Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.
-Экологийн цагдаагийн албыг хэзээ байгуулсан бэ?
-Экологийн цагдаагийн алба маань хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх улсын хэмжээнд нэгдсэн бодлого шийдвэрийг баримтлан хэрэгжүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдсан. Өмнө нь ЦЕГ-ын бүтцэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий хэлтэс ажилладаг байсан.
Бидний хувьд ард иргэдээ буруутгах биш аль болох урьдчилан сэргийлэх талаас нь ажлуудыг хийж байна. Яавал гэмт хэрэг, зөрчил болох вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг тал дээр түлхүү анхаарч байгаа. Соён гэгээрүүлэх, энэ талын гэмт хэргийн тухай ойлголтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.
-Өнгөрсөн онд хэр хэмжээний гэмт хэргүүд бүртгэгдсэн бэ?
-Өнгөрсөн оны хувьд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил улсын хэмжээнд 622 бүртгэгдсэн. Энэ нь 2019 онтой харьцуулахад 133 хэргээр буюу 27,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яагаад ингэж өссөн гэхээр мэргэжлийн алба байгуулагдаж олон ажил зохион байгуулж байгаа, иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг илүү өгдөг болсонтой холбоотой. Мөн улсын хэмжээнд хийгдэж байгаа хяналт шалгалтууд нэгдсэн бодлого, чиглэлтэй болсон учраас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, тэр хэрээрээ тоо нь өссөн гэж үзэж байгаа. Өнгөрсөн оны 622 гэмт хэргийн 262 нь хууль бусаар мод бэлтгэх 223 нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг байсан. Энэ нь улсын хэмжээнд нийтлэг үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргүүд гэсэн үг. Мэдээж хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг түүж бэлтгэх зэрэг гэмт хэргүүд тодорхой тоогоор бүртгэгдсэн. Харин энэ оны эхний улирлын байдлаар авч үзэхэд бид бүхэн 583 гомдол мэдээлэл хүлээж авсан. Энэ нь ч ноднин жилээ бодоход нэмэгдсэн үзүүлэлт. Иргэдийн маань энэ талын гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн, хандлага нь эерэг болж байгаа учраас цагдаагийн байгууллагад ихээр хандаж байна. Нэгдүгээр улирлын гэмт хэргийн тоог харж байхад ч хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэрэг зонхилсон. Цар тахалтай холбоотойгоор ашигт малтмал олборлох гэмт хэрэг тодорхой хэмжээгээр уг нь буурсан. Учир нь улс орон даяар хөл хорио тогтоож, хяналтын постууд тогтмол ажиллаж байсантай холбоотой. Манайхан мод бэлтгэлийн зөвшөөрөл авсан боловч тэр талбайгаасаа хэтрүүлж мод бэлтгэдэг, нойтон мод унагаадаг явдлууд их гарч байна. Үүний оронд сум орон нутагтаа хандаад гоожингоо аваад заасан талбайгаасаа модоо бэлтгэчихвэл ямар нэгэн асуудал гарахгүй. Гоожингийн төлбөр гэж иргэн 20-30 мянган төгрөг л төлдөг юм шүү дээ.
-Хулгайн мод бэлтгэл аль аймгуудад зонхилон гардаг вэ?
-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8,9 хувьд нь л мод байдаг. БОАЖЯ-наас ойжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм билээ. Мөн ойн цэвэрлэгээний зөвшөөрлийг яамнаас өгдөг. Энэ нь хуучин моддыг цэвэрлэж, шинэ залуу модыг ургуулах давуу талтай. Гэтэл зарим нэгэн аж ахуйн нэгжүүд зөвшөөрөгдсөн талбайгаа хэтрүүлэх, ногоон моддыг тайрах гэх мэтчилэн асуудал үүсгэдэг. Ойн цэвэрлэгээний ажлуудыг сайн хийдэг газрууд байгаа. Гэсэн ч зарим нэгэн ухамсар муутай этгээдүүээс болоод бүгдийнх нь нэр хүнд унадаг. Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий газруудад хашаа, байшин барьчихсан асуудал байдаг. Энэ газруудийг Нийслэлийн байгаль орчны газраас бүртгэлжүүлээд хэн зөвшөөрөл өгсөн юм, хүчинтэй эсэх дээр нилээд ажил хийж байгаа юм билээ. Үүн дээр Экологийн цагдаагийн алба тодорхой хэмжээнд хамтарч ажиллана.
