байх. Та нэр дурьдаад талархвал хэн хэн байгаа вэ?

-Сиатлд сайн гүйдэг хүн бол Энх-Амгалан гэж залуу байна. Маш сайн гүйж байна. Сиатл хотынхон бусад хотуудыг бодвол онцгой хүлээж авсан. Алхалт, гүйлт, эрүүл мэндийн Blue Sky гэж клуб байгуулсан. Баасан, Бямба гараг бүр алхаж, гүйж байя гэж ярьцгаасан. Сиатлын Монголчуудын холбооны Цэрэндулам, гүйлтийн клубийн Нарангэрэл байна, Алимаа нар байна. Лос Анжелест Ука Төмөр гэж эмэгтэй хамт гүйсэн. Олон жил спортоор хичээллэж байгаа, сайн гүйдэг. Энэ хүн бас тэмцээн уралдаанд оролцвол болохоор найдвар төрүүлдэг.

-Таны оролцдог тэмцээнүүд насны ангилал байхгүй, хэдэн насандаа ч гүйж, тэмцээндээ оролцож болох юм байна гэж ойлголоо. Цаашдаа ямар зорилготой байгаа вэ?

-Тийм ээ, хэдэн ч насандаа гүйж болно. Би энэ спортын тамирчид дундаа залууд нь орно. Ид амжилт гаргах нас миний өмнө байна. 5000 км хамгийн холын зайн гүйлтэнд гүйж үзнэ, дэлхийн рекорд тогтооё гэж бодож байгаа. Энэ бол Сиатлаас Нью Иорк хүртэлх 3100 майл зам гэсэн үг. Одоогоор Дэлхийн Рекорд нь Финландын тамирчны дээд амжилт буюу 40 хоног 16 цаг байдаг. Би бол 40 хоног дотор гүйж энэ рекордыг шинэчлэе гэж бодож байгаа.

-Урьд өмнө болдог байсан тэмцээн, уралдаануудаас одоогийнх орчин, нөхцөл, зохион байгуулалт өөр болж байгаа байх. Энэ нь ковидтой холбоотой, бүх хүн л энэ өвчнөөс айж, урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг хамгаалж байна. Та нарын тэмцээнд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу? Наад зах нь вакцин хийлгэх ёстой ч гэдэг юмуу, тэмцээн боллоо гэхэд зай барих, олон нийтийн газар тавьдаг шаардлагууд ямар байх бол?

Ковидоос болоод олон тэмцээнүүд цуцлагдсан. 2020 онд Аризонад, 2021 оны хоёрдугаар сард Лас Вегас, гуравдугаар сард Франц, дөрөвдүгээр сард Ютад болох тэмцээнүүд бүгд цуцлагдсан. Одоо бол вакцин хийлгээгүй бол нэлээд бэрхшээл гарч магадгүй болж байна. Вакцин хийлгээгүй бол оролцуулахгүй гэх вий гэж айж байна. Би бол вакцин хийлгэх сонирхолгүй байгаа. Өөрөө ногоон хоолтон, веган учраас бие махбодио аль болох чийрэг, дархлаа сайтай байлгахын төлөө хичээж байна. Миний бие эрхтэн маш сайн учраас өвчлөхгүй, өвдсөн ч гэсэн цааш нь хүмүүст тархаахгүй байж чадна. Би өөрөө өөртөө итгэлтэй байгаа. Өөрөө ч тусахгүй, хүмүүсийг ч өвдүүлэхгүй.

-Сая харж байхад маш их тамирчид өвдсөн. Тэмцээн, уралдаан, бэлтгэлийн үеэр ч ковид авсан тохиолдлууд гарсан. Та ингэж ярьж байгаадаа итгэлтэй байна уу?

Тийм тийм. Миний хувьд бусад тамирчдаа бодоход эрүүл мэнд, бие махбодийн хувьд өөр. Замбараагүй хооллохгүй, raw vegan буюу ногоон хоолтон болоод гурван жил болж байна. Би үнэнээ л хэлж байна, энэ бол бодит амьдрал. Хүмүүс яаж хүлээж авахыг мэдэхгүй. Би өөртөө 100% итгэлтэй байна. Аль болох болгоомжтой, өөрийгөө болон бусдыгаа хамгаална.

