Популизмаа хаяж, бодит орлого ярих цаг ирлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

-Улстөрчид үнэнд гүйцэгдэж, иргэд ядуурлын өмнө өвдөг сөхрөх нь-


Монголд “Ядуурлыг ялна” гэдэг үг амнаасаа гаргах зоригтой улстөрч одоогоор төрөөгүй байна. Угаасаа ядуурлыг бууруулах зорилгогүй, өөрөө баяжих төсөөллөөр төрд гардаг болохоор энэ сэдвийг сонирхдоггүй байж магад. Эсвэл ядуурлыг бүр дийлэхгүй гэж үздэгтэй холбоотой байж мэднэ. Бүр муухайгаар хардвал, сонгогчдын олонхыг бүрдүүлж буй ядуусыг төсвийн мөнгөөр угжих тогтолцоогоор эрх мэдэлдээ удаан тогтох гэсэн санаа тээж болно. Төсвийн халамж ихэдсэн ч иргэдийн халаас улам бүр нимгэрч буй өнөөгийн дүр төрхөд үүнээс өөр дүгнэлт олдсонгүй. Ядууралтай дайн зарласан Засгийн газар өнгөрсөн хугацаанд байсангүй. Уг нь нийгмийн бүхий л тэгш бус байдлыг халах ганц гарц нь ядуурлыг ялах явдал баймаар...

Дэлхийн хөгжингүй орнуудын хувьд нийгмийн хямралын суурь ядуурлыг ялж байж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн шүү дээ.  Улмаар Монгол төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал хүний нэг амьдралд тохиож буй тэгш бус байдлыг халах өрсөлдөөн улс үндэстнүүдийн дунд байсаар байна. Энэ өрсөлдөөнд хэсэг хугацааны бэрхшээлийг боломж болгон ашиглаж чадсан нь л хождог.

Тэгвэл Монгол Улс энэ өрсөлдөөнд хэрхэн цойлж, ядуурлыг хэзээ ялах вэ. Тойм байдлаар намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан ч биелээгүй зорилт зөндөө. Өнөөгийн төрийн бодлого тодорхойлогч МАН гэхэд л 2020 оны сонгуулиар дөрвөн жилийн дотор иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулах зорилт дэвшүүлэн, засаглалын эрх авсан. Үүнээс гадна ядуурлыг бууруулах үндэсний хэмжээ зорилтууд олон бий. Засгийн газраас “Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ядуурлыг 2025 он гэхэд 20 хувь, 2030 онд 15, 2050 онд таван хувь хүртэл бууруулах төлөвлөгөөг мөрдөж байгаа. Тэгвэл Монгол Улсын нэгдэн орсон олон улсын Тогтвортой хөгжлийн зорилго-2030 хөтөлбөрт ядуурлын бүх хэлбэрийг эцэслэх гэсэн бүхэл бүтэн нэг бүлэг байдаг. 2030 оныг хүртэл дэлхийн улс орнуудын хэмжээнд дэвшүүлсэн уг хөтөлбөрийг Монголд амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжүүд  нь ч бэлээхэн байна. Гол нь хөгжлийн бодлогоо үүнд уялдуулан гаргаж, ягштал мөрдөх учиртай. 

Харамсалтай нь, өнөөдрийн нөхцөл байдал ядуурал энэ оны төгсгөлд улам эрчимжихээр байгааг олон үзүүлэлт илтгэх боллоо. Тэгэхээр 2050 онд ядуурлаа таван хүртэл бууруулах тооцоо багаар бодоход таван жилээр цаашлах нь. Ойрын үр дүн гэвэл, ядуурал шууд 25 хувиар өсөх дүр зураг харагдаж байгаа. Энэ оны төгсгөлд төрөөс ядуурлыг хувьлан зарлах бус орлогогүй хагас сая орчим иргэн өөрсдөө гудамжинд гарчих төлөв биелэх хөрс хангалтай бүрдэв. Бүтэн хоёр жил орчим зогссон эдийн засаг ядуусын ангийг бодитоор ялгаад өгчих нь гарцаагүй боллоо. Саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 152 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд элссэнийг зарласан. Байдал хүндэрвэл, зах зээлээс 430 мянган ажлын байр арчигдах тооцоо байна. Тийм хэмжээний ажилгүйчүүдийг жил бүр олон их наядын төсвийн алдагдал хүлээж буй улс тэжээж дөнгөхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр халамж төсвийн зарлагын 40 хувьд хүрчихсэн байгаа. Ялангуяа халамжаар үйлдвэрлэсэн инфляцын аймар тоонууд ирэх сараас эхлэн зарлагдаж эхлэх нөхцөлд. Мөн Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран нэгтгэсэн хамгийн сүүлийн мэдээллээр Монголын хүн амын 28.4 хувь нь ядуу гэж гарсан. Өөрөөр хэлбэл, Монголын гурван хүн тутмын нэг буюу нийтдээ нэг сая орчим иргэн сарын 166 мянган төгрөгөөс доогуур орлогоор амь зуудаг. Монгол ядуу хүнд өдөрт 1.9 ам.доллароос бага мөнгөөр амьдардаг болохыг тэр судалгаагаар хэмжиж гаргасан. Одоо тэдэн дээр ядуурлын шугамтай ойр орлогоор амьдарч байсан 474.8 мянган хүн нэмэгдэх өндөр магадлалтай. Ингэснээр Монголын нийт хүн амын 44.3 хувь нь ядууралд өртөх эрсдэл харагдаж байна. Дэлхийн банкны судлаачид өнгөрсөн жилүүдэд үүнийг л сануулж байсан аж. Харин манай улстөрчид үүнийг тоолгүй сонгууль бүрээр бэлэн мөнгөний амлалт өгсөөр ирсэн. 

Тэгвэл Монголд өнөөдөр ядуурлыг халамжаар хамгаалах биш халах бодлогоо тодорхойлох цонх үед ирээд байна. Цар тахлын хямралт үеийг ийм боломж авчирлаа гэж үзэж болох нь. Яагаад гэвэл, монголчууд төрийн халамж бус ажил орлого ямар чухал вэ гэдгийг хөл хорионы үед бүх нийтээрээ ойлгоод авчихлаа. Нэгэнт бүгд хөрсөн дээрээ буусан учраас элдэв популист амлалт ард хоцорлоо гэсэн үг. Цаашид иргэд хөөсөрсөн тоо бус бодит орлого нэхэж эхлэх нь. Тэр нь ажлын байр, технологийн дэвшил, татварын оновчтой бодлого байхыг Дэлхийн эдийн засгийн форумаас “Great reset” санаачилгаар тодорхойлсон байна. Түүнд, цар тахлыг хямрал гэж харахаас илүүтэй урт хугацааны тэгш үр дүнд хүрэх бодлогын шинэчлэлийг хийх боломж гэж харахыг Засгийн газруудад сануулсан. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top