-Мод, бутыг тайраад байшин, хашаа барьчихсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Хэдхэн хоногийн өмнө Туул голын бургасыг тайрч байшин барьж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн. Үүн дээр манайхаас очиж шалгалт хийсэн. Харин энэ нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай, зураглал нь батлагдчихсан дугуйн зам тавих ажил байсан. Иргэдээс энэ мэтчилэн мэдээлэл ирж байгаа нь сайн хэрэг. Харин бид нар шалгаад хариуг нь цахим хэлбэрээр шуурхай хүргэж байгаа. Хэрвээ үнэхээр ийм асуудал гарсан бол ойн сан бүхий газар, дархан цаазтай газар байхаас шалтгаалаад зөрчлийн, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээхээр заалттай. Дархан цаазат газар байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хүлээлгэх хариулага нь өндөр байдаг. Бусад газар ийм хэрэг, зөрчил гаргавал хохирлынхоо хэмжээнээс хамаараад торгуулийн арга хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр л гарц бий.
-Хувь хүн, улсаас бүтээн байгуулалт хийхэд зайлшгүй мод, бут, ногоон байгууламжийг тайрахаас өөр аргагүй болсон тохиолдолд яадаг вэ?
-Энэ бүхэн тусгай эрх зүйн зохицуулалттай. Мод, бутыг тайрсан бол өөр нутагт сэлгээн нутагшуулах зохицуулалттай. Дээрээс нь байшингийн суурь цутгахад хүртэл газрын хөрсийг сэндийчдэг, гарсан шороог яах вэ гэсэн асуудал үүснэ. Нийслэлийн байгаль орчны газарт хандаад зөвшөөрлөө аваад асуудлыг журмын дагуу шийдэх ёстой. Зуслангийн бүсэд худаг гаргахад хүртэл журамтай. Энэ талын зөвшөөрлийг E Mongolia гээд цахим системд хандаад зөвшөөрлөө авч болдог юм билээ. Ингээгүйгээс үүдэлтэй асуудал их үүсдэг.
-Ашигт малтмалыг хууль бусаар олборлох гэмт хэрэг хэр гарч байна вэ?
-Дийлэнх гэмт хэргийг бид нарын нэрлэж заншсанаар нинжа нар үйлдэж байна. Нөхөрлөл гэж байгуулсан хэрнээ модтой адилхан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэх, газар нутгийг өөрчилдөг зөрчил гаргадаг. Байгууллагын хувьд тухайн орон нутгийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авдаг ёстой. Гэсэн ч нөхөн сэргээлт дээр тодорхой зөрчлүүд гарсаар байна. Экологийн цагдаагийн албанаас БОАЖЯ-тай хамтраад 27 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай юм байна гэдэг судалгааг гаргасан. Үүнээс яг хэн гэдэг хүн, албан байгууллага ухаж сэндийчсэн нь мэдэгдэхгүй эзэнгүй орхигдсон 8000 га талбай байгаа. Энэ талбайн нөхөн сэргээлтийг 2024 он хүртэл хийе гээд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Шадар сайд БОАЖЯ, ХЗДХЯ, УУХҮЯ гэсэн дөрвөн яамны сайдын хамтарсан тушаал гарч БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Саяхан бид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ажлаад ирсэн. Ингэхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэтчилэн нилээд хууль бус зүйлс бүртгэгдсэн. Энэ ажлын хүрээнд 86 техник хэрэгслийн үйл ажиллагааг зогсоон лацдаж, уулнаас буулгах ажлыг энэ өдрүүдэд хэрэгжүүлж байна. Цаашид тэр газарт дахиж олборлолт явуулахгүй байх тал дээр анхаарч, эхний ээлжинд шалгалтын цэг ажиллуулж байна. Энэ ажил маань энэ жилд үргэлжилээд цаашид тогтсон дадал хандлага болгох зорилготой юм.
