"Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг танилцуулна

2021 оны 05 сарын 12

Өчигдөр /2021.05.11/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Ерөнхий сайдад эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сэргээх санаачилгыг гардуулан өгсөн.

Тэгвэл өнөөдөр /2021.05.12/ МҮХАҮТ-аас "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Дэлхий нийтийн хувьд ковидын улмаас амаргүй нөхцөл байдалтай тулж байна. ДЭЗФ-аас The Great Reset буюу Их сэргэлт санаачилгыг дэвшүүлэн, ярьж байгаа. МҮХАҮТ-аас өнгөрсөн хугацаанд судалгаанууд хийсэн. Судалгааны үр дүн дээр тулгуурлан санаачилгыг гаргаад байна” гэсэн юм.

Мөн тэрбээр "Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя.  Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжье" гэсэн юм. 

Тодотгоход, ДЭЗФ байгууллагаас цар тахлын улмаас дэлхий нийтэд тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд The Great Reset санаачилгыг эхлүүлсэн билээ.

Засгийн газар, бизнес эрхлэгчид, олон нийт эдийн засгийн сэргэлтийн боломжуудыг хамтдаа ашиглахаар эрэлхийлж байгаа боловч цар тахлын үр дагавраас үүдэн гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолох нь нэн чухал гэдгийг тус байгууллагаас нэг жилийн өмнө анхааруулж байсан. Ялангуяа дэлхийн эдийн засгийн удаан хугацааны турш үргэлжлэх уналт нь ирэх 18 сарын хугацаанд улам дордох магадлалтай байгаа нь хамгийн анхаарал татахуйц эрсдэлтэйг мэдэгдэж байв.

Ковидын  эсрэг шат дараалан авч буй арга хэмжээ, түр зуурын аргацаасан хувилбарууд нь эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй байгаа учраас бид эдийн засаг, нийгмийн тогтолцооны цоо шинэ суурийг тавих шаардлага үүслээ гэж мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top