Киргизийн ээдрээ болсон "КУМТОР"

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Киргиз. Царайны төрх, аж төрөх байдал зэргээрээ Монголтой дэндүү гэмээр төстэй ард түмэн. Түүгээр ч зогсохгүй уул уурхай тойрсон улс төртэй, уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай гэдгээрээ манайхтай маш төстэй. Улс төрийн долгион манайхаас хүчтэй гэдгийг нь аваад үзвэл 1990-ээд оны долгионтой жилүүд яг одоо Киргизийн нутагт үргэлжилж байна.

Монголчууд эндээ “Оюу Толгой” гэх том ордынхоо үр ашгийг нэмэгдүүлэх гээд хэлэлцээ хийж байх хооронд Киргизийн шүүх “Кумтор” гэх алтны томоохон уурхайдаа торгууль ногдуулж, түр хугацаанд төрийн хяналт тогтоолоо.

Өнгөрсөн оны намраас эхлэн бужигнаж, төрийн тэргүүнээ солиод амжсан энэ ард түмэн 30 гаруй жил тэжээсэн “Кумтор”-ын уурхайг арай өөр нүдээр харах болжээ.

Чухам юу болов

Өнгөрсөн долоо хоногт Киргизийн парламент “Кумтор” зэс, алтны уурхайд түр хугацаанд төрийн хяналт тогтоох эсэхийг хэлэлцэв. Хэлэлцээ үндсэндээ нэг талдаа шийдэгдэх магадлалтай байсан. Нэг ёсондоо Киргизийн улстөрчид “Кумтор” гэх уурхайдаа түр хугацаанд төрийн хяналт тогтооход 100 хувь санал нэгтэй байсан гэж дүгнэж болно. “Кумтор” зэс, алтны уурхайн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулж, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн тавдугаар сарын 06-ны өдөр “Кумтор” зэс, алтны уурхайд түр хугацаанд төрийн хяналт тогтоох хуулийн төсслийг баталжээ. Хэлэлцүүлгийн явцад олон улсын шүүхэд хандан 100 хувь төрийн мэдэлд авах, хуулийн журмаар шууд хяналт тогтоох эсэх санал гарсан ч дэлхийн бусад улс орнуудын шахалтаас сэргийлэн “түр хугацаанд” хяналт тогтоохоор болсон. “Кумтор” нь хэдийгээр Киргизийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч ч гэсэн тус улсын дотооодод байгаль орчинд аюул учруулахуйц, оршин суугчдын эрүүл мэндэд онц аюул учруулахуйц уурхай гэдэг ойлголт түгээд 10 илүү жилийн нүүрийг үзжээ. Ялангуяа өнгөрсө есдүгээр сард засаглалаа эсэргүүцэн бага хэмжээний үймээн самуун дэгдэхэд “Кумтор”-ын уурхай ч үймээн самуунаас хоцроогүй. Жагсагчид “Кумтор” уурхайг эзэмшдэг “Сентерра Гоулд” компанийн төв байрт халдсанаар уурхайн үйл ажиллагаа тасалдсан юм.

Улс төрийн тэмцлийн дүнд Киргизийн засгийн эрхэнд Садыр Жапаров гарсан. Тэр засгийн эрхэнд гарсан даруйдаа байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй “Кумтор”-ын уурхайд хариуцлага тоооцох ёстой гэж удаа дараалан мэдэгдсэн юм. Түүнчлэн ойрын өдрүүдэд “Кумтор”-т төрийн хяналт тогтоох ёстой гэж итгэл төгс мэдэгдэж байсан. Улс төрийн нөхцөл байдал хурцдаж эхэлснээс хойш “Сентерра Гоулд”-ын Киргиз дэх салбар компани байдал ноцтой байгааг удаа дараа мэдэгдсэн. Чухам үүнээс шалтгаалан Торонтогийн хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцаа таван сарын турш савлагаатай байсан билээ. “Кумтор”-ыг 100 хувь эзэмшигчи “Сентерра Гоулд” компани Киргизийн парламентын шийдвэр нь зөвхөн нэг талыг барьсан харалган шийдвэр гэж үзэж байна. Тус компани 2009 оноос хойш “Кумтор”-ыг эзэмшихдээ олон улсын шалгуур шаардлагын дагуу үйл ажиллага явуулж, олон улсын гэрээ конвенцоор заасан байгаль орчин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэж мэдэгдсээр байна. Тиймээс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Сентерра Гоулд” компани өмгөөллийн компани сонгон шалгаруулж, олон улсын арбитрын шүүхэд Киргизийн Засгийн газрыг өгөх болсон тухай уул уурхайн портал “Mining” цахим хуудаст мэдээлжээ.

