Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж байна. Ойрын хугацаанд буюу ирэх арван жилд эдийн засгийн хүрээг тэлэх, өргөжүүлэх төслүүдийн талаар танилцуулж байна./2021.05.11/
Ерөнхий сайд “Энд яригдаж буй төсөл бүрийг задлаад харвал төр, хувийн хэвшлийн том хэмжээний түншлэлүүд болно. Маш том сэдвүүд задарч байгаа. Хөшигийн хөндийг аваад үзэхэд тэнд дагалдан бий болох зүйлсэд бид эхнээсээ оролцож төлөвлөхгүй бол нэг л мэдэхэд зохицуулалтгүй, тийшээгээ түгжрэл үүсчихсэн байх л болно.
Төслүүдийн ихэнх нь экспорт руу чиглэсэн. Өмнө нь ТЭЗҮ хийгдэж байсан төслүүд байгаа. Хэрэгжүүлээд явахад одоо байгаа эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах төслүүд. Том төслүүд нэг хоёр жилийн дотор хийгдэхгүй учраас арван жилээр нь харах ёстой.
Монгол Улсад бүх зүйлийг шинээр эхлэх, авторлох, хийрхэх боломж байхгүй. Тэгж хариуцлагагүй байж болохгүй. Хувийн хэвшил дээр яригдаж буй төслүүд бас эдгээр дээр нэмэгдээд ирэх жилийн төсөв батлах үед цогц төслүүд бэлэн болох хэрэгтэй байна гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Төр хувийн хэвшлийн өрсөлдөгч байж болохгүй. Монгол Улс ирэх дөрвөн жилд гадаад өрийн хамгийн өндөр дарамттай байх болно. Төлбөрийн тэнцэл дээрээ хамгийн их дарамт авах жилүүд бидний өмнө байна. Үүнийг яаж өмнөх алдаагаа давтахгүйгээр давах вэ гэхээр мөнгө, төсвийн бодлого, улс төрийн нөхцөл байдал, макро орчин тогтвортой байж давна. Үүн дээр төр хувийн хэвшил хэрхэн яаж түншлэх вэ гэдгийг өнөөдрийн уулзалтаар ярилцах гэсэн юм” гэлээ.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Ерөнхий сайдад эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сэргээх санаачилгыг гардуулан өглөө. О.Амартүвшин хэлэхдээ “Дэлхий нийтийн хувьд ковидын улмаас амаргүй нөхцөл байдалтай тулж байна. ДЭЗФ-аас The Great Reset буюу Их сэргэлт санаачилгыг дэвшүүлэн, ярьж байгаа. МҮХАҮТ-аас өнгөрсөн хугацаанд судалгаанууд хийсэн. Судалгааны үр дүн дээр тулгуурлан санаачилгыг гаргаад байна” гэлээ.
Дэлхийн банкны судалгаанаас үзэхэд БНХАУ-ын эдийн засгийн нэг хувийн өсөлт Монгол Улсад 0.83 хувиар нөлөөлнө гэсэн тооцоолол гарсан байгаа. Үүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр төр, хувийн хэвшил анхаарах ёстойг тэрбээр хэлсэн.
Танхимаас хийсэн судалгаанаас үзэхэд 27 мянган аж ахуйн нэгж ковидын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна. Компаниудын үйл ажиллагааг сэргээхийн тулд татвар, нийгмийн даатгалын өрийг эргэн харах, НӨАТ-ын хувийг бууруулах зэрэг асуудлууд бийг хэллээ. Экспортыг дэмжихийн тулд нэг компани биш нийт компаниа дэмждэг байх хэрэгтэй байна гэлээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )