Энэтхэгт бүртгэгдсэн МУТАЦИ вакцинд тэсвэртэй байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Энэтхэгт анх бүртгэгдсэн “Ковид-19”-ийн мутацлагдсан “B. 1.617” хувилбараар  дэлхийн 44 орны 4500 гаруй хүн халдварлажээ.

Түүнчлэн дахиад таван оронд тархсан байж болзошгүй талаар ДЭМБ долоо хоног тутмын эпидемиологийн тайландаа дурдсан байна. Энэтхэгээс гадна уг мутацлагдсан хувилбараар халдварласан тохиолдол Их Британид хамгийн олон бүртгэгдээд буй. Энэ долоо хоногийн эхээр ДЭМБ-аас мутаци, шинж чанараараа ялимгүй ялгаатай  уг “В.1.617” хувилбарыг   “variant of concern”буюу илүү аюултай гэсэн ангилалд оруулаад буй.  ДЭМБ-ын “Ковид-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керховегийн мэдээлснээр, “B.1.617” хувилбар илүү хурдан тархдаг байж болзошгүй нь  урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Түүнчлэн вакцинуудад тэсвэртэй байж болзошгүй байдал ажиглагдсан байна.  “В.1.617” хувилбар бусад “Ковид-19”-ийн халдварын вирустэй харьцуулахад халдварлах чадвар нь 20 хувиар илүү байгаа бөгөөд хоёр өөр вирус хавсарсан хэлбэр гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй. БНЭУ-ын вирус судлаач Шахид Жамилийн хэлснээр, энэхүү мутацид орсон хувилбар нь дархлааны тогтолцооноос бултах боломжтой болсноор вирусийг илүү аюултай болгох чадвартай аж. Түүнчлэн Энэтхэгт хүн амын нягтрал их байгаа нь “Ковид-19”-ийн халдварын мутацид орсон хувилбар тархах болон шинээр бий болгоход түлхэц болж байгаа тухай Кембрижийн их сургуулийн клиник микробиологийн профессор Рави Гупта онцолжээ. Үүнээс гадна шинжээчид Энэтхэгт саяхнаас халдварын тохиолдол болон нас баралтын  тоо огцом нэмэгдэх болсонд уг хувилбар холбоотой байж болзошгүйд санаа зовниж байгаа юм. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг Улсад 23  орчим  сая хүн коронавирусээр халдварлаад байгаа бөгөөөд “Ковид-19”-ийн  өвчлөлөөр АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.  Одоогоор өдөр бүр 300 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 4000 орчим хүн нас барж байгаа юм. Халдвар шинээр олон мянгаараа нэмэгдэж буй нь  томоохон хотууд, тэр дундаа нийслэл Дели, санхүүгийн төв гэгддэг Мумбайд байдал улам хүндрэхэд хүргэж байна. ДЭМБ-аас Энэтхэгт коронавирусийн халдвар ийнхүү эрчимжиж буй нь хэд хэдэн шалтгаантай гэдгийг онцлоод буй. Үүнд,  шашны болон улс төрийн олныг хамарсан арга хэмжээ, олон улсад хэрэгжүүлж буй арга хэмжээг дутуу мөрдсөн, хөл хориог эрт цуцлсан зэрэг багтаж байна.  Энэтхэгтэй хил залгаа болон өргөн харилцаатай орнуудад вирусийн шинэ хувилбар тархах эрсдэл үүсээд байна. Тухайлбал Номхон далайн арлын Фижи Улсад саяхан Энэтхэг хувилбарын вирус илэрсний улмаас нийслэл хотдоо хатуу хөл хорио тогтоожээ. Сүүлийн нэг жилийн турш цар тахлын аюулаас хол байсан тус улсад одоо халдварын “цунами” дэгдэж болзошгүй гэсэн айдас нүүрлээд байна.Өнгөрсөн оны гуравдугаар сард халдварын 500 гаруйхан тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас бараад байхдаа Энэтхэг Улс үндэсний хэмжээнд хөл хорионы хатуу дэглэм зарлаж байв. Дэлхийд хамгийн томд тооцогдох уг хөл хорионы улмаас Энэтхэгийн эдийн засаг 1996 оноос хойших  хамгийн гүн уналтад орсон юм. Тиймээс Нарендра Модигийн Засгийн газар хоёр дахь удаагаа орон даяар хөл хорионы дэглэм тогтоохоос зайлсхийж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнууд Энэтхэгт тусламжийн гараа сунгасаар байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд Австри Улс хүчилтөрөгчийн 1900 хоолой, 396 цилиндр илгээсэн бол Чех Улс 500 цилиндр тусламжаар илгээжээ. Канад Улс амьсгалын 50 аппарат, 25 мянган багц “Remdesivir” вирусийн эсрэг үйлчилгээтэй эм, Япон Улс хүчилтөрөгчийн 100 концентратор Энэтхэг рүү илгээсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top