Киргизийн парламентын шийдвэрээс төд удалгүй энэ сарын 08-ны өдөр тус улсы шүүх нэгэн шийдвэр гаргажээ. Энэ нь “Сентерра Гоулд” компанид торгууль оноох шийдвэр байлаа. Байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг удаа дараалан зөрчиж, байгаль орчныг ноцтой доройтуулан, хүн ам, оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг харгалзан 3.1 тэрбум ам.долларын торгууль оноосон юм.

“Кумтор бол Киргизийн өмч“

Киргизийн улстөрчид яг одоо энэ үгийг хэлж байгаа. Төрийн тэргүүн солигдохоос ч өмнө 2009 онд “Кумтор”-ыг Канадын “Сентерра Гоулд” компани эзэмших болсноос хойш энэ үгийг хэлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, ард иргэдээс ч “Кумтор”-ын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, Киргизийн талын эрх ашгийг хангуулах талаар асуудал хөндөх болсон. Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Киргизийн Ерөнхийлөгчөөр Садыр Жапаров сонгогдсон даруй “Сентерра Гоулд” компани, “Кумтор” уурхайн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэлэлцээр чухамдаа үр дүнд хүрэхгүй байна гэж үзэн Ерөнхийлөгчийн эрх хэмжээний хүрээнд “Кумтор” уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн болон байгаль орчны үнэлгээтэй танилцах тусгай комисс байгуулсан юм. Тусгай комиссын дүгнэлт удалгүй гарч улмаар түр хугацаанд төрийн мэдэлд авах замаар үйл ажиллагааг нь хуульд нийцүүлэх боломжтой гэж дүгнэсэн билээ. Түүгээр ч зогсохгүй Үндэсний арбитрын албаны шалгалтын дүнд “Сентерра Гоулд” компанитай холбогдох татварын хэргийг дахин сэргээсэн юм. Өмнө нь “Сентерра Гоулд” компанийг тус улсын татарын хуулийг ноцтой зөрчин, татвараас зайлсхийсэн гэж дүгнэж байсан ч хэлэлцээрийн ширээний ард сууснаар хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй. Түүчнлэн Киргизийн татварын албаны тайланд дурдсанаар “Сентерра Гоулд” компани Киргизийн Засгийн газарт 170 гаруй сая ам.доллароор хэмжигдэх татварын өртэй гэж дүгнэсэн байна.

Нэг талаас “Кумтор”-ын үйл ажиллагаанд Киргизийн Засгийн газар “шанаа тулгасан” бол нөгөө талаас Киргизийн ард иргэд “шанаа тулгаж” байгаа. Улс төрийн хүрээнд “Кумтор”-ыг хууль зөрчсөн гэх дүгнэлт өндрөө авч байх хооронд “Кумтор” уурхай байрлах бүс нутгийн оршин суугчид “Кумтор” уурхай түүнийг эзэмшигч “Сентерра Гоулд” компанид нэхэмжлэл гарган, иргэний хэргийн шүүхэд ханджээ. “Кумтор” нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахад гарсан хаягдал чулуулгийг мөсөн голд хаядаг гэж тэд үзэж байгаа. Нутгийн иргэд байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэж үзэн гурван тэрбум ам.доллар нэхэмжилсэн. Нийтлэлийн эхэнд өгүүлсөн 3.1 тэрбум ам.долларын торгууль гэдэг нь чухамдаа энэ нэхэмжлэлтэй холбоотой юм.