-Хулгайн ан агнуур хэр гарч байна вэ?
-Энэ оны эхний улирлын байдлаар хулгайн ан агнуурын 27 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хэрвээ иргэд маань сонирхоод Амьтны тухай хуулийг нээж харвал эхний хоёр, гурван заалт дээр л маш тодорхой заасан. Монгол Улсын хэмжээнд нэн ховор, ховор ангилалд ямар амьтад багтдаг вэ гэдгийг үүнээс харж болно. Эдгээр амьтдыг хууль бусаар агнавал байгаль экологийн үнэлгээг нь хоёр дахин нэмэгдүүлж торгоод 1-8 жилээр хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Бид бүхэн Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтраад нийтлэг агнагдаж байгаа 30 амьтны тухай контент бэлтгээд цахим орчинд түгээсэн. Энэ маань иргэдээс нилээд талархал хүлээсэн. Үүнийгээ цаашдаа зуун амьтны тухай хийхээр төлөвлөж байна. Үүнийг хийснээр ирээдүйдээ байгаль орчноо хэвээр нь үлдээх, хайрлаж хамгаалах ухамсар суулгах чухал ажил болно гэж үзэж байгаа.
-Нийтлэг агнагдаж байгаа 30 амьтан гэж байна. Яг ямар амьтад байдаг вэ?
-Нийтлэг агнагдаж байгаа амьтад гэвэл чоно, тарвага, халиун буга байна. Халиун буга гэхэд л зөвхөн эврийг нь авдаг, тоо толгой нь маш их ховордсон. Молцог хандгайг л гэхэд зөвхөн уруулнаас нь болж алж устгадаг. Энэ бүхэн бол судалгаагаар батлагдсан зүйлс. Эдгээр амьтдыг хамгаалахад олон улсын байгууллагуудаас бидэнд дэмжлэг үзүүүлдэг. Монгол бөхөн гэхэд л зөвхөн Монголд байдаг амьтан юм байна гээд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхий нийтэд зарлачихлаа. Саяхан гэхэд ирвэсний тоо толгойг тооллоо. Үүний талаар баримтат кино хийгээд мянга хүрэхгүй тоо толгой байгаа гэдгийг тогтоочихлоо. Энэ бүхэн маань иргэдэд тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, Хууль зүй дотоод хэргийн яамнаас энэ төрлийн гэмт хэрэгт ихээхэн анхаарч Дэд зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлд манай Экологийн цагдаагийн алба маань багтдаг. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ер нь нийслэлээр дамжиж борлуулагддаг. Тавин хувь нь нийслэлээр дамжиж тавин хувь нь хил дамнадаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид бүхэн “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” гэсэн аянаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд гэмт хэргийг илрүүлж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тал дээр нилээд ажиллаж байна. Улсын 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг тухайн орон нутгийн ИТХ-ын дарга тэргүүлдэг. Тэдгээрийн оролцоо, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгаа юм.
-Байгаль орчны эсрэг гэмт хэрэг орон нутгийн иргэдийн оролцоо, дэмжлэгтэй явагддаг гэж боддог. Энэ талаар?