-Би таныг ярилцлагандаа урьж оролцуулж байгаа нь та нэгдүгээрт тамирчин хүн, хоёрдугаарт аялагч. Олон олон тэмцээн уралдаанд оролцож улс орон, хотуудыг үеэж яваа. Бэлтгэлээ ч бас байнга гадаадад хийж байна. Сиатлд хотод ирэхэд тань “Сайн байна уу Сиатл минь” аяллын номоо бэлэглэсэн. Та номоо уншиж, хотоор гүйхдээ ч юмуу алхаж явахдаа зарим нэгэн түүх дурсгалын газар, паркуудын талаарх мэдээллийг харав уу?

-Тэмцээний дараа сайн тухалж уншина. Одоо миний хувьд 14 хоногийн дараа болох тэмцээн маань оюун бодлоо цэгцлэх, өөрийгөө илүү хурцлах хэрэгтэй байна. Байшин барилга гэхээсээ илүү байгалийн цогцолбор газар, уул устай газар гүйх, алхах дуртай. Таны номонд онцгойлон дуртдсан Рейнир уулыг гэхэд идэвхтэй галт уул, дотор нь халуун лаав байгаа гэж бодоход сонирхолтой байна. Өдөр бүр өнгө зүсээ өөрчилж, өглөө нар мандах, орой жаргахад улаан хүрэн, хөх, цагаан өнгөөр сүлэлдэн байдаг мөнх цастай энэ уулнаас хийморь, эрч хүч авч байгаа юм шиг болдог.  Зорьж очьё гэж бодож байгаа бас нэг газар бол таны номноос уншсан Брюс Лигийн оршуулга байна. Хүүхэд байхаасаа энэ агуу хүний спортын замнал, амьдралаас үлгэр жишээ авч өссөн энд маргааш өглөө 6 цагт гүйхдээ очно гэж бодож байгаа.

Байгаль, цаг агаарын хувьд Сиатл хот маш сайхан юм. Нуур нугас болсон газар гэдэг шиг сайхан байгаль хангай дэлхий, нуур цөөрөм ихтэй нь үнэхээр сэтгэл татаж байна. Дараа ахин ирнэ, зундаа энд байгаад бэлтгэл хийж байвал сайхан юм байна гэж бодсон.

-Асуугаасай гэж бодож байгаа өөр асуулт байна уу?

-За би монголчууд, нутаг нэгтнүүдийнхээ бодит туслалцаа дэмжлэгтэйгээр олон олон удаагийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, шагнал урамшил авч, аварга болж байна. Хот хотод байгаа монголчууд маань маш сайн дэмжиж, чиг сэтгэлийн хандив туслалцаа үзүүлдэгт их баярлаж байна. Сиатлд гэхэд надад машин өгсөн бизнесмэн залуу байгаа, би жигүүртэй болсон мэт л машинаа унаад Чикаго, Денвер, Нью Иорк, Нью-Жерси хотуудыг зорих гэж байна. Та нартаа бүгдэд нь баярлалаа.

Мөн тэмцээн уралдааны үеэр эмч, массажист, хоол буюу смүти байдлаар идэх ногоо, жимсийг минь бутлаад бэлдээд өгөх сайн дурын хүмүүс хэрэгтэй байдаг. Монголчууд минь амьдарч байгаа хотод ойрхон болж байвал ирж намайг дэмжээрэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Шөнө, өдөр ээлжилж тусалдаг тул шөнийн цагаар эрэгтэй, өдөр нь бүсгүйчүүд маань туслаад намайг дэмжвэл маш том тус болж байна гэсэн үг. Мөн та нар минь өөрсдийгөө ялж, өөртөө түүх бүтээж, хувийн амжилт тогтоон 6 цаг ч болов алхаж гүйх боломж нээлттэй шүү гэж хэлье.

Лос Анжелес, Сиатлын олон танилуудтайгаа Милваке хотод ахин уулзахын ерөөл тавья. Тэр үед бүгд хувийн дугаараа зүгээр, хувцас өмсгөлөө бэлдсэн тамирчид болж хамтдаа гүйж, алхацгаая.  Ярилцлаганд урьж оролцуулсанд баярлалаа.

Ярилцсан Д.ОЮУНЧИМЭГ (Вашингтон муж, Сиатл хот)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонго(139.5.218.19) 2021 оны 05 сарын 15

Гайхамшигтай их тэсвэр тэвчээр зорилогтой юмаа улам их амжил хүсэе!

0  |  0
Top