-Эрээн-Дархан хоорондын ачаа тээвэр 20 сая төгрөг болжээ-
Манай улс энэ жил 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Харин энэ төлөвлөлтөөр ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлсэн юм билээ.
Засгийн газраас “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд тариаланчдад энэ хаврын тариалалтад зориулж 100 тэрбум төгрөгийг банкуудаар дамжуулан олгох шийдвэр гарсан. Мөн Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, баталсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөх бол Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм.
Зарим тариаланчаас энэ хаврын тариалалтын явц болоод төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь амьдрал хэр бодитой байгаа талаар тодрууллаа. Тариаланчдын хэлж байгаагаар хамгийн том асуудал бол төрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгох зээл аж. Учир нь банкуудын тавьж байгаа шалгуур хэт өндөр, судлах гэж хоног хугацаа алдаж байгаа учраас тэд өөрсдийн нөөц бололцоогоороо ямартаа ч тариалалтаа эхлүүлэхээр хичээж байгаа гэдгээ хэлж байна.
“Өгөөмөр Мандал” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Амгаланбаатар:
-Хаврын тариалалт ямар шатандаа явна вэ?
-Манайх энэ долоо хоногийн сүүлч гэхэд тариалалтандаа гарахаар бэлдэж байна. Энэ жилийн хувьд манай компани 350 га талбайд үр тариа, 20 га талбайд ногоон тэжээл тарина.
-Цар тахлаас үүдэлтэй хөл хорио та бүхний ажилд хэр нөлөөлж байна вэ?
-Үнэхээр сөргөөр нөлөөлж байна. Манай компанийн зарим ажилчид хотод байдаг. Гэтэл байн байн хөл хориод байгаа болохоор ажил олигтой урагшлахгүй юм. Хөл хорио тавихаар нь хүрээд ирэхээр орон нутагтаа 14 хоног тусгаарлалтад орчихдог. Ингэсээр байтал олигтой ажил огт хийж чадсангүй.
-Засгийн газраас тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Та бүхэн уг зээлд хамрагдаж чадсан уу?
-Сарын өмнө материалаа бүрдүүлээд “Хаан банк”-нд өгсөн. Тэр үед нь зөвшөөрөл ирээгүй байна гэж байсан бол одоо зөвшөөрөл нь ирсэн ч судлах юм гэсэн. Тэднийг ингэж судласаар байтал бидний тариалалтын цаг өнгөрчих гээд байгаа учраас өөр арга л бодохгүй бол болохгүй нь. Засаг төрөөс нь нэг шийдвэр гаргадаг ч хэрэгжилт нь үнэхээр удаан байна. Гэхдээ ямар ч байсан чадахаасаа чадахгүй хүртлээ л хийнэ. Ургуулаад авбал ургасан хойно нь яаж ийгээд хураагаад авчихаж болох байх л гэж бодож байна.
“Шимт агро холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Атарбаяр:
-Танай компани энэ жил хэдий хэр талбайд юу тариалах вэ. Хаврын тариалалтад бэрхшээл учруулж байгаа юу байна вэ?
-Манайх Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилийн хувьд 600 гаруй га талбайд ногоон тэжээл, үр тариа тарихаар бэлтгэж байна. Цар тахал, ковидоос болоод хүндрэлтэй байдлууд үүссэн. Дээрээс нь салбар яамны бодлогын асуудлууд маш хоцролттой байна. Уг нь саяхан шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хууль батлагдсан. Гэсэн хэдий ч одоо болтол тэр нь албажихгүй байна. Манай компани л гэхэд ургамал хамгааллын бодис бас оруулж ирдэг. Гэтэл зөвхөн манайх гэлтгүй бусад компаниуд ч гэсэн хил дээр гацчихсан байдалтай л байна. Эхнээсээ аж ахуйн нэгжүүд хаврын жаахан чийгэндээ шахагдаад үрээ ариутгахгүйгээр тариалалтаа эхлүүлсэн. Энэ нь өөрөө маш их эрсдэл бий болгоно. Намрын ургацын чанарт нөлөөлөх, талбай өвчлөх аюултай. Дээрээс нь тээврийн зардал 4-5 дахин нэмэгдчихсэн. Өмнө нь Эрээнээс Дарханд ирэхэд 4,5 сая төгрөгөөр явдаг байсан бол одоо 20 сая төгрөг болсон. Энэ мэтчилэн тариаланчдын нуруун дээр ирэх зардал маш их нэмэгдэж байна.
-Хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан уу?
-Хүсэлтээ өгөөд нэмэргүй юм билээ. Тиймээс цаг хугацаа алдахгүйн тулд арилжааны банкны өндөр хүүтэй зээлээ аваад л явж байгаа. Яг энэ зээлийн тухайд банкных нь шалгуурыг тариаланчид дийлэхгүй юм билээ. Бидэнд чинь байгаа нь л газар, трактор, комбайн. Гэтэл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд авахгүй байх зэрэг асуудал гарч байна. Тэгээд ч банкууд маань яг тариаланчдад энэ зээлийг өгчих тал дээр дорвитой зүйл хийхгүй байх шиг санагдаж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Аргагүй ш дээ. Нэрд гарсан луйварчид нь хэдэн тэрбумаар нь