"Кумтор"-ын ээдрээ

Киргизийн улс төр, эдийн засгийн гол хүчин зүйл болсон “Кумтор”-ын түүх эхнээсээ л ээдрээтэй байсан. Зөвлөлт лагерийн дээвэрт багтаж байхад “Кумтор”-ын орд төдий л анхаарал татсангүй. Учир нь зэсийн нөөц Чилид ч, Монголд ч, Оросын Буриадад ч байсан учраас Киргиз рүү тэр бүр анхаарал хандуулаагүй юм. Харин 1978 онд ЗХУ-ын засаг захиргаа Кумтор орчимд хайгуул хийхээр шийдвэрлэжээ. Гэхдээ ЗХУ задрах хүртэл энэ их нөөц авдарт хадгалсан эрдэнэсэ лугаа л байлаа. ЗХУ-аас дөнгөж тусгаарлагдаад байсан Киргизэд эрх мэдэл, эдийн засгйин төлөөх тэмцэл хүчээ аваад байхад “Кумтор” ямар ч хяналтгүйгээр “Камеко” гэх гаднын компанид зарагдсан юм. Тухайн үеийн нөлөө бүхий улстөрчид, бизнесийн бүлэглэлийн ятгалгаар тус компани Киргизийн Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулж, тодорхой хэмжээний татвар, урамшуулал өгөхөөр тохиролцжээ. Бүх зүйл ард иргэдийн чихэнд хүрэлгүй явдгаараа явж байтал 1998 оны тавдугаар сарын 20-ны өдөр маш том осол тохиов. Алтны хүдэр олборлож эцсийн бүтээгдэхээн боловсруулах үед содын цианитыг санамсаргүй алдаж 5000 иргэний амь насанд аюул учруулсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм. Барскун тосгоныг чухам үүний учир нүүлгэж байсан түүхтэй. Нөхцөл байдал Киргизийн хяналтаас гарсан тул ОХУ болон Канадын хамтарсан баг ирж хорыг арилгах, орчин тойрны хэд, хэдэн тосгонд хорын хэмжээг тогтоох, ариутгах зэрэг ажлыг зохион байгуулсан юм. Шалгалтын дүнд Иссык-Куль мужийн Жети-Огуз тойрогт хүн амын эрүүл мэндэд аюул учруулахуйц, хавдрын эрсдэл өндөртэй гэх дүн гарсан билээ.

Бүтэн 10 жил үйл ажиллагаа нь тасалдаж, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсны дараа Киргиз улс “Кумтор”-т хяналтаа тогтоох нь уу гэтэл тэгсэнгүй. Компанийн хэлцэл Киргизийн Засгийн газрын ямар ч оролцоогүйгээр өрнөж 2009 оны гуравдугаар улиралд “Камелко” компани Канадад бүртгэлтэй “Сентерра Гоулд” компанид зарсан юм. Хэлцэл амжилттай болсны дараа “Сентерра Гоулд” компани болон Киргизийн тухайн үеийн Ерөнхийлөгч болох Курманбек Бакиевын хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, байгаль орчны дүгнэлт хийж татвар нэмэгдүүлж төлж байхаар тохиролцсон байна. Гэвч үүнээс хойш тус компанийг тойрсон маргаан тасраагүй. Улс төрийн сонгууль бүрийн өмнө оноо авах, ард иргэдийн анхаарлыг татах сэдэв нь “Кумтор” болсон юм. “Сентерра Гоулд” компани “Кумтор” төслийг хэрэгжүүлж буй хамгийн ээдрээтэй төслийн нэг дүгнэж байсан удаатай. Өнгөрсөн жил “Кумтор” уурхай 556 мянган унц алт облорлосон гэх мэдээ бий. Үйл ажиллагаа нь анх эхэлсэн 1997 оноос хойш тооцвол 13.2 сая унц алт олборложээ.

*                        *                            *

“Кумтор” уурхайд тогтсон төрийн хяналт чухам хэзээ тайлагдах нь эргэлзээтэй байна. Шинээр батлагдсан хуульд гурван сарын дараа тайлагдана. Гэхдээ “Сентерра Гоулд” компани үүнээс ч урт хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолж байна. Яг одоо “Сентерра Гоулд” компанийн удирдлагууд “Кумтор”-ын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр хуралдаж байгаа. Засгийн газраас байгуулсан тусгай комисс, Киргизийн Ерөнхийлөгч, “Кумтор” уурхайн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суухаар зорьж байна. Эхний хэлэлцээ дараагийн долоо хоногт эхлэх тооцоо бий. Гэхдээ Киргизийн Засгйин газар хэлэлцээрийн саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй. Уншигч танд нэг зүйл сануулахад одоогоос гурван жилийн өмнө Киргизийн талынхан “Оюу Толгой” дээр хэрэгжүүлж буй туршлагыг судлах, эзэмшлийн хувиа нэмэгдүүлэхэд хэрхэн хандах талаар туршлага судалж байсныг сануулъя.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэн нь ялах нь сонин(64.119.22.230) 2021 оны 05 сарын 16

Киргизэд хичээл заадаг байсан бол одоо суралцах нь.

2  |  0
Top