-Ер нь бол тийм шүү дээ. Та бид хоёр гарч яваад хөдөөгийн нэг суманд очлоо гэхэд хаагуур нь яаж ууландаа гарахыг мэдэхгүй. Байгаль орчны эсрэг гэмт хэргүүд гарч байгаа газрууд ихэвчлэн тэр бүр хүмүүс мэдээд байхааргүй газар болдог. Тэгэхээр нутаг орны иргэд маань амар хялбар аргаар ашиг олох гэж байгаа хүнд ийм байгалийн баялаг байна, тийм ан байгаа л гэж хэлэхгүй бол цаадуул нь мэдэхгүй. Нэг ёсондоо зуучлагч болж байгаа юм.
-Орон нутагт танай зүгээс ажилладаг хүмүүс байдаг уу?
-Экологийн цагдаагийн албанаас нийт 65 суманд байгаль орчны байцаагч ажиллаж байгаа. Эдгээр сумыг сонгосон шалтгаан нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгддэг, үйлдэгдэх магадлалтай гэж үзсэн. Дээрээс нь байгаль хамгаалагч нар маань бидний нүд, чих болж хамтран ажилладаг. Мөн идэвхтэн байгаль хамгаалагчдын орон тоог нэмэгдүүлэх, тэдний цалин урамшуулыг шийдвэрлэх талаар бид нар нилээд хөөцөлдсөн. Олон нийтийн цагдааг эко олон нийтийн цагдаа болгон ажиллуулах талаар судалгаа хийж байна. Ер нь байгалиа хамгаалах чинь иргэн бүрийн журамт үүрэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг дээр хэн бүхэн соргог байж, ирээдүйдээ сайн сайхнаар нь байгалиа өвлүүлэн үлдээхийн төлөө хүн бүхний идэвхи оролцоо хэрэгтэй. Ялангуяа залуучуудын оролцоо маш чухал байдаг.
-Эмийн ургамал түүдэг, зарж борлуулдаг сүлжээ манай оронд нилээд эртнээс байсан юм шиг санагддаг. Яг ийм төрлийн гэмт хэрэг, зөрчил хэр гардаг вэ?
-Нийтлэг бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдээс байгалийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэх гэмт хэрэг 28 бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийнхээ 4,5 хувийг эзэлж байгаа. Тоон үзүүлэлтээр бага мэт боловч чихэр өвс, дэрэвгэр жиргэрүү зэрэг нэн ховор ургамлыг түүх нь элбэг. Тэр дундаа хуш модны самрыг хууль бусаар олборлох нь нилээд байна. Хуш мод маань ховор ангилалд ордог. Хэдийгээр зөвшөөрөл аваад түүж бэлтгэдэг ч гэсэн түүнээсээ хэтрүүлэх, болц нь гүйцээгүй байхад хуш модыг мунадах, түүндээ зөөлөвч хэрэглэхгүй байх зэрэг зөрчлүүд гардаг. Зөөлөвч хэрэглэлгүй мунадахаар мод гэмтэж чийгээ алддаг, хортон шавьжид идэгддэг. Мод бүрийн дэргэд цагдаа байж хамгаалах боломжгүй учраас иргэн бүрийн оролцоо байгаль хамгаалалд хэрэгтэй байгаа юм.
-Байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдвэрлэдэг хууль эрх зүйн орчин нь хэр гэж та үздэг вэ. Цаашид сайжруулах, өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Ер нь эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Зөрчлийн тухай хуулиараа бид нар усны сан бүхий газар хог хаясан, бохирдуулсан гэсэн заалтыг л шийдвэрлэх бүрэн эрхтэй. Голын усанд хивс, машин, машины шалавчаа угаадаг тохиолдлуудад өнгөрсөн жил 86 зөрчил илрүүлж 8,6 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Үлдсэнийг нь хянаад Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлдэг. Тиймээс буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд Зөрчлийн тухай хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ талын эрх зүйн орчныг сайжруулахын тулд бид нар Германы Ханнс Зайделийн сантай хамтарч ажиллах гэж байна. Гэхдээ ямар ч байсан бид нар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд хангалттай сайн ажиллаж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )